2016
Өөрийнхөө жишгийг хүчирхэгжүүлэхийн тулд өөр жишгийг дагадаг найзуудтай байх хэрэгтэй гэж зарим хүн хэлдэг. Энэ үнэн үү?
October 2016


Асуулт, хариулт

“Өөрийнхөө жишгийг хүчирхэгжүүлэхийн тулд өөр жишгийг дагадаг найзуудтай байх хэрэгтэй гэж зарим хүн хэлдэг. Энэ үнэн үү?”

Эцсийн эцэст, өөрийн жишгийг Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдарснаар хүчирхэгжүүлдэг учраас найзууд тань үүнийг хийхэд тусалж чадна эсвэл саад болно. Найз нөхөд бол та нарт бодож сэтгэх, хэлэх ярих, үйлдэх, тэр байтугай хэн болоход тань асар их нөлөөлдөг. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээр “Өөрийн чинь эрхэмлэдэг үнэт зүйлсийг хуваалцдаг найз нөхдийг сонго. Ингэснээр та нар өндөр жишгүүдээр амьдрахад бие биенээ хүчирхэгжүүлэн, бие биедээ урам дэм хайрлах болно” ([2011], 16) гэсэн зөвлөгөө байдаг. Ийм найзууд Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, жишгүүдээ хадгалж, илүү сайн хүн болоход тань тусална.

Гэхдээ та нартай уулзах бүх хүн өөртэй тань адил жишигтэй эсвэл Сүмийн гишүүд байдаггүй. Хүн бүртэй нөхөрсөг харьцаж, Аврагч тэдэнтэй яаж харьцах байсны адил хайр, сайхан сэтгэлээр хандах нь чухал. Та нар жишгүүдийнхээ дагуу үргэлжлүүлэн амьдарснаар “итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл болж” (1 Тимот 4:12) чадна. Таны үлгэр жишээнээс тэд өндөр жишгүүдийн дагуу амьдарснаар хэрхэн адислагдаж байгааг харах бөгөөд та нар тэднийг үүний адил үйлдэхэд урамшуулан дэмжиж чадна.

Найз нөхдөө сонгож, жишгүүдээ хүчирхэгжүүлэхийг хичээхдээ Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлж, Түүний өдөөлтийн дагуу үйлдэх зоригтой бай.

Жинхэнэ найзууд

Би дунд сургуульд орсон эхний жилдээ жишгүүдийг минь хүндлэх найз олж чадахгүй байх гэдэгт санаа зовж байсан юм. Удалгүй ангийнхаа нэг хүүхэдтэй сайн найз болж, өөрийгөө мормон гэдгийг хэлэв. Тэр энэ талаар надаас асуусан болохоор би түүнд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг өгсөн юм. Тэр өдрөөс эхлэн найз маань миний дэргэд хараалын үг хэлэхээ больсон. Найзууд чинь жинхэнэ найз л юм бол та нарын шийдвэрийг хүндэлж, жишгүүдээ хадгалахад тань туслах болно.

Кандэла М., 13 настай, Аргентин, Буэнос Айрэс

Жишгүүдээ өндөрт байлга

Өөр жишигтэй найзууд та нарын жишгийг тэр болгон хүчирхэгжүүлдэггүй ч та тэдний найз байснаар дагах сайн үлгэр жишээ үзүүлж чадна. Адил шүтлэг бишрэлтэй найзуудтай байх нь та нарыг жишгээ өндөр байлгахад урамшуулж, зөв зүйлийн төлөө зогсоход тань туслах болно.

Уоррэн С., 14 настай, АНУ, Орегон

Бошиглогчдын зөвлөгөөг дага

Хэрэв бид муу сонголт хийдэг эсвэл биднээр муу сонголт хийлгэхийг оролддог найзуудтай уулздаг бол заримдаа уруу таталтыг эсэргүүцэхэд хэцүү болдог. Бошиглогчид Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээр найз нөхөд “та нарын бодол санаа, үйлдэлд их нөлөө үзүүлнэ. Тэр ч байтугай та нарыг ямар хүн болох вэ гэдгийг тодорхойлоход тусална” ([2011], 16) хэмээн хэлсэн. Бид жишгийг маань хүндэлдэг, тэр ч байтугай жишгээ сахихад маань анхаарал тавьдаг найзуудтай байх ёстой гэж би боддог.

Калвин В., 16 настай, АНУ, Аризона 

Сайн найзууд бол адислал мөн

Хэрэв найз нөхөд тань өөр жишгээр амьдардаг бол өөрийнхөө жишгийг хүчирхэгжүүлэх нь илүү хэцүү байж болно. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг байнга уншсанаар намайг хүндэлдэг сайн найзыг сонгоход надад үргэлж тусалдаг. Би одоо номлолд үйлчлэхээр бэлтгэж байгаа бөгөөд надтай адил жишигтэй хүмүүсийн дунд байх нь сайн мэдээнд итгэлтэй хэвээр үлдэхэд маань тусалсан гэдгийг мэднэ.

Наэр М., 19 настай, Аргентин, Буэнос Айрэс

Төмөр бариулаас зууран барь

Сайн жишгийн дагуу амьдардаг найзуудтай болох нь таны хүсэж байгаа яг тэр зүйл мөн. Та өөрийгөө зарлигуудыг сахихад тусалдаг, зөв шударга амьдрахад урам зориг өгдөг найзуудаар хүрээлүүлэх хэрэгтэй. Агуу хийгээд нүсэр барилга руу биш, харин амьдралын мод руу аваачдаг төмөр бариулаас сайтар зууран барь. Өөрийгөө зөв шударга бус зүйлээр хүрээлүүлэх нь таныг уруу татагдахад хүргэх болно. Сайн мэдээний дагуу амьдрахад тань нөлөөлөх сайн найзуудтай бол.

Анни П., 13 настай, АНУ, Юта

Найз нөхөдтэй болохын төлөө залбир

Гэр бүл минь шинэ мужид нүүж ирсний дараа би сайн мэдээний тухай ярилцаж болох найзуудтай болохын төлөө залбирсан юм. Залбирч байхдаа би тайтгарлыг мэдэрсэн бөгөөд хэдэн сарын дараа хэд хэдэн гайхалтай сайн найзтай болсон билээ. Би тэдний дэмжлэгт найдаж болох байсан бөгөөд тэд сайн мэдээг илүү их хайрладаг болоход маань тусалсан. Найзууд чухал бөгөөд сайн мэдээний дагуу амьдрах үйл явцыг илүү амархан болгодог гэдгийг би мэднэ.

Сара П., 16 настай, Бразил, Рио де Жанейро

Жишгүүдээ сана

Та нарын жишгийг дагадаггүй найз нөхөд жишгийг тань сулруулж, үгүй хийж чадна. Би шинэ сургуульд орсныхоо дараа найз нөхөдтэй болохын тулд эргэн тойрныхоо хүмүүсийн хэлдэг зүйлийг хэлж үзсэн. Бусадтай адилхан болох гэж хичээж байхдаа өөрийнхөө зарим жишгийг мартах шахсан билээ. Жишгээ хүчирхэгжүүлэхийн тулд та нарт жишгийг тань дэмжиж, хуваалцдаг найзуудтай болох хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Надад жишгийг маань сануулдаг найзуудтай болсондоо би талархдаг.

Логан Ж., 15 настай, АНУ, Юта