2016
Суралцах жор
October 2016


Суралцах жор

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Бурханы үгийг бодгальд чинь илүү амттай болгох энэ дөрвөн арга замыг туршиж үзээрэй.

Зураг
recipe for learning

Би багадаа ээжийгээ гал тогоонд юм хийхийг хэдэн цагаар ч хамаагүй хардаг байж билээ. Ээж маань гэр бүлдээ зориулан хамгийн амттай хоол, талх, жигнэмэг, бялуу хийдэг байсан юм. Хэсэг хугацааны дараа би жор уншиж, зааврын дагуу хоол хийж эхэлсэн. Би ээждээ найдалгүй өөрөө хийж чаддаг болсон байв.

Хоол хийж сурахтай адил бид үйлдэл хийснээрээ сайн мэдээнээс суралцаж, гэрчлэлтэй болдог. Лихайг амьдралын модны тухай зүүдээ гэр бүлийнхэндээ ярьсны дараа Нифай “эдгээр зүйлсийг би өөрөө харж бас сонсож, түүнчлэн мэдэхийг хүсч байлаа” (1 Нифай 10:17) хэмээн хэлжээ. Өөрөөр хэлбэл, Нифайд аавынхаа гэрчлэлийг сонсох нь хангалттай байсангүй. Тэр аавынхаа аль хэдийн мэдэх зүйлийг олж мэдэхийг хүссэн байна.

Сайн мэдээнээс суралцах жор нь хэдхэн энгийн алхмаас бүрддэг. Та нар гэр бүлтэйгээ, сүм дээр эсвэл хувийн сургалтын үеэрээ сайн мэдээнээс суралцах үйл явцаа сайжруулахад тус болох дараах дөрвөн санааг хэрэгжүүлж болно.

1. Суралцахад бэлэн бай.

Хувийн сургалтаа залбирч эхлүүл. Уншиж байгаа зүйлээ ойлгоход тань туслахыг Тэнгэрлэг Эцэгээс хүс. Нэг юм уу хоёр асуулт бичиж аваад, хариултуудыг нь эрж хай. Та нарыг уншиж, тунгаан бодож, залбирах үед Ариун Сүнс үнэнийг гэрчлэх болно (Moронай 10:5-ыг үзнэ үү).

Сүм дээр сайн мэдээнээс суралцахад бэлтгэхийн тулд хичээлийнхээ материалыг урьдчилан унш. Ирээд, Намайг дага товхимлын хичээлүүдийг LDS.org вэбсайтаас болон Gospel Library программаас олж авч болно.

2. Суралцах үйл явцад оролц.

  • Ойлгохын тулд унш. Уншиж байгаа зүйлээ ойлгох нь унших хуудасны тооноос эсвэл хэр хурдан уншихаас ч илүү чухал. Та нар зарим өгүүлбэрийг хэд хэдэн удаа унших хэрэгтэй байж болно. Мэдэхгүй үгсээ толь бичиг ашиглан хар. Жишээлбэл, эрин үе гэж юу гэсэн үг вэ? Та нар үүнийг олж мэдэхийн тулд Судруудын удирдамжийг ашиглаж болно.

  • Уншиж буй зүйлийнхээ талаар асуу. Та нар магадгүй “Лихай гэр бүлтэйгээ Иерусалимаас явах үед тэнд юу болж байсан юм бол? Хүмүүс яагаад Лихайг сонсоогүй вэ?” гэж бодож байж болох юм.

  • Сайн мэдээний ямар нэг сургаалын талаарх дараах гурван асуултад хариулахыг хичээгээрэй. Тухайлбал: Энэ нь яагаад тухайн үеийн хүмүүст чухал байсан бэ? Энэ нь өнөөдөр бидэнд ямар хамаатай вэ? Энэ нь надад ямар хамаатай вэ?

  • Загвар, холбоосуудыг эрж хай. Жишээлбэл, Нифай бэрхшээлтэй тулгарахдаа ямар загварын дагуу хариулсан бэ? Аглаг буйд дахь түүний гэр бүлийн аялал Египетээс гарсан израильчуудын аялалтай юугаараа адил байна вэ?

  • Төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ тэмдэглэл дээрээ бич. “Таныг үнэ цэнтэй сэтгэгдлээ бичиж авах тусам тэдгээр нь илүү олноороо ирэхийг харах болно. Мөн та олж авах мэдлэгээ амьдралынхаа турш ашиглах боломжтой байх болно” (Ричард Г.Скотт, “To Acquire Knowledge and the Strength to Use It Wisely,” Liahona, 2002 оны 8-р сар, 12, 14). Ялангуяа төрсөн санаа бодол нь таны амьдралд ямар утга учиртай болохыг бич.

  • Зураг зур. Суралцаж буй зүйлээ тэмдэглэх өөр нэг арга бол зураг зурах юм. Нэг удаа намайг найзынхаа гэр бүлийн үдэшт оролцохоор сууж байхад эмээ нь итгэл, залбирлын тухай хувийн түүхээ хуваалцсан. Хичээл эхлэхээс өмнө найз минь бага насны хүүхдүүддээ цаас, тосон харандаа өгсөн бөгөөд тэд эмээгээ ярьж байх хооронд түүхийг нь зурах ёстой байлаа. Зураг зурах нь тэдэнд анхаарлаа төвлөрүүлэхэд тусалсан бөгөөд зурж байх үедээ түүхийн зарим хэсгийг тодруулан асууж байв.

3. Өдөр бүр сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдар.

Суралцах үйл явц нь хичээл зүтгэл шаарддаг учир бид ойлгохын тулд зүрх сэтгэлээ зориулах хэрэгтэй (Moзая 12:27-г үзнэ үү). Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Баллард бидэнд “өдөр бүр, хэдэн минут ч байсан хамаагүй судруудаас суралцах цаг гаргаж, тийм орчинг үүсгэ” хэмээн зөвлөсөн (“When Shall These Things Be?” Ensign, 1996 оны 12-р сар, 60). Бид тогтмол суралцвал сурахад илүү амар болдог. Жишээлбэл, Мормоны Номын Исаиагийн бүлгүүдийг үнэхээр уншсан (алгасалгүй) минь тэдгээрийг илүү ойлгомжтой болгож байгааг би анзаарсан.

Сайн мэдээнээс суралцах үйл явцад аливаа зүйлийг оюун ухаандаа мэддэг байх нь хангалттай биш. Бид суралцаж буй зүйлээ үйлдэл болгох хэрэгтэй. Бид үнэний дагуу үйлдэх үед Ариун Сүнс үүнийг бидэнд баталж өгдөг бөгөөд бидний гэрчлэл өсдөг. Бид энэ үнэний дагуу тууштай амьдарснаар өөрчлөгдөж, Есүс Христэд хөрвөгдөж эхэлдэг.

4. Ойлгож мэдэж авч байгаа зүйлээ хуваалц.

Сайн мэдээний зарчмыг өөрийнхөө үгээр бусдад ярих нь уг зарчмаа санаж, бидний гэрчлэлийг хүчирхэг болгодог Сүнсийг мэдрэхэд тусалдаг. Хуваалцах тохиромжтой цаг нь ихэвчлэн гэр бүлийн үдэш байдаг. Та нар түүнчлэн сургууль дээрх найзуудтайгаа болон оройн хоолны үеэр мөн гэр бүлийнхээ гишүүдтэй ярьж байхдаа хуваалцаж болно.

Бид энэ дөрвөн энгийн алхмыг дагаж, Аврагчийг таньж мэдэхийг тууштай эрэлхийлбэл “Бурханы нууцууд нь [бидэнд] Ариун Сүнсний хүчээр задлагдах ажгуу” (1 Нифай 10:19) хэмээх амлалт биелэх болно.