2016
Эммагийн төлөө мацаг барьж, залбирсан нь
October 2016


Бидний гэр орон, гэр бүл

Эммагийн төлөө мацаг барьж, залбирсан нь

Энэхүү өгүүллийн зохиогч Дани улсын нийслэлд амьдардаг.

Охиноо цонхоор унасны дараа бидний хамгийн их айдаг байсан зүйл тохиолдчихлоо шүү дээ гэж надад бодогдов.

Зураг
windows in Denmark

Зургийг © iStock/Thinkstock

Гэр бүл маань сайхан амарч явж байгаад, гэртээ дөнгөж ирээд байлаа. Оройн хоолны дараа би дөрвөн настай Маркус, гурван настай Эмма хоёрыг дөрвөн давхрын байрныхаа дээд талын унтлагын өрөөнд тоглуулахаар явуулав. Дани улсад байрны цонхнууд нь гадагшаа нээгддэг юм. Цонхнууд ихэвчлэн цоожтой байдаг ч амралтаар явахдаа байрандаа агаар оруулахын тулд хагас нээлттэй орхисон байв.

Аягаа угааж байх үед ямар нэг муу зүйл боллоо гэсэн мэдрэмж надад гэнэт төрөв. Маркусыг шатаар гүйн, бууж ирэхэд би зочны өрөө рүү харайн орлоо. Тэр айсандаа хашгирч, Эмма цонхоор уначихлаа гэж хэлэв. Цонх маань явган хүний замаас дээш, 12 метр зайтай байрладаг байлаа. Би шатаар гүйж буухдаа Эммагийн нэрийг дуудан хашгирч байсан ба бяцхан охиноо цементэн дээр үхлүүт мэт хэвтэж байхыг харав. Түүнийгээ тэврэхэд хөдлөхгүй байсан бөгөөд би хамгийн их айдаг зүйл минь тохиолдчихлоо шүү дээ гэж бодов. Нөхөр минь араас маань гарч ирээд, түүнийг гар дээрээ аван, тэр даруй санваарын адислал өгөв.

Түргэн тусламжийн тэрэг хурдан ирсэн бөгөөд эмч нарыг Эммад түргэн тусламж үзүүлэх зуур Маркус бид хоёр залбирсаар байлаа. Удалгүй бид бүгдээрээ түргэний тэргээр эмнэлэг рүү явсан.

Нэг их удалгүй эрчимт эмчилгээний тасагт бидэнд түшиг дэм болохоор гэр бүлийн гишүүд маань ирэв. Маркусыг үеэлтэйгээ гэр рүүгээ явахад, нөхөр бид хоёр үлдсэн бөгөөд Эммагийн биеийн байдлыг сайн мэдэхгүй байлаа.

Удаан хүлээсний эцэст эмч нарын нэг нь гарч ирээд, ослын талаар тодорхой зүйл асууж эхлэв. Ерөнхийдөө ийм өндрөөс унахад битүү гэмтэл авч, амьд гарах магадлал тун бага байдаг гэж эмч хэлсэн юм. Эммагийн аарцагны яс хугарч, тархи нь хөдөлсөн боловч шалбархайнууд нь өнгөцхөн байв. Тэнгэр элч түүнийг тосож авснаас зайлахгүй гэж эмч хэлж билээ.

Эмма амьд үлдсэн нь гайхамшиг байсан ч тархиндаа гэмтэл авснаас болж ухаан орохгүй хэвээр байв. Нөхөр маань хоёр дотны найзтайгаа хамт Эммад дахин адислал өгөв. Уг адислалд түүнийг ямар нэг хүндрэлгүйгээр бүрэн эдгэрч, энэ осол түүний амьдралд эерэг туршлага байх болно гэж амласан юм. Надад санваарын хүчинд тун их талархах сэтгэл төрж билээ. Шөнийн турш гуйсан залбирлуудыг маань сонссон байв.

Дөрөв хоногийн дараа Эмма маань ухаан орсон юм. Энэ дөрвөн өдрийн турш найз нөхөд, Сүмийн гишүүд болон өөр олон хүн түүний төлөө мацаг барьж, залбирч байв. Итгэлтэй гэгээнтнүүдийн залбирал намайг хүрээлэн, намайг болон гэр бүлийг маань хүчирхэгжүүлэхийг би мэдэрсэн. Тэнгэрлэг Эцэг намайг тэвэрч, тайтгаруулж байх шиг санагдсан билээ.

Охин маань ухаан орохын өмнөх өдөр манай гадасныхан мацаг барьсан байв. Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонсож, Эмма ухаан орсон нь мацаг барьсны шууд үр дүн гэдэгт бид итгэдэг. Үүнээс хойш Эмма хурдан эдгэрсэн. Тэр осолдсоноосоо хойш тав хоногийн дараа анхны үгээ хэлж, есөн хоногийн дараа эмнэлгээс гарсан. Тэр таван долоо хоног тэргэнцэртэй явж байгаад, дараа нь физик эмчилгээ хийлгэж эхлэв.

Ослоос хойш сар орчмын дараа Эммаг тэвэрсээр байгаад нуруу маань өөрийн эрхгүй өвдөх болсон юм. Надад зөвхөн бие махбодоороо биш, сүнслэг байдлаараа ч мөн хүч чадалгүй болсон мэт мэдрэмж төрөв. Би яаж түүнийг цаашид үргэлжлүүлэн асарч халамжлах вэ?

Нэг орой хүч чадалгүй байгаагаасаа болж гэм буруутай мэт дааж давшгүй мэдрэмж намайг эзэмдлээ. Би гэрээсээ гарч, цэцэрлэгийн сандал дээр суугаад, Тэнгэрлэг Эцэгтээ хандан цаг гаруй залбирав. Амьдралдаа анх удаа би Аврагчийн Цагаатгалын гайхамшигт хүч намайг нөмрөн ирэхийг мэдэрч билээ. Тэр залбирлын дараа өөртөө тээж явсан бүх зовлон, шаналал, ачаа дарамт мөрөн дээрээс минь авагдсан юм. Эмма тэргэнцэр дээрээ, би нуруундаа тогтмол эмчилгээ хийлгэсэн хэвээр байсан ч цааш үргэлжлүүлэх хүч чадлыг надад өгсөн байлаа.

Нэг жил өнгөрөхөд Эмма дөрвөн настай бусад хүүхдийн адил гүйж, инээж, түүх ярьж, бодож чаддаг болсон юм.

Бидэнд санаа тавьж, бидний хүн нэг бүрийг биечлэн мэддэг, хайраар дүүрэн Тэнгэр дэх Эцэг байдгийг бид мэднэ. Тэр биднийг ямар бэрхшээл туулж байгааг мэднэ. Залбирал, мацаг барилт, санваарын адислал зэргээр дамжуулан Тэр гайхамшгуудыг бидэнд өгсөн гэдэгт би хэзээ ч эргэлзэхгүй.