2016
Хайр ба шунал тачаал
October 2016


Хайр ба шунал тачаал

Хэрэв бид шунал тачаал гэж яг юу болохыг илүү сайн ойлгож чадвал хэрхэн үүнээс зайлсхийх талаар суралцаж, Ариун Сүнстэй илүү ойр байлгах зүйлийг сонгож чадна.

Зураг
young couple

Шунал тачаал.

Энэ бол яах аргагүй муухай үг. Бидний ихэнх нь үүний талаар судлах нь бүү хэл бодохыг ч хүсдэггүй. Уг үг нь таагүй, ямар нэг харанхуй, толгой эргүүлэм байдаг ч буруу гэсэн мэдрэмж төрүүлдэг.

Ийм мэдрэмж төрүүлдэг нэг шалтгаан бий. Хэрэв “мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн” (1 Тимот 6:10) юм бол шунал тачаал үүний нууц хамсаатан гэдэг нь тодорхой. Энэ нь ичгүүр сонжуургүй, бохир зүйл юм. Шунал тачаал нь хүмүүсийг болон эд зүйлсийг, тэр ч бүү хэл үзэл санааг ч гэсэн хүслээ хангахын тулд өмчилж эсвэл авч болдог зүйл болгон хувиргадаг. Бид энэ юу болохыг аль хэдийн мэддэг юм бол яагаад энэ талаар илүү их зүйл мэдэх хэрэгтэй вэ?

Учир нь хэрэв бид шунал тачаал гэдэг нь яг юу гэсэн үг болохыг илүү сайн ойлговол үүнээс зайлсхийж, илрэх үед нь ялан дийлэхийн тулд бодол, мэдрэмж, үйлдлээ хэрхэн өөрчлөхийг мэдэж авч чадна. Энэ нь бидний бодол, хүслийг ариусгаж, хүчирхэгжүүлдэг Ариун Сүнсний нөхөрлөлтэй илүү ойртуулах болно. Энэ нь илүү аз жаргалтай, амар амгалан, баяр баясгалантай амьдрал руу хөтлөх болно.

Шунал тачаалыг тодорхойлох

Бид шунал тачаал гэдгийг өөр хүнд бие махбодоороо зохимжгүй байдлаар хүчтэй татагдах мэдрэмж гэж боддог боловч мөнгө төгрөг, өмч хөрөнгө, эд зүйлс, мэдээж бусад хүн гэх мэт бараг ямар ч зүйлийн араас тачаадаж эсвэл шунах боломжтой (Судруудын удирдамж, “Шунал тачаал”-ыг үзнэ үү).

Шунал тачаал нь хүнийг Бурханы хүслийн эсрэг ямар нэг зүйлийг олж авахыг эрэлхийлэхэд хүргэдэг. Үүнд хувь хүнийг Бурханы зарлигуудыг сахихын оронд хувийн сонирхол, хүсэл, дур тачаал, дуршил гэх мэт дэлхийн эд зүйл, амин хувиа бодсон үйлдлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэхэд нөлөөлдөг бүхий л мэдрэмж эсвэл хүсэл ордог.

Өөрөөр хэлбэл, Бурханы хүслийн эсрэг зүйлийг хүсэмжлэх эсвэл Бурханы хүслийн эсрэг арга замаар эд зүйлсийг эзэмших гэж хүсэх нь шунал тачаал бөгөөд энэ нь аз жаргалгүй байдал руу хөтөлдөг.1

Зураг
man looking at fancy car

Бэлгийн харьцааны шунал тачаалын аюул

Хэдийгээр шунал тачаал нь ерөнхийдөө шуналын нэг хэлбэр гэдгийг бидэнд анхааруулсан ч гэсэн бэлгийн харьцааны хүрээнд энэ нь бүр ч аюултай. Аврагч: “Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм” (Maтай 5:28) хэмээн анхааруулсан.

Эртний төлөөлөгчид үүнтэй холбоотой шунал тачаалын талаар олон сэрэмжлүүлэг өгсөн. Жишээлбэл, төлөөлөгч Иохан “Учир нь ертөнцөд байгаа бүхэн тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм” (1 Иохан 2:16; мөн 17-р шүлэг; Ром 13:14; 1 Петр 2:11-ийг үзнэ үү) хэмээн хэлжээ.

Сэрэмжлүүлэг өнөөдөр ч ирсээр байна.2 Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Энэ яагаад ийм аюултай нүгэл вэ? Энэ нь Ариун Сүнсийг биднээс холдуулснаар оюун санааг маань мөхөөдгийн хамт мөнх бус энэ амьдралд Бурханаас бидэнд өгсөн хамгийн эрхэм, ариун нандин харилцааг бузарладаг нүгэл мөн гэж би боддог. Энэ харилцаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биеэ хайрлах хайр, үүрд мөнх байх гэр бүлдээ үр хүүхэдтэй байх хүсэл юм”3 хэмээн тайлбарласан.

Шунал хүслээ тээх нь олон нүгэлт үйлдлийн үндэс болсоор ирсэн юм. Гэм зэмгүй мэт харц нь аймшигт үр дагавар бүхий завхайралд хүргэж болно. Яагаад гэвэл шунал тачаал нь Ариун Сүнсийг холдуулж, биднийг чөтгөрийн бусад уруу таталт, заль мэх, урхинд өртөмтгий болгодог.

Хаан Давидын эмгэнэлт сонголт энэ мэдрэмж хэчнээн хүчирхэг, аюултай байж болохыг харуулсан гунигт жишээ юм. Давид Батшибаг биеэ угааж байхад нь хараад тачаадсан. Шунал тачаал нь үйлдэл хийхэд хүргэн, тэр түүнийг авчруулан, түүнтэй унтдаг. Тэгээд нүглээ нуух гэж Давид Батшибагийн нөхрийг тулаанд баттай алуулах газар байрлуулах зарлиг өгдөг (2 Самуел 11-ийг үзнэ үү). Үүний үр дүнд Давид өргөмжлөлөө алдсан (С ба Г 132:38–39-ийг үзнэ үү).

Давидын нөхцөл байдал туйлширсан мэт санагдаж болох ч шунал тачаал бол хүчтэй уруу таталт мөн гэсэн гол санааг баталж өгдөг. Үүнд бууж өгөх юм бол биднийг эрүүл ухаантай хүний хэзээ ч хийхгүй зүйлийг хийхэд хүргэнэ. Энэ нь далдуур, амархан өдөөгддөг, биднийг Ариун Сүнснээс холдуулах үр нөлөөтэй байхаас гадна хориотой зүйлийг хийхийн тулд дур хүсэлдээ бууж өгөхөд хүргэдэг учраас бүр ч аюултай зүйл юм. Энэ нь порнограф үзэх, ёс бус үгтэй дуу сонсох, зохисгүй дотно харилцаанд ороход өдөөдөг. Үүний зэрэгцээ шунал тачаалын мэдрэмж нь хувь хүнийг порнографыг эрэлхийлэхэд нөлөөлж болно. Энэхүү гинжин хэлхээ мэт харилцаа нь асар хүчтэй бөгөөд аюултай.4

Бэлгийн харьцааны шунал тачаал нь бүх харилцааг дордуулж, сулруулдаг бөгөөд үүний дотор Бурхантай харилцах хувийн харилцаа ч гэсэн ордог. “Мөн би өмнө нь хэлсэнчлэн, үнэнээр би та нарт хэлнэ, эмэгтэй хүнийг тачаангуйгаар харах тэрээр, эсвээс хэрэв хэн нэг нь зүрх сэтгэлдээ садар самууныг үйлдэх аваас, тэдэнд Сүнс байх нь үгүй, харин тэд итгэлийг үгүйсгэж мөн эмээх болно” (С ба Г 63:16).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) “Бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдал нь Ариун Сүнсний хамаг өөдрөг, гэгээлэг, хүчирхэг байдлын нөлөөнд саад болдог. Энэ нь бие болон сэтгэл санааг асар их өдөөж өгдөг. Барагдашгүй дур хүсэл зөрчил гаргагчийг улам ноцтой нүгэл үйлдэхэд хүргэдэг”5 хэмээн заажээ.

Шунал тачаал гэж юуг хэлдэггүй вэ?

Зураг
couple walking on the beach

Шунал тачаал гэж юу болохыг тодорхойлохын зэрэгцээ ямар зүйл шунал тачаал биш болохыг ойлгох нь мөн адил чухал бөгөөд зохистой бодол, мэдрэмж, хүслийг шунал тачаал гэж андуурахгүй байхад анхаарах хэрэгтэй. Шунал тачаал бол нэг төрлийн хүсэл боловч зөв шударга хүсэл гэж бас байдаг. Жишээлбэл, бид Их Эзэний ажлыг хийхэд туслах сайн, зохистой зүйлсийг хүсэж болно.

Бодоод үз дээ.

  • Мөнгөтэй болох хүсэл. Мөнгөтэй болохыг хүсэх нь өөрөө муу зүйл биш юм. Паул мөнгө бол бүх төрлийн бузар муугийн үндэс гэж хэлээгүй. Тэр “мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс” гэж хэлсэн (1 Tимот 6:10; онцлон бичилт нэмэв). Иаковын заасан зүйлс дараах нэмэлт тодруулга өгдөг. “Харин та нар баялгуудыг эрэлхийлэхийн өмнө, Бурханы хаант улсыг эрэлхийлэгтүн та нар. Мөн та нар Христэд найдах найдварыг олсныхоо дараа хэрэв та нар тэдгээрийг эрэлхийлэх аваас, та нар баялгуудыг олох болно; мөн та нар тэдгээрийг сайныг үйлдэх зорилгын төлөө эрэлхийлэх болно—нүцгэнийг хувцаслахад, мөн өлссөнийг хооллоход, бас боолчлогдсоныг чөлөөлөхөд, мөн өвдсөн бас зовсныг халамжлахад буюу” (Иаков 2:18–19).

  • Эхнэртээ эсвэл нөхөртөө зүй ёсны дур хүсэл бүхий мэдрэмжтэй байх. Бурханаас заяагдсан тэдгээр мэдрэмж нь гэрлэлтийг хүчирхэгжүүлэн, бэхжүүлж, нэгдмэл болгоход тусалдаг. Гэхдээ эхнэртээ эсвэл нөхөртөө зохисгүй мэдрэмжтэй байх тохиолдол бас бий. Хэрэв бид зөвхөн өөрсдийнхөө хүслийг гүйцэлдүүлэхийг эсвэл өөрийнхөө хүсэл, мэдрэмжийг л хангахыг эрэлхийлбэл шунал тачаал болох бөгөөд энэ нь гэрлэлтийн харилцаанд хор хөнөөлтэй байж мэднэ. Гэрлэлтэд бие махбодын зохистой дотно харилцааг эрэлхийлж, хадгалж авч үлдэх түлхүүр нь цэвэр ариун, хайрлах хүсэл юм.

Аливаа зүйлийг зөв учир шалтгаанаар буюу Бурханы хаант улсыг байгуулж, дэлхий дээр сайн сайхан зүйлийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө эрэлхийлэх нь хамгийн чухал зарчим мөн. Харин шунал тачаал биднийг зохистой хэм хэмжээний хүрээнээс халин, хүсэл маань Бурханыг гутаан доромжилж, хүмүүсийг эд зүйл болгон харж, эд зүйлс, хөрөнгө мөнгө, эрх мэдлийг хүртэл мэдрэх чадварыг маань гуйвуулан, харилцааг маань сэвтүүлэх хэмжээнд очиход хүргэдэг.

Яагаад бид ихэвчлэн шунал тачаалд бууж өгдөг вэ

Шунал тачаал хэчнээн хор хөнөөлтэй, аюултай гэдэг нь илэрхий ч, яагаад энэ нь тийм дур татам, давамгайлах чадвартай байдаг вэ? Яагаад бид ихэнх тохиолдолд үүнд ялагддаг вэ? Өнгөцхөн харахад хувиа хичээх зан эсвэл биеэ барих чадвар дутагдах нь шунал тачаалд хүргэдэг гэж харагдаж болох юм. Тэдгээр нь үүнд нөлөөлдөг хүчин зүйл мөн боловч шунал тачаалын үндэс нь ихэвчлэн хоосрол байдаг. Хувь хүмүүс амьдралд нь буй хоосон зайгаа нөхөх гэж шунал тачаалд автдаг. Шунал тачаал бол хуурамч сэтгэл хөдлөл бөгөөд жинхэнэ хайр, жинхэнэ үнэ цэн, үнэнч шавь байх явдлыг орлож чадахгүй.

Сэтгэл хөдлөлөө зохих ёсоор хянах гэдэг нь нэг үгээр бол зүрх сэтгэлийн төлөв байдлыг хэлнэ. “Учир нь тэр дотроо боддогтойгоо адил юм” (Сургаалт үгс 23:7). Бид оюун санаа, сүнслэг мэдрэмжээ юун дээр төвлөрүүлнэ, тэр нь аажимдаа бодол, мэдрэмж, үйлдлийг маань хөдөлгөгч хүч болох юм. Тиймээс бид шунал тачаалд уруу татагдаж байгаагаа мэдрэх болгондоо уг уруу таталтыг илүү зохистой ямар нэг зүйлээр орлуулах хэрэгтэй.

Залхуурал тачаангуй бодлыг төрүүлдэг. Амьдралд хийх зүйл маш бага байгаа үед бид муу нөлөөнд автагдах нь илүү амархан байдаг. Бид сайн үйлсэд санаа сэтгэлээ бүрэн зориулж (С ба Г 58:27-г үзнэ үү), цагаа үр дүнтэй ашиглавал тачаангуй бодолд эсвэл бусад сөрөг нөлөөнд автах нь багасна.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс гүйцэлдүүлэхийг хүсдэг хүсэл маань бидний үйлдэлд нөлөөлөөд зогсохгүй аажимдаа бидний хэн болоход нөлөөлдөг буюу “Хүсэл нь бидний эн тэргүүнд тавих зүйлийг, эн тэргүүний зүйл нь сонголтыг, сонголт нь бидний үйлдлийг тодорхойлдог. Бид ямар хүслээр үйлдэнэ, энэ нь бид хэрхэн өөрчлөгдөж, юунд хүрэх болон ямар хүмүүс болохыг тодорхойлдог”6 хэмээн тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл, бид ямар сэтгэл хөдлөлд автаж байгаагаа хянахын зэрэгцээ эдгээрийг үүсгэж эсвэл өдөөж байгаа бодлоо ч бас хянаж байх ёстой. Алмагийн заасанчлан бодол санаа маань бохир байвал “бодлууд маань ч биднийг буруутгах болно” (Aлма 12:14).

Ерөндөг нь Христийнхтэй адил хайр юм

Зураг
young married couple

Шунал тачаал бол зайлшгүй байх ёстой зүйл биш. Тэнгэрлэг Эцэг бидэнд сонгох эрхийг өгсөн учраас бид бодол, мэдрэмж, үйлдлээ хянах чадвартай. Бид тачаангуй бодол, мэдрэмжийн араас хөөцөлдөх шаардлагагүй. Уруу татагдах мөчид бид тэдгээрийг дагахгүй байх сонголтыг хийж чадна.

Бид шунал тачаалын уруу таталтыг хэрхэн даван гарах вэ? Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ зохих ёсны харилцааг үүсгэж, бусдад үйлчлэхийг сонгох замаар эхэлж болно. Түүнээс гадна бид өдөр бүр амьдралд маань Ариун Сүнсийг урьдаг залбирах, судраас суралцах гэх мэт шүтлэг бишрэлтэй холбоотой зан үйлийг хийж байна. Эцсийн дүнд нууц жор нь Бурханы хаант улсыг байгуулж, Түүний алдар суугийн төлөө бүхнээ зориулах хүсэлтэй, цэвэр ариун, жинхэнэ, үнэнч хайр буюу Христийнхтэй адил хайр юм. Бид энэ хайрыг зөвхөн Ариун Сүнстэй хамт байгаа үед л мэдрэх боломжтой.

Шунал тачаалыг үгүй болгохын тулд бид Бурханд хандан тэрхүү мэдрэмжийг зайлуулж, оронд нь энэрэнгүй хайрыг өгөхийг хүсэн, чин сэтгэлээсээ залбирах хэрэгтэй (Moронай 7:48-ыг үзнэ үү). Үүнийг бүх наманчлалын адил Есүс Христийн Цагаатгалын ач ивээлээр хийх боломжтой.7 Ингэснээр бид Аврагч болон Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг шиг хайрлаж сурах боломжтой.

Бид Тэнгэрлэг Эцэг дээр анхаарлаа үргэлж төвлөрүүлэн, Бурханыг хайрлах мөн хөршөө өөрийн адил хайрлах (Maтай 22:36–39-ийг үзнэ үү) гэсэн эхний бөгөөд хоёр дахь агуу зарлигуудын дагуу амьдарч, Түүний заасны дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийвэл цэвэр ариун, үнэн зөв хүслүүд амьдралд маань улам илүү хүчтэй нөлөөлөх болно. Бид хүслээ Эцэгийн хүсэлтэй нэгтгэх үед уруу таталт, шунал тачаалын нөлөөлөл буурч, тэд Христийн цэвэр хайраар солигдох болно. Үүний дараа бид энэ дэлхийн дорд хүслүүдээр биш Бурханы хаант улсыг байгуулах хүслээр дүүргэгдэх болно.

Эшлэлүүд

  1. Даллин Х.Өүкс, “Joy and Mercy,” Ensign, 1991 оны 11-р сар, 75; мөн Tомас С.Монсон, “Finishers Wanted,” Ensign, 1972 оны 7-р сар, 69-ийг үзнэ үү.

  2. Цөөн жишээ харахыг хүсвэл Сургаал ба Гэрээ 88:121; Спэнсэр В.Кимбалл, “President Kimball Speaks Out on Morality,” Ensign, 1980 оны 11-р сар, 94–98; Нийл A.Максвэлл, “The Seventh Commandment: A Shield,” Ensign, 2001 оны 11-р сар, 78–80; Рассэлл М.Нэлсон, “Where Is Wisdom?” Ensign, 1992 оны 11-р сар, 6–8-ыг үзнэ үү. Шунал тачаалын эсрэг судрууд дээр цэдэглэгдсэн илүү олон сэрэмжлүүлгийг уншихыг хүсвэл Судруудын удирдамж дээрх дараах сэдвийг үзнэ үү. Үүнд: Гэр бүлээс гадуурх харилцаа; Зуурдын; Ариун явдал; Шунах; Бэлгийн харьцааны нүгэл; Ижил хүйстэндээ татагдах; Шунал тачаал; Тачаангуй; Бэлгийн харьцааны ёс бус байдал.

  3. Жэффри Р.Холланд, “Бодгальд минь дайсанд өгөх зай үгүй,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–54.

  4. Энэ сэдвээр нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Даллин Х.Өүкс, “Порнографын урхинаас мултрах нь,” Лиахона, 2015 оны 10-р сар, 50-ийг үзнэ үү.

  5. Ричард Г.Скотт, “Making the Right Choices,” Ensign, 1994 оны 11-р сар, 38.

  6. Даллин Х.Өүкс, “Хүсэл,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 42.

  7. Жишээлбэл, Д.Toдд Кристоффэрсон, “Наманчлалын бурханлаг бэлэг,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45–48-ийг үзнэ үү.