2016
Үйлчлэлээр дүүрэн ням гаргууд минь
October 2016


Сүмд үйлчлэх нь

Үйлчлэлээр дүүрэн ням гаргууд минь

Зохиогч нь АНУ-ын Калифорнид амьдардаг.

Би ням гарагт завгүй байдаг ч гэсэн ахлагч Парли П.Пратт гэх мэт Сүмийн эхэн үеийн удирдагчдад тулгарч байсан зовлон зүдгүүрийг амсахгүйгээр үйлчлэх боломжтой байгаадаа талархдаг.

Зураг
Parley P. Pratt in the snow

Зураг чимэглэлийг Чайди Уэйн

Ням гаргийн өглөө. Миний өмнө хурал цуглаан, ярилцлага, баталгаа, томилгоо хийх 12 цагийн хөтөлбөр байна. Би энэ бүх ажлыг аагим халуун өдөр гадасны нэг төвөөс эхлээд, хотын нөгөө захад байрлах өөр нэгэн цуглааны байранд дуусгах хүртэл хийнэ.

Би хурал, ярилцлага, баталгаа, томилгоо бүрийг тэсэж ядан хүлээдэг. Гэхдээ би өчигдөр “Парли П.Праттын намтар”-ыг нээж, орхисон хэсгээсээ үргэлжлүүлэн унших хүртэл, өөрийгөө завгүй байх нь дээ гэж бодон өрөвдөж суулаа. Ахлагч Парли П.Пратт Миссури дахь хүнд үед Иосеф Смит, Хайрум Смит болон бусад хүний хамт шоронд хоригдож байв. Ах нар Индепенденс рүү хүргэгдсэнийхээ дараа буудалд хоригдон, шалан дээр мод дэрлэн унтаж байлаа.

Нэгэн хүйтэн, цастай өглөө ахлагч Пратт босоод, нууцаар буудлаас гарч явжээ. Тэрээр тосгон дундуур зүүн зүгийг чиглэн явсаар, зэргэлдээх талбай руу орлоо. 1.6 км орчим алхсаныхаа дараа ахлагч Пратт ой руу ороход будрах цас мөрийг нь баллаж, модод биеийг нь халхалж байсан аж.

Яг энэ үед тэр ярвигтай нөхцөл байдлынхаа талаар эргэцүүлэн боджээ. Зүүн зүгийг чиглэн явбал өөр муж руу зугтан гарч, гэр бүлээ авчрах боломжтой болох байлаа. Харин буудал руу буцаж очвол хоригдон, ноцтой гэмт хэрэгт буруутгагдах байв. Зугтахыг завдсан ч ахлагч Пратт хэрэв явбал бусад хоригдолд учрах “бэрхшээл, тэр ч бүү хэл үхлийн” тухай боджээ.

Ийнхүү бодлогоширон байтал “Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна” гэсэн судрын эшлэл санаанд нь орж ирэв (Maрк 8:35; С ба Г 98:13-ыг үзнэ үү).

Ингээд ахлагч Пратт буудал руугаа буцжээ. Үүний дараа олон сарын турш хоригдож гэр бүл, гэгээнтнүүдээсээ хол байж, төлөөлөгчийн дуудлагадаа үйлчлэх боломжгүй болсон юм.1

Би номоо хаагаад, зарим нь миний өвөг дээдэс болох эхэн үеийн гэгээнтнүүдийн гачигдал зовлонгийн талаар тунгаан бодлоо. Тэд сайн мэдээний талаарх гэрчлэл, Есүс Христэд итгэх итгэлээсээ болж харгислал, хавчлагыг амссан. Тэд тэвчээртэй байж чадсан учраас би өнөөдөр итгэл, гэрчлэлээрээ тэдэнтэй холбогдон, эрх чөлөөтэй үйлчилж, шүтэн биширч байгаа билээ.

Намайг энэ ням гарагт бэлдэж байхад гэр бүл маань аюулаас хол, тав тухтай цуглааны байранд шүтэн бишрэх өдрийг тэсэн ядан хүлээж байгаа. Гэгээнтнүүдийн нөхөрлөл өдрийг маань гэрэлтүүлэх бөгөөд бид гишүүний баталгаа, томилгоог хийн, үүрэг хариуцлагаа биелүүлж, итгэлээ бэхжүүлж байхдаа тэдэнтэй хамт баясацгаана. Бид Аврагчаа болон Түүний цагаатгагч золиослолыг дурсан санаж, ариун ёслолоос хүртэнэ. Харин өнөө орой бид тав тухтай орондоо орон, зөөлөн дэрэн дээр толгойгоо тавихын өмнө гэртээ тойрон суугаад, Мормоны Номоо уншин, хамтдаа залбирна.

Ням гарагт надад ямар ч цаг зав байхгүй. Ийм байгаа нь адислал бөгөөд би үүндээ талархдаг.

Эшлэл

  1. Парли П.Пратт, Autobiography of Parley P. Pratt, ed. Бага Парли П.Пратт (1979), 194–197.