2016
Хэрхэн Аврагчийг амьдралынхаа төв болгох вэ?
October 2016


Сүмийн УДИРДАГЧДЫН ХАРИУЛТ

Хэрхэн Аврагчийг амьдралынхаа төв болгох вэ

2009 оны 1-р сарын 27-нд болсон Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн үгээс авав.

Зураг
holding the Book of Mormon

Есүс бие, сүнс аль алинаар нь Өөрийгөө Эцэгийн хүсэлд захируулснаар Эцэгтэй төгс эв нэгдэлтэй болж чадсан. Есүс Эцэгийнхээ талаар “Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг” (Иoхан 8:29) хэмээн хэлжээ. Есүс Эцэгийн хүслийн улмаас бүр үхэлд хүртэл үг дуугүй захирагдан, “Хүүгийн таалал Эцэгийн таалалд багтсан” (Moзая 15:7). Есүс Эцэгт бүх анхаарлаа төвлөрүүлдэг байсан нь Түүний тохинуулал тийм тод томруун, хүчтэй байсан үндсэн шалтгаануудын нэг юм. Түүнд анхаарлыг нь сарниулах хоёрдмол санаа гэж байгаагүй.

Та бид мөн ийм байдлаар Христийг амьдралынхаа төвд тавьснаар Тэрээр Эцэгтэй нэг байдгийн адил бид ч бас Түүнтэй нэг болж чадна (Иoхан 17:20–23-ыг үзнэ үү). Бид Аврагчийг амьдралынхаа төвд тавихын тулд хийдэг бүх зүйлээ эргэн харж, дүгнэж цэгнэн, амьдралаа шинээр төлөвшүүлэхээр эхэлж болно. “Бид Түүнийг үргэлж санах боломжийг олгодог юмсыг—тэр дундаа байнга залбирах, судраас судлах, төлөөлөгчдийн сургаалыг нухацтай судлах, долоо хоног бүр ариун ёслолоос зөв зохистой хүртэх, ням гаргийн шүтэн бишрэх үйл ажиллагаануудад бэлдэх, жинхэнэ шавь байх талаар Сүнс болон туршлага юу зааж буйг тэмдэглэн авч санаж байх зэргийг эн тэргүүнд тавих ёстой. Бусад зүйл, ялангуяа амьдралын чинь тодорхой үед өөрт чинь шаардлагатай ямар нэг зүйл санаанд чинь орж ирж болно. Бид амьдралаа Христ дээр төвлөрүүлэхийн тулд дээрх асуудлуудад зохих цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулан, хэрэв төвлөрүүлж чадсан бол дараа нь боловсрол, гэр бүлийн үүрэг хариуцлага, өөрийн сонирхдог зүйлс зэрэг үнэ цэнтэй бусад үүрэг хариуцлагыг нэмж болно. Ийм байдлаар бидний амьдрал дан ганц сайн гэсэн зүйлсээр биш, харин нэн чухал гэсэн зүйлсээр дүүрч, ач холбогдол багатай зүйлс хоёрдугаарт тавигдах буюу бидний амьдралаас бүрмөсөн алга болно.

Энэ нь амаргүй ч бид Их Эзэнд итгэх итгэлээр байнга урагш тэмүүлж чадна. Цаг хугацаа өнгөрөх тусам Аврагчийг үргэлж санаж, дагах гэсэн хүний хүсэл, чадвар өсөн нэмэгддэг гэдгийг би нотолж чадна. Бид энэ зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө тэвчээртэй ажиллаж, өөрсдөдөө хэрэгтэй байгаа ялган таних чадвар, бурханлаг тусламжийн төлөө үргэлж залбирдаг байх ёстой (2 Нифай 32:9-ийг үзнэ үү).