2012
Дэлхийн гэрэл
2012 оны Арванхоёрдугаар сар


Дэлхийн гэрэл

“Учир нь Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно” (1 Коринт 15:22).

Эрин Солт Лейк хот дахь Ариун сүмийн Талбай дээр зогсоод Есүсийн төрөлтийн үйл явдлыг дүрсэлсэн хүний биеийн хэмжээтэй баримал хөшөөг харж, хөгжим болон түүхийн хүүрнэл эхлэхийг хүлээж байлаа. Христийн Мэндэлсний Баярын гэрлэн чимэглэл эргэн тойронд нь анивчина. Гэвч энэ нь Христийн Мэндэлсний Баярын уур амьсгал биш юм шиг санагдах ажээ.

“Сайхан байна уу?” гэж ээж нь асуулаа.

Эрин толгой дохьсон ч, үнэхээр сайхан байгаагүй ажээ.

Хэдхэн хоногийн өмнө Эриний ангийн нэг хөвгүүн машины ослоор нас барсан байлаа. Оршуулах ёслол дээр олон хүн уйлжээ. Эрин ч бас л уйлсан гэнэ. Эрин тэр хөвгүүнийг сайн таньдаггүй байсан ч харин гэр бүл нь түүнийг яг л өөрийг нь гэрийнхэн нь хэчнээн их хайрладаг шиг тийм их хайрладаг байсныг мэдэж байлаа. Иймэрхүү явдал түүний насны хэн нэгэнд тохиолдож болно гэдгийг мэдсэн дээ тэр айх шиг болов.

Тиймээс Христийн Мэндэлсний Баяр түүний сэтгэлийг догдлуулсангүй. Тэр машинд суухаас, эцэг эхээ орхиж хол явахаас, өөрийг нь хол байхад гэр оронд нь ямар нэг юм тохиолдохоос үргэлж айдаг болжээ. Ариун сүмийн Талбай дээрх Христийн Мэндэлсний Баярын үй олон гэрэл түүний санаа зоволтыг арилгасангүй. Хэдийд ч аюул учирч мэдэх дэлхийд тэр яаж аз жаргалтай байж чадах билээ?

“Эхлэх гэж байна” гэж аав нь хэлээд Есүсийн төрөлтийг дүрсэлсэн хөшөө рүү заав.

Чанга яригч шажигнан дуугарснаа, ярьж эхлэв. Хөгжим эхэлж, хоньчид, Мэргэн хүмүүс, Мариа, Иосеф нар дээр гэрэл туслаа. Эрин танил түүхийг сонслоо. Есүс хүү төрж, түүнийг тэжээлийн тэвшинд тавилаа. Тэнгэр элчүүд дуулав. Хоньчид мөргөл үйлдэж, шүтэн бишрэв. Мэргэн хүмүүс баярлалдан уухайлав.

Эрин аав, ээж хоёрынхоо нүүрийг болон Есүсийн төрөлтийг дүрсэлсэн хөшөөний дэргэд цугласан олныг харлаа. Тэд бүгд баяртай байх шиг санагдав. Түүний төрөлт муу зүйлсийг бий болохоос нь зогсоож чадаагүй атал яагаад хүн бүр Есүс хүүгийн талаар ийм их баяртай байдаг юм бол? Эрин толгойд нь эргэлдээд салахгүй байгаа энэ асуултанд дургүй нь хүрчээ. Түүний хамгийн их хүсдэг зүйл бол айхаа болих явдал юм.

Есүсийн төрөлтийн түүх дуусч, бошиглогчийн дуу хоолой чанга яригчаас цуурайтав. Тэрээр гэрчлэлээ хэлж, “Учир нь Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно” (1 Коринт 15:22) гэсэн судрыг Библиэс эш татлаа.

Эриний зүрх түг түг цохилж байлаа. Тэрээр судрын дээрх үгсийг санахыг хичээн, дотроо давтан хэлэв. ‘Учир нь Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно.’

Энэ сударт хөгшин, залуу хүн бүр үхэх болно гэжээ. Эрин үүнийг мэднэ л дээ, гэвч энэ тухай өмнө нь төдийлөн боддоггүй байв. Ийм юмсын тухай бодох нь түүний хувьд хэтэрхий эрт байна гэж тэр боддог байжээ. Гэвч Есүс Христийн ачаар хүн бүр дахин амьдрах болно гэсэн үнэний тухай гэрчлэлтэй болоход тэр хэтэрхий бага байсангүй. Чухам энэхүү үнэний улмаас хоньчид хийгээд Мэргэн Хүмүүс ихэд баярласан хэрэг. Есүс юу хийхээр дэлхийд ирснийг тэд ойлгожээ.

Эрин малын жижигхэн хашаан дотроос Есүсийн төрөлтийн түүхийг дүрсэлсэн хөшөөний цаадах зочдын төвийг цонхоор харж зогслоо. Барилга дотор шархны сорвитой гараа урагш сунгасан Есүсийн том хөшөөн дээр гэрэл туссан байлаа. Тэжээлийн тэвшин дэх өөдсийн чинээхэн хүүгийн тухай мөн Тэрээр бүх хүч бүхий хүн болж хэрхэн өссөн тухай Эрин бодож зогслоо. Есүс бүр түүний төлөө амиа золиослохоор сонгосон юм. Түүнийг дахин амьдрахын төлөө Тэр төрсөн юм. Юу ч тохиолдлоо гэсэн Эрин Есүсийн хайраар аюулгүй байх болно гэдгийг мэдэрч байлаа.

Амар амгалан түүнийг бүрэн эзэмдэв. Тэрээр яагаад гэдгийг тайлбарлаж чадаагүй ч, санаа зоволт нь алга болсон байлаа. Тэрээр Христийн Мэндэлсний Баярын анивчих олон гэрлээс илүү хурцаар гэрэлтэх Есүс Христийн хөшөөг харан зогсож байхдаа шөнийн харанхуй тэнгэрийг арайхийн олж харжээ. Зүрх сэтгэлдээ ассан найдварын гэрэл цээжинд нь багтаж ядан байхыг тэр мэдэрлээ.

Зураг чимэглэлийг Стийв Кропп