2012
Зарлигуудыг сахьснаас ирдэг аюулгүй байдал ба амар амгалан
2012 оны Арванхоёрдугаар сар


Зарлигуудыг сахиснаас ирдэг аюулгүй байдал ба амар амгалан

Зураг
Бишоп Гари Э.Стивенсон

Мормоны Номон дахь загварууд болон үнэнүүд тодорхой бөгөөд сургамжтай, энгийн бөгөөд үнэ цэнэтэй юм. Бид шударга бөгөөд дуулгавартай байвал, олон адислал авч, баяртай байх болно.

Дижитал мэдээллийн өнөө үед бүхний мэдэх аль нэг түүхийн бүлгүүдийг өдөр бүр давтан үзүүлэхгүй байх аргагүй юм. Үйл явдлын баатрууд нь ихэвчлэн ер бусын авьяас билгийнхээ ачаар жүжигчид, тамирчид, улс төрчид болон бизнесийн удирдагчид болж, алдар нэрд хүрсэн байдаг. Аль нэг мэргэжил, ажил төрлөөр хийсэн олон жилийн дадлага сургуулилт, бие сэтгэл бүхнээ зориулсан үйлчлэл хийгээд золиослолын ачаар хүрсэн дээд амжилт нь гутамшигийг дагуулсан ямар нэг буруу үйлийн улмаас салхинд хийсэх лүгээ адил замхран алга болдог.

Эцсийн бүлэгт юу болдог вэ? гэвэл нөгөөх баатрууд маань сэтгэлдээ гуниг тээн, нүдэндээ нулимстайгаар шүүгчээс эсвэл хувьцаа эзэмшигчээс эсвэл хууль тогтоох байгууллагад сонгогдсон нэгнээс өршөөл үзүүлээч гэж царайчлан гуйхад хүрдэг. Энэ нь санаанд оромгүй олон салаа үр дагаварт хүргэж, зөвхөн өөрт төдийгүй, бас ойр дотны болон харилцаатай байдаг бусад хүмүүст сэтгэлийн гүнзгий эмзэглэл, ичгүүр, гай зовлон авчирдаг.

Мормоны Номын эрт үеийн бошиглогч Алма хүүдээ зөвлөгөө өгч хэлсэн: “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй” (Aлма 41:10) гэсэн энгийн атлаа онцгой чухал үгс 21-р зуунд 2000 жилийн тэртээх шигээ ач холбогдолтой хэвээр байна.

Өнөөдөр чухамдаа дуулиант буюу шившигт явдал бүрийг хувийн болон ажил мэргэжлийн сүйрэл гэж үздэг бөгөөд үүнээс зайлсхийхийн тулд дагах ёстой зарлигууд сэргээгдсэн сайн мэдээнд байдаг.

Аз жаргалын загвар

Есүс Христийн сайн мэдээнд байдаг загвар нь аз жаргалд хүрэх замыг бидэнд зааж өгдөг. Энэ бол Мормоны Номонд байдаг тодорхой болоод эрхэм үнэт зүйлс юм. Үүнийг бошиглогч Лихай нас эцэслэхийнхээ өмнөхөн хөвгүүддээ өгсөн сургаалуудад бүр тодорхой дүрсэлсэн байдаг. Иаков хөвгүүддээ хандаж хэлэхдээ, “Учир юун хэмээвээс бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй” (2 Нифай 2:11) гэжээ. Тэрээр хэдэн шүлгийн дараа, “Тэд баясгалантай байж болохын тулд хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:25) хэмээн нэмж хэлжээ.

Иаковт өгсөн энэхүү номлол дахь Лихайн сургаалуудыг энгийнээр нэгтгэн дүгнэвэл: Дуулгавартай бөгөөд зөв шударга байдал адислалууд руу хөтөлдөг бол адислууд нь баяр баясгалан руу хөтөлдөг. Үүний эсрэгээр, дуулгаваргүй байдал, ёс бус явдал нь шийтгэл рүү, шийтгэл нь уй гашуу руу хөтөлдөг. Аврагч бол бүх хүн төрөлхтний агуу Зууч бөгөөд аз жаргал ба мөнх амьдралд хүрэхэд ивээн тэтгэгч юм. Чөтгөр бол худал бүхний эцэг бөгөөд боолчлол, үхлийг ивээн тэтгэгч мөн.

Бид мэдсээр байгаад боолчлол, үхлийг сонгохгүйг дайсан ойлгодог нь тодорхой юм. Чухам тийм учраас тэр өөрөө үүрд мөнх зовлонт байх төдийгүй бүх хүн төрөлхтнийг бас зовлонт байхыг хүсдэг (2 Нифай 2:27-г үзнэ үү). Тэрээр нүгэл ба дуулгаваргүй байдлын үр дагавруудыг мушгин гуйвуулснаар хүслээ биелүүлэхийг хичээдэг. Энэ бол тэрээр худал бүхний эцэг хэмээн нэрлэгддэгийн нэг шалтгаан мөн.

Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985) ийн хэлжээ: “Та бүгд …худал хуурмагийн эцэг Сатаныг мэднэ. Тэрээр үнэнийг хэрхэн худал болгодгийг та нар мэднэ. Тэрээр нүгэл хилэнцийг сайхан, хүсүүштэй, хөгжилтэй, тэр ч байтугай сайн зүйл болгон гоёж чимдэг.”1

Аз жаргалыг олох хамгийн сайн арга зам нь ёс бус явдал хийгээд нүглээс эхэлдэг гэж Сатан бидэнд итгүүлэхийг хичээх болно. Түүний уруу таталтууд тун зальжин, нуун халхалсан байдалтай бөгөөд зарим үед тэрээр “гэрлийн тэнгэр элч мэт” (2 Нифай 9:9) харагдаж ч чадна. Их Эзэн Сатаны уналт болоод зорилгыг ийн дүрсэлсэн байдаг:

“Иймийн тул Сатан миний эсрэг бослого гаргасан хийгээд бибээр Их Эзэн, Бурхан мөн тэрчлэн түүнд өгсөн хүмүүний сонгох эрхийг эрэлхийлэн мөн би түүнд өөрийн хүчийг өгөх ёстой гэсний учир түүнийг би Төрсөн Ганцынхаа хүчээр доош хаягдахаар болгосон бөлгөө;

“Мөн тэрээр Сатан, тийм ээ, бүр чөтгөр, бүх худал хуурмагийн эцэг хүмүүнийг мэхлэн, мөн харалган болгож, өөрийн хүсэл рүү хөтөлдөг билээ (Moсе 4:3–4).

Аз жаргал руу хөтөлдөг зам нь зарлигуудад дуулгавартай байхаар дамжсан зөв шударга байдлаас эхэлдэг билээ. Бидэнд өгсөн зарлигууд бол ёс суртахууны олон сүйрлээс биднийг хол байлгах бурханлаг удирдамж юм. Их Эзэн үүнийг бүр Сэргээлтийн эхэн үед тунхагласан юм: “Иймийн тул, Их Эзэн бибээр дэлхийн оршин суугчид дээр ирэх тэрхүү сүйрлийг мэдэх учраас, өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг дуудан, тэнгэрээс түүнд ярьж, мөн түүнд зарлигуудыг өгсөн ажгуу” (С ба Г 1:17; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Зарлигуудыг сахь

Зарим хүмүүс зарлигууд бол аз жаргалд хүрэх замын эхэнд байдаг биш, харин замын дунд биелүүлдэг зүйл хэмээн буруу боддог. Хэдэн жилийн өмнө намайг Японы Нагояд номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан үед болсон дараах түүх үүнийг харуулж байна.

Манай эхнэр Леса бид хоёр нэгэн залуу эмэгтэйтэй танилцлаа. Тэр сүм дээр хүрч ирснийхээ дараахан номлогчдын заадаг англи хэлний хичээлд суудаг байв. Тэр эмэгтэй нөхөрсөг, нийтэч, эрч хүч, урам зоригтой, зан байдалдаа хяналт тавьж чаддаг учраас сайн ажилтай, удаан үерхэж байгаа найз залуутай, гэр бүлтэй байлаа. Тэр англи хэлний хичээлээр дамжуулан номлогчид, гишүүдтэй харилцаатай байсан нь Сүмийг сонирхоход нөлөөлж, улмаар номлогч нараас хичээлүүдийг авч эхэлжээ. Сэргээгдсэн сайн мэдээ үнэн болох тухай түүний гэрчлэл номлогчидтой уулзах бүрд өсөн нэмэгдэж байжээ. Тэрээр Мормоны Номыг уншиж, энэ номын тухай бас сонссон зүйлүүдийнхээ тухай тунгаан бодож, залбираад тэдгээр нь үнэн гэдгийг мэджээ.

Номлогчид түүнд зарлигуудыг зааж эхлэхэд тэрээр зарлигуудыг дуулгавартай дагах ёстойг ойлгожээ. Тэр найз залуугаасаа харилцаагаа таслан, ням гарагт ажиллах шаардлагатай ажлаасаа гарч, Мэргэн Ухааны Үгийг сахьж, ариун явдлын хуулийг амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Түүний итгэл үнэхээр хүчтэй байсан учраас тэр зарлигуудын тухай мэдсэн өдрөөсөө эхлэн тэдгээрийг сахьж эхэлсэн ажээ.

Тэрээр Сүмийг сонирхож, сэргээгдсэн сайн мэдээг судалж эхэлсэн тухайгаа эцэг эхдээ хэлэхэд тэд түүнтэй харилцаагаа таслах болно гэж хэлсэн гэнэ. Зарлигуудыг хүлээн зөвшөөрч, сахьж эхэлснээс хойш хэдхэн долоо хоногийн дотор тэр ажилгүй, орон сууцгүй болж, гэр бүлийнхээ дэмжлэгийг алдсан ажээ. Тийнхүү, дуулгавартай байдлын үр дагавар нь түүний амьдралд дэндүү хүндээр нөлөөлсөн нь тодорхой байна.

Би түүний байдалд ихээхэн санаа зовж байлаа. Леса бид хоёр нэг шөнө оройхон, толгой өндийлгөх завгүй ажилласан ажлын өдрийн дараа хэсэгхэн хугацаанд хамт байх нам гүмхэн газрыг хайж, номлолын гэрээс гарч алхлаа. Биднийг хөл хөдөлгөөн ихтэй замын уулзвараар гарч явтал нөгөөх цоглог залуу сонирхогч дугуйгаараа өмнөөс дөхөн ирж явааг хараад бид гайхахын ихээр гайхаж билээ. Тэр бидэнтэй халуун дотноор мэндчилж, инээмсэглэн биднийг чанга тэврэв. Бид түүнийг ийм орой гадаа байгаад нь гайхаад юу хийж байгаа юм бэ гэж асуусан.

“Би шинэ ажилдаа явж байна. Машинтай хүмүүст цонхоор түргэн хоолоор үйлчилдэг зоогийн газарт шөнийн ээлжинд ажиллаж байна” гэж тэр хөгжилтэйгөөр хариулав.

Энэ ажил түүний өмнөх ажлаас цалин үлэмж бага атлаа хариуцлагатай, олон цаг ажиллахыг шаарддаг ажээ. Тэр эмэгтэй амьдралдаа тохиолдсон хүнд сорилт бэрхшээлүүдийг үл хайхран, хөгжилтэй харагдаж байлаа. Тэгээд тэр баптисм хүртэх өдөр нь товлогдсоныг хэллээ. Леса бид хоёр номлолын гэрт буцаж ирээд, зарлигуудад итгэлтэй, дуулгавартай байсан нь түүнийг жинхэнэ баяр баяслын зам дээр хэрхэн гаргасныг гайхан ярилцав.

Цөөхөн долоо хоногийн дараа тэр баптисм хүртэв. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр гэрийнхэнтэйгээ эвлэрч, илүү сайн ажилд орсон. Тэрээр баптисмаасаа хойш хэдхэн жилийн дараа буцаж ирсэн нэг номлогчтой Токиогийн ариун сүмд гэрлэж, лацдан холбуулсан билээ. Тэр түүнтэй ганц бие залуу насанд хүрэгчдийн үйл ажиллагаан дээр танилцсан ажээ. Тийнхүү тэд мөнхийн гэр бүл болж, саяхан хөөрхөн хүүгээр адислагджээ. Зарлигуудыг сахисны ачаар түүний амьдралд ямар өөрчлөлт гарсныг дараах богинохон мөртлөө яруу сайхан дуу дүрслэн харуулж байна:

Зарлигуудыг сахь; Зарлигуудыг сахь!

Үүнд аюулгүй байдал буй; үүнд амар амгалан буй.

Тэр адислалуудыг илгээх болно; Тэр адислалуудыг илгээх болно.

Бошиглогчийн үгсийг сонс: Зарлигуудыг сахь.

Үүнд аюулгүй байдал ба амар амгалан буй.2

Мормоны Номон дахь загварууд болон үнэнүүд тодорхой бөгөөд сургамжтай, энгийн бөгөөд үнэ цэнэтэй юм. Бид шударга бөгөөд дуулгавартай байвал, олон адислал авч, баяртай байх болно.

Эшлэл

  1. Спенсер В.Кимбалл, “The Blessings and Responsibilities of Womanhood,” Ensign, 1976 ны 3-р сар, 70.

  2. “Keep the Commandments [Зарлигуудыг сахь],” Children’s Songbook, 146–47.

Хууль

(2 Нифай 2:11–27-г үзнэ үү.)

Дуулгавартай байдал (зөв шударга байдал)

Адислал

Аз жаргал (баяр баясал)

Дуулгаваргүй байдал (ёс бус явдал)

Шийтгэл

Аз жаргалгүй байдал (зовлон зүдгүүр)

Зураг чимэглэлийг Диллийн Марш