2012
Христэд хэрхэн бэлэг өгөх вэ?
2012 оны Арванхоёрдугаар сар


Христэд хэрхэн бэлэг өгөх вэ?

2010 оны Тэргүүн Зөвлөлийн Христийн Мэндэлсний Баярын Онцгой цугларалт дээр хэлсэн “Аврагчийн бэлэг” нэртэй үгнээс.

Зураг
Ерөнхийлөгч Хенри Б.Айринг

Христийн Мэндэлсний Баярын сүнс бол бусад хүмүүст баяр баяслыг бэлэглэх бидний зүрх сэтгэлийн чин хүсэл юм. Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэх нь Их Эзэнийг болон бидэнд өгсөн Түүний бэлгүүдийг үргэлж санахаар өгсөн амлалтаа биелүүлэхэд бидэнд тусалдаг. Ийнхүү санах нь Түүнд бэлэг өгөх хүслийг бидэнд төрүүлдэг.

Христэд баяр баяслыг авчрахын тулд бид Түүнд юу өгч чадахыг Тэрбээр бидэнд хэлсэн билээ. Нэгдүгээрт, бид Түүнд итгэх итгэлийнхээ үр жимс болох харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг өгч чадна. Бид наманчилж, Түүнтэй ариун гэрээнүүд хийж чадна.

Хоёрдугаарт, Тэрбээр бусдын төлөө хийхийг биднээс хүсэн хүлээдэг зүйлийг хийснээр бид Түүнд бэлэг барьж чадна. Ийнхүү бэлэг барих үй олон боломжийн урт жагсаалт Матайн номонд байдаг. Бид энэ амьдралын дараа Түүнтэй учран золгох үедээ сонсох буюу хэлэх болно хэмээн найддаг Гэтэлгэгчийн үгсийг бид энэ номоос уншдаг:

“Зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ Таныг өлсөж байхыг хараад хооллож, цангаж байхыг тань хараад уух юм өгсөн юм бэ?

“Хэзээ бид Таныг харь газрынх байхыг тань хараад урьж оруулан, нүцгэн байхыг тань хараад хувцасласан юм бэ?

“Хэзээ бид Таныг өвчтэй байхыг тань хараад эргэж, шоронд байхыг тань хараад очсон юм бэ?

“Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ (Maтай 25:37–40).

Бид бусдад анхаарал халамж тавьснаар Түүнд ямар бэлгүүд барьж болохыг Их Эзэн эдгээр үгсэд тодорхой өгүүлжээ. Хэн нэгэнд үзүүлсэн нинжин сэтгэлийн үйлдэл бүр нь Түүнд үзүүлсэнтэй адил юм. Учир нь Их Эзэн Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдүүдэд хайртай. Энэ нь Түүнд болон Эцэгт аль алинд нь баяр баяслыг авчирдаг. Бид Тэдэнд хэмжээлшгүй ихээр талархах өртэй билээ.

Зураг
father and son in kitchen

Гэрэл зураг чимэглэлийг Кристина Смит

Та нараас олонд нь Христийн Мэндэлсний Баярын үеэр өлсгөлөн хүмүүст хоол унд өгөх боломж бий. Ингэснээрээ та нар Их Эзэнийг баярлуулах болно. Бүр үүнээс илүү их үнэ цэнэтэй, урт удаан хугацаанд ач холбогдлоо үл алдах бэлэг өгөх арга зам бий хэмээн Тэрбээр бидэнд заасан юм. “Би бол амийн талх байна: Над уруу ирдэг хүн өлсөхгүй. Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй” (Иохан 6:35) гэж Тэрбээр хэлсэн билээ. Бид хайртай хүмүүсээ анхаарч халамжлан, бүхий л нинжин сэтгэлээр Түүнд үйлчлэх нь бидний санал болгож чадах хамгийн агуу үйлчлэл бөгөөд мөнх амьдралд хүрэх цорын ганц эх сурвалж юм.