2012
Болзооны талаар юу мэдвэл зохих вэ?
2012 оны Арванхоёрдугаар сар


Залуучуудын бат бөх байдлын төлөө

Болзооны талаар юу мэдвэл зохих вэ?

Зураг
Лари М.Гибсон

Бусад хүмүүстэй хамт цагийг өнгөрүүлэх нь жинхэнэ нөхөрсөг харилцааг төлөвшүүлэхэд чухал юм.

Дэлхий даяарх Сүмийн залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдтэй ярилцах онцгой боломж тохиосон үед, тэднээс үлэмж олон нь эсрэг хүйсийн залуустай илүү сайн харилцаа тогтоож, хөгжүүлэх сонирхолтой байдгийг би олон удаа сонссон билээ. Ийм харилцааг чухам яаж бий болгох вэ? гэдэг нь та нарын сэтгэл санааг эзэмддэг асуудал.

Өнөө үед бид урьд өмнө нь хэзээ ч байгаагүй амархнаар олон нийтийн мэдээллийн бүх хэрэгслүүдтэй холбогдох боломжтой болжээ. Гэвч технологийн хөгжил нь бас утга учир муутай, үр ашиггүй харилцааг бий болгоход биднийг түлхэж болно. Нүүр нүүрээ харж ярилцалгүйгээр зөвхөн вэб сайт, мессеж, э-мэйлээр харилцаж, хэн нэгэнтэй “найзлах” нь жинхэнэ нөхөрсөг харилцааг бий болгож чадахгүй. Бусад хүмүүстэй нүүр тулан чин сэтгэлээсээ ярилцах нь жинхэнэ нөхөрлөлийг бий болгон хөгжүүлэхэд зайлшгүй чухал юм.

Хайрт залуу найз нар минь ээ, залуу эрэгтэй, эмэгтэйчүүд нийгмийн амьдралд хамтран оролцдог байсан хуучин уламжлалаа сэргээх цаг болжээ. Энэхүү туршлагыг болзоо хэмээн нэрлэдэг байсныг та нар сонссон биз ээ.

Зураг
Хэсэг залуус

Олон удаа асуудаг асуултуудын хариулт

Та нараас олонд нь болзооны талаар асуултууд байгаа. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд энэ талаар зөвлөгөө өгсөн байдаг. Надаас олонтоо асуудаг зарим асуултуудыг энэхүү гайхалтай сайхан номноос авсан хариулттай нь хамт доор өгөв.

Би өөрийгөө болзооны талаар сайн зөвлөгөө өгч чадна гэдэгт итгэхгүй байна. Яагаад тэр билээ? Үүнд ямар шалтгаан байж болох билээ?

Болзоо олон янзын шалтгаантай байдаг. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд болзоо нь “залуу эрэгтэй, залуу эмэгтэй хоёрт бие биеэ илүү сайн таньж мэдэх боломж олгодог. Болзохыг хүлээн зөвшөөрдөг соёл иргэншилд болзоо нь харилцааны соёлд суралцан мөн түүнийгээ хэрэгжүүлж, нөхөрлөлийг хөгжүүлж, цагийг зөв сайхан өнгөрөөж мөн яваандаа мөнхийн хамтрагчаа олоход тусалж чадна” хэмээн тайлбарлажээ.1

Залуучууд 16 нас хүрэхээс өмнө буюу хэтэрхий бага насандаа болзоонд явах ёсгүй гэдгийг та нар сонссон байгаа. Яагаад?

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд дараах зөвлөгөөнүүдийг өгсөн байдаг: “Та нар хамгийн багаар бодоход 16 нас хүрэхээсээ өмнө болзох ёсгүй. Болзож эхлэхдээ өөр нэг хостой эсвэл илүү олон хостой хамт явж бай. Нэг хүнтэй ойр ойрхон болзож уулзахаас зайлсхий. Дэндүү бага залуугаасаа хэн нэгэнтэй харилцаагаа гүнзгийрүүлэх нь та нартай учрах байсан хүмүүсийн тоог хязгаарлаж, ёс суртахуунгүй явдалд хөтөлж болох юм.2

Нэг залуу надтай болзохыг хүсдэг. Гэвч тэр миний жишгүүдийг сахьдаг гэдэгт би үнэхээр итгэхгүй байна. Би яах ёстой вэ?

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд заасан нь: “Зөвхөн ёс суртахууны өндөр жишигтэй бөгөөд тэдэнтэй хамт байх үед чи бас өөрийнхөө жишгүүдийг сахих ёстой хүмүүстэй л болзож бай. … Та нар болзоонд урих эсвэл болзохыг зөвшөөрөх юм уу татгалзахдаа үргэлж эелдэг, хүндэтгэлтэй бай.3

Заримдаа кино үзэхээс өөр зүйлээр болзох ямар ч санаа надад төрдөггүй. Би яах ёстой вэ?

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд дараах ашиг тустай зарчмууд байдаг: “Аюулгүй, сайн үр нөлөөтэй, зардал багатай, болзож байгаа залуус бие биеэ сайн таньж мэдэхэд туслах болзооны үйл ажиллагаануудыг төлөвлө. Жишгүүдээ хадгалж, Ариун Сүнстэй ойр байж болох газруудад л зөвхөн очиж бай.”4

Аюулгүй, сайн үр нөлөөтэй, зардал багатай, Ариун Сүнстэй ойр байх гэсэн болзооны дөрвөн энгийн шалгуур нь олон агуу болзоонд чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ.

Эхнэр бид хоёр залуу үеийнхээ болздог байсан туршлагыг эргэж харахад бидний болзоо зардал багатай эсвэл бүр зардалгүй, хамгийн багаар бодоход өөр нэг хостой хамт болзоонд явдаг байсан бөгөөд бид үр ашигтай, чин сэтгэлийн яриа хөөрөө өрнүүлж, бие биеэ улам илүү танин мэддэг байлаа.

Бие биенийхээ ариун журмыг хамгаал

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос өөр нэг чухал эшлэл татсаны дараа сүүлчийн зөвлөгөөгөө өгч үгээ өндөрлөе. Нэгдүгээрт, “Болзож байгаа залуу эмэгтэй, залуу эрэгтэй бие биенийхээ нэр төр, ариун журмыг хамгаалах үүрэгтэй гэдгийг санаарай.”5 Болзоонд явахдаа хожим нь үүнээсээ ичиж, нүүр улайх юуг ч бүү хий. Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Болзоонд явахдаа болзсон хүнээ хүндлэхийн хамт болзсон хүн чинь бас өөрийг чинь хүндэлдэг байхад анхаар” хэмээн зөвлөжээ.6

Болзоо, үерхэх хоёр ямар ялгаатай вэ?

Эцэст нь, зарим хүмүүс болзоог “үерхэх” гэж ойлгодог ч, Сүм дэх болзоо нь, залуус зөвхөн нэг л хүнтэй л “тогтмол” болзохоос биш, өөр хүмүүстэй болзоонд явах ёсгүй гэсэн ойлголт байдаггүй. Сүмийн жишгүүдээр болзоог олон хүнтэй жинхэнэ хүн ёсны нөхөрсөг харилцааг үндэслэн хөгжүүлэх боломж гэж үздэг.

Залуу эрчүүд та нарыг номлолынхоо дараа эрийн цээнд хүрсэн үед тань Их Эзэн та нарт хандан, “Эзэн дотор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм” (1 Коринт 11:11) хэмээн захьдаг билээ. “Болзоо ба гэрлэлтийг энэ тэргүүнд эрхэмлэх зүйл болго” хэмээн Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд онцгойлон тэмдэглэсэн зүйлийг өнөө үед үерхэх гэж ойлгодог болжээ. Ариун сүмд орж тантай энэ амьдралд болон мөнхөд лацдан холбуулах мөнхийн хамтрагчаа эрж хай. Ариун сүмд гэрлэж, мөнхийн гэр бүлээ төвхнүүлэх нь Бурханы аз жаргалын төлөвлөгөөнд амин чухал юм.7

Эшлэл

  1. Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 4.

  2. Залуучуудын бат бөх байдлын төлөө 4.

  3. Залуучуудын бат бөх байдлын төлөө 4–5.

  4. Залуучуудын бат бөх байдлын төлөө 4.

  5. Залуучуудын бат бөх байдлын төлөө 4.

  6. Toмас С. Moнсон, “Standards of Strength,” New Era, 2008 оны 10-р сар, 5.

  7. Залуучуудын бат бөх байдлын төлөө 5.

Гэрэл зураг чимэглэлийг Publishing Services болон Давид Стокер © IRI