2012
Христийн Мэндэлсний Баярын алчуур
2012 оны Арванхоёрдугаар сар


Христийн Мэндэлсний Баярын алчуур

Би бага байхдаа жил бүр гэрийнхэндээ өгөх Христийн Мэндэлсний Баярын бэлгийг бооход ээждээ тусалдаг байлаа. Би тэгэхэд гэрлэсэн 5 ах, эгч, 13 үеэл авга, нагац ах , эгч нартай байсан болохоор бэлэг бооход тусална гэдэг амаргүй ажил байлаа. Олон янзын алаг эрээн юмсын дотор эгчид өгөх бэлгийг алчуурт боох юм байна гэдгийг би ажигладаг байв. Ээж Аннад унтлагын хувцас, ноосон цамц эсвэл гал тогооны ямар нэг хэрэгсэл өгөх байсан ч, түүнд өгөх алчуур үргэлж байдагсан. Алчуур өдөр тутмын хэрэгцээтэй, хямд зүйл гэдгийг би ойлгодог байсан ч, эгч яагаад ийм бэлгийг жил бүр авдаг юм бол гэж гайхдаг байлаа.

Эцэст нь нэг удаа арванхоёрдугаар сард би: “Аннад дахиад л алчуур өгөх юм уу?” Ээж ээ, та түүнд жил болгон алчуур өгөх юм. Одоо түүнд зөндөө олон алчуур байгаа биз дээ? Түүнд хэчнээн алчуур хэрэгтэй юм бэ? Өөр бэлэг өгвөл шуудангаар явуулах боодлын зардал нэмэгдэнэ. Ингэх хэрэггүй гэж би бодох юм” гэлээ.

Ээж хайчаа хажуу тийш нь тавиад “Чамд нэг түүх ярья. Тэгвэл чи ойлгох болно. Энэ явдал чамайг төрөхөөс өмнө болсон юм.

Намайг энэ оронд хэрхэн ирснийг чи мэднэ шүү дээ” гэв. (Тийм ээ, би мэднэ. Ээжийг дөрвөн хүүхэдтэй бэлэвсэн эртэй гэрлэхэд гэр бүл нь гайхсан ч, түүнийг Голланд орноо орхиж, Нэгдсэн Улс руу цагаачлах болсонд бүр нүд нь орой дээрээ гаран гайхсан гэдэг.) “Гэвч зарим зүйлийг чи мэдэхгүй. Энд хүрч ирэхэд бид юу ч үгүй, гар хоосон байв. Амьдрал хэцүү байлаа. Аав чинь хоёр ажил хийдэг байсан ч цалин нь бага байлаа. Би бусдын юм угааж, индүүднэ. Тэглээ ч гэсэн, бидэнд хангалттай мөнгө байсангүй.

Тэгэхэд Анн 17-той байсан болохоор бид хэдий хэр их өртэйг ойлгодог байсан. Тиймээс тэр бидэнд туслахаар шийдэж, ажил олохоор яваад хотод нэг чихрийн дэлгүүрт ажилд орсон. Анн ажилдаа автобусаар явж, өдөржингөө лангууны ард зогсож ажиллана. Тэр зөвхөн автобусны мөнгө, бага сага идэх юм авах мөнгө (лангууны ард ямар ч идэх юм байлгахыг зөвшөөрдөггүй байсан учир) өөртөө үлдээгээд бараг бүх цалингаа бидэнд өгдөг байсан.

Анн ажилтай болсондоо бас цалин нь бидний амь зуулгад нэмэр болдог байсанд баярлаж явдгаа надад ярьдаг байсан ч, дүү нарынхаа төлөө санаа зовдгоо хэлдэггүй байлаа. Христийн Мэндэлсний Баяр ойртож байв. Тэдний шинэ Америк найзууд Өвлийн өвгөнөөс авчирч өгөөрэй гэж гуйсан олон тоглоомын тухай ярьдаг байж. Гэтэл манай гэрт Христийн Мэндэлсний Баярын ямар ч бэлэг байсангүй!

Христийн Мэндэлсний Баяраас хэдхэн өдрийн өмнө Анн надад мөнгө өглөө. Гэвч тэр өдөр түүний цалин буудаг өдөр биш байв. Энэ мөнгийг хаанаас авсан юм бэ? гэж би түүнээс асуув. Тэр энэ мөнгийг үдийн хоолоо идэлгүй хэмнэсэн ажээ. Энэ нь их мөнгө биш ч гэсэн тэр хэдэн долоо хоног үдийн хоол идээгүйг би мэдэж байлаа. Анн тэр мөнгөөр дүү нартаа Христийн Мэндэлсний Баярын бэлэг аваарай гэв. Тэр дүү нартаа хэрэгтэй юм худалдаж авна гэж хойд ээж надад итгэсэн хэрэг.

“Би жижиг юмс худалдаж авах хэрэгтэй байсан ч, Христийн Мэндэлсний Баярыг бүх гэр бүлээрээ тэмдэглэхээр шийдэв. Тэгээд би бэрсүүт жүрж, бамбаруушин саван, өнгийн харандаанууд, тоглоомын машинууд, аавд чинь хэдэн оймс худалдаж авсан. Харин Аннад нэг алчуур авлаа. Тэр алчуур хээгүй байсан ч би шөнө орой болтол сууж, хатгамлаар чимж гоё болгосон юм. Миний шинэ охин бидэнд Христийн Мэндэлсний Баярын бэлэг өгсөнд би их баяртай байлаа. Би ч бас Христийн Мэндэлсний Баяраар охин минь ямар нэг онцгой сонин юмтай байхыг хүссэн.

“Христийн Мэндэлсний Баяр боллоо. Манай сүмийн найз нар бидэнд Христийн Мэндэлсний Баярын сүлд мод, хайрцаг дүүрэн бэлэг авчирч өгсөнд бид гайхахын хажуугаар их баярлаж билээ. Бэлэг авчирч өгсөн хүмүүс энэ бол сонинд боосон жижиг зүйлс шүү гэж уучлал гуйсан ч энэ нь үнэхээр гайхалтай сайхан байлаа! Хайрцганд олон ашигтай зүйлс, сайхан хоол хүнс байлаа. Бас өөр нэг санаандгүй сонин явдал болсон нь: Анн бид хоёрын нууцаар бэлдсэн бүх гэр бүлдээ зориулсан Христийн Мэндэлсний Баярын бэлэг байлаа! Хоёр дүү чинь ёстой л магнай хагартлаа баярласан даа! Удалгүй тэр хоёр жижигхэн өрөөнийхөө шалан дээгүүр машинуудаа сонин дээгүүр бас сонин доогуур давхиулан тоглож гарлаа. Энд тэндгүй л сонин! Анн бэлгээ задалж алчуурыг үзсэнээ уйлж эхлэх нь тэр. Би ч бас бага зэрэг уйлав.

“Бид бүр Христийн Мэндэлсний Баярын зоог бэлдсэн гээч. Бид удаан хугацаанд ийм сайхан хоол идэж үзээгүй байлаа! Хоолоо идчихээд их цэвэрлэгээ хийв. Анн алчуураа хаа нэгтээ тавьчихаж. Гэтэл алчуур олдсонгүй. Бид газар сайгүй л эрлээ. Өө, аав чинь сонингуудыг гал руу хийгээд байсан. Алчуурыг сонинтой хамт гал руу хийчихсэн юм биш үү? Тэгсэн л байж таарлаа. Бид алчуурыг хаанаас ч олоогүй юм. Харин Анн үглэж гомдоллосонгүй. Болох учиртай юм болсон хэрэг. Дүү нар нь баяртай байсан болохоор би ч бас баяртай байна гэж тэр хэлж билээ.

“Дараачийн Христийн Мэндэлсний Баяраар би Аннад алчуур өглөө. Энэ алчуур алга болохгүй гэдэгт би итгэлтэй байв. Анн гэрлэж, өөр газар шилжихэд би Христийн Мэндэлсний Баярын алчуурыг түүнд шуудангаар явуулдаг болов. Алчуур түүнд хэрэгтэй гэж боддог учраас би түүнд алчуур өгдөг байсан юм биш, харин бид гэр бүлээрээ анхныхаа Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэхэд охин минь юу хийснийг би хэзээ ч мартахгүй гэдгээ түүнд сануулахын тулд түүнд алчуур өгдөг байсан юм.

Хэдэн жилийн дараа миний ээж энэ түүхийг надад ярьсан юм. Бид бүх гэр бүлээрээ Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэж байлаа. Би үймээн шуугиан дунд эгч алчуураа задалж байхыг харав. Тэр ээж рүү хүрч очин гарыг чанга атгах үед нүд нь гэрэлтэн гялалзахыг би хараад учрыг ойлголоо. Энэ бол ердийн нэг алчуур байсангүй. Тэр алчуур хайр, бэлэг, золиослолын онцгой дурсамж байлаа. Христийн Мэндэлсний Баяраар агуу хайр, золиослол шингэсэн бэлэг өгдөг учраас бид энэ баярыг тэмдэглэдгийг энгийн тэр нэгэн алчуур надад сануулсан юм.

Зураг чимэглэлийг Сам Лоолор