2012
Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш
2012 оны Арванхоёрдугаар сар


Залуучуудад зориулав

Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш

Намайг том болох үед жил бүр болдог хамгийн сайхан үйл явдлуудын нэг нь Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш байв. Би гэрийнхэнтэйгээ хамт пицца хийж, Христийн Мэндэлсний Баярын магтуу дуулаад, энэ баярт зориулсан цуглаан хийдэг байлаа. Бид дууллууд болон Христийн Мэндэлсний магтууг өөрсдийн тааруухан хөгжмийн зэмсгээр дөрвөл болон эв дүй муутайхан дуулдаг байв. Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдшийг аав үргэлж сүнслэг бодол хуваалцаж өндөрлөхөд бид баярын нулимс дуслуулдаг байж билээ. Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдшээс илүү сайхан зүйл амьдралд байхгүй юм шиг л санагддаг байв.

Намайг арай том болоход ээж манай хөршийн бяцхан охин Келлийг харж ханддаг болов. Келли ээж нь ажилтай байх үеэр хичээлийнхээ дараа өдөр бүр манайд ирдэг байлаа. Келли намайг хаа л явна, дуу чимээ гарган гөлөг шиг салахгүй дагана. Патти эгч ирж охиноо аваад явахаар сая нэг санаа амарч, манайх гэдэг айл нам гүм болдогсон.

Нэг удаа арванхоёрдугаар сард Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш ээж Патти, Келли хоёрыг манайд ирж баяр тэмдэглэхийг урихад би цочин сандарч билээ. Энэ чинь миний Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш шүү дээ. Ээж инээмсэглээд, “Тэглээ ч гэсэн юу ч өөрчлөгдөхгүй” гэв. Харин би юу болохыг сайн мэдэж байлаа. Тэр хоёр манай хамаг пиццаг идчихнэ дээ. Келли бидний дуулахыг сонсоод шоолно. Энэ удаагийн Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш ч олигтой болохгүй нь дээ гэж бодогдов.

Үдэш болоход Патти, Келли хоёр манайд ирж, бид ярилцан, инээлдэж, дууллаа. Ээжийн зөв байжээ. Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш маш сайхан болов. Тэр хоёр шөнө дунд бидэнд талархал илэрхийлээд манайхаас дурамжхан явж билээ. Унтах үед зүрх сэтгэл минь хайр, талархлаар бялхан байлаа. Бусадтай хуваалцсан үед Христийн Мэндэлсний Баярын жинхэнэ үнэ цэнэтэй бэлэг багаддаггүйг би тэгэхэд ойлгосон. Ийм бэлэг нь бидний өгч байгаа зүйлийг улам сайхан болгож, хэмжээг нь нэмэгдүүлдэг юм.