2012
Асуулт, хариулт
2012 оны Арванхоёрдугаар сар


Асуулт, хариулт

“Найз нарыгаа Ариун сүмийн тухай асуухад өөрөө ч мэдэхгүй байж би юу гэж хариулах вэ?”

Өөрийн чинь ойлгодоггүй ямар нэг зүйлийн тухай ярилцах нь хэцүү л дээ. Бид ариун сүмд өөрөө явж үзэхээс нааш ойлгох аргагүй зүйл зөндөө олон байдаг. Ариун сүмийн ёслолууд нь ариун нандин зан үйл учраас ариун сүмээс гадуур тэдгээрийн талаар ярилцах ёсгүй. Гэвч бид ариун сүмийн зорилго болон адислалуудын тухай ярилцаж болно. Ариун сүмд гишүүд мөнхийн үнэнүүдийн тухай мэдэж, өөрсдөө ариун нандин ёслолуудыг хүлээн авахаас гадна нас барсан өвөг дээдэс болон бусад хүмүүсийн өмнөөс эдгээр ёслолуудыг хийлгэдэг гэдгийг бид найз нөхдөдөө ярьж болно.

Та ариун сүмийн тухай хэчнээн ихийг мэдэх тусам найз нарынхаа асуултуудад төдий чинээ сайн хариулах бэлтгэлтэй болно. Илүү ихийг мэдэхийн тулд эцэг эхтэйгээ эсвэл Сүмийн удирдагчидтай ярилц. Та бас найз нарынхаа хамт Лиахона сэтгүүлийн ариун сүмүүдийн тухай тусгай дугаарыг (2010 оны Аравдугаар сарын) уншиж, хариултуудыг Mormon.org–т орж үзэж болно.

Та бас ариун сүмийн тухай бодол санаагаа хуваалцаж болно. Хэрэв та баптисм хийлгэхээр ариун сүмд орсон буюу ариун сүмийн газар дээр очиж үзсэн бол тэнд байхад төрсөн амар амгалангийн мэдрэмжийнхээ тухай найз нартаа ярьж болно.

Хэрэв найз нар чинь ариун сүм яагаад хүн бүхэнд нээлттэй байдаггүй юм бэ? гэж асуувал ариун сүмд гүйцэтгэдэг ажил ариун нандин учраас, зөвхөн сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй бөгөөд хүчинтэй эрхийн бичигтэй хүмүүс ариун сүмд ордог гэдгийг хэл. Шинэ ариун сүмүүдийг онцгойлон адислахаас өмнөх нээлтийн үйл ажиллагааны үеэр ариун сүмийг үзэж, түүний тухай тодорхой мэдэх боломжийг олон түмэнд олгодог билээ. Ариун сүмийг онцгойлон адислагдсаны дараа хэн ч гэсэн ариун сүмийн газар дээр очиж үзэж болно. Хэрэв боломжтой бол найзыгаа ариун сүмийн нээлттэй хаалганы үеэр эсвэл ариун сүмийн газар дээр өөртэйгөө хамт очиж үзэхийг урь.

Ариун сүмд орохоор зохистой бай

Ариун сүм бол миний хувьд аз жаргал, хүч чадал, золиослол, мөнхийн гэр бүлүүдийн бэлэгдэл юм гэдгийг би найз нартаа ярина. Бас хэрхэн зохистой байхыг тайлбарлах болно. Хэрэв тэд намайг ариун сүмийг амьдралынхаа хамгийн эрхэм зорилгуудын нэг болгон амьдардгийг харах юм бол, тэд ариун сүмийн хүч нөлөөг мэдрэх болно. Ариун сүмийн үзэсгэлэнт байдлыг ямар ч хүн гадна талаас нь харж болох ч, хэрэв би зөв зохистой амьдарвал, ариун сүмийн дотор болдог зүйлс итгэл найдвар, аз жаргалыг авчирдгийг би найз нартаа харуулж чадна.

Эмма Р., нас 18, Юта, АНУ

Улам ихийг мэдэхэд найз нараа урь

Өөрийнхөө мэддэг зүйлээс тохиромжтой гэж үзсэн болгоныг найз нартаа ярь. Ариун сүмийн зан үйлүүд ариун нандин учраас бид тэдгээрийн тухай ярьдаггүй гэдгийг тэдэнд хэл. Хэрэв өөрийн чинь мэдэхгүй ямар нэг зүйлийг тэд асуувал мэдэхгүй гэдгээ шударгаар хэл. Хэрэв тэд илүү ихийг мэдэхийг хүсвэл тэднийг сүмд урьж, Бурхан зарлигуудыг нь сахьдаг хүмүүсийг илүү их сүнслэг мэдлэгээр адисалдгийг тэдэнд хэл. Бид сүнсний зүйлсийг дүрэм дүрмээр, шат шатаар мэдэж болно гэдэгт итгэдэг.

Кармела Б., нас 18, Филиппин

Сүнс хариултыг чинь өгөхийн төлөө залбир

Би найз нарынхаа асуултанд хариулахдаа юу гэж хэлэхээ мэдэхийн тулд эхлээд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирдаг. Юу ярихыг чинь Сүнс өдөөн сануулахыг тэвчээртэй хүлээхэд цаг хугацаа шаардлагатай ч гэсэн ийнхүү хүлээх нь чухал юм. Хоёрдугаарт, илүү их сүнсний мэдлэгтэй болохын тулд сүмд явж, ариун сүмийн баптисмын санг үз. Нэг найзыгаа ариун сүмийн тухай асуулт асуухад нь би, амьд сэрүүн байхдаа сайн мэдээний тухай сонсох боломж олдолгүйгээр нас барсан бидний өвөг дээдсийн төлөө тэнд баптисм хийдэг юм. Тэнгэрт уг ёслолыг хүлээн зөвшөөрөх үү, няцаах уу гэдэг нь тэдний сонголт юм гэж хариулсан.

Лидия П., нас 13, Флорида, АНУ

Найз нарыгаа номлогчидтой уулзуулахаар урь.

Найз нар маань надаас ариун сүмийн тухай асуухад энэ бол Их Эзэний өргөө, бид тэнд онцгой ёслолуудыг хүлээн авч, Тэнгэрлэг Эцэгтэйгээ улам ойртон, Түүнд эргэж очих боломж бидэнд нээгддэг газар юм гэж би ярьдаг. Би бас найз нараасаа илүү их зүйлийг мэдэхийн тулд номлогчидтой уулзах уу гэж асуудаг. Хэрэв тэд номлогчидтой уулзахгүй гэвэл би тэдний асуултыг тэмдэглэж аваад, өөрөө номлогчдоос асуудаг. Тэгээд би мэдсэн зүйлээ найз нартаа мэдэгддэг. Би ийм замаар ариун сүмийн талаар илүү их зүйлийг мэддэг болсон.

Кимми Х., нас 13, Монтана, АНУ

Ариун сүмүүдийн зургийг үзүүл

Би дэлхий даяарх ариун сүмүүдийг харуулсан номуудыг унших дуртай. Нэг найзыгаа ариун сүмүүдийн тухай асуухад нь, миний тайлбар түүнд хангалттай зүйлийг ойлгуулж чадаагүйг би мэдсэн. Тиймээс би ариун сүмүүдийн тухай номнуудаа авчирч, ариун сүм гэж юу болохыг түүнд үзүүлэн, ариун сүмийн зорилго бид тийшээ орохдоо хэчнээн их баяртай байдгийг тайлбарласан. Би түүнийг ням гарагт сүмд урихаар шийдэв. Илүү ихийг мэдэхэд нь түүнд номлогчид болон Ням гарагийн хичээлийн багш нар тусалж чадна.

Жессика А., нас 18, Индонези

Эцэг эхтэйгээ ярилц

Хариултыг эрж хай. Судруудыг уншиж, Ням гарагийн хичээлийн багш нараас асуу. Хариулах боломжгүй асуулт гэж байдаггүй. Хариулахын тулд шаргуу эрж хай. Хариултынхаа талаар залбир! Ариун сүмийн талаар асуух юм гарахад би аав, ээж хоёроосоо асуудаг. Миний асуултанд хариулах нь аав, ээж хоёрт хэцүү биш. Тэд надад туслахад үргэлж бэлэн байдаг.

Брайсон Б., нас 18, Юта, АНУ

Ариун сүм рүү Яв

Хэрэв бид боломжийнхоо хэрээр ариун сүм рүү аль болох олон удаа явахыг хичээвэл, Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү сайн харилцах боломжтой байх болно. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл бид найз нарынхаа асуултын талаар Түүнд хандан залбирч болно гэсэн үг. Хэрэв бид ариун сүмийн талаар төдийлөн ихийг мэдэхгүй байвал, энэ талаар илүү ихийг судалж мэдэх хэрэгтэй гэсэн үг. Ариун сүмд явахынхаа өмнө ариун сүм дээр байх үеэрээ юуны тухай бодох ёстой талаараа залбирч, судал. Тэгвэл бид “Ариун сүм дээр байх үед чамд ямар мэдрэмж төрөв?” гэх мэт асуултанд бид хариулж чадна.

Сара Т., нас 14, Айдахо, АНУ