2012
Ариун өөрчлөлт
2012 оны Арванхоёрдугаар сар


Ариун өөрчлөлт

Сан Сальвадорын Эл Сальвадор Ариун сүмийг зөвхөн хотын төрх байдлыг өөрчлөхийн тулд бариагүй юм. Харин үүний нөлөө нь хүмүүс, гэр бүлүүд болон бүхэл үндэстнийг өөрчлөхөд оршино.

Өндөр довыг өөрчилсөн нь

2008 оны 9-р сарын 20-нд ойролцоогоор 600 Хожмын Үеийн Гэгээнтэн Сан Сальвадорын Эл Сальвадор хот дахь бороонд нэвт норсон өндөр дов дээр цуглажээ. Тэд олон жилийн туршид тариалангийн талбай болгон ашиглаж байсан газар дээр зогсож байлаа. Тэд Төв Америкийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн удирдлага дор хамтдаа залбирч, гэрчлэлийн үгсээ хуваалцсан ажээ. Тэдний зарим нь энэхүү сонгосон газар дээр удахгүй ирэх өөрчлөлтийн үндсийг тавин, газрын хөрсийг шинэхэн хүрзээр гишгэлээ.

2011 оны наймдугаар сарын 21-нд сэтгэл нь догдолсон мянга, мянган Хожмын Үеийн Гэгээнтэн мөнөөх өндөр дов дээр бие биедээ баяр хүргэн мэндчилж байлаа. Энэ дов тариалангийн талбай байхаа больж, Эл Сальвадор дахь хамгийн ариун газар болж хувирчээ. Гэгээнтнүүд ариун сүмийн эргэн тойронд цуглаж, ариун сүмийг Их Эзэнд зориулан онцгойлон адислах Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч, бошиглогч Хенри Б.Айрингийг ирэхийг тэсч ядан хүлээнэ. Сүмд элсээд олон жил болсон нэг гишүүн бараг шивнэх шахан, энэ газар орчноосоо тасран, “газар дээр тэнгэрийн багахан хэсэг” боллоо хэмээн хэлэв.

Гэр бүлийн өөрчлөлт

2010 оны дөрөвдүгээр сард Эвелин Вигил, нөхөр Амадо нь итгэлгүй болсонд санаа нь зовж эхэлжээ. Тэр үнэн Сүм байхгүй гэдэг дүгнэлтэнд хүрч, сүүлийн 11 жил ямар ч сүмд яваагүй гэнэ. Тэр хооронд Эвелин Бурханд итгэсэн хэвээр нэг сүмээс нөгөөд явж, Түүний үгийг сонсохыг эгээрэн хүсдэг байсан ч, сонссон зүйлдээ хэзээ ч сэтгэл ханамжтай байсангүй. Заримдаа тэр өглөө нүдэндээ нулимстай босдог байжээ. Ийм өдрүүдэд тэр Тэнгэрлэг Эцэгээсээ удирдамж хүсдэг байлаа. Тэр Түүний тухай мэдэхийг маш их хүсдэг ч, өөрийн очсон олон сүмийн алинд нь ч сэтгэл дундуур байсны учрыг Түүнээс асуужээ. Тэр бас гэр бүл нь нэгэн цагт нэг сүмд нэгдэхийн төлөө залбирдаг байж.

2011 оны наймдугаар сарын 23-нд Амадо Вигил, Эвелин Вигил хоёр төрөлх хотын өндөр дов дээрх өөрчлөлттэй адил өөрчлөлтийг зүрх сэтгэлдээ мэдсэн ажээ. Тэд цасан цагаан хувцас өмсөж, есөн настай охин Мишелл, гурван настай хүү Кристианыхаа хамт ариун сүмийн лацдан холболтын өрөөнд орж ирлээ. Тэд Сан Сальвадорын Эл Сальвадор Ариун сүмд энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбуулсан анхны гэр бүл болжээ. Өөрсдийнхөө орж ирсэн ариун сүмийн адил тэд Их Эзэний үйлчлэлд шинээр орж ирсэн бөгөөд бие сэтгэл бүхнээ энэ ажилд зориулах хүсэлтэй байжээ.

Вигилийнхний түүх

“Бидний түүх нь бид хоёр ахлагчийг олж уулзсан гэхээсээ илүүгээр тэд биднийг олсон тэр үеэс эхлэлтэй юм” гэж Амадо дурслаа. Бид хоёр Эвелиний эцэг эхийн гэрээс дэлгүүрт барьдаг цүнхүүдээ үүрэн гарч яваад хоёр ахлагч гудамж хөндлөн гарч бидний өөдөөс хүрч ирэхийг харсан юм. Тэдний нэг нь бидэнд тусалж болох уу хэмээн уриалгахнаар асууж билээ.

“Тэд бас бидэнтэй гэрээр очиж уулзаж болох уу гэж асуухад, миний сониуч зан хөдөлж, тэг л дээ гэж хариулж билээ. Би тэр үед Сүмийн тухай төдийлөн ихийг мэддэггүй, зөвхөн бусад хүмүүсийн яриаг л сонссон байлаа.

Ахлагч нарыг манай гэрт очихыг зөвшөөрсний дараа, ‘Үүнд нэг их сүрхий юм болоод байх хэрэггүй шүү. Бид аль нэг сүмд элсэх шийдвэр гаргалаа гэж бодох хэрэггүй. Тэд юу гэж хэлэх нь вэ? гэдэг нь л миний сониуч занг хөдөлгөлөө’ гэж би эхнэртээ хэлж билээ.

“Хоёр ахлагч манайхаар ирдэг болов. Хэрэв тэд буруу юм шиг надад санагдсан ямар нэг зүйлийг хэлэх л юм бол би тэдэнд манайхаас яв даа гэж найрсгаар хэлэхэд бэлэн байлаа. Гэвч тэд маш их эелдэг байсан учраас бусад сүмүүдийн талаар ямар нэг муу юм хэзээ ч ярихгүй юм байна гэсэн сэтгэгдэл надад төрсөн. Тэд хайр болон хичээл зүтгэлээр зааж байсан бөгөөд намайг олон асуулт асуухад туйлын тэвчээртэй байлаа. Тэд удалгүй бидэнтэй ойр дотно боллоо.”

Амадо, Эвелин хоёр баптисм хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлуулахын тулд бага багаар бэлтгэж эхэлжээ. Мэргэн Ухааны Үг Эвелинд хамгийн том сорилт байсан ажээ. Эхнэр минь кофе ууж болохгүйгээ мэдээд гунигтай байлаа. Амадод ямар нэг муу зуршлаа орхих шаардлага байсангүй. Тэр зөвхөн үнэнийг л мэдэх хэрэгтэй байлаа. Тэр номлогчдын заасан зүйлд итгэснээр барахгүй, мөнхийн гэр бүл, нас барагсдын өмнөөс хийх баптисм, Сүм дэх нөхөрлөл ба Сүмийн зохион байгуулалт зэрэг бусад сүмүүдэд байдаггүй олон сургаал, практик үйл ажиллагаануудыг эхнэрийнхээ хамт хүлээн зөвшөөрсөн ч, баптисм хийлгэх эсэх тухайд эргэлзэж байжээ. Тэр Сүмд нэгдсэн хойноо буруу шийдвэр гаргаснаа мэдвэл яана аа хэмээн зовж байсан аж.

Ийм санаа зоволт удалгүй алга болов. Эвелин тусламжийн төлөө залбирч, кофе уудаг муу зуршлаа ялсан аж. “Энэ зуршил адислалууд хүлээн авахад надад саад болох ёсгүй” хэмээн тэр ярилаа. Амадо шийдэж чадалгүй хоёр сар орчим байсны эцэст баптисм хүртэхээр шийдсэн гэнэ. Тэрээр Эвелиний хэлснээр, “Бид сайн мэдээг баяртайгаар хүлээн авах хэрэгтэй” гэжээ.

Бэрхшээл сорилтууд ба адислалууд

Амадо, Эвелин хоёр Мишеллийн хамт 2011 оны зургадугаар сард баптисм хүртэж, гишүүнээр батлагдав. “Бид баптисм хүртсэн цагаас эхлэн юм бүхэн өөрчлөгдөж байгааг би мэдэрсэн. Манай гэр бүлийнхэн Сүмд нэгдэж, бид сайн мэдээг оллоо. Тэр үеэс хойш бидэнд хүнд сорилт, өвчин зовлон тохиолдсон ч Тэнгэрлэг Эцэг минь бидэн дээр олон адислал юүлсэн” гэж Эвелин ярилаа.

“Миний ажигласан эхний өөрчлөлт бол манай гэр бүл сайн мэдээнд нэгдсэн явдал юм” гэж Амадо хэлэв. Энэ бол бид өмнө нь эв нэгдэлгүй байсан гэсэн хэрэг биш харин бид улам илүү эв нэгдэлтэй болсон гэсэн үг юм. Сайн мэдээний сургаалууд бидэнд үнэхээр тусалсан. Сүмийн удирдагчид гэр бүлийн ариун нандин чанарыг заадаг учраас бид гэр бүлээ улам ихээр хайрлан эрхэмлэдэг болсон.”

Вигилийнхний бишоп Сизар Ореллана тэдний амьдрал дахь өөрчлөлтийг бас харжээ. Баптисмынхаа дараа удалгүй Амадо бишоп Ореллана руу хүрч ирэн, “Бид аравны нэгээ төлмөөр байна. Гэвч яаж төлөхөө мэдэхгүй юм” гэжээ.

Бишоп Ореллана аравны нэг гэдэг бол тэдний нийт орлогын аравны нэг хэсэг гэж тайлбарлажээ. Амадогийн санааг зовоодог нэг зүйл байсан нь тэр үед Эвелин ажилтай, харин тэр өөрөө ажилгүй байсан явдал юм. “Бид мөнгөөр байнга дутагдаж байдаг ч, аравны нэгээ төлмөөр байна” гэж Амадо бишоптоо хэлжээ.

Бишоп, “Амадо ах аа, Их Эзэн бидэнд олон амлалт өгсөн юм” хэмээн бишоп Ореллана хариулав. Аравны нэгийг итгэлтэйгээр төлснөөс ирдэг олон адислалын тухай, түүний дотор бошиглогч Малахигаар дамжуулан Их Эзэний хэлсэн дараах үгсийг тэд судраас хамтдаа уншсан ажээ: “Миний өргөөнд бүхий л аравны нэгээ авчир, … Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” (Maлахи 3:10).

Энэ судрыг хамт уншсаны дараа бишоп Ореллана шинэ хөрвөгчийг хараад, “Хэрэв та ус, цахилгааныхаа мөнгийг төлж чадахгүй бол юу болох вэ? Аравны нэг үүнтэй л адил юм. Хэрэв та түрээсээ төлөхгүй бол юу болох билээ, гэж бодоод аравны нэгээ төл. Гэр бүлээ тэжээх мөнгө хүрэлцэхгүй байлаа ч аравны нэгээ төл. Аравны нэг гэдэг ийм л юм. Их Эзэн таныг хаяхгүй” гэж ярьжээ.

Дараагийн ням гарагт Амадо бишоп Ореллана руу дахин хүрч ирэв. Энэ удаад тэр ямар ч асуулт асуусангүй. Тэрээр бишопт дугтуй гардуулж, “Бишоп оо, энэ бидний аравны нэг” гэжээ.

Бишоп Ореллана энэ талаар, “Тэд тэр үеэс хойш аравны нэгээ итгэлтэй төлөгчид байгаа” гэж ярилаа. Эднийх санхүүгийн хүндрэл тохиолдсон үедээ бишопын агуулахаас хүнсний зүйл авдаг байсан гэнэ. Түүнээс гадна Их Эзэн тэднийг өөрсдийнхөө төлөө санаа тавих чадвараар адисалсан ажээ. Эвелин урамшуулалт цалинтай, Амадо сайн ажилтай болжээ. Эвелин хожим нь ажилгүй болсон ч, итгэл бишрэлийнхээ төлөө сүнслэг болон материаллаг адислал хүлээн авахын тулд тэд аравны нэгээ төлсөөр байлаа. Нэг удаа бишоп Ореллана Амадогийн гэр бүл санхүүгийн хувьд ямархуу байгааг түүнээс асуухад “Бид дажгүй байгаа шүү. Заримдаа бидэнд идэх юм хүрэлцдэггүй ч, хоёр идэхгүй, хоосон хонохгүй болж л байна. Юунаас ч илүү чухал зүйл бол Их Эзэнд итгэх бидний итгэл юм” гэж Амадо хариулжээ.

Нэг удаа аравны нэгээ төлсний дараа Эвелин, Амадо хоёр хүлээн авсан адислалуудынхаа тухай бишоп Орелланатай ярилцсан гэнэ. Тэд Maлахи 3:10-ыг дурдаж, “Бид Их Эзэнийг шалгасан” гэжээ. Бишоп Орелланагийн амласнаар Их Эзэн тэднийг хэзээ ч орхиогүй юм.

Шинэ хэтийн төлөв

Эвелин, Амадо хоёр гэр бүлээрээ ариун сүмийн лацдалтын өрөөнд хамт байсан тэр өдрийн тухай сайхнаар дурсан ярьдаг ажээ. Тэд хувийн хишгээ хүлээн авч, лацдан холболтын ёслолд бэлэн болсон тэр өдөр хүүхдүүд нь үймүүлэх байх гэж санаа нь зовж байжээ. Ялангуяа тун их хөдөлгөөнтэй гурван настай хүү Кристианыхаа төлөө санаа нь бүр их зовж байсан гэнэ. Гэтэл хоёр хүүхэд нь лацдалтын өрөөнд тайван гэгч нь хүндэтгэлтэйгээр орж ирсэн нь тэд энд биеэ хэрхэн авч явах ёстойг ойлгосныг харуулжээ. Тэгээд лацдан холболтын ёслолд бэлтгэх цаг болоход Кристиан ямар ч заавар авалгүйгээр тахилын ширээ рүү очиж, эцэг эхийнхээ дэргэд өвдөг сөгджээ.

Өнөр бүл нь лацдан холболтын өрөөний хоёр талын толинд хэрхэн харагдсаныг Эвелин санадаг ажээ. Амадо бас үүнийг зөвхөн ариун сүмд төдийгүй өдөр тутмын амьдралдаа харах болно хэмээн ярив. Тэрээр эдүгээ амьдралыг нь удирдаж байгаа мөнхийн хэтийн төлөвт мөн ийм хэтийн төлөв Мишелл, Кристиан хоёрыг Их Эзэний өргөөнд байх үед тэдэнд нээгдсэнд талархалтай байдаг ажээ. Вигилийхний хэтийн төлөв нь 8-р сард гэрээний дагуу төрсөн Андрей гэдэг шинэ охинтой болсны дараа улам өргөжин хөгжсөн юм.

Өндөр дов дээрх дээрх гэрэл

Вигилийнхний гэр бүл Есүс Христийн цагаатгагч золиослол болон эх оронд нь байгаа Түүний өргөөний нөлөөгөөр үүрд мөнхөд өөрчлөгдсөөр байх болно. Тариалангийн талбай ариун газар болон өөрчлөгдсөн учраас тэдний гэр орон бүр ч илүү ариун газар болсон юм.

Тэд олон талаараа бүхэл улс үндэстнээ төлөөлж байна. Эл Сальвадор бол дэлхийн зүйлсээр өдөр бүр уруу татагдаж буй сая сая шударга, сайн хүмүүсийн эх орон юм. Сальвадорын Гэгээнтнүүд эх орондоо хайртай бөгөөд Их Эзэний ариун сүмийг нутагтаа хараад итгэл найдвар нь шинэчлэгджээ. Тэд Ерөнхийлөгч Айрингийн хэлсэн ариун сүмийн онцгойлон адислалтын дараах үгсээс итгэл найдварыг олсон юм:

“Таны үй олон адислал Эл Сальвадор улс дээр юүлэгдэхийн төлөө бид залбирч байна. Ард түмэн эрх чөлөө хийгээд боломжуудаар адислагдахын төлөө удирдлагынх нь зүрх сэтгэлд сүнслэгээр нөлөөлнө үү. Энэ нутагт энх тайван мандан бадрах болтугай.

“Таны ажил энэ нутагт цэцэглэн хөгжих болтугай. Улс орон даяарх ард олны зүрх сэтгэлд сайн мэдээний захиас нөлөөлөх болтугай. Тэд баптисмын усанд ирж, Танд үнэнч итгэлтэй байх болтугай. …

“… Бид энэхүү ариун барилга болон түүний орчны газрыг Таны тааллыг болон Таны мөнхийн ажлыг гүйцэлдүүлэхийн төлөө зүрх сэтгэлийн талархалтайгаар онцгойлон, ариулан адисалж байна. Энэхүү ариун өргөөний нөлөө өндөр дов дээрх гэрэл лүгээ адил улс орон даяар дэлгэрэхийн төлөө бид залбирч байна.”1

Энэхүү нөлөөний ихээхэн хэсэг нь Вигилийн гэр бүл шиг хүмүүсийн үйлчлэл, үлгэр жишээгээр дамжин хэрэгжих нь тодорхой юм. Эдүгээ Амадо Вигил нулимсаа гараараа арчиж, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж ядан, Христэд ирж, ариун сүмийн адислалуудыг хүртэх боломжийг өөрт нь болон гэр бүлд нь олгосон номлогчдыг хайрын үгсээр дурсан ярьж байна. “Бид хүүхдүүдээ номлолд үйлчилнэ гэдэгт итгэлтэй байна. Иймээс тэд манай гэр бүлийг адисалсан тэр залуу номлогчид шиг бусад гэр бүлүүдийг адислах болно” гэж тэр хэллээ.

Эшлэл

  1. “‘May Peace Reign in the Land’—Эл Сальвадорын Ариун сүмийн онцгойлон адислалтын залбирал,” Church News, 2011 оны 8-р сарын 27, ldschurchnews.com.

Зак Грейн гэрэл зураг, хуулбарлаж болохгүй

Аарон Л.Вестийн гэрэл зургууд