2012
Христийн Мэндэлсний Баярын чимэглэл ба Христтэй адил найзууд
2012 оны Арванхоёрдугаар сар


Христийн Мэндэлсний Баярын чимэглэл ба Христтэй адил найзууд

Зураг
Мэри Н.Кук

Би Христийн Мэндэлсний Баярын сүлд модоо чимэглэхээр бэлтгэж байхдаа чимэглэлээр дүүрэн хайрцгийг задалтал сүүлийн хэдэн жил хараагүй эсвээс баярын сүлд модоо чимэхэд ашиглаж байгаагүй олон чимэглэл байлаа. Христийн Мэндэлсний Баярын гэрлэн чимэглэл, цагаан хэрэгслүүдийг онгичиж байгаад, гэрлээгүй бөгөөд сургуульд багшилж байхдаа цуглуулсан баярын хээ угалзтай даашинзыг оллоо. “Христийн Мэндэлсний Баярын Нээлттэй Хаалга—1984” гэсэн үгстэй хэрээс хатгасан нь энгийн хээ байлаа. Би тэр жилийг тодхон саналаа. Тэр үед би гэрлээгүй байсан бөгөөд ганц бие залуу насанд хүрэгчдийн тойргоос гэр бүлийн тойрогт шилжиж ирэхдээ ямар нэгэн базаахгүй юм тохиолдох юм шиг айн сүрдэж байлаа.

Би Христийн Мэндэлсний Баярын үед дуртай байсан ч зарим хүмүүс энэ үеэр их ганцаардаж байх шиг санагддаг байв. Нас 30 гарсан ч, ганц бие, хүүхэдгүй байсан болохоор би заримдаа өөрийгөө шоовдорлогдсон хүн гэж боддог байв. “Би ч өрөвдмөөр хөөрхийлөлтэй амьтан даа” гэж бодохоор өөрийгөө чамлах сэтгэл аяндаа төрнө. Миний хувьд онцгой жил болсон 1984 онд, өөрийгөө шоовдорлогдсон хүн гэж үздэг сэтгэлгээгээ ялж, зөвхөн өөрийнхөө тухай бодох биш, харин Христийн Мэндэлсний Баяр бусад хүмүүст баяр баяслыг бэлэглэдэг болоход юу хийж чадахаа үзэхээр шийдсэнээ би санадаг.

Тойрогтоо би харьцангуй шинэ хүн байсан болохоор даруухан ганц өрөө байраа Нийгмийн Халамжийн Бүлгийн гишүүдэд нээлттэй болговол баяр тэмдэглэх болон эгч нартайгаа илүү сайн танилцахад надад туслах болно гэж бодлоо.

Би тэрхүү нээлттэй хаалганы тухай бодохоороо Христийн Мэндэлсний Баярын бяцхан сүлд модоо чимсэн хээ угалз, ганц бие найз нартайгаа хамт хийсэн жигнэмгийн сайхан үнэр, ээжийнхээ хийсэн Христийн Мэндэлсний Баярын сайхан амттай ундаагаар зочдоо дайлдаг байснаа санадаг.

Янз бүрийн хээ угалз цуглуулах үед бас сорилт бэрхшээлийн үед намайг хайрлан, халамжилж байсан Христтэй адилхан хөгшин, залуу олон найз нөхдийнхөө тухай бодох үед зүрх сэтгэл минь хайр, талархлын элгэн халуун мэдрэмжээр дүүрдэг байлаа.

Настай нэг эмэгтэй надад зориулж, сүлжмэлийн ганц зүүгээр цасан ширхэг гаргаж хатган, цардуулдсан сүлжмэл торыг гаргаж ирлээ. Өөрийн харьяалагдаж байсан тойргуудын халамжийн эгч нар өөрсдийнхөө тухай мартагдашгүй дурсамжийг надад үлдээсэн тухай би үргэлж боддог байлаа. Би эдгээр сайхан сэтгэлт эгч нараас ганц зүүгээр нэхмэл, хатгамал хийж, оёж сүлжиж сурсан. Тэд өөрсдийнхөө дуртай зүйлд намайг дуртай болгохын тулд цаг заваа зориулж, онцгой тэвчээрийг харуулсан юм.

Би нэгэн жижигхэн зэс бүрээ гаргаж ирээд, намайг өсвөр насны охин байхад хөгжмийн онцгой авьяастай, найрал дууны удирдагч, өглөө эрт сургуулилдаг хөгжмийн тусгай хөтөлбөрт оролцоно уу хэмээн намайг урьсныг саналаа. Түүний урилга сонгодог хөгжимд дуртай болж, амьдралынхаа үлдсэн хугацаанд найрал дуунд оролцоход надад сүнслэгээр нөлөөлсөн юм.

Микки Мауз хээг инээмсэглэн гаргаж ирээд, дөнгөж хөлд орж байсан хүүхдүүдээ яг л өөрийн хүүхдүүд шиг харж хандах боломжийг надад олгосон, гэр бүлийн тэр нэгэн хост баярлан талархах сэтгэл төрлөө. Би тэдний хүүхдүүдийг сүмд авч очин, тэдэнд ном уншиж өгч, хамт тоглон, тэднийг хайрласнаар сэтгэл санаан дахь хоосон орон зай, эмзэглэлийг бөглөхийг хичээдэг байлаа.

Maтай 10:39-т Аврагч, “Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно” хэмээн бидэнд сургасан билээ.

Тийнхүү 1984 онд “өөрийгөө хаяж” бусдын төлөө санаа тавьж, тэдэнд үйлчлэхээр шийдсэн нь чухамдаа өөрийгөө “олсон” эргэлтийн цэг болсон юм. Би өнгөрсөн үеэ эргэцүүлэн бодоод, миний үйлчлэлийн хариуд олон хүн Аврагчийн үгийг дагаж, миний төлөө амьдралаа зориулж байсныг ойлгосон. Христийн Мэндэлсний Баярын чимэглэл надад Христтэй адилхан найз нарын минь сануулагч болсон билээ.

© Busath Photography-ийн гэрэл зураг; чимэглэлийг Скотт Снөү