2012
Зүрх сэтгэлээсээ дуулагтун
2012 оны Арванхоёрдугаар сар


Зүрх сэтгэлээсээ дуулагтун

Дафне Аналия Ромеро де Тау, Мисионес, Аргентин

2000 оны арванхоёрдугаар сард манай гадасны найрал дуучид найрал дууны баярт бэлтгэж байлаа. Аргентины Посадас хотын алдартай нэлээд хэдэн найрал дуу баярт оролцоно гэдгээ мэдэгдсэн болохоор олон хүмүүс концертийг үзэх бололтой байв. Бид дуугаараа дамжуулан Аврагчийн төрөлтийн тухай гэрчлэлээ хуваалцах болно гэдэгт итгэлтэй байлаа.

Найрал дууны удирдагчийн хувьд миний санаа нэлээд зовж байлаа. Би найрал дууны баярын талаар санаа зовохын хамт тэр үед найман сартай жирэмсэн байсан юм. Концертоос долоо хоногийн өмнө болсон сүүлчийн сургуулилтын үеэр өвдсөн учир би суугаагаараа найрал дууг удирдаж билээ.

Сургуулилт дуусах үеэр би бүр зогсож чадахгүй байлаа. Миний нөхөр Карлос, аав хоёр надад адислал өглөө. Тэгээд Карлос намайг эмнэлэгт аваачиж үзүүлэхэд эмч нар намайг тэр өдөртөө амаржиж ихэр хүүхэд төрүүлэх болно гэв. Намайг айхад Карлос Их Эзэнд итгэлтэй бай гэж хэлсэн.

Удалгүй төрсөн хүүхдийн уйлах дуу өрөөнд хадав. Миний зүрх сэтгэл баяраар бялхан байтал эмч над руу ойртож, “Энэ бол Кира уйлж байна, харин Абрил уйлахгүй байна” гэв.

Тэр үед надад үгээр дүрслэн илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрж билээ. Би удалгүй өөр өрөөнд шилжиж ороход манай нөхөр тэнд намайг хүлээж байв. Бид хоёр тэврэлдэж, уйллаа.

“Дафне, Абрилыг Өөртөө авсан Их Эзэний зорилгыг бид мэдэхгүй шүү дээ” гэж Карлос хэллээ. “Гэвч бид тэвчээртэй байж, Түүний хүслийг хүлээн авч, итгэлээрээ урагш тэмүүлэх ёстой.”

Дараахан нь, Карлос бяцхан Кираг гартаа барьж, түүнд энх тунх амьдрахын төлөө адислал өгөв. Кира охин төрсний дараах дасан зохицолтод хүндрэл гарсны улмаас 10 хоног эмнэлэгт байсан ч энх тунх өсөн бойжсон юм.

Би дараагийн долоо хоногт нь эмнэлгээс гарсан. Би эмнэлэг рүү байнга очиж, Кираг хөхүүлдэг байсан болохоор найрал дууны тухай бараг мартчихаад байв. Найрал дууны баярын өмнөх орой аав надаас найрал дуу удирдах хэвээрээ байгаа юу гэж асуув. “Энэ талаар залбир. Ямар ч шийдвэр гаргалаа гэсэн чиний зөв байх болно” гэж аав хэлж билээ.

Эмнэлэгт байгаа бяцхан Кирагаа би бодлоо. Концертонд шаргуу бэлтгэж байсан найрал дууны гишүүдээ би бодлоо. Аврагч болон Түүний төрөлт, амьдрал, золиослолынх нь талаар би бодлоо. Тэгээд би яах хэрэгтэйгээ мэдсэн.

Маргааш орой нь найрал дууны гишүүдээс манай гэр бүлийн хүлээн авсан хайр, эв нэгдлийн сүнс нь найрал дуунд оролцсон бүх хүмүүст зүрх сэтгэлийн талархлаа илэрхийлэх хүслийг бидэнд төрүүлсэн юм.

Манай гадас найрал дууны баярыг санаачлан зохион байгуулсан учир бид хамгийн сүүлд дууллаа. Төгөлдөр хуур, хийл хөгжим “The First Noel”-ын оршлыг тоглоход миний хацрыг даган нулимс урсаж байлаа. Дараа нь найрал дуучдын дуу хөгжимтэй нийлэн эгшиглэхэд би дээдийн дээд сайхан газар байгаагаа сэтгэл зүрхнийхээ гүнээс мэдэрч билээ.

Концерт дуусахад би эргэж харвал үзэгчдийн ихэнх нь нүдэндээ нулимстай байлаа. Сайн мэдээний амар амгалан, хайр энэрлийн захиасыг хэзээ ч мэдэрч байгаагүй хүмүүс Бурханы Хүүгийн төрөлтийн гайхамшиг хийгээд агуу сайхныг бидний дуу хөгжмөөр дамжуулан мэдэрсэн биз ээ.

Хожим нь, бусад найрал дуунуудын удирдагчдын нэг нь, “Бид сайн арга техникээр дуулсан бол харин та нар зүрх сэтгэлээсээ дуулсан шүү” хэмээн бидэнд хэлж билээ.

Христийн Мэндэлсний Баяраар нөхөр бид хоёр манай ам бүлд Кираг илгээсний төлөө, хайртай Хүүгээ дэлхийд илгээсний төлөө Бурханд талархал илэрхийлсэн. Хүүгийн цагаатгал болон Ариун сүмд хийлгэсэн бидний лацдалтын ачаар хэзээ нэгэн цагт Абрил бидэнтэй хамт байна гэдгийг бид мэднэ.