2012
Бэрхшээлийг даван туулсан нь
2012 оны Арванхоёрдугаар сар


Бэрхшээлийг даван туулсан нь

Зураг
Ахлагч Давид С.Бакстер

Бид Их Эзэний тусламжтайгаар саад бэрхшээлийг даван туулж, харанхуйгаас элбэг дэлбэг гэрэл рүү гарч очих цаг ирэх болно.

Парли П.Праттын зохиосон агуу дууллуудын нэг нь урвалтын харанхуй хөшиг сэргээгдсэн үнэний гэрлээр хэрхэн нээгдсэн тухай ийн өгүүлдэг билээ:

Өглөө болж, сүүдэр ариллаа;

Хараач, Сионы туг өргөгдлөө! …

Үүр цайж, гэрэлт өдөр боллоо

Дэлхийд гайхамшиг ирлээ.

Бурханлаг үнэний өмнө

Эндүүрлийн үүл ариллаа; …

Алсаас ирсэн алдар суу

Улс үндэстнүүдийг удахгүй гийгүүлнэ.1

Төлөөлөгч Паул, “Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй” (2 Коринт 4:8–9) хэмээн гэрчилснээ тайлбарлахдаа гэрлийн адилтгалыг ашиглажээ.

Тэрбээр сүнсний харанхуйн ирмэг дээрээс хэрхэн зугтааснаа тайлбарлахдаа: “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Есүс Христийн нүүрэн дэх Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн” (2 Коринт 4:6) гэжээ.

Бидний ихэнх нь амьдралынхаа ямар нэгэн үед сорилт бэрхшээлтэй тулгардаг. Шуурга шуурч, салхи салхилан, бороо орж, үер буудаг. Сорилт бэрхшээл эцэс төгсгөлгүй юм шиг санагдаж болно. Тодорхой бус ирээдүй, эргэлзээ, хүнд сорилт, гай зовлон бидэнд тохиолдож болно.

Бидэнд аянга цахилгаантай шуурга ч, аймшигт хуй салхи ч, гай зовлон ч үе үе тохиолдож, бидний итгэлийг мохоон, өөртөө итгэх итгэлийг нурааж мэднэ. Бидэнд чухал юм бүхэн гэнэт үүлэн чөлөөний нар шиг гялсхийгээд хурууны завсраар уначих шиг санагдаж мэднэ. Амьдралд гарах эрс өөрчлөлт бидний хэвийн амьдралыг болон хэвшин тогтсон дадал зуршлыг эвдэж болно.

Санаандгүйгээр ажилгүй болоход энэ нь урт удаан хугацаанд үргэлжилж болно, бидний сонголтыг чөдөрлөн, санхүүгийн хямрал биднийг мөнгөний гачигдалд оруулж мэднэ. Олон жил зав чөлөөгүй, үр бүтээлтэй ажилласны дараа тэтгэвэрт гарах нь таагүй сэтгэгдэл, ганцаардлын мэдрэмж төрүүлж мэднэ. Бид гэнэт өвчлөх буюу тахир дутуу болбол өөрсдийгөө “гар мухар,” өрөвдөлтэй, арчаагүй амьтан боллоо хэмээн бодож болно. Ийм нөхцөл байдалд айдас биднийг хялбархан эзэмдэж, итгэлтэй хэвээр үлдэхэд хүндрэл тохиолдож мэднэ.

Би энэ бүгдийг өөрөө мэдсэн юм. Байвал зохих хэмжээнээс хоёр дахин том тархины хавдрыг авахуулах мэс заслаас эдгэрсний дараа би энэхүү мэс заслын үр дагавар болох ухаан балартан, сэтгэл санаа уймарсан хямралын үеийг даван туулсан. Би урьд өмнө нь байсан тэр хүн биш болсноо мэдсэн. Эм тан тус болсонгүй, өвчин хоёр удаа дахьсан нь санаа сэтгэлээр бүр ч унагах нь тэр. Өөрийгөө өрөвдөлтэй амьтан болж гэдгээ мэдэрч эхэллээ.

Аз жаргалтай байна гэж бод

Тэгвэл гайхамшигт зүйлс тохиох болно. Сайн найз нар, Сүмийн итгэл хүлээсэн удирдагчид миний зовлонг ойлгож, дэмжин туслахад би урам зориг орж, тэдний зөвлөгөөг дагасан юм. Нэгэн шөнө орой болсон хойно би уйтгар гунигийн мэдрэмжээ отгон хүүтэйгээ хуваалцахад тэрээр, “Аав аа, аз жаргал гэдэг чинь санаа сэтгэл сайхан байх явдал гэж би үргэлж боддог шүү” гэж билээ. Үнэхээр түүний зөв.

Ингээд би өөртөө ирсэн бүх адислалын төлөө байнга талархал илэрхийлэх боллоо. “Энэ төрлийн [хүнд сорилт нь] мацаг барилт, залбирлаар л гардгийг” (Maтай 17:21) би өөртөө нээсэн юм.

Би хүч чадал, сэтгэл сэргээсэн хүч болоод Аврагчийн хайрыг мэдрэв. Гай зовлон, өвчин эмгэг, аюул осол намайг Христийн хайраас салгаж чадахгүй гэдгийг би Паулын үгсийн ачаар мэдсэндээ баярлаж билээ (Ром 8:35-ыг үзнэ үү).

Бид өөрсдөдөө тулгарч болох аливаа хүнд сорилт бэрхшээлийг эс хайхран, үнэнд итгэл найдвараа тавих юм бол хүч чадал, урам зоригийг олж болно. Бидний ачаа дарамт гэнэт алга болдоггүй юм аа гэхэд хөнгөрнө. Бид илүү хүчирхэг, зөв зүйлийг хийх илүү шийдвэр төгс, илүү сайн эрэгтэй, эмэгтэйчүүд болж, ёроолгүй харанхуй ангалын нөгөө талд гарч чадна.

Бид гай зовлонгийн цэвэршүүлэгч галд хатуужсанаараа ирээдүйн хүнд сорилтуудтай тулгарсан үед тэдгээрийг даван туулах хүчтэй зан төлөвийг өөртөө төлөвшүүлэх болно. Үүний үр дүнд бид бусдыг дэмжиж, тэдэнд анхаарал тавихад туршлагаа ашиглаж чадна. Бидний хувийн тэвчээр хатуужлын үлгэр жишээ нь манай гэр бүлүүдэд сүнслэг нөлөө үзүүлж, бусдад итгэл найвар төрүүлж чадна. Бид ирээдүйн төлөө илүү бэлтгэлтэй болно.

Саад бэрхшээл амархан арилахгүй байж болно, харин бид үүнийг ямар ч үед даван туулахаар сонгож болно. Алма болон түүний хүмүүсийг аймшигтайгаар мөшгөн хавчиж байсан үед Их Эзэн тэдэнд өгсөн амлалтаа бидэнд ч бас өгсөн юм:

“Тэргүүнээ өргөцгөө мөн тайтгарагтун, учир нь надад хийсэн та нарын гэрээний тухай би мэднэ; мөн өөрийн хүмүүстэй гэрээ хийж мөн тэднийг боолчлолоос чөлөөлөх болно би.

“Мөн би та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол би түүнчлэн хөнгөвчилнө” (Moзая 24:13–14).

Түүнээс гадна, Их Эзэн, “Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар руу ирнэ” (Иохан 14:18) хэмээн мэдэгдсэн билээ.

Тэнгэрлэг тусламжийг эрэлхийл

Тэнгэрлэг тусламж ил харагдахгүй байж болно. Бидэнд тохиолдож болох зарим ачаа дарамт хөнгөрөхгүй, амьдралаас алга болохыг бид тэр даруй харахгүй эсвэл мэдэхгүй байж болох юм.

Их Эзэн ийн айлдсан юм: “Гэвч болгоогтун, миний мэлмий та нарын дээр байна гэдгийг үнэнээр, үнэнээр би та нарт хэлнэ. Би та нарын дунд байна мөн та нар намайг харж чадах нь үгүй болой” (С ба Г 38:7).

Мэдээж хэрэг бид өөрсдөдөө болон өрөөл бусдад үлэмж тэвчээртэй ханддаг байх хэрэгтэй. Энэ нь олонх тохиолдолд асуудал бэрхшээлийг шийдэхэд цаг хугацаа шаарддаг билээ. Бүр бидний итгэл зарим үед гичийн үрээс томгүй байсан ч, бид урагш давших ёстой. Учир нь Тэнгэрийн удирдамж биднийг хөтлөх болно. Хэрэв бид тэнгэрийн тусламжийг эрэлхийлбэл, үүнийг бүр санаанд оромгүй арга замаар хүлээн авах болно.

Бид өөрийгөө шоовдорлогдсон хүмүүс гэж бодон гашуудахын оронд өөртөө байгаа юм бүхний төлөө талархалтай байх чадвартай болно. Гал түймэр, үер ус, далайн хар салхи зэрэг байгалийн гамшигт дэлхийн хамаг эд хөрөнгөө алдсан хүмүүс мөн ийнхүү талархлаа илэрхийлэхийг бид олонтоо сонсдог нь сонирхолтой юм. Байгалийн гамшиг бүрийн дараа тэд, “Бүр хамгийн багаар бодоход бидэнд амин чухал хэрэгтэй зүйлс байж л байна шүү дээ” гэдэг.

Паулын дараах гэрчлэл бидэнд урам зориг өгдөг билээ:

“Би ямар ч нөхцөл байдалд байсан сэтгэл хангалуун байж сурсан юм.

“Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч нөхцөл байдалд өлсгөлөн болон цатгалан байх, дутагдах, элбэг байхын аль алины нь нууцад би суралцсан.

“Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (Филиппой4:11–13).

“Амьдралд тохиолддог аливаа шударга бус явдлыг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан даван туулж болно” хэмээн Миний Сайн мэдээг номло удирдамжинд бичсэн байдаг.2

Бид ямар ч нөхцөл байдалд Их Эзэний тусламжтайгаар саад бэрхшээлийг даван туулж, харанхуйгаас элбэг дэлбэг гэрэл рүү гарч очих цаг ирэх болно.

Эшлэл

  1. “The Morning Breaks (Өглөө боллоо),” Hymns, no. 1.

  2. Миний Сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлийн удирдамж (2004), 52.

Зураг чимэглэлийг Аллен Гарнс