2012
Ярилцах цаг
2012 оны дөрөвдүгээр сар


Ярилцах цаг

“Би эцэг эхээ хүндэлж, гэр бүлээ бэхжүүлэхийн тулд хувь нэмрээ оруулна” (Миний сайн мэдээний жишгүүд).

Тиймээ, хүн бүр ингэх хэрэгтэй. Ярилцах цагтай байцгаая” гэж ээж хэллээ.

Жоси ярилцах цагийг өдөржингөө хүлээдэг байлаа. Жоси орой бүр хоёр жаахан эрэгтэй дүү Бен, Уэстайгаа бас аав ээжтэйгээ том өрөөнд цуглаж, гэр бүлдээ болж байгаа үйл явдлуудын тухай ярилцдаг ажээ.

Маргааш өглөө сургууль дээрээ нийтэд сонордуулах зарлалыг өнөө орой уншиж дадлага хийхэд аав нь Жосид тусалъя гэжээ. Өглөөний зарлалыг нийтэд уншиж сонсгох нь Жосигийн сургууль дээрх нэгэн онцгой боломж байлаа. Жоси маргааш сургуулийн чанга яригчаар дуртай нэг дууныхаа багаахан хэсгийг тоглож, тухайн өдрийн үйл ажиллагаанууд болон үдийн хоолны цэсийг микрофон ашиглан зарлах ажээ.

Жоси уншин сонсгох зарлалаа давтан сургуулилах болсондоо хөл нь газарт хүрэхгүй шахам баярлан, том өрөөнд гүйж орлоо.

“Манай мундаг зарлагч хүрээд ирлээ!” Жоси дэргэдэх буйдан дээр дэвхрэх үед аав нь ингэж хэлжээ. “Маргаашийн тухайд ямар бодолтой байна?”

“Сэтгэл их догдолж, бага зэрэг сандарч байна. Бүх сургуулийнхний өмнө эвгүй байдалд орчихвий дээ гэж айх юм” гэж Жоси хэлэхэд,

“Тийм учраас л бид хоёр дадлага хийх гэж байна шүү дээ” гэж аав нь хариулав. “За одоо зарлалаа унш. Би сонсоод юун дээр анхаармаар байгааг хэлж өгье.”

Жоси, “Баярлалаа, аав аа” гэв.

Зарлалыг аавтайгаа олон удаа уншлаа. Бүр хэчнээн удаа уншсанаа Жоси тоолж байгаад сүүлдээ тоогоо алдчихсан гэнэ. Тэгээд тэр зарлалыг гэрийнхэндээ сүүлчийн удаа зогсож байгаад уншиж өглөө. Аав, ээж хоёр нь баяр хүргэв. Бен алгаараа Сюзийн гарын алгыг цохин баяр хүргэхэд Уэс инээмсэглэн алгаа ташив.

Жоси өөртөө итгэлтэйгээр орондоо орлоо.

Маргааш өглөө нь бүх юм сайн боллоо. Жоси жаахан сандарсан ч, сургуулийн чанга яригчаар өөрийнхөө тоглосон хөгжмийг сонсоод инээмсэглэв. Тэр аавтайгаа дадлага хийсэндээ баяртай байв. Зарлалыг удаан боловч огт алдаагүй уншжээ.

Захирлын туслах, хатагтай Блейк “Чи үүргээ онцгой сайн биелүүллээ” гэв.

Жоси хичээл тарсны дараа автобус хүлээн зогсож байтал түүнээс ахмад нэг хөвгүүн хүрч ирээд, “Чи өнөө өглөө зарлал уншсан охин мөн үү?” гэж асуухад

Жоси инээмсэглээд, “Тийм ээ” гэв.

“Чи яагаад тэр дууг сонгосон юм бэ?” гэж нөгөөх хөвгүүн асуугаад, “Тэр чинь шал тэнэг дуу. Чи өглөөний зарлалыг ёстой балласан даа” гэх нь тэр. Тэгээд нөгөөх хөвгүүн Сюзийг эвгүй нэрээр дуудаж, найз нартайгаа чанга инээлдэв.

Жоси автобусны урд талын суудал дээр ганцаараа суулаа. Гэдэс нь өвдөж байх шиг санагдав.

Жосийг гэртээ ирэхэд ээж нь Уэстай тоглож байв.

“Ээж ээ, одоо ярилцахад тохиромжгүй цаг гэдгийг ойлгож байна л даа гэхдээ хоёулаа яг одоо ярилцаж болох уу” гэж Жоси хэлэхэд,

“Бололгүй яахав, Жоси. “Юу болоо вэ? Өглөөний зарлалд ямар нэг тусгүй зүйл болоо юу?” гэж ээж нь асуухад,

“Үгүй ээ. Би бүх зүйл сайн болсон гэж бодож байлаа. Гэтэл нэг хөвгүүн намайг шал тэнэг дуу сонгосон гэх юм. Тэр бас намайг үнэхээр эвгүй нэрээр дуудлаа” гэж Жоси хэлэв.

Ээж нь түүний өмнөх шалыг зүлгэж байлаа. Жоси шалан дээгүүр алхаж гараад суув. Ээж нь охиноо чанга тэврэв. Жоси тэр өдөр болсон бүх зүйлийн тухай, түүний дотор хатагтай Блейк түүнийг магтсан тухай ээждээ ярилаа.

“Тэр хөвгүүн найз нарынхаа хамт чамд бүдүүлгээр хандсанд ээж нь харамсаж байна.” “Гэвч чиний хүндэлдэг бусад хүмүүс, жишээлбэл хатагтай Блейк чамайг зарлалаа сайн уншсанд баяртай байсан нь лавтай. Аав ээж хоёр нь охиноороо их бахархдаг шүү. Чи их чармайсан, үр дүн нь ч гарсан шүү дээ!”

Жоси ээжийгээ дахин тэвэрлээ. “Баярлалаа,” ээж ээ. “Дотор онгойж, их сайхан боллоо” гэж Жоси хэлэв. Ямар ч үед ярилцах боломжтой байгаадаа Жоси баяртай байлаа.

Зураг чимэглэлийг Жаред Бекстранд