2012
Хайрла, хамгаал, хүчирхэгжүүл
2012 оны дөрөвдүгээр сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Хайрла, хамгаал, хүчирхэгжүүл

Энэ материалыг залбиран судалж, үүний талаар айлчилж очдог эгч нартайгаа аль болох ойлгомжтойгоор харилцан ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд чинь идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Итгэл, Гэр бүл, Халамж

Айлчлагч багш нар Аврагч шиг нэг нэгээр нь үйлчилдэг (3 Нифай 11:15-ыг үз). Хэрэв манай эгч нар: (1) миний айлчлагч багш надад сүнслэг байдлаараа өсч хөгжихөд тусалдаг; (2) айлчлагч багш надад болон манай гэр бүлд байнга анхаарал тавьдаг; (3) хэрэв надад асуудал гарвал айлчлагч багш намайг хүлээлгүйгээр арга хэмжээ авна гэдгийг би мэднэ хэмээн хэлдэг байвал эгч нартаа үйлчлэх бидний ажил сайн байгаа нь тэр.1

Айлчлагч багш бид эгч нараа хэрхэн хайрлаж, хамгаалан, хүчирхэгжүүлэх вэ? Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society товхимлын 7-р бүлэгт эгч нартаа үйлчлэхэд нь айлчлагч багш нарт туслах дараах есөн зөвлөмж байдаг:

  • Айлчилдаг эгчийнхээ төлөө, гэр бүлийнх нь төлөө өдөр бүр залбир.

  • Түүнийг болон гэр бүлийг нь мэдэхийн төлөө сүнсний удирдамжийг эрж хай.

  • Ажил амьдрал нь ямар байгааг мэдэж, тайтгаруулан, хүч чадал өгөхийн тулд түүнтэй тогтмол уулзаж бай.

  • Очиж уулзах, утсаар ярих, захидал, э-мэйлээр харилцах, зурвас (мессеж) бичих, нинжин сэтгэлийн энгийн үйлдэл зэргээр түүнтэй байнга холбоотой бай.

  • Сүмийн цуглаанууд дээр түүнтэй мэндэлж бай.

  • Онцгой үйл явдал, өвчин зовлон, тулгамдсан аливаа асуудал тохиолдсон үед нь түүнд тусалж бай.

  • Сайн мэдээг судруудаас болон айлчлагч багшийн захиасуудаас заа.

  • Сайн үлгэр дууриал үзүүлснээр түүнд сүнслэгээр нөлөөл.

  • Айлчилж очдог эгчийнхээ сүнслэг болон материаллаг байдлын талаар Нийгмийн Халамжийн Бүлгийн удирдагчид мэдээлж бай.

Судруудаас

Лук 10:38–39; 3 Нифай 11:23–26; 27:21

Бидний түүхээс

“Айлчлагч багшийн үйл ажиллагаа нь дэлхий даяарх Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэйчүүдийн хувьд, ‘Бурхан [бидний] зүрх сэтгэлд суулгасан өрөвч нинжин сэтгэлээр’ үйлдэх ёстой хэмээн Иосеф Смитийн сургасны дагуу хайрлан халамжилж, үйлчлэх арга хэрэгсэл болсон юм.”2

Саяхан бэлэвсэрсэн нэг эгч айлчлагч багш нарынхаа талаар: “Тэд намайг анхааралтай сонсож, тайтгаруулдаг байсан. Надтай хамт уйлж, намайг чанга тэвэрдэг байлаа. … Ганцаардлын эхний хэдэн сард өгүүлшгүй уй гашуу, сэтгэл санааны зовлонг даван туулахад [тэд] надад тусалсан юм” хэмээн дурсчээ.3

Материаллаг асуудлыг шийдэхэд туслах нь бас үйлчлэлийн нэг хэлбэр мөн. Ерөнхийлөгч Бригам Янг 1856 оны аравдугаар сарын ерөнхий чуулган дээр гар тэрэгтэй анхдагчууд 435--595 км хол хээр талд зузаан хунгар цасанд боогдон явж чадахгүй болсон тухай мэдэгджээ. Тэднийг аврахын тулд тэрбээр Солт Лейк хот дахь Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд хандан, “материаллаг зүйлс хэмээн бидний нэрлэдэг юмс дээр бүх анхаарлаа төвлөрүүлэхийг” уриалан дуудсан ажээ.4

Эмэгтэйчүүд бүр табернекл дотор дулаахан дотуур даашинз, оймсоо тайлж хээр талд осгож үхэх аюул нүүрлээд байгаа анхдагчуудад илгээхээр морин тэргэнд ачсан тухай Люси Мизерв Смит өгүүлжээ. Тэгээд тэд өөрсдөдөө ганц нэгхэнийг үлдээгээд ор, хөнжлийн даавуугаа ч авчирсан гэнэ. Гар тэрэгтэй багийнхныг хүрч ирэхэд хотын нэг байшин “тэдэнд зориулсан эд агуурсаар дүүрсэн” байжээ.5

Эшлэл

  1. Жюли Б. Бек, “What I Hope My Granddaughters (and Grandsons) Will Understand about Relief Society,” Лиахона, 2011 оны 11-р сар, 113-ыг үз.

  2. Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 112.

  3. Daughters in My Kingdom, 119–20.

  4. Бригам Янг, “Remarks,” Deseret News, 1856 оны 10-р сарын 15, 252.

  5. Daughters in My Kingdom, 36–37-г үз.

Нэг нэгээр нь, Уолтер Рейн, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв