2012
Цагаатгалд найдах нь
2012 оны дөрөвдүгээр сар


Биднийг дахин уулзтал

Цагаатгалд найдах нь

2008 оны 11-р сарын 4-нд Бригам Янгийн Их Сургууль дээр болсон онцгой цугларалт дээр хэлсэн үгнээс Англи хэл дээрх бүрэн эхийг speeches.byu.edu-гээс үзнэ үү.

Зураг
Бишоп Ричард К.Эйжли

Итгэл найдвар нь зөвхөн мэдлэг, гэрчлэл дээр төдийгүй бас бид Цагаатгалыг амьдралдаа бодитой үйл хэрэг болгох явдал дээр тулгуурлах ёстой.

Итгэл найдвараа алдаж цөхөрсөн хүмүүстэй би тааралдаж байсан. Тэд наманчлалыг өөрт нь хэрэгтэй зүйл гэж боддоггүй, уучлалыг өөрт нь огт хамаагүй хэрэг гэж үздэг. Ийм хүмүүс Цагаатгалын ариусгагч хүчийг ойлгодоггүй. Эсвээс, тэд ойлгодог юмаа гэхэд Есүс Христ Гетсеманид болон загалмай дээр хэрхэн тарчлан зовсны утга учрыг мах цусандаа шингэтэл ойлгодоггүй. Бидний хэн нь ч гэсэн амьдралаа цэвэр ариун байлгах итгэл найдвараа алдвал, энэ нь Тэр бидний төлөө санаанд багтамгүй ихээр зовон шаналсныг үгүйсгэсэн хэрэг болно.

Хэдэн жилийн өмнө би нэгэн гадасны чуулганд оролцох үеэрээ номлолд үйлчлэх зохистой эсэхийг нь тодорхойлохоор 21 настай нэг залуутай ярилцлага хийж билээ. Харин одоо Ерөнхий эрх мэдэлтнүүд номлогч болох хүмүүстэй ярилцлага хийхээ больсон. Харин тэр ярилцлага ер бусын байдалтай болсон юм. Ярилцлага хийхээсээ өмнө нөгөө залуугийн тухай товч мэдээллийг уншаад, зүрх шимшрэн өвдөв. Тэр залуу гэм нүглийг үйлджээ. Номлогч болох залуутай ийм мэдээлэл дээр үндэслэн ярилцлага хийнэ үү гэж надаас хүссэний учрыг би олж ядан байлаа. Тэр залууг номлогчоор батлахыг санал болгох нь ерөөсөө байж болно гэж үү?

Чуулганы бямба гарагийн үдээс хойших хуралдааны дараа ярилцлага хийхээр гадасны ерөнхийлөгчийн өрөөнд орлоо. Түр хүлээж суутал нүдэнд дулаахан, царайлаг аятайхан залуу орж ирэв. Тэр залуу надтай ярилцах хүсэлтэй байгаа нь илт харагдаж байлаа. Харин би болохоор гэм нүгэлд сүрхий орооцолдсон залуутай ярилцлага хийх гэж байдаг. Яана даа гэж бодож суулаа. Тэгтэл нөгөө залуу өөрийгөө танилцуулав. Тэр бол ярилцлага хийхээр миний хүлээж байсан залуу байлаа.

“Ямар учраас би тантай ярилцлага хийж байгааг мэдэх үү?” гэсэн ганцхан асуултыг л би түүнээс асууж билээ.

Тэр залуу туулсан амьдралаа тоочив. Тэгээд алдаагаа засахын тулд юу хийсэн болон сэтгэл санааны ямар хэцүү зовлон шаналал туулснаа ярьж эхлэв. Тэр Цагаатгал болон түүний хязгааргүй хүчний тухай яриад, гэрчлэлээ хэлж, Аврагчид хайртайгаа илэрхийлэв. Тэгээд нөгөөх залуу, “Гетсемани дахь Аврагчийн зовлон шаналал, загалмай дээрх Түүний золиослол бүр над шиг хүнийг ч аврахад хангалттай хүчтэй байсанд би итгэдэг” гэж билээ.

Миний бие түүний даруу зан болон Сүнсээр нөлөөлөгдөн, “Би таныг Есүс Христийн төлөөлөгчөөр үйлчлүүлэхээр санал болгоно” гэж хэлээд, харин “Танаас ганцхан зүйлийг л хүсье. Сүмийн хэмжээнд хамгийн шилдэг номлогч болоорой. Ингээд л болоо” гэж билээ.

Гурав, дөрвөн сарын дараа Эйжли эгч бид хоёр номлогчийн бэлтгэлийн төв дээр үг хэллээ. Онцгой цугларалтын төгсгөлд би номлогчидтой уулзаж байгаад нэгэн танил нүүрийг олж харлаа.

“Та намайг санаж байна уу?” гэж нөгөө залуу асуув.

Би жаахан ичсэнээ, “Уучлаарай. Таньдаг юм шиг хэрнээ санадаггүй ээ” гэв.

Тэгтэл нөгөөх залуу, “Би хэн бэ гэдгээ танд хэлье л дээ. Би бол номлогчийн бэлтгэлийн төвийн хамгийн шилдэг номлогч байна” гэв. Би ч түүнд итгэсэн.

Тэр залуугийн итгэл найдвар зөвхөн Цагаатгалын тухай мэдлэг болон гэрчлэл дээр төдийгүй бас энэхүү Цагаатгал хувь хүний амьдралтай хүйн холбоотой гэдэгт тулгуурласан байлаа. Цагаатгал чухам өөрт нь зориулагдсаныг тэр ойлгосон ажээ! Цагаатгалын хүч болон бүх зүйл байхгүй эсвээс найдваргүй болсон юм шиг санагдсан үед Цагаатгалын өгдөг хүч чадлыг тэр мэддэг болжээ.