2012
Ярилцах, сонсох цаг гаргаж бай
2012 оны дөрөвдүгээр сар


Бидний гэр орон, гэр бүл

Ярилцах, сонсох цаг гаргаж бай

2010 оны аравдугаар сарын 24-нд хиймэл дагуулаар нэвтрүүлсэн гадасны чуулган дээр Солт Лейк хотод хэлсэн үгнээс.

Өнөө үед гэр бүлийн гишүүдтэйгээ зориуд цаг гарган ярилцаж, тэднийг анхааралтай сонсож байх нь хаягаар гэр бүлүүдийг мөнхөд адислах болно.

Зураг
Роземари М.Виксом

Төгс төгөлдөр нийгэмд хүүхэд бүрийг сургуулиас гэртээ ирэхэд нь шоколадтай шинэхэн шарсан төмсний жигнэмэг, шилэн аягатай хүйтэн сүүгээр угтаж, ээж нь хүүхдийнхээ тэр өдрийн тухай ярилцаж, үгийг нь сонсох цаг гаргадаг байх нь туйлын чухал юм. Бид төгс төгөлдөр нийгэмд амьдардаггүй болохоор, та хүсвэл хүүхдээ жигнэмэг, сүүгээр угтахгүй байж болох юм. Харин “түүнтэй ярилцаж, үгийг нь сонсох цаг гаргахгүй” байж болохгүй.

Хорин есөн жилийн өмнө Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Жеймс И.Фауст (1920–2007) гэр бүлүүд маш бага цагийг хамт өнгөрүүлж байгааг харамсан тэмдэглэсэн юм. Тэрбээр 29 жилийн тэртээ ерөнхий чуулган дээр: “Өнөө үед гэр бүлүүдийн өмнө тулгарч байгаа гол асуудлуудын нэг нь бид улам бүр бага цагийг гэр бүлээрээ хамт өнгөрүүлж байгаа явдал мөн. … Гэр бүл хамтдаа өнгөрүүлдэг цаг бол хамгийн үнэтэй цаг--ярилцаж, бие биеэ сонсон, урам хайрлаж, юмсыг хэрхэн хийхийг үзүүлдэг цаг мөн” хэмээн хэлснийг бодоод үз дээ.1

Бид хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, тэдэнтэй ярилцсанаар хүүхдүүд маань биднийг, бид тэднийг сайн мэддэг болно. Хүүхэд бүртэйгээ ярилцаж байх нь бидний эн тэргүүнд анхаарах зүйл, зүрх сэтгэлийн хүсэл байх ёстой.

Хүүхэдтэйгээ хуваалцахаар таны сонгох зүрх сэтгэлийн чинь хамгийн чухал захиас юу вэ?

Бошиглогч Мосе Дэд Хуулинд ингэж заажээ:

“Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.

“Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж,

“хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай” (Дэд Хууль 6:5–7; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Би үүн дээр: “Ширээний ард хамт сууж хооллож байхдаа ч” хэмээн нэмж хэлмээр байна.

Хэрэв бид гэр бүлээрээ үүрд хамт байхыг хүсдэг бол энэхүү үйл явцыг өнөөдөр эхлэх хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ ярилцаж цагийг хамт өнгөрүүлэх нь мөнх амьдрал өөд хамтдаа мацах замд үүрдийн гэр бүлдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт юм.

АНУ-ын Иллиной мужийн нэгэн ээж хүүхдүүдтэйгээ ярилцах цаг яаж гаргадаг тухайгаа ийн хуваалцжээ:

“Би хүүхдүүдээ бага байхад дурлан үздэг зурагтын хэдэн хөтөлбөртэй болсон байлаа. … Харамсалтай нь, тэдгээр хөтөлбөр хүүхдүүдийн унтах цагтай давхцана.

“… Нэг удаа би өөрийн үздэг зурагтын хөтөлбөрүүдийг жагсаалтын эхэнд, харин хүүхдүүдээ бүр ард нь тавьснаа мэдэв. Зурагтаа асаагаад нэгэн зэрэг унтахын өмнөх түүхүүдийг хүүхдүүддээ уншиж өгөхийг хэсэг хугацаанд хичээсэн ч, энэ нь сайн арга биш гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдэж байлаа. Энэ тухай хэдэн өдөр, долоо хоног тунгаан бодоод зурагт үзэх зуршлаа орхисон. Би гэм буруутайгаа мэдэрч, залруулахаар шийдэв. Эргэлзээгүйгээр зурагтаа унтраадаг болтол бас ч багагүй хугацаа өнгөрсөн.

Зурагтын хөтөлбөрүүдээ үзэхээ больсноос хойш хоёр долоо хоног орчмын дараа сэтгэлийн дарамт яагаад ч юм хөнгөрснийг мэдрэв. Санаа сэтгэл сайхан болж, бүр илүү цэвэр ариун болсноо мэдрэв. Ийнхүү зөв сонголт хийснээ мэдсэн юм.”2

Унтахын өмнөх цаг бол ярилцах хамгийн тохиромжтой цаг.

Хиламан залуу дайчдын тухай ийн хэлсэн юм. “Тэд эхчүүдийнхээ үгсийг надад давтаж хэлсэн нь: Эхчүүд маань үүнийг мэдэж байсан гэдэгт бид эргэлзэхгүй байна” (Aлмa 56:48).

Энэ бол “эхчүүдийнх нь тэдэнд заасан үгс” байлаа. Тэр эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцахдаа Бурханы үгийг заадаг байжээ.

Хувийн харилцаа, хэлхээ холбоогоо хадгалах нь

Ярилцахын ашиг тус их юм. Дайсан үгийн хүчийг мэддэг. Бид гэр орондоо харилцан ярилцаж, сонсон, бие биедээ урам хайрлаж, юмсыг хамтран хийхэд ирдэг сүнсийг бууруулахыг Сатан хичээдэг.

Иосеф Смит, Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христ нарын хооронд болсон шийдвэрлэгч ач холбогдолтой яриаг Сатан зогсоохыг хичээн, энэ эрин үе дэх Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтэд саад учруулахыг оролдсон нь бүтэлгүй болсон билээ.

Энэ тухай Иосеф Смит өгүүлсэн нь, “Тэр даруй намайг бүхэлд нь эзэмдсэн ямар нэг хүчээр би баригдан, мөн ярьж чадахгүй болтлоо хэл минь гацаж, ийм нэгэн гайхалтай нөлөөлөлд автав” (Иосеф Смит—Түүх 1:15).

Бид нүүр тулан, зүрх сэтгэлийнхээ бодол санааг үг яриагаар илэрхийлэхэд дайсан ямар нэг зүйлээр саад учруулахыг, тухайлбал бидний хэлийг гацаахаар чармайх болно. Тэр холын зай, анхаарал сарниулах зүйлс, чимээ шуугиан, хөндий хүйтэн харилцаа зэрэг ямар нэг зүйлээр, нүүр тулан ярилцахаас ирдэг элэгсэг халуун, чин сэтгэлийн яриа хөөрөө, хүмүүний ийм мэдрэмжид саад учруулахдаа баяртай байдаг.

Хүүхдийнхээ зүрх сэтгэлийн үгсийг сонсох нь

Сонсох нь ярихтай адил чухал. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеффри Р.Холланд сургасан нь:”Хэрэв бид хайраар сонсвол, юу ярих билээ гэж бодох хэрэггүй. Энэ нь бидэнд… Сүнсээр өгөгдөх болно.”3

Бид бусдын үгийг сонссоноор тэдний бодол санааг ойлгодог. Хүүхэд нэг бүрдээ зориулсан төлөвлөгөө Тэнгэрлэг Эцэгт бий. Бид өөрийнхөө хүүхэд нэг бүрд зориулсан төлөвлөгөөг харж чадвал юу болохыг төсөөлөн бодоод үз дээ. Бид тэдний сүнслэг бэлгүүдийг хэрхэн өргөжүүлэхийг мэдэж болох уу? Хэрэв бид хүүхдийнхээ авьяас чадварыг мэдэж, хэрхэн хөгжүүлэхийг мэдвэл юу болох бол? Хүүхэд насны итгэлээ гэрчлэл болгоход нь хүүхдүүдэд туслахын тулд бид яах ёстой вэ?

Бид хэрхэн мэдэж чадах вэ?

Бид бусдын үгийг сонсоноор тэдний санаа бодлыг мэдэж чадна.

Хожмын Үеийн Гэгээнтэн нэг эцэг ингэж хэлжээ: “Хүүхдүүдтэйгээ ярилцахаас илүүгээр тэднийг сонссоноор би олон сайн зүйлийг хийж чаддаг. … Хүүхдүүд маань бэлэн зэлэн юмыг хүсдэггүй, харин олон жилийн явцад нотлогдох, ухаалаг хариулт хүсдэгийг би аажмаар ойлгосон. … Асуух гэсэн зүйлээ асууж чаддаг байх, өөрсдийнхөө асуудлын талаар ярилцах нь миний бэлэн хариултыг хүлээж авахаас тэдэнд илүү чухал юм. Хүүхдүүд ярилцлагад анхааралтай оролцсон үед, би тэднийг хангалттай удаан хугацаагаар сонсох юм бол, миний бэлэн хариулт тэдэнд үнэхээр хэрэггүй. Тэд хариугаа аль хэдийн олчихсон байдаг.”4

Хамгийн чухал асуудлуудад анхаарал төвлөрүүлэхэд цаг хугацаа шаарддагддаг. Ярилцах, сонсох, урам хайрлах нь түргэн үйл явц биш. Дээрх үйл явцыг яаруу сандруу буюу хуваарь гарган хийж болохгүй, тэдгээр нь явц дундаа аяндаа сайжирдаг. Ямар нэг зүйлийг хамтран хийж үр дүнг нь үзэх, хамт ажиллах, тоглох үед ярилцах, бие биеэ сонсох боломж гардаг. Зурагтаа унтрааж, анхаарал сарниулах дэлхийн зүйлсийг хойш тавин, бие биедээ анхаарал төвлөрүүлсэн үед ийм боломж гардаг.

Ярилцах, бие биеэ сонсох нь амаргүй зүйл. Бид зурагтаа унтрааж, дэлхийн зүйлсийг хойш тавьсны дараа болох зүйлд бэлтгэлтэй байх ёстой. Эхлээд нам гүм болоход тийм ч таатай биш, эвгүй мэдрэмж төрж болно. Тэвчээртэй байж, хэдэн хором хүлээгээд, хөгжилтэй эхэл. Дэргэдээ байгаа хүмүүст бүх анхаарлаа төвлөрүүлж, тэдний талаар нэг асуулт асуугаад, сонсож эхэл. Эцэг эхчүүд ээ, хүүхдийнхээ сонирхдог зүйлийн тухай ярилцаж бай. Өнгөрсөн зүйлийн тухайд инээж, ирээдүйгээ мөрөөд. Энгийн яриа чухал ярилцлага болон өрнөж болно.

Мөнхийн зорилгоо эн тэргүүнд тавих нь

Өнгөрсөн хавар намайг залуу эмэгтэйчүүдийн хичээлд сууж байтал, эн тэргүүнд анхаардаг 10 зүйлээ жагсаан бичихийг багш ангийнхнаас хүсэв. Би түргэн бичиж эхэллээ. Би түр бодсоноо, “Номер 1: гал тогооны өрөөн дэх үзэг харандааны шургуулгаа цэвэрлэх” гэж бичив. Жагсаалт дуусахад бичсэн зүйлээ хуваалцахыг Залуу Эмэгтэйчүүдийн Удирдагч биднээс хүслээ. Саяхан 12 хүрсэн Абби миний дэргэд сууж байлаа. Аббигийн жагсаалтыг сонирхъё:

  1. Коллежид сурах.

  2. Дотоод засал чимэглэлийн дизайнч болох.

  3. Энэтхэгт номлогчоор явах.

  4. Ариун сүмд буцаж ирсэн номлогчтой гэрлэх.

  5. Гэр оронтой, таван хүүхэдтэй болох.

  6. Хүүхдүүдээ номлолд явуулж, коллежид суралцуулах.

  7. Ач зээ нартаа “жигнэмэг өгдөг,”

  8. тэднийг эрхлүүлдэг эмээ болох.

  9. Сайн мэдээний тухай улам ихийг мэдэж, амьдралын баяр баясгаланг эдлэх.

  10. Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт амьдрахаар эргэж очих.

“Баярлалаа, Абби. Бид бүгдэд зориулсан төлөвлөгөө Тэнгэрлэг Эцэгт байдаг тухай үзэгдэл харснаа чи бидэнд заалаа. Явах замаа мэдэж байгаа болохоор ямар ч саад тотгор тохиолдоход чи алзахгүй. Явах зам чинь өргөмжлөл болон Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очих эцсийн зорилго дээр төвлөрч байгаа болохоор чи тэнд очно” гэж би хэллээ.

Мөнхийн зорилгын тухай ийм санаа бодол Аббид хаанаас бий болсон юм бол? Энэ нь бидний гэр орноос эхэлдэг. Ийм мэдрэмж манай гэр бүлүүдэд эхлэн бий болдог. “Гэр бүлдээ эн тэргүүнд анхаарах зүйлсийг бий болгох талаар юу хийдэг вэ?” гэж би түүнээс асуув.

“Бид судар уншихын зэрэгцээ Миний Сайн мэдээг номло удирдамжийг судалж байгаа” гэж тэр хариулаад, “Бид гэр бүлийн үдшээрээ, хамт хооллох үеэр, бас машинаар явж байхдаа машин дотроо олон зүйлийн талаар ярилцдаг” гэж нэмж хэллээ.

Нифай ийн бичжээ: “Бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлодог.” Яагаад? “Бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд” (2 Нифай 25:26) юм.

Гэр бүлээрээ хамтран ярилцаж, бие биенийхээ үгийг сонсон, харилцан урам хайрлаж, юмсыг хамтран хийх нь биднийг Аврагчид улам ойртуулна. Тэр бидэнд хайртай. Өнөө үед гэр бүлийн гишүүдтэйгээ зориуд цаг гарган ярилцаж, тэднийг сонсож байх нь манай гэр бүлүүдийг мөнхөд адислах болно. Бид Христийн тухай ярилцсанаар бас Христ дотор болон Цагаатгалын бэлгэнд баясдаг билээ. Хүүхдүүд маань “нүглийнхээ уучлалын ямар эх сурвалжийг хайхаа” мэддэг болно.

Эшлэл

  1. Жеймс И.Фауст, “Enriching Family Life,” Ensign, 1983 оны 5-р сар, 41.

  2. Сюзан Хетон, “Talk Time Instead of TV Time,” Ensign, 1998 оны 10-р сар, 73.

  3. Жеффри Р.Холланд, “Witnesses unto Me,” Лиахона, 2001 оны 7-р сар, 16.

  4. Жорж Д.Дуррант, “Pointers for Parents: Take Time to Talk,” Ensign, 1973 оны 4-р сар, 24.

Виксом эгчийн гэрэл зураг © Busath Photography; гэрэл зураг чимэглэлийг Брадли Слейд