2012
Эквадорын ширэнгэ ой дахь семинар
2012 оны дөрөвдүгээр сар


Эквадорын ширэнгэн ой дахь семинар

Алслагдсан ширэнгэн ой дахь семинар залуучуудыг маш их өөрчилж байна.

Эквадорын Квитогоос зүүн тийш, галт уулс болон Андын нурууг өнгөрмөгц газрын байдал Амазоны ширэнгэн ой болж өөрчлөгддөг. Тэр нутагт шигүү ой, олон гол мөрөн, төрөл бүрийн сармагчин, халуун орны халбаган хошуут (шувуу), бүр цэнхэр далайн гахай хүртэл бий.

Мөн тэнд Пуэрто Франциско де Орелана гэдэг хот байдаг. Энэ хот Эквадорын юм бүхнээс алс хол оршдог. Энд арвантаван жилийн өмнө харьцангуй цөөхөн хүн амьдарч байлаа. Гэвч энэ нутагт газрын тос олдсон нь аж үйлдвэр хөгжихөд түлхэц үзүүлж, ажил хайсан олон хүн, тэдний дотор Сүмийн гишүүд ирж суурьшжээ.

Жижигхэн салбарын семинар

Энэ салбарыг зохион байгуулах үед Oскар Р. шиг ганц хоёрхон залуу хүн хуучин гишүүд байсан бол ихэнх нь шинээр хөрвөгчид байлаа. Тэд Сүмийн талаар оргилуун урам зориг, өөдрөг үзэл бодолтой байгаа ажээ. “Бидний итгэл бат бөх байгаа” гэж Оскар хэллээ.

Салбар зохион байгуулагдсанаас хойш яг жилийн дараа 2010 оны 9-р сард семинарын хөтөлбөр эхэлсэн ажээ. “Бид хэдхэн жилийн өмнө цуглаж эхлэхэд цөөхүүлээ байсан. Ганцхан залуу хүн нь би байв. Гэвч бид олон болсоор байлаа. Удалгүй бид зургуулаа, дараа нь арвуулаа болсон. Одоо бүр олон залуустай болсон” хэмээн Оскар ярив.

Залуучуудын зарим нь өглөө, зарим нь үдээс хойш сургуульд явдаг учраас нэг нь өглөө 8:00–9:00 цагт, нөгөө нь үдээс хойш 4:30–5:30-д хичээллэдэг семинарын хоёр ангийг зохион байгуулжээ.

Семинарын хөтөлбөрт тийм ч олон залуус хамрагддаггүй байж болох ч, эдгээр залуусын амьдралыг өөрчилжээ.

Залуус яагаад семинарт явдаг юм бэ?

“Семинар миний хувьд агуу адислал мөн” гэж саяхны хөрвөгч Люис В. хэллээ. “Семинар надад сайн номлогч болохоор бэлтгэхэд тусалдаг. Би Сүмд нэгдсэнээс хойш олон сорилт, уруу таталттай тулгарсан ч, зөв зүйл хийж байгаагаа мэддэг байсан учраас бат бөх итгэлтэй байж чадсан.”

Ганцхан Люис ч ингэж боддоггүй ажээ. “Би Сүмийн гишүүн болоод удаагүй ч, баптисм хүртсэнээсээ хойш семинарт тасралтгүй явж байна. Би Есүс Христийн сайн мэдээний талаар олон үнэн зүйлийг мэдсэн учраас семинарт явсандаа баяртай байна. Миний сурч мэдсэн зүйлс зүрх сэтгэлийг минь итгэл найдвараар, оюун ухааныг минь мэдлэгээр дүүргэдэг” гэж Ариана Ж. ярьлаа.

Семинарт явсан нь сайн мэдээний мэдлэгээ тэлэхэд Арианад тусалжээ. “Семинарын ангийн гишүүн байгаа нь надад адислал болдог. “Семинарын хичээл миний сүнслэг байдлыг бэхжүүлж, нэгэн цагт сайн гэргий, сайн ээж, Сүмийн удирдагч, магадгүй бүрэн цагийн номлогч болохоор бэлтгэхэд надад тусалдаг” хэмээн Ариана ярив.

Арианагийн ах Жерардо ч мөн ингэж боддог ажээ. “Семинар миний амьдралын чухал хэсэг болсонд би баяртай байна. Нэгэн цагт номлолд үйлчлэхэд семинар намайг бэлтгэж байна. Надад зориулан Бурханы бэлтгэсэн авралын төлөвлөгөөний тухай би семинараас мэдсэн. Би селестиел хаант улсад амьдрах болно гэсэн найдварыг миний суусан хичээл бүр надад төрүүлдэг. Би бас Есүс Христийн сайн мэдээг хүлээн авснаа семинарын хичээлээс тодорхой ойлгосон” хэмээн тэр ярьлаа.

Жерардо заримдаа хичээлийн үеэр их ядардаг гэнэ. Тэр эхлээд жаахан эрэгтэй дүүгээ сургуульд нь хүргэж өгөөд дараа нь эмэгтэй дүүтэйгээ семинарт явахаар гэртээ эргэж ирдэг ч, үүнээс төвөгшөөдөггүй ажээ.

“Энэ бүхэн миний хувьд шинэ зүйл ч гэсэн би аз жаргалаар бялхан байна. Би Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин учран золгох боломжийг олгож буй зөв зам дээр байгаагаа мэдэж байна. Ариун Сүнс энэхүү баталгааг надад өгсөн юм. Би эцсийг хүртэл чадах бүхнээ хийх ёстой” гэж Жерардо хэлэв.

Тэвдэх хэрэггүй

Уолтер A.-д семинар эхний үед жаахан сүрдмээр юм шиг байжээ. “Би семинарт анх ирээд тэвдсэн шүү” гэж тэр хэллээ. “Гэвч ангид ороод л аятайхан болчихсон. Судар судлахад ямар мэдрэмж төрдөг билээ, яг тийм хайрын мэдрэмж надад төрсөн. Тэгээд семинараас гарч явахдаа сурч мэдсэн зүйлийнхээ төлөө сэтгэл зүрхэндээ талархалтай байгаагаа мэдэрч билээ. Тэнгэрлэг Эцэгээс залуучуудад зориулан бэлтгэсэн агуу адислалуудын нэг нь семинар юм.”

Номлолд явахаар бэлтгэж байгаа Aбел A., “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм миний амьдралыг өөрчилсөн юм” гэв. “Би бошиглогчдын сургаалаас олон зүйл сурч байна. Би Иосеф Смитийг их хайрладаг. Үнэн Сүмийг сэргээхэд үй олон хэцүү асуудал түүнд тулгарсан ч тэр асар их зоригтой байлаа. Би түүн шиг зоригтой байхыг хүсдэг.”

Олон залуус семинарт явахын тулд золиослол хийх шаардлагатай болдог. Золиослол хийх нь үргэлж хялбар байдаггүй ч, Эквадорын Пуэрто Франциско де Ореланагийн залуус энэ талаар хүч чармайлт гаргаж байна.

“Судруудад өгүүлдэг шиг намайг урагш тэмүүлэхэд, амьдралдаа хамгийн түрүүнд тавих ёстой зүйлсийг судар бидэнд зааж өгдөг гэж би боддог” хэмээн Абел өгүүлэв. Тэдгээр зүйлсийн нэг бол семинар юм. “Семинар миний амьдралыг өөрчилсөн шиг бусад залуусын амьдралыг ч бас өөрчлөх болно.”

Эквадорын өтгөн ширэнгэн ойд Есүс Христийн Сүм болон залуучуудад зориулсан семинарын хөтөлбөр цэцэглэн хөгжиж, семинарт явахаар сонгосон хүмүүсийн амьдралыг өөрчилж байна.

Эквадорын эдгээр залуусын итгэлийг семинар хүчирхэгжүүлжээ. Тэднээс олон нь саяхны хөрвөгчид юм.

 Жошуа Ж.Пөркийн гэрэл зургууд