2012
Цагаатгал ба бидний амьдрал дахь аян
2012 оны дөрөвдүгээр сар


Цагаатгал ба бидний амьдрал дахь аян

2001 оны 10-р сарын 23-нд Бригам Янгийн Их Сургууль дээр болсон онцгой цугларалт дээр хэлсэн үгнээс Англи хэлээрх бүрэн эхийг http://speeches.byu.edu-оос үз.

Цагаатгалын туслагч хүч бидэнд ажиллах, сайн үлгэр дууриал үзүүлэх, хүсэл болоод төрөлхийн чадвараасаа илүү дээгүүр үйлчлэх хүч чадлыг бидэнд өгдөг билээ.

Зураг
Ахлагч Давид А.Беднар

Аврагчийн сайн мэдээний үндсэн зорилгыг Ерөнхийлөгч Давид О.МкКей (1873–1970) дараах үгсээр товч тодорхойлон: “Сайн мэдээний зорилго бол … муу хүмүүсийг сайн, сайн хүмүүсийг улам сайн болгож, хүмүүний мөн чанарыг өөрчлөх явдал мөн” гэжээ.1 Тийнхүү, бидний амьдралын аян бол бид муугаас сайн, сайнаас улам сайн болж өсч дэвжин, зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтөд хүрч, унасан, төрөлх зан чанараа өөрчлөх явдал мөн (Moзая 5:2-ыг үз).

Мормоны Ном бол бид муугаас сайн уруу, сайнаас улам сайн уруу аялан, зүрх сэтгэлээ өөрчлөх зам дахь бидний баримтлах удирдамжийн гарын авлага мөн. Хаан Бенжамин бидний амьдралын аян болон энэхүү аяныг амжилттай дуусгахад Цагаатгал ямар үүрэг гүйцэтгэдэг тухай: “Учир нь эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн, мөн тэрээр Ариун Сүнсний таталтанд автагдан эгэл хүмүүнээ орхиж, Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болдог” (Moзая 3:19; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн заасан билээ.

Би энэ хэсэг дэх хоёр нийлэмж үг буюу өгүүлбэрт та бүхний анхаарлыг хандуулъя. Нэг дэх нь, “эгэл хүмүүнээ орхиж” гэсэн нийлэмж үг. Муугаас сайн уруу хийх аян бол бид бүгд эгэл эрэгтэй, эгэл эмэгтэй хүнээ орхих үйл явц мөн. Бид бүгд амьдралдаа махан биеийн хүслээр уруу татагддаг билээ. Бидний биеийн эрхтнүүд унасан байдлаар бүтээгдсэн бөгөөд гэм нүгэл, ялзрал доройтол, үхлийн эрхшээлд ямагт байдаг. Гэвч бид “Христийн цагаатгалаар дамжуулан” махан биеийн хүсэл болоод уруу таталтыг даван туулах чадвараа өсгөн нэмэгдүүлж чадна. Бид алдаа, зөрчил гаргаж, гэм нүгэл үйлдсэн үедээ наманчилж, Есүс Христийн Цагаатгалын гэтэлгэгч хүчээр дамжуулан цэвэр ариун болж чадна.

Хоёр дахь нь, “гэгээнтэн болдог” гэх өгүүлбэр юм. Энэ өгүүлбэр, бидний амьдрал дахь аяны хоёр дахь үе шат буюу “сайн хүмүүсээс улам сайн хүмүүс” болох, өөрөөр хэлбэл, гэгээнтэнтэй илүү адилхан болох үйл явцыг дүрсэлж байна. Амьдралын аяны энэхүү хоёр дахь хэсэг буюу сайнаас улам сайн болох үйл явцыг бид байнга судлаад юм уу заагаад байдаггүй, бас хангалттай сайн ойлгодоггүй.

Сүмийн олон гишүүд хүч чадал өгөгч энэхүү хүчтэй байснаар Цагаатгалын гэтэлгэгч, ариусгагч хүчний мөн чанарыг илүү сайн ойлгодог гэж би боддог. Христ бидний төлөө үхэхээр дэлхийд ирснийг мэдэх нь Христийн тухай сургаалын амин чухал хэсэг мөн. Гэвч Их Эзэн Өөрийн Цагаатгал болон Ариун Сүнсний хүчээр дамжуулан зөвхөн биднийг удирдан чиглүүлэхийн тулд төдийгүй бас бидэнд хүч чадал өгөхөөр бидний дотор оршихыг хүсдэгт бид бас талархах хэрэгтэй.

Буруу зүйл хийсэн үед амьдралыг сэвтүүлсэн нүглийн хор уршгийг даван туулахад тусламж хэрэгтэй байдгийг бидний олонх нь мэднэ. Аврагч бидний нүглийн төлөөсийг төлсөн бөгөөд Түүний цагаатгагч хүчээр дамжуулан ариусах боломж бидэнд бий. Цагаатгал нүгэлтнүүдийн төлөө хийгдсэнийг бидний олонх нь сайн ойлгодог. Гэвч Цагаатгал нь бас дуулгавартай, зохистой, ухамсартай бөгөөд улам сайн болж, илүү их итгэлтэйгээр үйлчлэхийг хичээдэг сайн эрэгтэй, эмэгтэй гэгээнтнүүдийн төлөө хийгдсэнийг бид мэддэг бас ойлгодог гэж би бодохгүй байна. Бид сайнаас улам сайн болох аяныг өөрийн оюун ухааны хүч чадал болон зориг, сахилга хийгээд өөрийн илэрхий хязгаарлагдмал чадвараар хийж, гэгээнтэн болж чадна хэмээн буруу ташаа бодож болзошгүй.

Аврагчийн сайн мэдээ бол амьдралдаа муу муухай зүйлсээс зөвхөн зайлсхийх төдийгүй харин сайн үйлсийг бүтээж, улам сайн хүмүүс болоход туйлын чухал юм. Иймээс Цагаатгал муу муухай зүйлийг даван туулж, түүнээс зайлсхийн, сайныг үйлдэж, сайн хүмүүс болоход бидэнд тусалдаг. Бид муугаас сайн, сайнаас улам сайн болж, төрөлх зан чанартаа өөрчлөлт гаргахад Аврагчийн тусламжийг амьдрал дахь аяныхаа туршид авч болно.

Цагаатгалын гэтэлгэгч болон туслагч хүч нь тус тусдаа салангид буюу нэг нь нөгөөгөөсөө өөр зүйл гэж би бодохгүй байна. Харин ч Цагаатгалын энэхүү хоёр тал холбоотой, нэг нь нөгөөгөө сайжруулдаг бөгөөд амьдралын аяны бүх үе шатанд хоёулаа үйлчилдэг билээ. Бидний амьдрал дахь аяны энэхүү амин чухал хоёр бүрэлдэхүүн хэсгийг таних нь бид бүгдэд мөнхийн ач холбогдолтой юм. Энэ хоёр элемент эгэл хүнээ орхиж, гэгээнтэн болох, муу муухай зүйлийг ялж, сайн хүмүүс болох үйл явцад Цагаатгалын хүчээр дамжин хэрэгждэг. Хувь хүний сэтгэлийн хат, хүсэл тэмүүлэл, үр өгөөжтэй төлөвлөлт болон зорилго дэвшүүлж, түүндээ хүрэх нь чухал боловч амьдралын аяныг ялгууснаар дуусгахад энэ бүхэн бидэнд үнэхээр чамлалттай юм. Тийм ээ, бид үнэхээр “Ариун Мессиагийн сайн үйл, нигүүлсэл, ач ивээлд” (2 Нифай 2:8) найдах ёстой.

Цагаатгалын ач ивээл ба туслагч хүч

Ач ивээл гэдэг үг судруудад ихэвчлэн хүч чадал өгөх гэсэн утгаар хэрэглэгдсэн байдгийг бид Судруудын Удирдамжаас мэднэ.

Ач ивээл гэдэг үг Шинэ Гэрээнд, ялангуяа Паулын цэдгүүдэд байнга тааралддаг. Энэ үг нь туслах буюу хүч чадал өгөх бурханлаг арга хэрэгсэл гэсэн үндсэн утгатай бөгөөд энэхүү хүч чадал Есүс Христийн хязгааргүй нигүүлсэл хийгээд хайраар өгөгддөг.

Хүн төрөлхтөн үхэшгүй байдалд амилж, хүн болгон булшнаас биетэй болж босч ирэн, мөнх амьдрах нь Их Эзэн Есүсийн ач ивээл, түүний цагаатгагч золиослолоор боломжтой болсон юм. Үүн лүгээ адил хувь хүмүүс Есүс Христийн цагаатгалд болон нүглээ наманчлахад итгэх итгэлээр дамжуулан сайн үйлс бүтээх хүч чадал, дэмжлэг тусламжийг хүлээн авдаг. Эс бөгөөс тэд зөвхөн өөрийн хүч чармайлтаар энэхүү хүч чадал, дэмжлэг туслалцааг авах боломжгүй юм. Энэхүү ач ивээл бол хүч чадал өгөгч хүч бөгөөд эрэгтэй, эмэгтэйчүүд чадах бүхнээ хийсний эцэст мөнх амьтай болж, өргөмжлөлд хүрэх боломжийг тэдэнд олгодог билээ.”2

Ач ивээл бол селестиел хаант улсад тохирох бидний амин чухал хэрэгцээнд туслах бурханлаг арга хэрэгсэл мөн. Тийнхүү, Цагаатгалын туслагч хүч бидэнд амжилттай ажиллах, сайн үлгэр дууриал үзүүлэх, хүсэл болоод төрөлхийн чадвараасаа илүү дээгүүр үйлчлэх хүч чадлыг бидэнд өгдөг билээ.

Би хувиараа судар судлах үед ач ивээл гэдэг үгтэй тааралдах бүрдээ “хүч чадал өгөгч хүч” гэдэг нэр томьёог санадаг. Жишээ нь, “Бид ач ивээлээр л аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу” (2 Нифай 25:23) гэсэн шүлгийг бид бүгдээрээ сайн мэддэг шүү дээ. Бид судруудад ач ивээл гэдэг үгтэй тааралдах бүрдээ энэ үг “хүч чадал өгөгч хүч” гэсэн утгатайг санах юм бол Цагаатгалын энэхүү амин чухал талын тухай илүү ихийг мэдэж чадна гэдэгт би итгэдэг.

Зураг ба далд утга

Амьдрал дахь аян бол бид муугаас сайн, сайнаас улам сайн болж, төрөлх зан чанараа өөрчлөх үйл явц мөн. Амьдралын аяндаа Цагаатгалын хүч өгөгч хүчийг мэдэж, ойлгон, түүгээр өөрчлөгдсөн шавь нар болон бошиглогчдын жишээ Мормоны Номоор дүүрэн байдаг. Энэхүү ариун хүчийг алгуураар улам тодорхой ойлгосноор бидний сайн мэдээний мэдлэг үлэмж өргөжин, баялаг агуулгатай болно. Ийм мэдлэг биднийг гайхалтай арга замаар өөрчлөх болно.

Аврагчийн хүч чадал өгөгч хүчийг мэдэж, ойлгон, түүнд найдвар тавьж байсан хүний жишээ бол Нифай юм. Лихайн хөвгүүд Ишмэил болон түүний гэр бүлийг өөрсдийн үйл хэрэгт татан оролцуулахын тулд Иерусалимд эргэн ирснийг санагтун. Иерусалимаас аглаг буйд уруу Нифайтай хамт явсан хүмүүсийн дотроос Лемен болон бусад хүмүүс үглэн дургүйцэхэд Нифай ах нартаа Их Эзэнд итгэх итгэлтэй байхыг анхааруулсан билээ. Гэвч Нифайн ах нар аяны үед дүүгээ олсоор хүлж, амийг нь хөнөөхөөр завдаж байв. Нифай: “Ай Их Эзэн танд итгэх миний итгэлийн улмаас та намайг ах нарын минь гараас зайлуулаач, тийм ээ, намайг хүлсэн энэ хүлээсийг тасар татах хүчийг өгөөч надад” (1 Нифай 7:17; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн залбирсныг санагтун.

Хэрэв миний ах нар намайг хүлсэн бол би юу гэж залбирах байсныг та нар төсөөлж байна уу? “Намайг энэхүү таагүй байдлаас ОДООХОН чөлөөлж өгөөч!” гэх байсан. Нифай нөхцөл байдлаа өөрчилж өгөөч гэж залбираагүй нь миний сонирхлыг бүр ч их татдаг. Тэр үүний оронд нөхцөл байдлаа өөрчлөх хүч чадлын төлөө залбирчээ. Мөн тэрээр Цагаатгалын хүч чадал өгөгч хүчийг тодорхой мэддэг, ойлгодог, үүнийг биеэр үзсэн хүн шиг залбирсан гэдэгт би итгэдэг.

Нифайн хүлээс ид шидээр лүгээ адил бугуйнаас нь сулран тасарсан гэж би боддоггүй. Харин тэр эхлээд төрөлхийн чадвараасаа илүү их хүч чадал, тэвчээрээр, дараа нь “Их Эзэний хүчээр” (Moзая 9:17) адислагдсанаар хүлээсийг хамаг хүчээрээ чангааж угзрахад олс тасарч суларсан гэж би боддог.

Энэ үйл явдлын далд санаа нь бид бүгдэд ил тод юм. Та бид Цагаатгалын хүч чадал өгөгч хүчийг ойлгож, амьдралдаа ашиглахын тулд бидний нөхцөл байдал өөрчлөгдөхийн төлөө биш, харин нөхцөл байдлаа өөрчлөх хүч чадлыг гуйж залбирах ёстой. Ингэвэл бид өөрсөд дээрээ үйлдүүлэгчид бус харин өөрсдийнхөө төлөө үйлдэгчид болно (2 Нифай 2:14-ийг үз).

Алма болон түүний хүмүүсийг Амюлон хэрхэн хавчсан тухай Мормоны Номон дахь жишээг сана. Их Эзэний дуу хоолой тэдэн дээр зовлон зүдгүүрийн үед нь ирж:

“Та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол … би түүнчлэн хөнгөвчилнө.

Мөнхүү эдүгээ улиран тохиох дор Алма болон түүний ах дүүсийн дээр тавигдаж асан ачаанууд хөнгөлөгдсөн байлаа; тийм ээ, тэд ачаагаа амархан даахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар, мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдсаныг” (Moзая 24:14–15; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) харуулсан билээ.

Энэ түүхэнд юу өөрчлөгдсөн байна вэ? Ачаа өөрчлөгдсөнгүй. Хавчлагын сорилт, хүнд бэрхшээлээс хүмүүс тэр дороо чөлөөлөгдсөнгүй. Гэвч Алма болон түүнийг дагалдагчдад хүч өгөгдсөнөөр чадвар, хүч чадал нь нэмэгдэж, ачаа дарамт нь хөнгөрчээ. Энэ сайн хүмүүс Цагаатгалаар дамжуулан өөрсдийнхөө төлөө үйлдэх хийгээд нөхцөл байдалдаа нөлөөлөх хүчийг олсон юм. Алма болон түүний хүмүүс “Их Эзэний хүчээр” Зарахемлагийн нутаг дахь аюулгүй газар уруу удирдагдсан билээ.

Алма болон түүний хүмүүсийн энэ түүх юугаараа Цагаатгалын хүч чадал өгөгч хүчний жишээ болдог юм бэ? хэмээн та бодох нь зүй ёсны хэрэг. Энэ асуултын хариу Moзая 3:19-ийг Moзая 24:15 -тай харьцуулахад харагдана.

“Эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэн түүн дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн байдаг” (Moзая 3:19; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Бид амьдрал дахь аяныхаа явцад муугаас сайнд, сайнаас улам сайнд өсөн дэвших үед эрэгтэй, эмэгтэй хүн бүр эгэл хүмүүнээ орхин, гэгээнтэн болж, зан төлвөө өөрчлөхийг хичээдэг. Иймээс энэ шүлгэнд тоочсон зан төлвийн шинжүүд нь та биднийг ямархуу хэв маягийн хүмүүс болох ёстойг дүрсэлж байна. Бид бүр хүүхэд шиг, илүү хүлцэнгүй номхон, илүү тэвчээртэй, захирагдах илүү их хүсэлтэй болох ёстой.

Мозая 3:19 дэх зан төлвийн шинжүүдийг Алма болон түүний хүмүүсийг дүрсэлсэн зан төлвийн дараах шинжүүдтэй харьцуул: “Мөн тэд баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдсан болой” (Moзая 24:15; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Эдгээр шүлгүүдэд дүрслэгдсэн зан төлвийн шинжүүд хоорондоо адил төстэй бөгөөд Алмагийн сайн хүмүүс Их Эзэн Христийн Цагаатгалын хүч чадал өгөгч хүчээр улам сайн хүмүүс болсныг тодорхой харуулж байна.

Aлмa 14 дэх Алма, Амюлек нарын түүхийг сана. Энэ хэрэг явдлаар итгэлтэй олон гэгээнтнүүдийг галд хаяж, амийг нь хөнөөгөөд Их Эзэний итгэлтэй хоёр үйлчлэгчийг зодож, шоронд хорьсон билээ. Алма шоронд хоригдож байхдаа залбирч, ийн гуйсан ажээ: “Ай Их Эзэн, Ай Их Эзэн, Христэд итгэх бидний итгэлийн дагуу бүр чөлөөлөгдөх хүртэл бидэнд хүчийг өгөөч” (Aлмa 14:26; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Энд бид Алмагийн гуйлтанд илэрсэн Цагаатгалын хүч чадал өгөгч хүчийг тэрээр ойлгодог бөгөөд үүнд итгэлтэй байсныг дахин харж байна. Энэ залбирлын үр дүнг ажиглана уу:

“Мөн тэд [Алма, Амюлек хоёр] хүлэгдсэн олсоо тасчив, мөн хүмүүс үүнийг хараад устгалаас айх айдас тэдэн дээр ирсэн учир зугтаж эхлэв. …

“Мөн Алма, Амюлек хоёр шоронгоос гарч ирэв, мөн тэд гэмтээгүй байв. Учир нь Христэд итгэх итгэлийнх нь дагуу Их Эзэн тэдэнд хүчийг соёрхсон ажээ” (Aлмa 14:26, 28; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Энд сайн хүмүүс нүгэл хилэнцийн эсрэг тэмцсэнээр улам сайн болж, “Их Эзэний хүчээр” илүү үр өгөөжтэй үйлчлэхийг хичээх болсон нь харагдаж байна.

Мормоны Номын өөр нэг сургамжтай жишээг авч үзье. Рамеумптом буюу ариун тавцан гэгчээ барьсны дараа бардамналаар дүүрэн залбирал хэлсэн урвагч зорамчуудыг Сүмд буцаан авчрах номлолд Алмаг явуулсан тухай Aлмa 31-д өгүүлдэг.

Алма хувийн залбиралдаа: “Ай Их Эзэн, та энэ хүмүүсийн алдсын учир дээр минь ирэх эдгээр зовлонг тэвчээртэйгээр тэвчиж, болохын тул надад хүч байж болохыг соёрхоно уу” (Aлмa 31:31; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн хүч чадал гуйсныг ажиглаарай.

Алма бас номлолын хамтрагчид нь мөн дээрх адислалыг хүлээн авахын төлөө: “Энэ хүмүүсийн алдсын учир тэдний дээр ирэх зовлонгуудыг тэвчиж болохын тулд тэд хүчтэй байж болохыг та тэдэнд соёрхоно уу” (Aлмa 31:33; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн залбирчээ.

Алма зовлон зүдгүүр нь алга болохын төлөө залбираагүй байна. Тэр өөрийгөө Их Эзэний төлөөлөгч хүн гэдгээ мэдэж байсан бөгөөд өөрийн нөхцөл байдалд нөлөөлөх хүч чадлын төлөө залбирчээ.

Энэ жишээний хамгийн чухал санаа нь: “[Их Эзэн] тэдэнд Христийн баясалд автагдаж байснаас бусдаар өөр зовлонгуудыг үзүүлэхгүйн тулд тэдэнд хүч чадал өгч байв гэсэн санаа Алма 31-ийн сүүлчийн шүлэгт агуулагддаг. Эдүгээ энэ нь Алмагийн залбирлын дагуу байв; мөн энэ нь тэрээр итгэлтэйгээр залбирсны учир болой (шүлэг 38; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Зовлон зүдгүүр нь арилаагүй ч, Алма болон түүний хамтрагчид “Христийн баясалд автагдаж байснаас бусдаар өөр зовлонгуудыг үзүүлэхгүйн тулд” Цагаатгалын туслагч хүчийг авч, адислагдсан юм. Ямар гайхалтай адислал билээ. Бид бүгдийн мэдэх ёстой ямар агуу сургамж вэ.

Хүч чадал өгөгч хүчний жишээнүүд зөвхөн судруудад байдаггүй. Даниел В.Жөүнс 1830 онд Миссурид төрж, 1851 онд Калифорнид Сүмд нэгджээ. 1856 онд тэрээр Вайомингд хунгар цасанд боогдсон гар тэрэгтэй багийнхныг аврахад оролцсон ажээ. Аврах бүлэг зовж туйлдсан Гэгээнтнүүдийг олсны дараа тэднийг чадах чинээгээрээ тайтгаруулж, өвчтэй болон сульдаж тамирдсан хүмүүсийг Солт Лейк хот уруу авч явахад Даниел тэдний эд хөрөнгийг харж хамгаалахаар үлдсэн байна. Даниел болон түүнтэй хамт сайн дураараа үлдсэн хүмүүсийн хомсхон хоол хүнс, амь зуух бусад зүйлс тэр дорхноо дууссан гэнэ. Даниел Жөүнсийн хувийн тэмдэглэлд дараах болсон явдлын тухай өгүүлсэн байдаг.

“Ан амьтан тэр даруй үзэгдэхээ больсон учир бид чухамдаа оготнын хамраас ч цус гаргаж чадсангүй. Ганц хүн идээд ч цадахааргүй хумсын чинээ махаа дуусгав. Эцэстээ арьс ширнээс өөр юу ч үгүй болов. Тэгээд арьс ширээ идэхээс өөр аргагүй боллоо. Нэлээд их шир чанаад, цэрвэж сэжиглэсэнгүй идчихсэн чинь бүгдээрээ өвчлөх нь тэр.

“Байдал яах ч аргагүй болж, турж үхсэн үхрийн түүхий ширнээс өөр хэлэн дээр тавих юм юу ч үлдсэнгүй. Яах ёстой талаар бидэнд удирдамж өгөөч гэж Их Эзэнээс гуйв. Ах нар гомдоллож үглэсэнгүй, харин Бурханд итгэх итгэлээ мэдэрч байлаа. … Эцэст нь түүхий үхрийн ширээ хуйхалж цэвэрлээд халуун усанд юм уу ууранд чанавал гэдэс өвтгөдөг муухай амт нь гайгүй болох байх гэж санаад энэ тухайгаа бусдадаа хэллээ. Үхрийн ширээ хуйхалж цэвэрлэсний дараа их усанд бүтэн цаг чанаад өтгөрсөн усыг асган, зөөлхөн болсон ширийг маш сайн хусч цэвэрлэв. Тэгээд хүйтэн усанд угааж, цэлцгий болтол нь чанаад хөргөж, жаахан элсэн чихэр цацаад идэж үзлээ. Бас л муухай байлаа. Гэвч өөр юу ч байгаагүй болохоор өлсөж үхсэнээс арай дээр юм даа.

“Бидний ходоодыг адисалж, энэ хоолыг шингээж чаддаг болгон өөрчилж өгөөч гэж Их Эзэнээс гуйлаа. … Тэгээд идтэл нөгөөх хоол чинь бид бүгдэд баярын зоог шиг сайхан санагдаж билээ. Энэ хоолоо дахин идэх хүртэл гурав хоног хэлэн дээрээ юу ч тавьсангүй. Бид сайхан амттай энэ хоолоо зургаан долоо хоног орчим амтархан идсэн юм даа.”3

Хэрэв би тийм хүнд нөхцөлд орсон бол: “Тэнгэрлэг Эцэг минь, бидэнд бөднө шувуу юм уу зэрлэг үхэр илгээгээч” хэмээн үхрийн түүхий ширнээс арай өөр юм гуйн залбирах байсан биз ээ. Бидэнд байгаа хоолыг шингээж чадахаар ходоодыг минь хүчтэй болгож өгөөч хэмээн би залбирахгүй л байсан болов уу. Даниел В.Жөүнс юу мэдсэн бэ? Тэр Есүс Христийн Цагаатгалын туслагч хүчийг мэдсэн байлаа. Тэрбээр амьдралын нөхцөл байдал нь өөрчлөгдөхийн төлөө залбирсангүй харин амьдралын хүнд нөхцөл байдлаа шийдвэрлэх хүч чадал өөрт нь өгөгдөхийн төлөө залбирчээ. Даниел В.Жөүнс Алма болон түүний хүмүүс, Амюлек болон Нифай нар хүч чадлыг олсон нь залбиралдаа юу гуйхыг мэддэг сүнсний мэлмийтэй байсных юм.

Христийн Цагаатгалын хүч чадал өгөгч хүч нь бид өөрсдөө хэзээ ч хийж чадахгүй зүйлсийг хийхэд бидэнд хүч чадал өгдөг билээ. Бичил долгионы зуух, гар утас, агааржуулагчтай машин, тохилог байр сууц бидний амьдралд нэвтэрсэн өнөө үед бид Цагаатгалын туслагч хүчнээс өдөр тутам хамааралтай байдгаа огт мэддэггүй юм шиг заримдаа надад санагддаг.

Беднар эгч бол гайхамшигтай итгэлтэй, ухаалаг, мэдлэг сайтай эмэгтэй. Иймээс би түүний даруухан үлгэр жишээнээс хүч чадал өгөгч хүчний тухай чухал сургамж авсан юм. Тэр гурван удаа жирэмслэх үеэрээ найман сарын турш өдөр бүр их хүчтэй, удаан огиулдаг байлаа. Тэгэхэд нь би эхнэрийнхээ шантаршгүй тэвчээр хатуужлыг харсан. Бид хоёр түүнийг адислахын төлөө хамтдаа залбирдаг байсан ч, нөгөөх бэрхшээл огт арилаагүй, харин өөрийнхөө хүчээр хийж чадахгүй зүйлд нь түүнд бие бялдрын хүч чадал өгөгдсөн юм. Тэр Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэйн хувьд олон жилийн туршид бошиглогчийн зөвлөгөөнд анхаарлаа хандуулж, гэр бүл, үр хүүхдийнхээ хүмүүжлийг эн тэргүүнд анхаарах зүйлээ болгосны төлөө дэлхийн хүмүүс түүнийг шоолж, жигшин зэвүүцдэг байсныг хүлцэн тэвчих хүч чадал олсныг би бас харсан. Ийм их үнэ цэнэтэй зүйлийг мэдэж авахад тусалсан Сюзандаа би талархан, түүнийг хүндэлдэг.

Аврагч мэддэг бас ойлгодог

Аврагч яагаад бас хэрхэн хүч чадал өгөгч хүчээр хангадаг болохыг бид Алмагийн 7-р бүлгээс мэддэг билээ.

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө.

“Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодын дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодын дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно (Aлма 7:11-12; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Аврагч зөвхөн бидний гэм нүглийн төлөө төдийгүй бас бидэнд байнга тохиолддог алдаа дутагдал, шударга бус явдал, өвчин зовлон, сэтгэл санааны дарамтын төлөө зовж шаналсан юм. Бидний мөнх бус амьдралдаа амсаж болох бүх бие махбодын өвчин, сэтгэл санааны шаналал, сүнсний зовлон, сул дорой байдлыг Аврагч амссан.

‘Хэн ч намайг ойлгохгүй юм. Хэн ч миний зовлонг мэдэхгүй’ хэмээн бид цөхөрч дуу алддаг. Бурханы хүү бидний ачаа дарамтыг биеэрээ мэдэрч, үүрсэн учраас хэнээс ч илүүтэйгээр биднийг төгс мэддэг бөгөөд ойлгодог. Тэрбээр энэхүү ачаа дарамтын төлөөсийг бүрэн төлж, өөрөө үүрсэн болохоор биднийг төгс ойлгож, бидний амьдралын олон үе шатанд нигүүлслийн мутраа сунгадаг билээ. Тэрбээр чухамдаа бидний дэргэд гүйж ирэн, биднийг сэтгэл санаагаар дэмжин, хүч чадал өгч, бид өөрсдөө хэзээ ч гарч чадахгүй өндөрт биднийг өргөн гаргаж, өөрийнхөө хүчинд тулгуурлан бидний хэзээ ч хийж чадахгүй зүйлийг хийхэд бидэнд тусалдаг.

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарт амралтыг өгье.

“Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

“Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн” (Матай 11:28-30).

Би Их Эзэн Есүс Христийн мөнхийн, хязгааргүй золиослолыг гэрчлэн, талархлаа өргөж байна. Аврагч амьдыг би мэднэ. Түүний гэтэлгэгч хүчийг бас Түүний хүч чадал өгөгч хүчийг би биеэрээ үзсэн хүн. Тиймээс би эдгээр хүч үнэн бодитой бөгөөд бид бүгдэд боломжтойг гэрчилж байна. Бид амьдралын аяндаа урагш давшихдаа “Их Эзэний хүчээр” бүх зүйлийг хийж чадна, бүх сорилт бэрхшээлийг даван туулж чадна.

Эшлэл

  1. Франклин Д. Ричардс, Conference Report, 1965 оны 10-р сар, 136–37; мөн Дaвид O.МкКей, Conference Report, 1954 оны 4-р сар, х.26-г үз.

  2. Судруудын Удирдамж, “Ач ивээл”; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  3. Даниел В. Жөүнс, Forty Years among the Indians, 57–58.

Ай Эцэг минь, Симон Дювей

Зураг чимэглэлийг Жефф Уорд

Зураг чимэглэлийг Жефф Уорд

Миний гарыг хар, (нарийвчилсан зураг), Жефф Уорд