2008
Христийн Мэндэлсний Баярын гайхамшиг
December 2008


Христийн Мэндэлсний баярын гайхамшиг

Оросын Москва Номлолд өвөл нь хүйтэн байдаг. Энэ нь заримдаа номлогч нарт зөвхөн цаг агаар нь бус бас хүмүүс нь ч хүйтэн хөндий юм шиг санагддаг ажээ. Тэд зожиг бүрэг хүмүүс. Ажлын дараа хүн болгон л гэр рүүгээ яардаг бололтой. Хүмүүс нь зан муутай, зам нь аймшигтай хальтиргаатай, хүйтэн жавар биеийн ил гарсан хэсэг бүрийг яс янгинатал хайрна. Инээмсэглэх нь тун ховор.

2005 оны өвөл хамтрагч бид хоёр ийм л нөхцөлд байлаа. Бид хоёр итгэл, найдвар, хайрын тухай захиасаа хуваалцаж, хүмүүсийг хөгжөөхийг хүсдэг байсан ч хэн ч биднийг сонсохыг хүсдэггүй байлаа. Үнэнийг хэлэхэд, миний бодол огтхон ч өөдрөг биш байлаа. Би яаж ч чадсангүй харин ч бүр урам хугарч билээ. Бид хоёр сайн мэдээ хуваалцах хүмүүсийг хайж, өдөр бүр хүйтэн гудамжаар хөлөө хөлдтөл явдаг байсан. Байдал бүр цөхөрмөөр байсан ч бид бууж өгөхийг хүссэнгүй. Христийн Мэндэлсний Баяр дөхөж байв, иймээс бид энэ баярын уур амьсгалыг мэдрэхэд нь хүмүүст туслахыг хүсч байлаа. Харин яаж?

Нэг орой биднийг харьж явтал, хэсэг хөгжимчид гал тэргэнд орж ирлээ. Хөгжимчид маш сайхан тоглосон боловч, тэдний тоглолт хэний ч сэтгэлийг хөндсөнгүйд би ихэд гайхлаа. Ганц хоёрхон хүн хөгжимчдөд хэд гурван задгай мөнгө халааснаасаа гаргаж өгсөн ч, бусад нь жишим ч үгүй цантсан цонхоор гадагшаа харж байлаа. Би хөгжимчдийг өрөвдөж, хэдэн зоос өглөө.

Бид хоёр удалгүй байрныхаа ойролцоох буудал дээр бууж, гэр рүүгээ гүйцгээв. Байрандаа орж ирээд хаалга хаамагц утас дуугарав. Би утсаа аваад, дүүргийнхээ удирдагчийн дууг танилаа. Тэр өдөр бид Христийн Мэндэлсний Баярыг яаж тэмдэглэх талаар санаа бодож олох ёстой байсан юм. Би бүр таг мартчихсан байсан ч түүнд мэдэгдэхийг хүссэнгүй. Ямар нэг юм бодож олохоор хичээж байх зуур нөгөөх хөгжимчид санаанд орж ирлээ. Дүүргийнхэн маань галт тэргэнд Христийн Мэндэлсний Баярын дуу дуулж болох юм биш үү гэж би санал болгов. Би хийл тоглоод, тэд дуулж болох байв. Дүүргийн удирдагч маань миний санааг дуртай зөвшөөрсөнд нэг талаар баярлаж, нөгөө талаар айх шиг болов. Бид өдрөө ч товлов. Дүүргийн 3 номлогч маань хөгжмийн сонсгол тааруу байхад “Би юу бодож байсан юм бол оо!” гэж би харамсан өөртөө хэлэв.

Товлосон өдөр болж, номлогчид зорчигчдын тавцан дээр уулзав. Нар аль хэдийн жаргачихсан, хага ташим хүйтэн байлаа. Хөл бараг л мэдээгүй болсон байв. Галт тэрэг зорчигчдын тавцан руу алгуурхан хүрч ирэх хүртэл бид таван минут орчим сургуулилав. Бид хүйтэн салхи, цаснаас зугтах шахам галт тэрэгний хаалгаар баяртай орлоо. Би хийлээ хайрцагнаас нь гаргаж, Бурхан сонсогчдын зүрх сэтгэлд нөлөөлөхийн төлөө чимээгүйхэн залбирав.

Биднийг галт тэргэнд орж ирэхийг хэн ч анзаарсангүй. Хуруунууд маань арай дулаацаагүй байсан ч намайг тоглож эхлэхэд хийлийн ая энгийн боловч чихэнд чимэгтэй сонсогдов. Галт тэргэн доторх уур амьсгал гэнэт өөрчлөгдөөд явчихлаа. Ямар нэг ер бусын гайхалтай зүйл биднийг нөмрөн авч байх шиг мэдрэмж төрсөн юм. Зорчигчид амьсгаа даран сонсож байгаа бололтой. Бусад номлогчид миний хөгжмийн аяар, “Амгалан Шөнө”-ийг дуулж эхлэв.

Амгалан шөнө! Ариун шөнө!

Эх хүү хоёрыг тойроод

Эргэх орчлон тайван саруул.

Энхрий хонгорхон үр минь ээ

Амар тайван нойрс доо.

Амар тайван нойрс доо.1

Намайг хийлээ тоглож, бусад номлогчдыг дуулж байхад, галт тэргэн дотор нэг ч хүн ганц ч үг дуугарсангүй. Дуулал төгсөхөд би хүмүүсийн царайг ажиглалаа. Хүн болгон биднийг анхааралтай ажиглан харж байв. Нэлээд хэдэн эмэгтэйн хацрыг даган нулимс урсаж байв. Энэхүү амар тайван мөчийг хэн ч эвдэхийг хүссэнгүй нэг хором хэртэй болов. Эцэст нь галт тэрэгний ар талд зогсож байсан нэг эрэгтэй хүн, “Эд чинь Гэгээнтнүүд байна, жинхэнэ Гэгээнтнүүд дээ!” гэж дуу алдав. Бүгдээрээ алга ташиж эхлэв.

Биднийг тавцан руу бууж ирэхэд олон хүн бидэнд мөнгө өгөх гэв. Биднийг мөнгө авахгүй гэхэд тэд бүгдээрээ мэл гайхав. Би “энэ ч харин байдаггүй л зүйл дээ” гэж нэг хүн амандаа бувтнахыг сонслоо. Тэр ч байтугай нэг хүн бидэнд мянган рубль өгөх гэхэд нь бид мөнгө авахгүй гэсэн чинь бүр мэл гайхаж хоцров. Харин бид түүнд сүмийн танилцуулах хуудас өгөхөд тэр хүн баяртайгаар авлаа. Төдөлгүй бусад зорчигчид сүмийн танилцуулах хуудас өгөхийг хүсэв. Хүмүүс бас Сүмийн тухай, бидний тухай асууж байв. Биднийг хаашаа ч харсан, хүмүүс инээмсэглэн бидэнд элгэн халуун сэтгэлээр хандаж байлаа. Галт тэрэгний гарах хаалганы дэргэд бид Христийн Мэндэлсний Баярыг сайхан өнгөрүүлэхийг зорчигчдод хүсч, шинэ найз нартайгаа салах ёс гүйцэтгэв.

Хаалга хаагдсаны дараа бид итгэж ядсан байдлаар бие биенээ харлаа. “Юу болов оо, энэ чинь?” гэж бид гайхан асуулаа. Тэгээд, урам зоригоор жигүүрлэсэн бид дараачийн хаалга руу орлоо. Эхлээд зорчигчид биднийг огт анзаарсангүй. Гэвч бид нөгөөх дууллаа дуулж, хөгжимдөхөд хүмүүс яг өмнөхийн адил гайхалтайгаар хүлээж авав. Тэр оройн үлдсэн хугацаанд бид галт тэрэг дамжин явж, дуулж хөгжимдөхөд тухай бүр яг адилхан хариу үйлдлийг бидэнд үзүүлж билээ. Биднийг ийнхүү хүлээн авч, хайрлаж байхыг би өмнө нь хэзээ ч хараагүй билээ.

Тэр орой би гэртээ эргэж ирээд, дуу хөгжим, Аврагчийн тухай захиас, Христийн Мэндэлсний Баярын уур амьсгалаар бий болсон гайхамшиг надад тохиолдсоныг ойлгосон юм. Бид амьдралынхаа хамгийн хүнд үед ч гэсэн Их Эзэний оршихуйгаар тайтгарч чадна. Сүнсний нөлөөгөөр хүмүүс хэрхэн эрс өөрчлөгдөж болдгийг харснаараа би ямар их адислагдсан билээ. Би тэр оройг үргэлж санан, зүрх сэтгэлдээ нандигнан хадгалж явах болно. Сүнс ийм гайхамшгийг ямагт үйлдэж байх болтугай!

Тэмдэглэл

  1. “Амгалан шөнө,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 53.

Зураг чимэглэлийг Грегг Торкелсон