2008
Христийн Ирэлтийн тухай бошиглолууд: Угтах хуанли
December 2008


Христийн Ирэлтийн тухай бошиглолууд

Угтах Хуанли

Та эрт дээр үед хүмүүс Түүний ирэлтэд хэрхэн бэлтгэдэг байсныг санах замаар Христийн Мэндэлсний Баярт бэлтгэж болно.

Библи болон Мормоны Номын олон бошиглогч Есүс Христийн төрөлт, үйлчлэлийн тухай уг үйл явдлаас олон зуун жилийн өмнөөс угтан хэлдэг байсан билээ. Христийн Мэндэлсний Баяраас 12 өдрийн өмнөөс эхлэн энэ Угтах Хуанли нь Аврагчийн төрөлт ба амьдралын тухай судрын эшлэлүүд түүнчлэн Христтэй илүү адилхан байхын тулд өөрийн чинь хийж болох үйл ажиллагаануудын жагсаалт болно. Судруудыг өдөр бүр уншиж, хэрэв хүсэх юм бол, тухайн судартай холбоотой үйл ажиллагааг хий. Та энэ хуанлийн санаануудыг эцэг эхийнхээ зөвшөөрлөөр гэр бүлийн үдэштээ ашиглаж болно.

Ерөнхийлөгч Томас С.Монсон хэлсэн нь: “Янз бүрийн чамин хачин бэлэг сэлттэй Христийн Мэндэлсний Баярыг түр зуур хойш тавиад эргэцүүлэн бодоцгооё. Бүр ээждээ өгөх цэцэг, аавдаа бэлэглэх тусгай зангиа, хөөрхөн хүүхэлдэй, шүглээр дохио өгдөг галт тэрэг, удаан хүсэн хүлээсэн унадаг дугуй, тэр ч байтугай ном, видеогоос татгалзаж, Бурханы соёрхсон, өнө удаан үргэлжлэх бэлгүүдэд бодол санаагаа хандуулцгаая.”1

Христийн Мэндэлсний Баярын үе ойртоход, сурч мэдсэнээ оюун ухаан, зүрх сэтгэлдээ бодож, бусдад үйлчилснээр Христийн Мэндэлсний Баярыг жил тойрон тэмдэглэ.

Арванхоёрдугаар сарын 13

Хуучин Гэрээний бошиглогч Исаиа, цэвэр ариун нэгэн эмэгтэй Тэнгэрлиг Эцэгийн Хүүг төрүүлнэ гэж бошиглосон билээ. Судрын энэхүү шастирыг Христийг мэндлэхээс 700 гаруй жилийн өмнө бичжээ.

“Үзэгтүн, Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд Түүнийгээ Иммануел гэж нэрлэнэ” (Исаиа 7:14; мөн 2 Нифай 17:14 -ийг үз).

“Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна” (Исаиа 9:6; мөн 2 Нифай 19:6-г үз).

Нэг найз, гэр бүлийн нэг гишүүн, эсвэл тойргийн юм уу салбарын нэг гишүүнийг залбирч сонгон ав. Дайлах амттан, жижигхэн бэлэг, судрын бодрол эсвэл Христийн Мэндэлсний Баярын картыг түүнд мэдэгдэлгүйгээр үлдээ.

Арванхоёрдугаар сарын 14

Онгон бүсгүй Мариаг нялх хүү Есүсийн хамт Нифай үзэгдэлд харсан юм:

“Мөн тэр надад хандан: Болгоогтун, таны харж буй тэр онгон бүсгүй бол Бурханы Хүүгийн махан бодь биеийг төрүүлэгч эх нь бөлгөө хэмээв.

“Мөнхүү улиран тохиох дор тэр бүсгүйг Сүнс авч одохыг би харав; мөн Сүнс бүсгүйг авч одсоны дараа хэсэг байзнаад тэнгэр элч надад хандан: Харагтун! хэмээв.

“Мөн би сайхь онгон бүсгүйг харж, гар дээрээ хүүхэд тэвэрсэн байхыг болгоов.

“Мөн тэнгэр элч надад хандан: Бурханы Хургыг, тийм ээ, бүр Мөнхийн Эцэгийн Хүүг болгоогтун! Эцэгийнхээ харсан тэр мод ямар учиртайг мэдэв үү, та? хэмээв. (1 Нифай 11:18–21).

Өөрөө авахын оронд өөрийнхөө өгөхийг хүсдэг Христийн Мэндэлсний Баярын юмсын жагсаалтыг гарга.

Арванхоёрдугаар сарын 15

Бошиглогчид дэлхий дээр Христийн гүйцэтгэх үүрэг зорилгыг бошиглодог байв. МЭӨ150 оны үед амьдарч байсан бошиглогч Абинадайн шастирыг доор харуулав:

“Мөн тийн маханбодь Сүнсний харьяат болж, өөрөөр хэлбэл Хүү нь Эцэгийн харьяат болох учир, нэг Бурхан тул, уруу таталтыг тэвчдэг, мөн уруу таталтанд үл автагддаг, гэсэн ч өөрийгөө доромжлогдохыг, мөн цээрлүүлэгдэхийг, мөн хөөгдөхийг, мөн өөрийн хүмүүсээр эс үнэлэгдэхийг тэвчих бөлгөө.

“Мөн энэ бүгдийн дараа, хүмүүний үрсийн дунд олон хүчит гайхамшиг үйлдсэнийхээ дараа, …

тэрээр хөтлөгдөх болно, тийм ээ, бүр Исаиагийн хэлсэнчлэн, ноос хяргагчийн өмнө хонь хэлгүй лүгээ адил байдаг шиг, тэрчлэн тэрбээр амаа үл нээх болно” (Мозая 15:5–7).

Христийн Мэндэлсний Баярын амттан бэлтгэж, тойргийнхоо эсвэл хэсгийнхээ нэг гэр бүлд өг. Өгөх нь тойргийн эв нэгдэл, нөхөрлөлийг өсгөхөд тусална.

Арванхоёрдугаар сарын 16

Алма МЭӨ 83 оны орчимд Гидеоны хүмүүсийн талаар дараах зүйлийг бошигложээ:

“Бурханы Хүү дэлхийн гадаргуу дээр ирэх болно. …

“Мөн болгоогтун, тэр… Мариагаас төрнө, тэр нь онгон бүсгүй, Ариун Сүнсний хүчээр бүрхэгдэж, мөн хөл хүнд болгогдож, мөн хүү төрүүлэх, тийм ээ, бүр Бурханы Хүүг тээгч болж сонгогдсон мөн хонгорхон нэгэн байх болно.

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө.

“Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл, бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно” (Алма 7:9–12).

Тусламж хэрэгтэй нэг хүнд үйлчлэлийн бэлэг өг. Өөрийнхөө хийж чадах үйлчлэлийг олж мэдэхдээ гэрийхнийгээ туслахыг хүс.

Арванхоёрдугаар сарын 17

Есүс Христ Бурханы бүх хүүхдэд хайртай, нэг ч хүнийг хэзээ ч мартахгүй. Их Эзэн хоньчин байж, төөрсөн хонинуудаа цуглуулна гэдгийг Езекиел бошигложээ.

“Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун. Би Өөрийн хонинуудыг Өөрөө бэдэрч, тэднийг олох болно.

“Тараагдсан хонинуудынхаа дунд байх өдөр хоньчин өөрийн сүрэгтээ санаа тавьдагийн адил, тийнхүү Би Өөрийн хонинуудын төлөө санаа тавьж, үүлтэй болон бүрэнхий өдрөөр тарсан хамаг газруудаас нь тэднийг аврах болно. …

“Би ард түмнүүдээс тэднийг гаргаж…тэднийг уугуул нутагт нь аваачна. Израилын уулс, урсгалуудын дэргэд … тэднийг тэжээх болно” (Езекиел 34:11–13).

Өөрийнхөө дүү, садан төрөл, эсвэл найзтай хамт цагийг өнгөрүүл. Лукийн 2-р бүлэг дэхь Христ мэндэлсэн тухай түүхийг түүнд уншиж өг.

Арванхоёрдугаар сарын 18

Есүс Христ төгс байсан ч, бүх зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн тулд баптисм хүртэх хэрэгтэй байсан. Нифайн цэдэглэсэн Лихайн бошиглолын тухай шастирыг доор харуулав:

“Мөн Иорданы цаад талд Бетабарад тэр [Иохан Баптист] баптисм хүртээх ёстой хэмээн миний эцэг хэлэв; мөн түүнчлэн тэрээр баптисм хүртээх болно; бүр тэрээр Мессиад баптисм хүртээх болно хэмээн тэр хэлэв.

“Мөн тэр Мессиад баптисм хүртээсний дараа, тэрээр бүх дэлхийн нүглийг үүрэх ёстой түүнийг, Бурханы Хурганд баптисм хүртээснээ гэрчлэн мөн нотлон өгүүлэх болно” (1 Нифай 10:9–10).

Тойргийнхоо буюу хөршийнхөө өвчтэй, өндөр настай, эсвэл бэлэвсэн нэг хүнтэй цагийг хамт өнгөрүүлэх замаар цаг хугацааны бэлгийг түүнд өг. Түүнээс Христийн Мэндэлсний Баярын аль нэг дуртай зүйлийнхээ тухай ярьж өгөхийг хүс.

Арванхоёрдугаар сарын 19

Лемен хүн Самуел Аврагчийн төрөлтийн эргэн тойрон дахь шинж тэмдгүүдийн тухай бошигложээ:

“Болгоогтун, би та нар тэмдэг өгье; учир нь дахин таван жил өнгөрөхөд, мөн болгоогтун, тэгэхэд Бурханы Хүү өөрийнх нь нэрэнд итгэх тэд бүгдийг гэтэлгэхээр ирэх болно.

“…Тэнгэрт агуу гэрлүүд байх болно, үүний хэрээр түүнийг ирэхийн өмнө шөнө харанхуй болохгүй, үүний хэрээр энэ нь хүмүүнд өдөр мэт үзэгдэх болно. …

“Мөн болгоогтун, та нарын хэзээ ч хараагүй тийм нэгнийг болгоогүй тэрхүү нэгэн шинэ од гарах болно; мөн энэ нь түүнчлэн та нарт тэмдэг байх болно” (Хиламан 14:2–3, 5).

Христийн Мэндэлсний Баяр өөрт чинь мөн гэр бүлд чинь ямар уламжлалт баяр байдаг тухай хувийн тэмдэглэлдээ бич.

Арванхоёрдугаар сарын 20

Христийг мэндлэхээс өмнө тэнгэр элч Габриел Мариа дээр хүрч иржээ.

“Тэнгэр элч Габриелыг Бурхан Галилын Назар хот уруу зургадугаар сард илгээсэн ажээ.

“Габриел Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв.

“Орж ирээд тэнгэр элч түүнд, Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв. …

“…Чи Бурханы ивээлийг олжээ.

“Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж, хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно” (Лук 1:26–28, 30–31).

Гэр бүлийн гишүүд, найз нартайгаа хамт амьдардаг орчиндоо дуу дуулж үзүүлэх буюу Христийн Мэндэлсний Баярын дуунуудыг гэртээ дуул.

Арванхоёрдугаар сарын 21

Хиламаны ач хүү Нифай Их Эзэний ирэлтийг итгэлтэйгээр хүлээж байв. Гэвч үл итгэгчид түүнд, “Болгоогтун тэр цаг өнгөрсөн, мөн Самуелын үгс гүйцэлдсэнгүй; тиймийн тул, энэ зүйлийн талаарх та нарын баясал болоод та нарын итгэл хоосон байжээ” (3 Нифай 1:6).

Тэгэхэд нь Нифай “гарч мөн өөрөө газарт бөхийн, мөн өөрийн хүмүүсийн тусын тулд Бурхандаа хүчтэйгээр залбиран гуйв” (ш. 11).

Их Эзэн Нифайд хэлсэн нь, “Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун; учрыг болгоогтун, цаг нь ойртлоо, мөн энэ шөнө тэмдэг өгөгдөх болно, мөн ариун бошиглогчдынхоо амаар өөрийн яриулсан бүгдийг би гүйцэлдүүлэх болно гэдгийг дэлхийд үзүүлэхээр маргааш бибээр дэлхийд ирэх болно” (ш. 13).

Хүүгээ бэлэг болгон өргөсөн Тэнгэрлиг Эцэгт залбирлаараа дамжуулан талархал илэрхийл.

Арванхоёрдугаар сарын 22

Христийн төрөлтийн тухай бошиглолууд эцэстээ гүйцэлдсэн билээ.

“Мөнхүү улиран тохиох дор Нифайд ирсэн тэр үгс яригдсаныхаа дагуу гүйцэлдэв; …

“Мөн бошиглогчдын үгсэд итгээгүй байсан нь, газарт унаж, мөн үхсэн мэт болцгоосон нь олон байв, … учир нь өгөгдсөн тэрхүү тэмдэг ирчихсэн байв. …

“Мөнхүү улиран тохиох дор тэр шөнийн турш харанхуй байсангүй, харин энэ нь үд дунд лугаа адил гэрэлтэй байв. …

“Мөнхүү улиран тохиох дор түүнчлэн нэгэн шинэ од үгийн дагуу үзэгдэв” (3 Нифай 1:15–16, 19, 21).

Есүс Христ бидэнд бүхнээс агуу бэлэг болох амиа өгсөн юм. Өөрийн чинь төлөө эцэг эхийнхээ хийсэн сайн зүйлсийн төлөө тэдэнд талархал илэрхийлсэн захидал бичиж, хүндэтгэлээ харуул.

Арванхоёрдугаар сарын 23

Христийн төрөлтийн тухай мэдээг зарлан тунхаглахаар Бетлехемийн зөв шударга хоньчид дээр тэнгэр элч Христийн төрсөн шөнө хүрч ирсэн билээ.

“Тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.

“Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байжээ.

“Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ.

“Тэнгэр элч тэдэнд, Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.

“Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ” (Лук 2:7–11).

Илүү аз жаргалтай, илүү эелдэг найрсаг хүн болох шийдвэр гарга.

Арванхоёрдугаар сарын 24

Христэд итгэгчид бид итгэл, сайн үйлсээрээ жилийн турш өдөр бүр Есүс Христийн гэрчүүд байх болно. Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон дараах гэрчлэлийг хэлжээ:

“Мөн эдүгээ, түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар бидний өгөх хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!

“Учир нь бид түүнийг бүр Бурханы баруун гар талд харсан билээ; түүнчлэн тэрээр Эцэгийн Төрсөн Ганц болой хэмээн гэрчлэх дуу хоолойг бид сонссон билээ-

“Ийнхүү түүгээр, мөн түүгээр дамжин, мөн түүнээс, дэлхийнүүд бүтээгдсэн мөн бүтээгддэг ажгуу, мөн тэдгээрийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид нь бөлгөө” (С ба Г 76:22–24).

Мацгийн болон гэрчлэлийн цуглаан гэхчлэн дараагийн аль нэг боломжтой тохиолдлоор Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалц.

Тэмдэглэл

  1. Томас С.Монсон, “Treasured Gifts,” Лиахона, 2006 оны 12-р сар, 4; Ensign, 2006 оны 12-р сар, 6.

Зураг чимэглэлийг Скотт Греер