2008
Бидэнд байсан зүйл бага гэлтгүй хангалттай байлаа
December 2008


Бидэнд байсан зүйл бага гэлтгүй хангалттай байлаа

Христийн Мэндэлсний Баяр дөхөж байлаа. Гэвч бид энэ жил баяраа уул овоо шиг хоол унд, тоглоомоор тэмдэглэхгүйгээр шийдэв. Аав маань өөд болж, ээж минь бэлэвсэний тэтгэмж, түрээсийн багахан мөнгө л авдаг болсон.

Бид Бразилын Рио де Жанейро дахь орон сууцныхаа том өрөөнд байлаа. Өрөө нам гүм байв. Гэнэт байрны гадаа нэг хүн ирэх шиг чимээ сонсогдлоо.

Би босч цонхны хаалтны завсраар гадагш харлаа. Эндээс манай байрны орц харагддаг юм. Орон гэргүй нэг эмэгтэй харагдав. Тэр эмэгтэй хэдэн хүүдийтэй юмтай, ноорхой хувцастай байлаа. Би түүнийг хэдэн хором ажиглаад, сониуч зан хөдлөн яахыг нь харъя гэж бодлоо. Тэр жижигхэн цаасанд боосон зүйл дэлгэж, хэдэн жигнэмэг аваад идэж эхлэв. Удсан ч үгүй өөр нэг жижигхэн уутны амыг нээж, хэдэн зоос гаргаж ирээд тоолж эхлэв.

Би түүнийг өрөвдөж, “Гадаа нэг настай эмэгтэй байна. Хар даа” гэж ээждээ аяархан хэллээ. Ээж түүнийг хараад бас өрөвдөв. Ээж бидний бага сага мөнгө хадгалдаг лаазыг аваад ир гэж надад хэлээд, чимээ шуугиан гаргалгүй гэрээсээ гарч, орцны цонхоор цаасан дэвсгэртүүдийг доош нь унагав.

Би цонхны дэргэд зогсоод дэвсгэртүүд доош унахыг харж байлаа. Нөгөөх настай эмэгтэй нэг нэгээрээ унаж буй дэвсгэртүүдийг харж байлаа. Тэр эмэгтэй мөнгө хаанаас унаад байгааг мэдэхийг хичээж, байрны цонхнууд руу харж зогсоно. Бүх цонх хаалттай байв. Тэгтэл гайхмаар юм болох нь тэр. Нөгөөх эмэгтэй тэнгэр өөд харж, үрчлээтсэн гараа өргөн сунгав. Тэгээд тэр гараа цээжин дээр тавьж, хүлээн авсан бэлгийнхээ төлөө талархал илэрхийлж байв.

Бидний багахан мөнгө бүр бага юмтай хүнийг баярлуулахад хангалттай байсныг хараад ээж бид хоёр баярласандаа цонхны цаана уйлж байлаа.