2008
Хамгийн сайхан Христийн Мэндэлсний баяр
December 2008


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Хамгийн сайхан Христийн Мэндэлсний баяр

Жилийн энэ үед хаа сайгүй Христийн Мэндэлсний Баярын дуу хөгжим жингэнэн сонсогддог. Би өөрийнхөө дуртай Христийн Мэндэлсний Баярын дуунуудаас, тухайлбал доорх дууг сонссон үед зүрх сэтгэл минь гэр рүүгээ, Христийн Мэндэлсний Баяр руу догдлон тэмүүлдэг билээ.

Та алсын хол явлаа ч

Баяраар гэртээ байхаас илүү

Сайхан газар хаана ч үгүй

Баяраар хэмжээлшгүй аз жаргалтай байхыг

Та хүсч байвал, тэр нь

таны гэрт байдаг юм.1

Нэгэн зохиолч бичихдээ: “Удаан хүлээсэн Христийн Мэндэлсний Баяраа угтан золгох сайхан. Энэ улирал нь нууцлаг, оньсого мэт, ид шидийн байдлаараа цаг хугацааны гадна оршдог мэт санагддаг. Эрхэм сайхан,өнө удаан үргэлж буй тэр бүхэн бидэнд шинэчлэгдэн ирнэ. Тэгэхэд бид дахиад гэр орондоо ирэх шиг болно” гэжээ.2

Ерөнхийлөгч Давид О.МкКей (1873–1970) тунхаглахдаа: “Бусад хүмүүсийг аз жаргалтай болгосноор л жинхэнэ аз жаргал ирдэг. Энэ бол, амиа алдсан хүн түүнийгээ эргүүлж олдог гэсэн Аврагчийн сургаалын биелэлт юм. Товчоор хэлбэл, Христийн Мэндэлсний Баярын сүнс бол Христийн сүнс юм. Эл сүнс ах дүүгийн ёсны хайр, нөхөрлөлөөр бидний зүрх сэтгэлийг дүүргэж, үйлчлэлийн нигүүлсэнгүй үйлст биднийг өдөөдөг билээ.

“Энэ бол Есүс Христийн сайн мэдээний сүнс юм. Энэ сүнсэнд дуулгавартай байснаар ‘дэлхий дээр амар амгаланг’ авчрах болно. Учир нь энэ бол бүх хүмүүнд хандсан сайн санааны үйлс юм.”3

Авах биш, өгөх нь Христийн Мэндэлсний Баярын сүнсийг оргилд нь хүргэхэд тусална. Дайснаа уучилж, найз нөхдөө дурсан, Бурханыг дуулгавартай дагана. Христийн Мэндэлсний Баярын сүнс нь зүрх сэтгэлийг гэгээрүүлснээр бидний дэлхийг үзэх үзэл өөрчлөгдөн юмс, эд баялагт бус хүмүүст анхаарлаа илүү хандуулдаг. Бид “Христийн Мэндэлсний Баярын Сүнс” гэдэг үгний жинхэнэ утгыг ойлгохын тулд 2 үгийг нь гээхэд л болно. Тиймээ энэ нь “Христийн Сүнс” болно.

Түүнийг дурсан санах нь

Бид Христийн Мэндэлсний Баярын сүнсээр бялхаж байвал, жилийн яг энэ мөчид Түүний төрөлтийг дурсан санаж чаддаг билээ. Эрт дээр үеийн бошиглогчдын зөгнөн хэлж байсан Христийн мэндэлсэн тэрхүү анхны өдрийн талаар бид тунгаан боддог. Исаиагийн дараах үгсийг бүгдээрээ санацгаая: “Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд Түүнийгээ “Иммануел”4—“Бурхан бидэнтэй байгаа” гэж нэрлэнэ.

“Тэр цаг ирнэ, мөн энэ нь хол зайтай бус байна, Төгс Хүчит Их Эзэн … маханбодын асарт орших болно” хэмээн бошиглогчид Америк тивд хэлж байсан юм. … Тэрээр уруу таталт, биеийн өвчнийг тэвчих болно. … Мөн тэрээр Есүс Христ, Бурханы Хүү хэмээн нэрлэгдэнэ”5

Тэрхүү ер бусын агуу шөнө хоньчид хээр талд хонож байв. Их Эзэний тэнгэр элч тэдэн дээр хүрч ирэн, Аврагч мэндэлсэн тухай хэлсэн юм. Төд удалгүй дорнодоос Иерусалим руу явж байсан мэргэн хүмүүс, “Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ?” учир нь бид зүүнтэйд түүний одыг хараад, түүнд сөгдөн мөргөхөөр ирлээ гэжээ. …

”Тэд одыг хараад, үлэмж баяр хөөр болж ихэд баярлажээ.

“Тэгээд гэрт орж, Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив”6

Цаг хугацаа өөрчлөгдөж, он жилүүд нүд ирмэх зуур улиран одовч, Христийн Мэндэлсний Баяр ариун нандин хэвээр үргэлжилсээр. Бидэнд цаг хугацааны бүрэн байдлын энэхүү гайхалтай эрин үед бие сэтгэл юугаа бусдад үйлчлэхэд зориулах хязгааргүй боломж бий. Гэвч боломж дандаа бэлэн байдаггүй. Баярлуулах ёстой хүмүүс байдаг. Хэлэх элэгсэг дотно үгс гэж байдаг. Бусдад зориулсан бэлэг гэж байдаг. Хэрэгжүүлэх ёстой үйл хэрэг байдаг. Аврах ёстой хүмүүс байдаг.

Христийн Мэндэлсний Баярын бэлэг

1930-аад оны эхээр Маргарет Кисилевич, түүний эгч Нелли нар хөрш Козискийн гэр бүлийнхэнд барьсан Христийн Мэндэлсний баярын бэлэг нь гэр бүлийнхнийг сүнсээр өдөөсөн тэдний насан туршийн дурсамж байсаар ирсэн юм.

Тэр үед Маргаретынхан Канадын Албертын Тү Хилс гэдэг газар байсан аж. Тэнд Украйн, Польшийн цагаачид олноороо суурьшин фермийн аж ахуй эрхэлдэг байв. Тэд ихэвчлэн олон хүүхэдтэй, нэн ядуу байлаа. Тэр үе бол Эдийн засгийн Их Уналтын үе байв.

Маргаретын гэр бүл 15 хүүхэдтэй байлаа. Маргаретын ээж ажилч махруу, аав нь бүтээлч нэгэн байсан бөгөөд хүүхдүүдтэйгээ нийлээд уулыг ч эргүүлэхээр мундаг хүчтэй байж. Иймээс орон гэр нь эгэл даруухан ч, үргэлж дулаахан, тэд мөр бүтэн, гэдэс цатгалан байдаг байв. Зун болохоор тэднийхэн том талбайд ногоо тарьж, байцаа, ногоон гоньд даршлан, гэрийн бяслаг, цөцгий хийж зардаг байлаа. Тэднийх бас тахиа, гахай, үхэртэй байв. Тэднийхэнд мөнгө бараг нүдний гэм байсан ч, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүнээ зарж өөрсдөдөө байдаггүй эд юмсаа худалдаж авдаг байлаа.

Маргаретын ээж нь зүүн европоос хамтдаа цагаачлан ирсэн олон найзтай байв. Ээжийнх нь найзууд дэлгүүртэй байсан бөгөөд дэлгүүр нь тэр хавийн хүмүүсийн хуучин илүү гутал, хувцасаа хандивлаж, солилцох юм уу худалдан авч, зардаг газар болжээ. Тэр хуучин хувцас, эд юмсын олон нь ч Маргаретын гэр бүлээр дамжсан даа.

Альбертагийн өвөл хүйтэн, урт, хахир хатуу болдог байв. Нэгэн хүйтэн, хатуу хахир өвөл Маргарет, Нелли хоёр хэдэн километрийн зайтай хөрш Козискийн гэр бүл маш ядууг олж мэджээ. Козискийнхны аав нь хүүхдүүдээ гар хийцийн чаргаар сургуульд нь хүргэж өгчихөөд, буцахынхаа өмнө дандаа сургууль руу орж, шавар пийшингийн дэргэд дулаацдаг байв. Тэднийхэн уранхай даавуу, шуудайг тууз хэлбэрээр хайчилж, хөлөө ороогоод сүрлээр ул хийж, чанга гэгч нь уян гутал болгон өмсдөг байв.

Маргарет, Нелли хоёр Козискийн гэр бүлийг хүүхдүүдээ сургуулиас нь авах замд нь Христийн Мэндэлсний Баярын зоогт урихаар шийджээ. Эгч дүү хоёр энэ урилгын тухай гэрийнхэндээ хэлэхгүй байхаар шийдсэн аж.

Христийн Мэндэлсний Баярын өглөөний үүрийн гэгээ туяарахтай зэрэгцэн Маргаретын гэр бүлийнхэн үд дунд болох баярт бэлтгэн толгой өндийх завгүй байлаа. Урьд шөнө нь том гахайн махыг шарж болгохоор пийшинд хийсэн байлаа. Байцааны ороомог, цагирган боов, хар чавга, элсэн чихэр хайлуулж хийсэн тусгай чихрийг урьдчилан бэлтгэсэн байв. Даршилсан байцаа, өргөст хэмх, хүнсний ногоо зэрэг нь уг цэсэнд мөн багтдаг байлаа. Маргарет, Нелли хоёр шинэхэн хүнсний ногоог цэвэрлэж бэлтгэх ажлыг хариуцаж байв. Хоёр охин нь яагаад ийм их төмс, лууван, хүрэн манжин хальсалж байгааг ээж нь хэд дахин асуухад, охид нь юу ч хэлэлгүй ногоогоо хальсалсаар л байв.

Аав нь 13 хүн морин чарганд суугаад гэр рүү нь чиглэн ирж явахыг эхлээд анзаарчээ. Тэрээр моринд нүдтэй хүн болохоор чарга хөллөсөн морьд холоос ирснийг андсангүй. “Козискийнхэн ирж явдаг чинь юу билээ?” гэж тэр эхнэрээсээ асуув. “Мэдэхгүй л дээ” гэж эхнэр нь хариулж гэнэ.

Тэднийг ирэхэд Маргаретын аав ноён Козискид морьдоо жүчээнд оруулахад нь туслав. Хатагтай Козиски Маргаретын ээжийг тэвэрч, Христийн Мэндэлсний Баярт тэднийг урьсанд нь талархал илэрхийллээ. Тэгээд тэд бүгдээрээ гэрт орж, баяр эхлэв.

Томчууд эхлээд хооллож, дараа нь аяга тавгаа угаагаад, хүүхдүүд ээлжээр хоол иджээ. Баяр тун сайхан болов. Бусадтай хуваалцсан нь энэ баярыг улам ч сайхан болгосон аж. Хоол идэж дууссаны дараа бүгдээрээ Христийн Мэндэлсний баярын дуунууд дуулав. Тэгээд томчууд дахин яриа хөөрөө өрнүүлэв.

Энэрлийн үйлдэл

Маргарет, Нелли хоёр хүүхдүүдийг унтлагын өрөөнд аваачин, ээжийнхээ найз нарын өгсөн багадсан хувцсаар дүүрэн хайрцагуудыг орон доороос гаргаж ирэв. Үнэхээр хөл хөгжөөн, баяр хөөрөөр дүүрэн сайхан мөч боллоо. Хүн бүр гартаа тааралдсан хувцас гутлаа авч, өмсөж үзэн хоромхон зуурын дотор тэд загварын шоу үзүүлэв. Тэд маш их чимээ шуугиан гаргаж байсан тул унтлагын өрөөнд юун их шуугиан болоод байгааг мэдэх гэж Маргаретын аав орж ирэв. Козискийн хүүхдүүд “шинэ” хувцастай болсондоо магнай хагартал баярлан шуугилдаж байгааг нь хараад инээмсэглэж, “За үзээд, өмсөөд, аваад бай!” гэжээ.

Хүйтэрч, нар жаргахаас өмнөхөн Маргаретын гэрийнхэн, сайхан хоол идэж, сайн гутал хувцастай болсон найз нараа үджээ.

Маргарет, Нелли хоёр Козискийнхныг урьсан тухайгаа хэнд ч хэлээгүй байснаа Маргарет Кисилевич Райт 1998 онд 77 дахь Христийн Мэндэлсний Баяраар анх удаа энэ нууцыг гэр бүлтэйгээ хуваалцсан гэдэг. Тэр удаагийн Христийн Мэндэлсний Баяр миний хувьд хамгийн сайхан баяр байсан гэж Маргарет хэллээ.

Хэрэв бид Христийн Мэндэлсний Баярыг хамгийн сайхан болгохыг хүсвэл, Христийг дагахыг хичээх ёстой. Бид Христэд ойр байхыг, Түүгээр удирдуулахыг хичээх ёстой. Түүний зам мөрөөр алхах тутамд биднээс эргэлзээ арилж, үнэнийг олж авна.

Назарын Есүсийн тухай “бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ” хэмээн өгүүлсэн байдаг.7 Ийм болох шийдвэр төгс байдал бидэнд бий бил үү? Ариун бичээсийн нэгэн мөр бидний Их Эзэн бөгөөд Аврагчид хүндэтгэл үзүүлэн өгүүлэхдээ, Тэрээр “сайныг үйлдэж явсан юм.… Учир нь Бурхан түүнтэй хамт байсан” гэжээ.8

Бид Христийн Мэндэлсний энэ удаагийн баяраар, мөн ирээдүйд тохиох бүх баяраар Түүний зам мөрийг дагахын төлөө би залбирч байна. Тэгснээр Христийн Мэндэлсний баяр бүхэн хамгийн сайхан нь байх болно.

Есүсийн Төрөлт, Антонио Коррегио, © Superstock, хуулбарлаж болохгүй

Маргарет, Нелли хоёр хүүхдүүдийг унтлагын өрөөнд оруулан, ээжийнхээ найз нарын өгсөн багадсан хувцсаар дүүрэн хайрцагуудыг орон доороос гаргаж ирэв. Үнэхээр хөл хөгжөөн, баяр хөөрөөр дүүрэн сайхан мөч боллоо. Хүн бүр гартаа тааралдсан хувцас гутлаа авч, өмсөж үзэн хоромхон зуурын дотор тэд загварын шоу үзүүлэв.

Даниел Люисын зураг чимэглэл; баруун талд: Дорнодын Мэргэн хүмүүс, Харри Андерсон, © Долоо дахь Өдрийн Адвантист Сүм, хуулбарлаж болохгүй; Бусад Фотографийн гэрэл зураг