2008
Зарим гишүүд нь сүмийн гишүүн бус гэр бүл дэх ариун сүмийн адислалууд
December 2008


Зарим гишүүд нь сүмийн гишүүн бус гэр бүл дэх ариун сүмийн адислалууд

Би Ариун сүмд орсноор Сүмийн гишүүн биш нөхөр, хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа минь сайжирсан юм.

Би 1986 оны 6-р сард ээжийгээ хишгийг нь хүлээн авахуулахын тулд Альбертын Карстон Ариун сүм рүү авч явсан. Би өөрийнхөө хишгийг хүртчихсэн л дээ. Харин би гишүүн бус нөхөртэйгөө Британийн Колумбын алслагдсан нутагт амьдарч байсан болохоор ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн хугацаа дууссан байв. Тиймээс би ээжийгээ зөвшөөрлийн бичиг шалгадаг ширээний дэргэд хүргэж өгөөд цааш нь дагаж явах боломжгүй болов. Би гадаа үлдэж, ариун сүмийн хана налж зогсоод, уйлав.

Үүний дараа, би ариун сүмийн гадаа дахиад хэзээ ч үлдэхгүй гэж хатуу шийдсэн. Нөхөр маань миний энэ шийдвэрийг дэмжив, ингээд би удалгүй чадлынхаа хэрээр ариун сүмд орж байх болсон билээ. Ариун сүмд би хувийн амьдралыг минь бас гэрийнхэн, найз нартайгаа харилцах харилцааг минь үлэмж өөрчилсөн зарчмуудыг сурч мэдсэн.

Амьдралд минь гарсан өөрчлөлт

Нэгдүгээрт, би илүү сайн болсоноо ажигласан. Би зан авираа хянах гэж олон жил хичээгээд төдийлөн амжилт олоогүй юм. Надад Ариун сүмийн шүтлэг Тэнгэрлиг Эцэгтэй, бас бусад хүмүүстэй харилцах харилцааны тухай заасан учраас миний зан чанарт өөрчлөлт гарсан. Гэр бүл, найз нар маань намайг дэлхийд ирэхээс өмнө миний таньдаг хүмүүс байсныг би ойлгож ухаарсан. Тэд миний амьдралд минь саад болох юм уу эсвэл намайг харамсахад хүргэх биш харин амьдралаас сургамж авч суралцахад минь хамтран ажиллах ёстой ажээ. Гэр бүл, найз нар маань надад заадаг зүйлийг сурч мэдэхийг би хичээснээр энэ талын нэлээд ойлголттой болсон. Би тэднийг шахаж шавдуулалгүй, өөрсдийнхөө хурдаар өсч хөгжих боломж олгож, тэвчээртэй хандах болсон. Амьдрал бол би өөрөө аз жаргалтай байхын тулд төгс байхыг бусдад заахаар чармайх явдал биш гэдгийг би бас ухаарч ойлгосон. Хайртай хүмүүстэйгээ хамт төгөлдөршилт рүү тэмүүлэх нь аз жаргалтай аялал юм.

Хоёр дахь өөрчлөлт нь нөхөртэйгөө харилцах харилцаанд минь гарсан юм. Гэрлэхээсээ өмнө би нөхрөө гэр бүлийнхээ тэргүүний хувьд хүндэтгэн дээдэлж, ийм харилцаанаас гажихгүй байхаар хатуу шийдсэн юм. Ингэж шийдсэн ч, би нөхрийнхөө сонголтыг хүлээн авахад зөрчилдөж, зарим үед түүний зуршил миний аз жаргалд нөлөөлөхөд хүрдэг байв. Ариун сүмд орсноор бид хоёрт мөнхийн хань болж хамтдаа төгс төгөлдөр болох боломж байгааг мэдсэн. Бид хоёр хамтран ажилласнаар нэг хүн шиг төгс нэгдмэл болох юм байна гэдгийг ойлгосон билээ. Бидний сул тал болон хүч чадал, сонирхол болон авьяас чадвар бие биенийхийгээ нөхдөг байлаа. Ингэснээр бид тус тусдаа хүн биш, харин илүү хүчирхэг, нэгдмэл нэг баг болсон юм.

Нөхрийнхөө санал бодлын ялгааг хүлээн зөвшөөрч сурснаар би шүүмжлэхээ эрс багасгаж, ханийн амьдралдаа дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг шиг эв нэгдэлтэйгээр хамтран ажиллах уур амьсгалыг бий болгосон билээ. Би өөрийнхөө хүсдэг шиг тийм хүн болон түргэн өсч хөгжиж байгаагаа мэдсэн. Түүнээс гадна, нөхөр маань надаас илүү их хамтын ажиллагаа гарч байгааг мэдэрч намайг улам ихээр хайрладаг болсон.

Гурав дахь сайжралт миний хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд гарсан юм. Одоо хүүхдүүд маань өсч том болж байна. Иймээс би дөрвөн хүүхдийнхээ амьдралыг ийм тийм байх ёстой гэж хөндлөнгөөс оролцох биш, харин өөрсдийнхөөрөө амьдрах боломжийг тэдэнд олгох ёстой гэдэгт итгэдэг. Хүүхдүүдийн маань зарим нь Сүмд идэвх султай байгаа ч, би тэдний сонгох эрхийг хязгаарлахгүйгээр сайн нөлөө үзүүлэхийг хүссэн хэвээр байна. Би нэг удаа ариун сүмд орохдоо хүүхдүүдийнхээ нэрийг залбирлын хайрцагт хийж, тэдний төлөө чин сэтгэлээсээ удаан залбирсан. Хүүхдүүдийн минь хувьд бүх зүйл сайн сайхан байх юм байна гэсэн амар амгалангийн онцгой сайхан итгэл надад төрж билээ.

Би хожим нь энэхүү итгэлийн талаар бодоод, хүүхдүүдийг минь Тэнгэрлиг Эцэг миний хайрладгаас илүү хайрладгийг ойлгосон. Учир нь Тэрээр хүүхдүүдийг минь надаас илүү сайн ойлгосон билээ. Тэнгэрлиг Эцэг хүүхдүүдийг минь Өөртөө эргэн очихын төлөө адислахыг хүсдэг. Бас Тэрээр суралцах боломжоор тэднийг хангах болно. Одоо би санаа зовсон үедээ дээрх туршлагыг санаж, өөрийнхөө чадах юмыг хийдэг. Харин үлдсэнийг нь Их Эзэн хийнэ гэдгийг би мэднэ.

Амьдралд минь гарсан дөрөв дэх өөрчлөлт бол надад бий болсон амар амгалангийн мэдрэмж юм. Эл мэдрэмж ариун сүмд орсноос үүдэлтэй бөгөөд мөнхийн хэтийн төлөвийн талаар илүү сайн ойлголтыг надад өгсөн билээ. Их Эзэн бүх зүйлийг харж, хянаж байдаг гэдэгт, энэ дэлхийд ая тухтай сайхан амьдрах хангалттай нөөц боломж бий гэдэгт, хилэнцийн цөл дотор ариун журмын баян бүрдүүд байх болно гэдэгт би бат итгэлтэй байна. Ганцаараа байх тухай бодохыг би ер нь больсон шүү. Ариун Сүнс бол миний хамтрагч мөн. Иймээс би залбирлаар дамжуулан Тэнгэрлиг Эцэгтэйгээ насан туршдаа ярьж чадна. Урьд нь би шийдвэр гаргах гэж үйлээ үздэг байлаа. Одоо бол би Сүнсний өдөөлтийг эрэлхийлж, энэхүү өдөөлтийн дагуу сонголт хийдэг болсон. Бусад хүмүүс миний бодож байгаа шиг амьдрахыг шаардах хэрэггүй гэж би боддог болсон учраас одоо “авралаа гүйцээх” (Мормон 9:27) илүү цаг хугацаа, эрч хүч надад байна.

Энэхүү шинэ төлөв байдал миний мөрөн дээрээс минь их ачаа дарамтыг хөнгөллөө. Энэ талаар Их Эзэн ийн хэлсэн байдаг:

“Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

“Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн” (Матай 11:29–30).

Гэр бүлийн адислалууд

Ариун сүмд тогтмол орсноор зөвхөн хувь хүний амар амгалан, өөртөө итгэх итгэл, тэвчээр зэрэг надад өгдөг адислалууд байдаг болохоор ариун сүмд орох нь надад л хэрэгтэй байх болно. Гэвч намайг болон гэр бүлийг минь адисалсан бусад олон туршлага бидэнд тохиолдсон юм.

  • Би гэр бүлийн түүхийн ажилд оролцож, одоо амьд байгаа болон хөшигний цаана одсон гэр бүлийнхээ гишүүдийн талаар олон сонирхолтой мэдээлэл цуглуулаад байна.

  • 1993 оны арваннэгдүгээр сард манай хоёр дахь охин ариун сүмд гэрлэж, лацдан холболтод нь байлцах боломж надад олдсон юм.

  • Нөхөр маань гэрлэснээсээ хойш 37 жилийн дараа буюу 2006 оны тавдугаар сард Сүмд нэгдэв. 2007 оны наймдугаар сард би нөхөртэйгөө лацдан холбуулж, бас хоёр дахь охин минь бид хоёртой лацдан холбуулсан. Ууган охин маань 2006 оны арваннэгдүгээр сард нөхөр, охин хоёртойгоо лацдан холбуулж, 2008 оны наймдугаар сард бидэнтэй лацдан холбууллаа.

Намайг долоотой байхад баптисм хүртэх замд оруулж, хожим нь ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахад сүнслэгээр нөлөөлсөн ээждээ би насан туршдаа талархаж явдаг. Ээжийнхээ үлгэр жишээг дагасан нь надад олон адислал авчирсан юм. Бас манай гэр бүлийн бусад гишүүд ч эдгээр адислалуудыг хүртсэн билээ.

Би ариун сүмд ороод, нөхөр бид хоёрт төгс төгөлдөр мөнхийн хань байх боломж байгааг мэдсэн билээ. Бид хоёр эв нэгдэлтэй байж, хамтран ажиллавал тус тусдаа хүн байснаас илүү хүчтэй байх болно гэдгийг энэхүү шинэ төлвөөс харсан юм.

Гэрэл зурган чимэглэлийг Крейг Даймонд; Жэд А.Кларкийн авсан Альбертийн Кардстон Ариун Сүмийн гэрэл зураг