2008
Христийн Мэндэлсний Баяраар хүлээж авсан миний хамгийн сайхан бэлэг
December 2008


Христийн Мэндэлсний Баяраар миний хүлээж авсан хамгийн сайхан бэлэг

Ээж маань хүндээр өвчлөхөд би дөнгөж хоёрхон настай байсан. Хамт орхих ямар ч хүн байгаагүйн улмаас ээж минь намайг Боливийн Тюпиза дахь эмнэлэг рүү авч очсон гэдэг. Түүнээс хойш нэг их удалгүй, ээж минь намайг цор ганцааранг минь орхиод өөд болсон юм.

Бага байхад, мөн өсвөр насанд хүрч байх үедээ би нэг газраас нөгөөд шилжин явсаар, гэр орон гэр бүлтэй байх гэгч ямар байдгийг мэдэхгүй, ямар ч бэлэг-тэр тусмаа төрсөн өдрөөрөө ч Христийн Мэндэлсний баяраар ч бэлэг авч үзээгүй байлаа.

Цор ганцаараа болохоор би бага насандаа олон бэрхшээл, аюултай тулгарч байлаа. Би хэзээ ч ганцаараа байгаагүй, нэгэн үл үзэгдэх гар намайг харж хандаж байсныг хожуу мэдсэн.

Би 15-н настайдаа Хожмын үеийн Гэгээнтэн айлд амьдрахаар уригдав. Надаас арай эгчмэд тэдний охин намайг Мючелд авч очлоо. Тэнд хүн бүр надад баяр хүргэж, анхаарал тавьж байв. Бага насанд минь хүмүүс анх удаа надад хайр, нинжин сэтгэлээр хандсан нь энэ байлаа.

Намайг номлогчдод танилцуулж, тэд надад хичээл зааж эхлэв. Хайраар дүүрэн Тэнгэрлиг Эцэг надад байдгийг би удалгүй мэдсэн. Тэрээр намайг хүн болж, хөрст дэлхийд хөл тавьсан цагаас хойш хамгаалж ирсэн ажээ. Би сайн мэдээг хүлээн авч, 1978 оны Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдөр баптисм хүртэв. Тэр орой би Христийн Мэндэлсний Баярын анхныхаа, өдий хүртэл сэтгэлд хоногшин үлдсэн, хамгийн сайхан бэлгийг хүлээн авсан юм. Их Эзэний сүмийн гишүүн болсон нь тэр билээ.

Бусад бэлгүүд үүний араас ирсэн дээ. Хоёр жилийн дараа би Сүмийн гишүүн биш нэг залуутай танилцлаа. Би түүнийг сүм дээр дагуулж очдог байлаа. Баптисмын гэрээгээ хийснийх нь дараа бид хоёр гэрлэсэн. Хожим нь нь Тэнгэрлиг Эцэг нөхөр бид хоёрыг гурван хүүхдээр адисалсан. Хүүхдүүд маань Аргентины Буэнос Айресын Ариун Сүмд энэ амьдралд болон үүрд мөнхөд бидэнтэй лацдан холбуулав.

Бага байхад намайг хүн бүр “хөөрхий жаахан өнчин охин” гэдэг байлаа. Өнөөдөр би үүнийг санаад баярлан талархдаг. Учир нь намайг үргэлж хайрладаг Эцэг надад байдгийг би мэдсэн. Би Аврагчийн хязгааргүй хайрыг бүх зүрх сэтгэлээрээ мэдэрсэн хүн. Тэрээр Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн Сүмийг сэргээсэн юм. Иосеф Смит мөнх бус байдлын өмнөх дэлхийд сонгогдсон бөгөөд Мормоны Номыг орчуулахын тулд нөр хичээнгүй хөдөлмөрлөсөн билээ. Мормоны Ном сайн мэдээний бүрэн байдлыг агуулдгийг би мэднэ.

Би 15-н настайдаа Христийн Мэндэлсний Баярын анхныхаа бэлгийг хүлээн авсан. Тэр цагаас хойш би Их Эзэний нигүүлслийг хүртсээр байна. Би анхны тэр бэлгийн төлөөх талархлыг өдий хүртэл зүрх сэтгэлдээ тээсээр явдаг. Бас дараагийн амьдралд санаа бодлоо төвлөрүүлэхийг чармайж, тэнд очоод Эцэг Хүү хоёрт талархал илэрхийлэн, хайртай гэр бүлтэйгээ үүрд хамт амьдрах найдварыг сэтгэл зүрхэндээ тээсээр явна.