2008
Эх орны нөгөө өнцгөөс ирсэн Христийн Мэндэлсний Баярын мэнд
December 2008


Эх орны нөгөө өнцгөөс ирсэн Христийн Мэндэлсний Баярын мэнд

Гэр бүлийн минь хувьд дуу хөгжим үргэлж л чухал орон зайг эзэлсээр ирсэн. Эгч маань төгөлдөр хуур тоглоод, би таван дүүтэйгээ тойрч зогсоод дуртай Сүмийн дуугаа дуулж өссөн. Энэ цаг миний хамгийн сайхан дурсамжуудаар дүүрэн үе юм.

Би ахлах сургууль төгссөнийхөө дараа гэр бүлтэйгээ ойрхон амьдарч байв. Тэгээд дараа нь манай хотод томилогдон ажиллаж байсан, Нэгдсэн Улсын Агаарын Цэргийн хүчний ангийн нэг сайхан залуутай гэрлэв. Жил хагасын дараа нөхөр маань эх орныхоо нөгөө талд байрладаг цэргийн баазад ажиллах болж бид, хоёр настай охинтойгоо хамт шилжлээ. Бид дахиад нэг хүүхэдтэй болж, хоёр хүүхдэдээ бүх мөнгөө зарцуулж, аав ээж, ах дүүстэйгээ очиж уулзах ямар ч боломжгүй байв. Аав ээж хоёр маань гэртээ зургаан хүүхэдтэй, бас л бидэнтэй уулзаж чадахааргүй байсан цаг. Би аав ээж, ах дүүсээсээ алс хол амьдарч, дээрээс нь цэргийн томилолтоор байнга явдаг нөхрөө санснаасаа болоод үе үе ганцаардаж байгаагаа мэдэрдэг болсон. Баярын үеэр бүр ч хэцүү байлаа.

1996 оны Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдөр нөхөр бид хоёр хүүхэдтэйгээ Христийн Мэндэлсний уламжлалт Баярынхаа өмнөх өдрийн үйл ажиллагаанд оролцож байтал аав, ээж, дүү нар минь бодогдоод ер болж өгөхгүй байв. Би цаг руугаа хараад аав, ээж дүү нар маань шалан дээр нямбайлан дэвссэн бүтээлгэн дээр бүгдээрээ сууж, “Христийн Мэндэлсний баярын зоог” жимс, жижигхэн хиам, бяслаг, жигнэмэг идэж, аав маань Христийн төрөлтийн тухай шастирыг судруудаас уншиж байгаа гэдгийг төсөөлж байлаа. Би тэдний царайг санаандаа дүрслэн бодлоо. Ганцхан өөрийгөө л дүрслэн бодсонгүй.

Би ийн бодох зуураа, аав ээж, дүү нартайгаа илүү холбоотой байх арга замын төлөө залбирав. Гэнэт утас дуугарч, тэгээд нэг мэдэхэд л ээжтэйгээ ярьж байх нь тэр. Ээж маань бидэнд хэлэх юм байгаа гэж надад хэлэв. Би утасны чанга яригч дээр дарлаа. Гурван эмэгтэй дүү маань төгөлдөр хуурынхаа дэргэд “Миний сонсож байгааг та сонсож байна уу?” дууны хамгийн гоё хувилбарыг дуулж байгааг бид сонслоо. Утаснаас сонсогдож байгаа эвлэгхэн гурвал дууг сонсоод нөхөр бид хоёр нүд дүүрэн нулимстай сууж байлаа. Аав ээж дүү нар маань бидэнтэй хамт өрөөнд минь байгаа юм шиг санагдаж байлаа.

Дүү нарын маань эгэл жирийн дуу Христийн Мэндэлсний Баярын тэр өмнөх өдрийн сайхан уур амьсгалыг гэр оронд маань авчирсан юм. Үүнийг би сэтгэл зүрхэндээ үргэлж нандигнан тээж явах болно. Христийн Мэндэлсний тэр баяраар бидний хүлээн авсан бүх бэлэг, дэлгүүрээс худалдан авч, нямбайлан боогоод, илгээсэн хүн, хүлээн авагч хүний нэрийг дээр нь бичсэн олон бэлэг дотроос тэр дотно сайхан дуу бидний хувьд хамгийн үнэтэй бэлэг байлаа.