2008
Асуулт, хариултууд
December 2008


Асуулт, хариултууд

“Би залбирлаа давталт багатай, утга төгс болгохын тулд юу хийж болох вэ?”

Хоосон давталт бол зайлсхийх ёстой зүйл гэдгийг судруудад заасан байдаг (Матай 6:7-г үз). Заримдаа чухал зүйлсийг залбиралдаа давтах хэрэгтэй болдог. Гэвч бодолгүйгээр үгсийг давтах юм бол, хэрэг дээрээ Тэнгэрлиг Эцэгтэй харилцахгүй байна гэсэн үг. Хоосон давталтаас зайлсхийхийн тулд “үнэн санаатайгаар” (2 Нифай 31:13; Моронай 7:9; 10:4-ийг үз) залбирч сур. Энэ бол чин сэтгэлийн бөгөөд итгэлээр үйлдлийг хэрэгжүүлэх зорилготой залбирал юм.

3 Нифайд Аврагчийн шавь нар “зогсолтгүйгээр” залбирч байсан боловч “тэд олон үг нуршсангүй, учир нь юу гэж залбирах нь тэдэнд өгөгдсөн байв” (3 Нифай 19:24). Ариун Сүнс залбирлыг чинь удирдаж, утга төгс болгож чадна (Ром 8:26-г үз). Нам гүм газарт, яарахгүйгээр, залбирах цаг гаргахад чинь Ариун Сүнс тусална.

Эцэст нь, өөрийнхөө залбирч болох олон өөр юмсын тухай бод. Чи өдөр бүр олон адислал хүлээн авдаг, мөн чамд олон нөхцөл байдалд Тэнгэрлиг тусламж хэрэгтэй. Адислалуудынхаа төлөө Тэнгэрлиг Эцэгт талархал илэрхийлж, хэрэгтэй зүйлсээ хүсч залбир. Уучлалын төлөө, бэрхшээл хүндрэлд тусламж авахын төлөө, хүчтэй гэрчлэлийн төлөө бас уруу таталтаас хамгаалалт эрж залбирч болно.

Бусдын төлөөх залбирал

Заримдаа бид залбирахдаа зөвхөн өөрсдийнхөө тухай, өөрсдийнхөө хүсдэг зүйлийн тухай л боддог. Үүнээс үүдээд, надад, бид чинь амин хувиа хичээдэг хүмүүс үү гэсэн бодол төрдөг. Бусад хүмүүс, тэдний хэрэгцээний талаар бас бодож бай. Адислал бүрээ тоолж, энэхүү адислалуудын төлөө Тэнгэрлиг Эцэгт таларх. Залбирал бол зөвхөн бидний хүсэлт, гачигдал зовлонг Тэнгэрлиг Эцэг сонсохын төлөө биш, бас бид Түүнийг сонсохын төлөө юм. Хэрэв бид хүсч байгаа юмаа хам хум дуржигнуулчихаад, орондоо харайгаад орчихвол, яаж илчлэлт хүлээж авах вэ дээ? Тэнгэрлиг Эцэг биднээр юу хийлгэхийг хүсч байгааг асуу. Тэгвэл чи улам сайн хүн болно.

Ребека В., 16 настай, Айдахо, АНУ

Ариун Сүнсэнд өөрийгөө удирдах боломжийг олго

Ямар юманд өөрөө хамгийн их талархалтай байгаагаа, бас амьдралд чинь юу хамгийн их хэрэгтэй байгааг бодох цаг гарга. Сүнс чамайг удирдаж, хариулт болон зөвлөмжүүд нь тодорхой санаа, бодол, өдөөлтийн хэлбэрээр ирдэг. Эдгээр санаа, бодлуудыг ирээдүйд ашиглахын тулд тэмдэглэлдээ бичин хадгалж болно.

Ахлагч Себо, 21 настай, Техас Хьюстон Номлол

Өдөр юу хийснээ тунгаан бод

Би орой залбирахдаа, судруудаас юу уншсанаа боддог. Би ямар зөв зүйл хийснээ, цаашид юуг сайжруулах хэрэгтэй байгааг санахыг хичээдэг. Тэр өдөр тохиолдсон бэрхшээлийг даван туулахад туслахыг Тэнгэрлиг Эцэгээс гуйж болно. Зөвлөгөөг нь үргэлж санахад тусалж, үүнийг дагах хүч чадлыг надад өгөхийг Тэнгэрлиг Эцэгээс гуйдаг. Өдөр бүр өөр байдаг болохоор, бидэнд тогтсон зуршил байлаа ч гэсэн, өөр өөр зүйл ямагт тохиолдох болно. Ийм учраас, бид өнгөрсөн өдрийн тухай тунгаан бодох юм бол, хүсэх болон талархал илэрхийлэх юмс өөр өөр байх болно.

Кейтия Ф., 20 настай, Палмас, Бразил

Чангаар залбирч бай

Ганцаараа байж, чангаар залбирч болох цаг, газрыг ол. Чангаар залбирах үед залбирал чинь илүү хувийн шинжтэй, илүү утга төгс сонсогддог. Ингэвэл хоосон давталтаас зайлсхийх, оюун ухаанаа төвлөрүүлэхэд амар байдаг. Ийм залбирал үнэхээр Тэнгэрлиг Эцэгтэй ярилцаж байгаа юм шиг байдаг.

Ахлагч Марра, 20 настай, Колорадогийн Колорадо Спрингс Номлол

Залбираад сонс

Их Эзэнд итгэх болон Түүнтэй харилцах харилцааныхаа чанарыг дээшлүүлэх хэрэгцээг мэдэрсэн үедээ хүсч байгаа зүйлийнхээ тухай бодож, тэгээд залбирахаар өвдөг сөгд. Тэнгэрлиг Эцэгийг өөрийнхөө аав гэж төсөөлөн бодоод аавтайгаа ярьж байгаа юм шиг ярь. Мэдэрч байгаа бүхнээ Түүнд хэл. Зүрх сэтгэлээ нээн, чин үнэнээсээ ярь. Түүнд итгэ, Түүнд талархлаа илэрхийл, Түүнээс уучлал гуй, Түүнтэй нөхөрлөхийг эрхэмлэж, хайраа Түүнд илэрхийл, тэгээд дараа нь хариуг чих тавин сонс.

Раел А., 20 настай, Мехико хот, Мексик

Тодорхой зүйлүүдийн төлөө залбир

Урьдаас төлөвлөж, бүр хэдхэн минутанд ч гэсэн багтаагаад бодол санаа, хамгийн чин сэтгэлийн хүслээ дотроо тоймлон бодох юм бол чи Тэнгэрлиг Эцэгтээ хандан хэлэх үгс дээр илүү их анхаарал төвлөрүүлнэ. Гэр бүл, төрөл төрөгсдийнхөө тухай, бас өөрийн чинь залбирал хэрэгтэй байж болох бусад хүмүүсийн тухай бод. Тусламж, удирдамж, хамгаалалт хэрэгтэй олон хүн байдаг.

Адислал бүрийг онцгойлон авч үзэж, нарийн тодорхой залбирснаар “Өнөөдөр сайхан өдрийг өгч намайг адислаач” гэх юм уу “Бусад хүмүүст сайн үлгэр дуурайл үзүүлэх шийдвэр гаргахад намайг удирдана уу” гэх мэтийн улиг болсон загварыг өөрчилж чадна. Адислал бүрийг тусад нь авч үзэн, тодорхой зүйлд анхаарал хандуулсан залбирал зүрх сэтгэлд чинь ойр дотно юм. Учир нь ийм залбирал зорилгоороо Христийнхтэй илүү адилхан болдог.

Ханна Т., 14 настай, Мэриланд, АНУ

Бусаат Гэрэл Зургийн Газрын авсан Ерөнхийлөгч Монсонгийн гэрэл зураг