2008
Санаанд оромгүй сургамж
December 2008


Санаанд оромгүй сургамж

Би ажлын шугамаар Нью-Йорк хотод шилжиж ирсэн юм. Арванхоёрдугаар сарын нэгэн орой шинэ орон сууцандаа тавилга худалдаж авахаар дэлгүүр явлаа. Саяхан хотод шуурга болсон болохоор гудамжинд өвдөгөөр татсан хунгартай байлаа. Баярын худалдаа хийхээр явж буй олон хүнээр дүүрсэн галт тэрэг рүү орохдоо би дулаан гэгчийн хүрэм өмссөн байлаа.

Би галт тэрэг ирэхийг хүлээх зуураа авах зүйлсийнхээ тухай бодож зогсов. Тэгээд галт тэрэг ирэхэд дотогш орж, суудал хайж тойруулан харлаа. Хамгийн ойрхон суудал гэр оронгүй нэгэн өвгөний өмнө байв. Өвгөн дулаан хүрэм, зузаан хувцасгүй ажээ. Түүний юм гэвэл хэрэгтэй хэрэггүй юмсаар дүүргэсэн хэдэн гялгар уут л байв.

Би түүний муухай үнэрт ойрхон суухыг хүссэнгүй, бас нэг л сэжигтэй төрх байдлаар энэ хүн аюултай биш үү гэж бодлоо. Тэр хүн надаас мөнгө гуйхвий гэж болгоомжиллоо. Би огтхон ч эргэлзэлгүй галт тэрэгний нөгөө тал руу очиж суулаа. Бүх зорчигчид өвгөнийг ганцааранг орхиж, галт тэрэгний нөгөө талд шавжээ.

Удалгүй нэг залуу галт тэргэнд орж ирээд, нөгөөх орон гэргүй өвгөний өмнө нь тухлан суув. Залуу ялдамхан инээмсэглэж, гар бариад, хөгжилтэйгөөр мэндлэв. Нөгөөх хүний царай гэрэлтэж, тэр хоёр найрсаг яриа хөөрнүүлэх нь тэр. Тэр хоёр 15 минутын турш халуун дотноор ярилцав.

Тэднийг ажиглан суугаа надад тэд Христийн Мэндэлсний Баярын жинхэнэ уур амьсгалыг сануулав. Залуу яриа хөөрөө өрнүүлэх зуураа босч, хантааз, цамц, бас дотуур давхарлаж өмссөн урт ханцуйтай цамцаа тайлав. Тэрээр зөвхөн дотуур цамцтайгаа үлдэж, урт ханцуйтай цамцаа нөгөөх орон гэргүй хүнд өглөө. Өвгөн цамцыг ихэд талархан хүлээж аваад, тэр хоёр яриагаа үргэлжлүүлэв. Дараагийн буудал дээр буух үед, залуугийн нинжин сэтгэл надад ихээр нөлөөлж билээ. Би хувиа хичээсэн бодлынхоо төлөө гэм буруутайгаа мэдэрч, илүү сайн хүн болох хүсэл надад төрлөө.

Хаадын Хаан дэлхийд хамгийн дорд байдалд, ядмагхан малын хашаанд ирсэн билээ. Үнэ цэнэтэй, авралын бэлэг—Бурханы Хүүг дэлхийд өгсөн юм. Өөрийнхөө амьдрал дахь Аврагчийн бэлгийн төлөө, Бурханы хүүхдүүдийг хайрлах хязгааргүй Түүний хайр, өрөвч сэтгэлийг сануулагчийн төлөө би баяр талархалтай явдаг. Христийн Мэндэлсний Баярын тэр үеэр би улам нинжин сэтгэлтэй, илүү хувиа хичээсэн биш, Аврагч Есүс Христтэйгээ илүү адилхан байх шинэчлэгдсэн хүслийг мэдэрч билээ.