2008
Дэн буудлын өрөө
December 2008


Дэн буудлын өрөө

“Дэн буудлын өрөө” Christmas Treasures (Deseret Book, 1994)-д анх хэвлэгджээ.

Бид өвлийн нэгэн цэлмэг, жихүүн өдөр Францын Бордо дахь номлолын гэрийг машинаар зорин гарлаа. Энэ бол 1990 оны арванхоёрдугаар сарын 24. Христийн Мэндэлсний Баяраар бид гэртээ харихаар явж байгаа нь энэ.

Би гэргий Кати болон дөрвөн хүүхэд 14 настай Камей, 13 настай Брандт, 10 настай Кристен, 8 настай Дерек нарынхаа хамт мартахын аргагүй нэгэн долоо хоногийг өнгөрүүлээд байлаа. Манай номлол том газар нутгийг хамардаг байсан учраас бид Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэхээр номлогчдыг авч яваагүй юм. Харин бид номлолын харьяа хот болгонд гэр бүлээрээ очиж, Христийн Мэндэлсний баярын тусгай хөтөлбөрт хүүхдүүдээ оролцуулан, гэр бүлээрээ хамт байхын сайхныг мэдэрсэн билээ. Жилийн энэхүү гайхалтай цаг үед Христийн сэргээгдсэн сайн мэдээг номлогч бүртэй хуваалцах онцгой боломж нь манай гэр бүлд баяр баяслыг авчирч байлаа.

Сүүлчийн өдөр гайхалтай дөрвөн номлогч бидэнтэй нэгдэв. Дүүрэн хүнтэй том цэнхэр өнгөтэй бүхээгтэй машин Христийн Мэндэлсний Баярын сүнсээр дүүрч, Христийн Мэндэлсний Баярын дуу, бүхний сонсох дуртай түүхүүд аяны замыг товчлов. Кристен, Дерек хоёр Христийн Мэндэлсний Баярын өглөөний гэнэтийн бэлгийг хүлээж ядан, цаг хугацаа өнгөрөх тутам догдолж явлаа. Нэгэн гайхалтай гэр бүлийн хос номлогчид бидний ирэхийг хүлээн, номлолын гэрт бэлтгэж байгаа цацагт хяруулын үнэр бараг л үнэртэх шиг болж байв. Христийн Мэндэлсний Баярын сэтгэл догдлол хүн бүрийг эзэмдсэн байлаа.

Бид машинд ямар нэгэн асуудал гарсныг үдээс хойш нэлээд орой болтол анзаарсангүй. Бид өглөөжингөө машины араагаа нэгээс нөгөө рүү солих гэж хамаг аргаа барж байсан юм. Бид хурдны хайрцаг доторх шингэний түвшинг шалгахаар зогссон боловч, бүх зүйл хэвийн байлаа. Харанхуй болж байдаг, Бордо хүртэл бүтэн хоёр цаг явах зам үлдээд байдаг. Гэтэл гурав, дөрөв, тавдугаар араа огт ажиллахгүй байв.

Бид мод эгнүүлэн тарьсан хөдөөгийн замаар хоёрдугаар араагаар гэлдэрч явлаа. Бид ийм байдлаар Бордо хүрэх боломжгүй учир тусламж эрэхээс аргагүй болов. Яг хаахаар зэхэж байсан ойр зуурын барааны дэлгүүр бидний анхны найдвар байлаа. Би машин түрээслэдэг газар эсвэл галт тэрэгний буудал ойрхон байна уу гэж асуув. Гэвч бид ямар нэгэн суурин газраас хэтэрхий хол байсан бөгөөд ингээд юу хийх талаар ямар ч санаа толгойд орж ирсэнгүй.

Би бүхээгтэй машин руугаа буцлаа. Хүүхдүүдийн маань санаа нь зовж, урам нь хугарч байгаа нь нүүрэн дээр илт байлаа. Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдөр гэртээ байж чадахгүй юм биш байгаа? Энэхүү ер бусын онцгой үдшийг дүүрэн хүнтэй номлолын бүхээгтэй машин дотор өнгөрүүлэх юм гэж үү? Тэд гэр орноосоо хол яваа номлогчдод аз жаргал, баяр хөөрийг авчирсны дараа, Христийн Мэндэлсний Баярыг өөрсдийн гэр орноос хол, Францын хөдөө нутгийн эл хуль зам дээр өнгөрүүлэх гэж үү?

Хэнд хандвал зохихыг Кристен мэдэж байж. Тэгээд охин маань тэр даруй л залбирах хэрэгтэй гэж хэлэв. Бид тусламж хэрэгтэй байгаа хүмүүс, номлогчид, сонирхогчид, Сүмийн гишүүд, удирдагчид, франц хүмүүс, тэрчлэн өөрсдийнхөө төлөө гэр бүлээрээ олон удаа залбирдаг. Бид толгой бөхийлгөн залбирч, даруухнаар тусламж хүсэв.

Тэр үед харанхуй болсон байлаа. Машин маань нарсан ой дундуур гүйж яваа хүн шиг хурдаар гэлдэрч байлаа. Бид өмнөө ердөө тавхан километрт байгаа жижигхэн хотод хүрнэ гэж найдан урагшилж байв. Удалгүй машины гэрэлд Вилленуев-де-Марсан руу заасан замын тэмдэгт харагдав.

Бид Паугаас Бордо руу явсан хоёр урсгалт замаар олон удаа явж байсан ч, хурдны замаас салсан жижигхэн хот Вилленуев-де-Марсан руу орох замаар огт явж байсангүй. Биднийг хот руу аажуухан явж ороход, Францын жижиг тосгодын адил дүр төрх нүдэнд тусав. Орон сууц, жижиг дэлгүүрүүдийг нэг нэгэнтэй нь залган, хот руу орсон нарийхан замын хажуугаар шавааралдуулан барьжээ. Айлуудын цонх хаалттай, гудамж нь харанхуй, эл хуль байлаа. Хотын төвд байх эртний Католик сүмийн гэрэлд шөнө дундын уламжлалт мөргөлийнхөө хурлын бэлтгэлийг хийж байгаа хүмүүс харагдаж байв. Биднийг сүмийн дэргэдүүр өнгөртөл, машин маань доголдсоноо, зогсчихов. Аз болоход бид хөдөөний аятайхан дэн буудлын өмнө зогссон байлаа. Гэрэл нь асаалттай байсан болохоор эндээс тусламжтай залгаж болох найдвар төрөв.

Дэн буудлын хүмүүсийг хүндрүүлж, төвөг удахгүйн тулд Кати, Камей хоёр, бас номлогчид машинд үлдэж, би гурван бага хүүхдээ авч дотогш оров. Би өөрсдийнхөө байдлыг хүлээн авагчийн ширээнд сууж байсан бүсгүйд тайлбарлав. Тэр эмэгтэй ядарч, уруу царайлсан хүүхдүүдийг минь хараад, дэн буудлын эзэн ноён Францис Даррозег дуудаж ирүүлэх хүртэл түр хүлээхийг биднээс найрсгаар хүсэв.

Биднийг юу болж байгааг харахаар Камей орж ирэв. Ноён Даррозег хүлээх зуураа би чимээгүйхэн талархлын залбирал хийлээ. Бид шөнөөр Бордо руу эргэж явах аргагүй байж болох ч Тэнгэр дэх Эцэг маань биднийг цэвэр цэмцгэр зочид буудалд хүргэж ирсэн нь ямар сайхан хэрэг вэ! Бид Францын алслагдсан бөглүү нутагт машин дотор шөнийг өнгөрүүлэх шахсанаа ойлгосон үед миний дотор зарсхийх шиг болж билээ. Зэргэлдээх өрөөнд зоогийн газар байгааг би харлаа. Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш энэ зоогийн газар ажиллаж байгааг хараад баярласныг яана. Бид сайхан хоол идэж, халуун усанд ороод, ая тухтай унтаж болох нь.

Ноён Даррозе эрүүндээ хүртэл бүх товчийг нь товчилсон франц тогоочийн уламжлалт хантааз өмссөн байлаа. Тэр зочид буудлын эзэн, нутаг усандаа алдар нэртэй нэгэн аж. Нүдэнд дулаахан харц, эелдэг ялдамхан инээмсэглэл нь боловсон эр гэдгийг харуулна.

Би тохиолдсон хүндрэлийнхээ тухай, машин дотроо арвуулаа, бас тэгээд Бордо орох гэж яваагаа түүнд ярилаа. Тэрээр миний аялгыг ажиглахад нь бид бол америкчууд гэдгээ, бас бид яах гэж Францад байгаагаа ганцхан өгүүлбэрээр нэмж хэллээ.

Ноён Даррозе тэр даруйд бидэнд туслахаар болов. Эндээс 16 километр орчимд галт тэрэг байнга явдаг нэгэн хот байдаг ажээ. Тэрээр Бордо руу явах дараачийн галт тэргийг асууж утасдсан боловч, эл галт тэрэг Христийн Мэндэлсний Баярын өглөө 10:15-д хөдлөх байв. Хотын машин түрээсэлдэг бүх компаниуд баярын амралт болж хаасан байлаа.

Хүүхдүүдийн минь урам хугарсан байгаа нь илт байлаа. Манай гэр бүлд бас дээр нь дөрвөн номлогчид шөнө хонох өрөө дэн буудалд нь байгаа болов уу гэж би ноён Даррозесоос асуув. Хэдийгээр бид гэртээ харьж чадахгүй ч, ая тухтай хоноглох газар олдвол энэ нь бидэнд агуу адислал болох байв.

Ноён Даррозе хүүхдүүд рүү харлаа. Тэр бидэнтэй уулзаад хэдхэн хором болсон ч, биднийг гадаадынхан гэж үзсэнгүй, нэгэн бүлийн ахан дүүс шигээ санан, сайхан сэтгэлээр хандаж билээ. Христийн Мэндэлсний баярын “өгөх” сүнс түүний бие сэтгэлээр дүүрэн байлаа. “Ноён Андерсен, та нарыг энд хонуулах өрөө манайд байлгүй яахав. Гэвч та нар Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдрийг энд дэн буудалд өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаа биз дээ. Хүүхдүүд Христийн Мэндэлсний Баярын сэтгэл догдлом өглөөг тэсч ядан хүлээж байгаа болохоор гэртээ байх хэрэгтэй шүү дээ. Би та нарт машинаа өгье. Тэгээд та нар Бордоо руу яв даа” гэв.

Би түүний өгөөмөр сайхан сэтгэлийг бишрэн гайхав. Ихэнх хүмүүс танихгүй хүнд, тэр тусмаа бидэн шиг гадаадынхантай болгоомжтой харьцдаг шүү дээ. Би түүнд талархал илэрхийлээд, бид арвуулаа болохоор жижигхэн франц машинд багтахгүй л дээ гэв.

Тэрээр хоромхон зуур эргэлзсэн ч, түүний эргэлзээ бэлэг өгөх гэсэн хүслийг нь багасгасангүй, харин ч ихэсгэв.

“Эндээс 10 километр орчим зайтай манай ферм дээр нэг хуучин бүхээгтэй ачааны машин байгаа. Түүнийг фермийн ажилд ашиглаж байсан учраас зөвхөн урд талдаа л хоёр суудалтай. Цагт 70 км орчим хурдтай явж чадна. Халаагуур нь хэр зэрэг сайн ажиллахыг сайн мэдэхгүй байна. Хэрэв таныг хүсвэл, би та нарыг ферм дээрээ хүргэж өгье.”

Хүүхдүүд баярласандаа дэвхцэж байлаа. Би бэлэн мөнгө, зээлийн картаа авах гэж халаасандаа гараа хийв. Ноён Даррозе тэр даруй толгой сэгсэрч, дургүйцсэн янзтай гараараа дохив.

“Үгүй, үгүй. Би юу ч авахгүй. Та Христийн Мэндэлсний Баярын дараа зав гарсан үедээ машиныг минь авчирч өгнө биз дээ. Өнөөдөр чинь Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдөр шүү дээ. Одоо гэртээ харьцгаа даа” гэв.

Шөнө дундаас арай хойхно Бордогийн гэрэл харагдлаа. Хүүхдүүд, номлогчид дэн буудлын эзний ачааны машины арын суудал дээр дуг нойрондоо дугжирч явлаа. Гэр рүүгээ хөтлөх танил гудамжуудыг сүлжин явахдаа Кати бид хоёр Христийн Мэндэлсний Баярын гайхамшигт ид шидийн төлөө нигүүлсэнгүй Тэнгэрлиг Эцэгтээ талархал илэрхийллээ. Тэнгэрлиг Эцэг биднийг гэр оронд маань авчирсан үед Тэр залбирлыг маань аль хэдийн сонссон байлаа.

Вилленув-де-Марсан дахь дэн буудалд өрөө байсан ч Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдөр бид гэртээ ирчихсэн байлаа.

Зураг чимэглэлийг Ричард Бөрд

Ноён Даррозе тэр даруй толгой сэгсэрч, дургүйцсэн янзтай гараараа дохив. Христийн Мэндэлсний баярын “өгөх” сүнс түүний бие сэтгэлээр дүүрэн байлаа. ”Үгүй” “Би юу ч авахгүй” гэж тэр хэлэв.