2008
Нууцаар бэлэглэгч
December 2008


Нууцаар бэлэг өгөгч

“Бурхан урамтайгаар өгөгчийг хайрладаг” (2 Коринт 9:7).

Христийн Мэндэлсний Баярын юм болгонд: гэрэл, дуу, гэрийнхэнтэйгээ хамт байдаг цаг гээд Есүсийн төрөлтийг тэмдэглэхийн тулд бидний хийдэг бүх юманд би дуртай. Гэхдээ бэлэг авах бүр ч дуртай. Христийн Мэндэлсний Баяраар авахыг хүссэн зүйлийнхээ жагсаалтыг би бүр есдүгээр сард эхэлдэг.

Нэг жил жагсаалт маань бүр гар шиг минь л урт болсон гээч. Тэгээд би жагсаалтан дээрээ нэмэх юмсын тухай үргэлж боддог байлаа. Жагсаалтаа аавд үзүүлэх үед сэтгэл их догдолдог байлаа. Аав маань жагсаалтыг шалгаад, “За Давид, аав нь чамайг Христийн Мэндэлсний баяраар юу авахыг хүсч байгааг мэдлээ. “Харин чи юу өгөх гэж байна?” гэж асуусансан.

“Би ээж та хоёрт сургууль дээрээ бэлэг бэлдэж байгаа. Тав дахь өдөр ээж Шаннон, Жон хоёрт бэлэг авахаар намайг дэлгүүр рүү дагуулж явна. Иймээс би бүх зүйлийг төлөвлөчихсөн байгаа.”

“Хмм” гэснээс өөр юм хэлсэнгүй. Яагаад ч юм түүнд миний хариулт таалагдсангүй. “Хмм” гэсэн авиа надад таалагдсангүй.

Дараагийн гэр бүлийн үдшээр аав ээж хоёр маань өглөгч байх болон авах тухай, Христийн Мэндэлсний Баярын жинхэнэ утга учрын тухай ярилцав. Аав ээж хоёр үг хэлж, гэр бүлийн үдшийн тэмдэглэл хөтлөхөд, урт жагсаалтандаа бичсэн бүх бэлгийг би авах ёсгүйг улам ихээр мэдэрч билээ. Аав ээж хоёр биднээс илүү өглөгч байхыг санахад туслах ямар нэгэн санаа байна уу гэж биднээс асуулаа. Шаннон сэтгэл догдолсон янзтай гараа өргөв. Жон ах бид хоёр дурамжхан байлаа. Шанноны санаа бол хөршүүдийнхээ талбайнаас хогийн ургамлыг нь түүж хаях гэхчлэн ихэвчлэн бусдын төлөө хийх юмс байв.

“Ганцаардаж байгаа эсвэл гачигдал бэрхшээлтэй байгаа зарим хүмүүсийг сонгож, үүднийх нь довжоон дээр мэдэгдэлгүйгээр бэлэг тавья” гэж Шаннон сэтгэл нь догдлон хэлэв.

“Аятайхан санаа байна. Харин маш нууц байлгах хэрэгтэй” гэж Жон хэлэв.

“Ингэвэл ч нээрээ хөгжилтэй байх шүү” гэж би бодлоо.

Ингэх юм бол үнэхээр агуу үйл хэрэг болно гэдгийг бид бүгдээрээ зөвшөөрч билээ. Тэгээд бид хоёр айлыг сонгож авлаа. Нэг нь манай тойргийн Свенсоных байв. Свенсон ах сургуульдаа буцаад орчихсон болохоор тэднийх мөнгөний гачигдалтай байдаг байв. Дээр нь бас олон хүүхэдтэй. Хүүхдүүд нь мэдээж, Христийн Мэндэлсний Баярын чамин бэлэг авахыг хүсч л таараа. Нөгөө айл нь гудамж уруудаад амьдардаг, ахимаг насны ноён Перез, хатагтай Перез нар байлаа. Тэр хоёр бага зэрэг ганцаардмал санагддаг байлаа.

Бид бүгдээрээ бэлэг худалдаж авахаар дэлгүүр рүү явлаа. Бид өөрсдөдөө бэлэг худалдаж авах ёстой байсан мөнгөнөөсөө дээрх хүмүүст юм худалдаж авахаар тохирсон юм. Би үүнийг зөвшөөрлөө. Свенсоныхны бага хөвгүүдэд тоглоом сонгох гэж би ёстой үзүүлж гарлаа0. Миний сонголтыг тэд яаж ийгээд л үгүйсгээд байв.

Бид Христийн Мэндэлсний Баяраас 12 хоногийн өмнөөс эхлэн айл бүрд шөнөдөө нэг бэлэг өгч байхаар шийдэв. Тэгээд анхны шөнө болоход би толгойноосоо хөлөө хүртэл хар хувцас өмсч, Жон намайг Свенсоныд хүргэж өгөв. Би анхны бэлгийг үүдний тавцан дээр тавьж, хаалганы хонхыг дарчихаад, хамаг хурдаараа гүйлээ. Нэг хүүхэд нь хаалга онгойлгох үед би хашаан дээгүүр үсэрч амжив. Тэдний бэлгийг хараад гайхан дуу алдах нь сонстов. Сэтгэл догдлон баярлаж зүрх минь хүчтэй цохилж байгааг би мэдэрлээ. Ийнхүү би нууцаар бэлэглэгч болох нь тэр.

Нууцаар бэлэг өгөх нь цаашид аятайхан байсан ч, бас улам төвөгтэй болов. Свенсоны хүүхдүүд биднийг илрүүлэх гэж цонхоороо гадагш хардаг болсон учраас бид шөнө болгон өөр өөр цагт, тэр ч байтугай өглөө очихоос аргагүй болдог байв. Бас би Перезийнхний довжоо руу сэмхэн гэтэж очих бүрдээ, хатагтай Перез хаалгаа гэнэт нээж, намайг тэврэн, ямар гайхалтай сайхан хүн бэ? гэж магтах гээд хүлээж байгаа юм шиг санагддаг байлаа. Мэдээж хэрэг, ийм юм болохоос би зайлсхийж таарна шүү дээ. Нууцыг хадгалах нь бас нэг учир нь байлаа.

Тийм ээ, тэр жил дөнгөж эхлэл байсан юм. Христийн Мэндэлсний дараагийн баяраар бид тэр жил охин нь 11 удаа эмнэлэгт хэвтсэн, ээж нь хорт хавдартай өөр нэг айлыг сонгов. Пөөх! Зарим хүмүүст ийм их гай зовлон тохиолддогийг би мэддэггүй байжээ.

Христийн Мэндэлсний Баяр дахиад ирсэн болохоор одоо бид гурван айлд туслахаар шийдэв. Хамгийн хэцүү нь тэднийг сонгох байв. Христийн Мэндэлсний Баяраар санаа сэтгэл нь төдийлөн өөдрөг өрнүүн байж чаддаггүй олон хүмүүс байх шиг санагддаг.

Харин миний нөгөөх жагсаалт юу болсон гээч? Жагсаалт маань жил дараалан багассаар л байлаа. Нууцаар бэлэг өгөгчийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж харайлгасаар байгаад, юун өөрийнхөө тухай бодохтой мантай. Бэлэг сонгох, бэлгээ хүргэж өгөх гээд мундахгүй их ажил ундарна.

Энд нэг л зүйл тодорхой юм. Бусдын төлөө юм хийх гэдэг агуу үйл хэрэг мөн. Тусалж байгаа хүмүүсийнхээ нүүрэнд баяр баясгалан, сэтгэл догдлолыг харахад төрдөг мэдрэмжээс илүү сайхан юм гэж байдаггүй. Христийн Мэндэлсний Баярын үеэр өгөөмөр байх нь миний дуртай зүйлсийн нэг болсон шүү.

Зураг чимэглэлийг Матт Смит; Бусаат Гэрэл Зургийн газрын зураг