2008
Есүсийн хайранд өлгийгдөн гайхширахуй
December 2008


Есүсийн хайранд өлгийгдөн гайхширахуй

Солт Лейкийн Ариун Сүмийн ажилтнуудад хандан 1985 оны арваннэгдүгээр сарын 24-нд хэлсэн үгнээс

Бидний дуртай нэг дуулал “Би гайхширна” гэсэн үгсээр эхэлдэг билээ.1 Бид Христийн амьдралын тухай бодох үед бүх талаар гайхан биширдэг. Агуу Иехова, Эцэгийнхээ бие төлөөлөгч, дэлхийг Бүтээгч, хүн төрөлхтний нийт гэр бүлийн хамгаалагч байж, мөнх бус байдлын өмнөх үед Түүний гүйцэтгэсэн үүргийг бид гайхан биширдэг. Бид дэлхийд Түүний ирснийг бас Түүний ирэлтийн эргэн тойрон дахь нөхцөл байдлыг гайхан биширдэг.

Тэр дөнгөж 12 настайдаа Эцэгийнхээ ажил хэргийг явуулж байсанд бид гайхан биширдэг. Тэрбээр үйлчлэлээ, баптисмаа мөн сүнсний бэлгүүдийг албан ёсоор эхэлсэнд гайхан биширдэг.

Есүс явсан газар болгондоо хилэнцийн хүчнүүдийг хөөн зайлуулж, бут цохиж байсныг, тэр ч байтугай, доголонг алхдаг, хараагүйг хардаг, дүлийг сонсдог, өвчтэйг босдог болгож байсныг гайхан биширдэг. Би Аврагчийн үйлчлэлийг эргэцүүлэн бодохдоо, “Тэр энэ бүгдийг яаж хийсэн юм бол?” гэж боддог.

Тэрээр уучилдаг

Есүс загалмайг Калварийн орой дээр үүрч гаргасны дараа, “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” (Лук 23:34) гэж хэлснийг би хамгийн ихээр гайхан биширдэг.

Хэрэв надад хамгийн ихээр гайхширан биширсэн хором байдаг бол, энэ л юм. Тэрээр бидний бүх нүглийн хүндийг үүрч, Өөрийг нь загалмайд хадсан хүмүүсийг уучлахыг хүссэнийг бодож үзэх юм бол, “Тэр энэ бүгдийг хэрхэн хийсэн юм бол?” гэж миний асуух нь илүүц юм. гэвч “Яагаад Тэр үүнийг хийсэн юм бол?” Хэрэв би өөрийнхөө амьдралыг Түүний нигүүлсэнгүй амьдралтай харьцуулах юм бол, Эзэнийг дагах ёстой байтал хэрхэн алддагаа мэдэх болно.

Миний хувьд энэ бол бүр чухал бишрэлт юм. Өвчтэйг эдгээж, үхсэнийг босгодог байсан Түүний чадварыг би гайхан биширдэг. Эдгээлтийн бага сага туршлага надад ч бий. Бид багаахан зохистой хувь хүмүүс. Харин бидний амьдралд, гэр оронд маань бас санваарт маань Их Эзэний гайхамшгууд давтагдсаар байгааг бид харсан билээ. Харин нигүүлслийн тухайд? Уучлалын тухайд? Цагаатгалын тухайд? Эвлэрлийн тухайд? Үнэндээ энэ бүгд ялгаатай асуудал.

Есүс Өөрийг нь тарчлаан зовоогчдыг тэр мөчид хэрхэн уучилж чадсан юм бол? Тэсвэрлэшгүй их өвдөлтийн үед, сүв бүрээс нь цус шүүрч байсан үед ч Тэр бусдын тухай л бодож байсан юм. Энэ бол Тэр үнэхээр төгс байсан бөгөөд биднийг ч бас тийм байгаасай гэж боддогийн бүр илүү гайхалтай нэг нотолгоо юм. Төгөлдөршилт бол бидний зорилго гэж Тэрээр нотлохоосоо өмнө Уулан дээрх Номнолд сүүлчийн нөхцөл болгон нэг зүйлийг өгчээ. Бүх хүмүүс “дайснуудаа хайрла. Та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” (Матай 4:44) гэж Их Эзэн хэлсэн билээ.

Энэ хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү зарлигийн нэг.

Есүс Христ бол дэлхий дээр амьдарч байсан бүх хүмүүсээс хамгийн цэвэр ариун, цорын ганц төгс төгөлдөр хүн байлаа. Тэр бол Адамаас өнөө үеийг хүртэл дэлхий даяар бишрэл хүндэтгэл, хайрын дээдийг хүлээсэн хүн юм. Гэвч Түүнийг мөрдөн хавчиж, ад шоо үзэн хөөж, эцэст нь үхэлд хүргэсэн билээ. Тэрээр энэ бүхнийг тэвчин, Өөрийг нь мөрдөн хавчиж байсан хүмүүсийг буруутган зэмлээгүй юм.

Тэр бол төгс золиослол мөн

Бидний анхны эцэг эх Адам, Ева хоёр Едений Цэцэрлэгээс хөөгдөхөд “… өөрсдийн Бурхан Их Эзэнийг шүтэх ёстой, мөн сүргийнхээ ууган төлүүдийг Их Эзэнд барих өргөлийн тулд өргөж байх ёстой…” хэмээн Их Эзэн тэдэнд зарлиглажээ (Мосе 5:5). Тэнгэр элч Адамд хэлсэн нь, “Энэ зүйл бол ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн Эцэгийн Төрсөн Ганцын золиослолтой төстэй бөлгөө” (Мосе 5:7).

Золиослол бол бидний гэтэлгэлийн үнэ төлөөсийг төлсөн Хүүгийн даруу байдал, туулсан зовлонгийн байнгын сануулагч болсоор ирсэн билээ. Золиослол бол номхон дөлгөөн байдал, нигүүлсэл хийгээд эелдэг зөөлөн байдлын—тийм ээ, уучлалын байнгын сануулагч байлаа. Ийм байдал Христэд итгэгч бүрийн амьдралын салшгүй хэсэг байх ёстой. Эдгээр болон бусад олон шалтгааны улмаас, бүх талаараа төгс, цэвэр бөгөөд өө сэвгүй ууган хургануудыг тахилын чулуун ширээн дээр үе үеийнхэн жил бүр өргөл болгосоор ирсэн юм. Энэхүү өргөл биднийг төгс бөгөөд өө сэвгүй Бурханы агуу Хурга, Түүний Төрсөн Ганц Хүү, Түүний Ууган Хүү рүү хөтөлдөг билээ.

Манай эрин үед бид харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийнхээ бэлгэдлийн өргөл—ариун ёслолоос хүртэх ёстой (С ба Г 59:8-ыг үз). Бид ариун ёслолоос хүртэхдээ “түүний Сүнсийг [бид] өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд… түүний зарлигуудыг сахихаар” (С ба Г 20:77) амладаг билээ.

Их Эзэний золиослолын бэлгэдэл нь амар амгалан, дуулгавартай, нигүүлсэнгүйгээр аж төрөхийг санахад Адамын үед тусалдаг байсан, мөн манай өнөө үед ч үүнийг санахад бидэнд тусалсаар байна. Эдгээр ёслолууд бидэнд тэсвэр тэвчээр, бие биендээ хандах хүнлэг нинжин сэтгэлээр Есүс Христийн сайн мэдээг харуулах ёстойг санахад тусалдаг. Тэрээр чухам энэ чанарыг загалмай дээр бидэнд харуулсан шүү дээ.

Гэвч зуун зууны туршид биднээс цөөхөн нь л эдгээр ёслолуудыг зохих ёсоор нь ашигласан билээ. Хүлээн авч болшгүй өргөл барьсан анхны хүн бол Кайн байв. “Абел хүлээн авч болох өргөлийг Бурханд өргөсөн нь сүргийнх нь ууган төл байсан юм” гэж Бошиглогч Иосеф Смит тэмдэглэжээ. Кайн газрын үр жимсийг өргөл болгосон ч, үүнийг нь хүлээн аваагүй юм… Учир нь тэрээр тэнгэрийн төлөвлөгөөтэй нийцэхгүй итгэлээр үйлдэх ёсгүй байв. Хүмүүний цагаатгалын тулд Төрсөн Ганцын цусыг урсгах ёстой байлаа. Учир нь энэ бол гэтэлгэлийн төлөвлөгөө байсан юм. Иймээс цус урсгахгүйгээр нүглийн ангижрал байхгүй байв. Тиймээс энэхүү золиослол Бурханы бэлтгэсэн агуу Золиослолыг хүмүүн таньж мэдэх бэлгэдэл байсан. Уг бэлгэдэлд үл нийцэх өргөлийг өргөхөд итгэл шаардагдахгүй. Учир нь гэтэлгэлийг ийм замаар худалдаж авах боломжгүй, бас Цагаатгалын хүч ч ийм байдлаар бий болоогүй юм. … Мал амьтны цусыг урсгах нь Бурханы Өөрийнх нь бэлгээр дамжуулан өргөл болгох зүйлийг дуурайлгах, бэлгэдэл болгох юм уу тайлбарлахаас өөрөөр хүнд ашигтай байж чадахгүй.2

Гэтэл өнөө үед, ариун ёслолоос хүртсэний дараа гэртээ ирээд бяцхан Кайн лугаа адил авирлаж, гэр бүлийнхээ аль нэг гишүүнтэй ам муруйж маргах юм уу худал хэлж, хуурч мэхлэн, эсвэл хөршдөө уурладаг хүмүүс байдаг шүү дээ.

Утга учрыг нь хүндэтгэхгүйгээр өргөл өргөх нь хэрхэн хоосон зүйл байдгийг Израилын бошиглогч Самуел тайлбарласан байдаг. Израилын хаан Саул “[өөрийнхөө] Бурхан Эзэнд тахил өргөх [гэж] хонь үхрийн хамгийн сайныг нь” амалекчуудаас булаан авчирснаараа Их Эзэний зааврыг зөрчсөн юм. “Эзэний дуу хоолойг дуулгавартай дагах нь ЭЗЭНд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу?” Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү” (1 Самуел 15:15, 22) гэж хэлсэн юм.

Саул учрыг нь ойлголгүйгээр өргөл өргөсөн юм. Ариун ёслолын цуглаанд итгэл бишрэлтэйгээр явсан атлаа эргэж ирээд нигүүлсэнгүй бус, тэвчээргүй эсвэл бусдыг уучилдаггүй болдог Хожмын үеийн Гэгээнтнүүд Саултай агаар нэгэн юм. Ийм хүмүүс ариун сүмийн ёслолуудыг бий болгосон зорилгыг ойлгохгүйгээр эдгээр ёслолуудыг зүгээр л хийлгэчихдэг. Ёслолуудын зорилго нь нүглийнхээ төлөө уучлалыг эрж хайхад дуулгавартай, эелдэг даруу байхад бидэнд туслах явдал мөн.

Түүний золиослолыг санахуй

“Бидэнд өгсөн Түүний хамгийн агуу бэлэг—Ууган Хүүгийнх нь амийг үл тоомсорлох юм уу мартах эсвэл чухал биш гэж бодсон үед л Бурхан хар сэртэй Бурхан байдаг”3 гэж Ахлагч Мелвин Ж.Баллард (1873–1939) олон жилийн өмнө сургажээ.

Тэгвэл бидэнд өгсөн Түүний бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлгийг хэзээ ч үл тоомсорлосон байдал гаргахгүй байхыг, чухал биш гэж үзэхгүй байхыг, эсвэл мартахгүй байхыг хэрхэн баталгаатай болгох вэ?

Нүглээсээ ангижрах хүслээ харуулснаар, бүх залбирлуудаас хамгийн агуу нь болох: “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” гэсэн тэрхүү залбирлын төлөө талархах мөнхийн талархлаа харуулснаар ийм байж чадна. Бид нүглийг уучлах үйлсэд нэгдсэнээр ийм байж чадна.

“‘Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц, тийнхүү Христийн хуулийг биелүүлэгтүн’ (Галат 6:2) [Паул ингэж бидэнд зарлиг болгосон юм]. … Бидний биелүүлэх ёстой Христийн тэр зарлиг бол загалмайг үүрэх явдал мөн. Миний үүрэх ёстой ахын минь ачаа бол зөвхөн түүний гаднах нөхцөл байдал төдийгүй, бас түүний нүгэл юм. Тийнхүү нүглийг уучлах нь үүнийг үүрэх цорын ганц арга зам мөн. … Уучлал бол Христийнхтэй адил хүлцэл, Христэд итгэгчийн биелүүлэх ёстой үүрэг мөн.4

“Аав аа, тэднийг уучлаач” гэж Христ хэлсний шалтгаан нь, бүр тэр аймшигт үед ч гэсэн, энэ үг бол бүх үүрд мөнхийн туршид Түүний дамжуулах ёстой захиас байсныг Тэрээр мэдэж байсанд оршино. Хэрэв Тэрээр шударга бус, харгис хэрцгий, нигүүлсэнгүй биш хорон санаа, дуулгаваргүй байдлыг харгалзахгүй байх ёстой гэдгийг умартсан бол, авралын төлөвлөгөө бүхэлдээ нурах байсан юм. Чухамдаа эдгээр бусармаг явдлынх нь төлөө Тэрээр хүмүүний гэр бүлийг уучлахаар ирсэн юм. Сайн сайхан үед хэн ч баяр баясгалантай, тэвчээртэй, бусдыг уучилдаг байж чадна. Харин Христэд итгэгч хүн өдөр бүр баяр баясгалантай, тэвчээртэй, бусдыг уучилдаг байх ёстой.

Уучлал хэрэгтэй байж болох хэн нэгэн амьдралд чинь байдаг уу? Гэрт чинь, хамаатан садан дотор чинь, амьдардаг орчинд чинь шударга бус эсвэл Христэд итгэгчид байж боломгүй зүйл хийсэн хүн байна уу? Бид ийм зөрчлийн гэм буруутай байдаг, тэгэхлээр таны уучлал шаардлагатай хэн нэгэн байж л байгаа.

Сэтгэл зүрх нь шархалсан хүмүүс өөрсдийг нь гомдоосон гэм буруутны өмнөөс уучлалын хүнд дарамтыг үүрэх нь шударга ёс мөн үү гэж бүү асуу. Сэтгэл зүрх нь шархалсан хүмүүсийг уучлах хүнд дарамтыг гэм буруутан үүрэх ёстойг “шударга ёс” шаарддаггүй гэж үү хэмээн бүү асуу. Бид өөрсдөө нүгэл үйлдэхэд шударга ёсыг асуудаггүй. Бидний хүсч эрмэлздэг зүйл бол нигүүлсэл билээ. Нигүүлсэл нь бидний бусдад өгөхийг хүсдэг тэр зүйл байх ёстой.

Бид өөрсдөдөө нэн их хэрэгтэй юмыг бусдад өгчихөж чаддаггүй биз дээ? Нинжин сэтгэлгүй, шударга бус, бусармаг явдалтай тулгарсан үедээ “дайснуудаа хайрла. Та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” гэж та үнэн санаанаасаа хэлбэл энэ нь туйлын дээд, эрхэм нандин, ариунаас ариун үйл болох биз ээ. Энэ бол төгөлдөршилтийн зам дээр шаардагддаг зүйл мөн.

Эргэн уулзахын баяр

Хэдэн жилийн өмнө Солт Лейкийн Олон Улсын Нисэх Онгоцны буудал дээр болсон тохиолдлыг би санаж байна. Тэр нэг өдөр би онгоцноос бууж, буудал руу оров. Нэг номлогч гэртээ эргэн ирж байгаа нь тодорхой боллоо. Учир нь эл номлогчийн найз нар, төрөл төрөгсөд гэдэг нь харахад илт хүмүүс нисэх онгоцны буудлаар дүүрэн байв.

Би номлогчийн гэр бүлийнхнийг олж харахыг хичээлээ. Биенд нь зохиогүй, болхидуухан, моодноос гарч байгаа костюмтай, яагаад ч юм биеэ барьсан шинжтэй аав харагдана. Тэр фермер бололтой, наранд борлож, ажилд нухлагдан, эвэршсэн том гартай хүн байв.

Нэлээд туранхай, харваас насан туршдаа хатуу хөтүү ажилд нухлагдсан нэг ээж байх юм. Тэр эмэгтэй нэг гартаа нусны алчуур барьсан байлаа. Энэ алчуур хэзээ нэгэн цагт зотон даавуу байсан бололтой, харин одоо цаас шиг сиймийсэн юм харагдана. Эргэн ирж байгаа номлогчийн ээж л гагцхүү ойлгох удаан хүлээлтээс энэ алчуур бараг тасран урагдах шахсан байлаа.

Хоёр, гурван дүү нь, юу болох гээд байгаагийн учрыг огт мэдэхгүй байгаа бололтой, ойр орчноор гүйлдэнэ.

Би угтаж байгаа хүмүүсээс хэн нь номлогч руу хамгийн түрүүнд хүрч очих бол гэж бодож байлаа. Алчуурыг хараад, ээж нь л хамгийн түрүүнд хүү рүүгээ харайж очно доо гэдэгт би итгэлтэй байлаа.

Би суугаад номлогчийг гарч ирэхийг харж байлаа. Цугласан хүмүүс сэтгэл догдлон шуугилдахад, хүлээж байгаа хүн нь энэ номлогч мөн гэдгийг би мэдэв. Тэрээр цэвэр цэмцгэр, цэх шулуухан, сэтгэл татам яг л Ахмад Моронай шиг харагдаж байв. Номлол аав ээж хоёрт нь ямархуу золиослол болсныг тэрээр мэдэж байсан нь эргэлзээгүй.

Номлогч хүмүүс рүү дөхөж очиход, нэгэн хүн тэвчээр алдран урагш тэмүүлэв. Тэр хүн ээж нь ч биш, хүүхдүүд ч биш. Харин аав нь байлаа. Нөгөөх том биетэй, ялигүй болхидуу, тайван, хүрлэгэр бор хүн ухасхийн хүүгээ тэврэн авав.

Номлогч лавтайяа 188 см өндөр байсан байх гэвч аварга том биетэй аав нь түүнийг өргөж, удтал тэврэн зогссоор байв. Аав нь хүүгээ тэвэрсээр байсан ч ганц ч үг дуугарсангүй. Хүү нь аавыгаа тэвэрч, тэд бие биенээ чангаар тэвэрлээ. Цаг хугацаа зогсчихсон юм шиг байв. Энэхүү торгон агшныг гүнээ хүндэтгэн, хорвоо дэлхий бүхлээрээ амьсгал даран, нам гүм болсон мэт байлаа.

Ингээд Хүүгээ үйлчлэхээр явахыг нь, Өөрийнх нь хийх ёсгүй золиослолыг Өөрөө зардлыг нь төлж хийхээр, нэг үгээр хэлбэл, амьдралынхаа туршид хадгалж хойш тавьсан бүхнээ өгөхөөр явж байгаа Хүүгээ харж байгаа Мөнхийн Эцэг Бурханы тухай би бодож байлаа. Тэрхүү торгон агшинд, “Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог” (Матай 3:17) хэмээн сонсож чадах хүмүүст хандан Эцэг сэтгэл хөдлөн хэлснийг төсөөлөхөд хэцүү биш. Ялгуусан байдлаар эргэж ирсэн Хүү нь “Энэ нь төгслөө” (Иохан 19:30) гэж хэлснийг ч төсөөлөн бодож болно. “Ааваа, Таны гарт би Сүнсээ даатгая” (Лук 23:46).

Миний хувьд гайхалтай

Миний төсөөлөл хязгаарлагдмал ч гэсэн, би ийм эргэн уулзалтыг тэнгэрт харж чадна. Мөн би та нарын өмнөөс бас өөрийнхөө өмнөөс ийм уулзалтын төлөө залбирна. Би эвлэрлийн төлөө, уучлалын төлөө, нигүүлслийн төлөө, эвлэрэл, уучлал, нигүүлслийн хором бидэнд байхын төлөө бидний хөгжүүлэх ёстой Христэд итгэгчийн өсөлт дэвшил, Христэд итгэгчийн зан чанарын төлөө залбирч байна.

Бүр над шиг ийм хүнд ч найдвар байгаад би гайхширан биширч байна. Хэрэв би “сайн мэдээг” зөв сонссон бол, үнэхээр найдвар бий. Найдвар, хичээл зүтгэлээ хадгалахын хамт ийм онцгой боломжийг бусдад олгохыг хүсдэг хүн бүхэнд, надад, бас та нарт ч ийм найдвар бий.

Тэрбээр бурханлиг хаан ширээнээсээ бууж ирсэнд би гайхан биширдэг.

Эсэргүүцэгч болон бардамнагч бодгалиудыг аврах нь миний хийх ажил мөн. …

Өрийг төлөхийн тулд түүний алга цоо хатгагдаж, цус шүүрч байсан тухай би боддог.

Ийм нигүүлсэл, ийм хайр, ийм хоёргүй сэтгэлийг би мартаж болно гэж үү?

Үгүй, үгүй. Би нигүүлсэнгүй суудалд нь магтан дуулж, гайхан биширнэ,

Сүр жавхлант хаан ширээнд нь би түүний хөлд өвдөг сөгдөх хүртэл. …

Ай, энэ нь надад хичнээн гайхалтай билээ, хичнээн сайхан билээ!5

Тэмдэглэл

  1. “Би гайхширна,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 22.

  2. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (Melchizedek Priesthood and Relief Society course of study, 2007), 48.

  3. Мелвин Ж.Баллард: Crusader for Righteousness (1966), 136–37.

  4. Диетрих Бонхоеффер, The Cost of Discipleship, 2nd ed. (1959), 100.

  5. Hymns, no. 193.

Бүх талаараа төгс, цэвэр бөгөөд өө сэвгүй ууган хургануудыг тахилын чулуун ширээн дээр жил бүр өргөл болгосоор ирсэн юм. Энэхүү өргөл биднийг төгс бөгөөд өө сэвгүй Бурханы агуу Хурга, Түүний Төрсөн Ганц Хүү, Түүний Ууган Хүү рүү хөтөлдөг билээ.

Тэгвэл бидэнд өгсөн Түүний бүх бэлгүүдээс хамгийн агууг нь хэзээ ч үл тоомсорлохгүй, ач холбогдолгүй зүйл гэж үзэхгүй, эсвэл мартахгүй байхыг бид хэрхэн баталгаатай болгох вэ? Нүглээсээ ангижрах хүслээ харуулснаар, бүх залбирлуудаас хамгийн агуу нь болох: “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” гэсэн тэрхүү залбирлын төлөө талархах мөнхийн талархлаа харуулснаар бид ийм байж чадна. Бид нүглийг уучлах үйлсэд нэгдсэнээр ийм байж чадна.

Дий Жей Боодены баримал; баримлын гэрэл зургийг Роберт Д.Талбот, Iconbronze.com

Дий Жей Боодены баримал; баримлын гэрэл зургийг Роберт Д.Талбот, Iconbronze.com

Баримлыг Стийвен Ллойд Нийл; Жон Лукийн гэрэл зураг