Семинар
1-р хичээл: Авралын төлөвлөгөө


1-р хичээл

Авралын төлөвлөгөө

Оршил

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр жил болгон хичээлийн жилийн эхэнд авралын төлөвлөгөөний тоймыг зааж байх талаар семинарын багш нарт хандан ийнхүү зааварласан. Тэрээр:

“‘Аз жаргалын төлөвлөгөө’-ний тоймыг хичээлийн жил бүрийн эхэнд заагаад, үе үе эргэн санаж байвал суралцагчдад маш их ач тустай байх болно.

Залуу хүмүүс ‘яагаад’ зарим зүйлийг хий, зарим зүйлийг бүү хий хэмээн зарлигласныг гайхдаг. Аз жаргалын төлөвлөгөөний тухай мэдлэг нь тойм төдий байсан ч залуучуудын оюун ухаанд ‘яагаад’ гэсэн асуултын хариултыг өгч чадна” гэж зөвлөжээ (“The Great Plan of Happiness” [СБС-ийн шашны багш нарт хандаж хэлсэн үг, 1993 оны 8-р сарын 10], LDS.org).

Энэ хичээл авралын төлөвлөгөөний тоймыг танилцуулах болно. Энэ нь “агуу хийгээд мөнхийн авралын төлөвлөгөөний гол үйл явдал, туйлын чухал суурь ба гол сургаал” болох Есүс Христийн Цагаатгал дээр төвлөрдөг (Жэффри Р.Холланд, “Missionary Work and the Atonement,” Ensign, 2001 оны 3-р сар, 8).

Заах зөвлөмж

Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө

Нэг суралцагчаас Мосе 1:39-ийг чанга уншихыг хүс. (Хэрэв уг суралцагч үүнийг чээжилсэн бол чээжээр хэлж болно.) Суралцагчдыг хамт уншаад, Тэнгэрлэг Эцэг Өөрийнхөө ажлын зорилгыг юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Дараах мэдэгдлийг самбар дээр бич. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний зорилго нь биднийг үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүлээн авах арга замаар хангах явдал юм.

  • Үхэшгүй байдал ба мөнх амьдрал хоёрын хоорондын ялгаа юу вэ? (Үхэшгүй байдал гэдэг нь амилсан хэлбэрээр мөнх амьдрахыг хэлнэ; Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүн бүр энэ бэлгийг хүлээн авч чадна. Мөнх амьдрал буюу өргөмжлөл нь гэр бүлтэйгээ хамт Бурханы оршихуйд үүрд амьдрахыг хэлнэ; энэ бэлэг нь мөн л Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болдог; гэхдээ сайн мэдээний хуулиуд болон ёслолуудыг дуулгавартай дагасан хүмүүст л энэ нь боломжтой юм.)

Суралцагчдад “мөнх амьдрал” гэдэг үгийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг уншихыг хүс.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

Бурханы амьдрал бол мөнх амьдрал; мөнх амьдрал бол Бурханы амьдрал—энэ хоёрын утга нэг юм” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966], 237).

  • Мөнх амьдралыг хүлээн авах хүмүүст өгөгддөг ямар ямар адислал байдаг вэ?

Дагалдах бүдүүвч зургийг самбар дээр зур. Энэ хичээл дээр авралын төлөвлөгөөний талаар суралцахдаа бүдүүвч зургийг тэмдэглэн авч эсвэл хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичиж авахад суралцагчдыг урь.

Зураг
авралын төлөвлөгөөний бүдүүвч зураг 1

Дэлхийн өмнөх амьдралдаа бид Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд сүнсэн хэлбэрээр амьдарч байсан гэдгийг тайлбарла. Тэнд бид Тэнгэрлэг Эцэгийн бидний аз жаргалын төлөө өгсөн төлөвлөгөөний талаар суралцаж мөн уг төлөвлөгөөг дагах нь бидний төлөөх Түүний зорилгыг биелүүлэхэд хэрхэн туслахыг мэдсэн юм (С ба Г 138:55–56-г үзнэ үү; Абрахам 3:22–28).

  • Дэлхийн өмнөх амьдралд бид Тэнгэрлэг Эцэгээсээ юугаараа өөр байсан бэ? (Тэрээр төгс төгөлдөр бие махбод болон зан чанартай байсан. Бид тийм байгаагүй.)

  • Биднийг үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүлээн авахад туслахын тулд Тэнгэрлэг Эцэг дэлхийн өмнөх амьдралд бидэнд юу танилцуулсан бэ? (Авралын төлөвлөгөө.)

Бид дэлхий дээрх амьдралын тухай ярихдаа мөнх бус байдал гэдэг үгийг хэрэглэдэг гэдгийг тайлбарла. Дагалдах бүдүүвч зурагт үзүүлсний дагуу дэлхийн амьдралыг төлөөлүүлж зуйван дүрсийг самбарт зуран, үүнийг Мөнх бус байдал гэж нэрлэ. Дэлхийн өмнөх амьдралаас Мөнх бус байдал руу чиглэсэн сум зур.

Зураг
авралын төлөвлөгөөний бүдүүвч зураг 2

Суралцагчдад дараах асуултыг тунгаан бодох цаг өг.

  • Бид Бурхантай илүү адил болохын тулд яагаад Түүний оршихуйгаас явах хэрэгтэй байсан бэ? (Суралцагчдын хариултууд дараах зүйлүүдийг багтаасан байж болно. Үүнд: бие махбодтой болохын тулд; сонгох эрхээ ашигласнаар сурч мөн өсөж хөгжих гэж.)

Цөөн хэдэн суралцагчийг хариулсны дараа нэг суралцагчийг ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах үгийг уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Бурхан бидэнд нэгэн төлөвлөгөө өгсөн. Тэр биднийг бие махбодтой болж мөн туршлага хуримтлуулахын тулд энэ дэлхий рүү илгээсэн” (The Teachings of Spencer W. Kimball, хянасан Эдвард Л.Kимбалл [1982], 25).

  • Ерөнхийлөгч Кимбаллын хэлснээр Бурханы биднийг дэлхий рүү илгээсэн зарим шалтгаан юу вэ? (Суралцагчид хариулахдаа дараах үнэнийг тодорхойлох ёстой. Бурхан биднийг бие махбодтой болж мөн туршлага хуримтлуулаг гэж энэ дэлхий рүү илгээсэн.)

  • Мөнх амьдралыг хүлээн авахад уруу таталт, өвчин эмгэг, харуусал, шаналал, сэтгэлээр унах, хөгжлийн бэрхшээл болон мөнх бус байдлын бусад бэрхшээл ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 20:19–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, мөнх амьдралыг хүлээн авахад бидэнд саад болж болох бэрхшээлүүдийг олж тогтоохыг хүс.

  • Мөнх бус байдалд мөнх амьдралыг хүлээн авахад бидэнд саад болдог ямар ямар бэрхшээлтэй бид тулгардаг вэ? (Суралцагчдад хариулах үед нь дараах үнэнийг олж тогтооход тусал. Бидэнд Тэнгэрлэг Эцэгтэй адил болж мөн Түүнтэй хамт амьдрахаар буцаж очиход нүгэл бидэнд саад болдог. Наманчлалаар дамжуулан бид Бурхантай хамт амьдрахаар буцаж очиж чадна гэж заадаг Мосе 6:57-г үзнэ үү.)

Самбар дээр Нүгэл гэдэг үгийг бүдүүвч зурган дээрх Мөнх бус байдал гэсэн үгийн ойролцоо бич. Нэг суралцагчийг 1 Нифай 10:21-ийг, өөр суралцагчийг Мосе 6:57-г, бас нэг суралцагчийг Алма 41:10–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Тэнгэрлэг Эцэгтэй адил болж мөн мөнх амьдралыг хүлээн авахад нүгэл яагаад бидэнд саад болдог шалтгааныг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болж, мөнх амьдралыг хүлээн авахад нүгэл яагаад бидэнд саад болдог вэ? (Суралцагчид янз бүрийн хариулт өгч болно. Дараах үнэнийг олж тогтооход тэдэнд тусал. Цэвэр бус ямар ч зүйл Бурханы оршихуйд оршиж чадахгүй.)

Хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Тэдний нэгээс нь Гетсеманид залбирч буй Есүсийн зургийг (Сайн мэдээний зургийн цуглуулга[2009], д. 56; мөн LDS.org-ийг үзнэ үү) мөн нөгөөгөөс нь Цовдлолтын зургийг барихыг тус тус хүс (д. 57). Өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:40–42-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, бидэнд нүглийг даван гарахад туслахын тулд Тэнгэрлэг Эцэг юу өгснийг олж тогтоохыг хүс.

  • Сургаал ба Гэрээ 76:40–42-т цэдэглэгдсэнээр юу биднийг нүглийг даван гарах боломжийг олгодог вэ? (Суралцагчид өөр өөр үгээр хариулж болох ч дараах үнэнийг олж тодорхойлсон эсэхэд анхаар. Есүс Христ бүх хүний төлөө зовж мөн цовдлогдсон.)

Зураг барьж байгаа суралцагчдыг эдгээр зурганд дүрслэгдсэн үйл явдлууд нүглийн үр дагаврыг даван гарах бидний чадвартай ямар холбоотой болохыг тайлбарлахад урь. Дагалдах бүдүүвч зурагт үзүүлсний дагуу зургуудыг самбар дээр байрлуул.

Зураг
авралын төлөвлөгөөний бүдүүвч зураг 3

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич. С ба Г 18:22–23; С ба Г 25:13, 15. Суралцагчдад багаар ажиллах даалгавар өг. Багийн нэг гишүүнээс Сургаал ба Гэрээ 18:22–23-ыг мөн нөгөө гишүүнээс Сургаал ба Гэрээ 25:13, 15-ыг уншихыг хүс. Бид Цагаатгалын цэвэршүүлэгч хүчээс хүртэж, мөнх амьдралыг хүлээн авахын тулд юу хийх ёстойг олж мэдэхийг тэднээс хүс. Тэднийг олж мэдсэнээ бусадтайгаа хуваалцахад урь.

  • Бид Есүс Христэд ирж мөн Түүний цагаатгагч золиослолын адислалыг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ? (Хариултад Есүс Христэд итгэх итгэлээ харуулах, нүглээ наманчлах, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах мөн эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчих, гэрээгээ сахих болон зарлигуудыг дуулгавартай дагах зэрэг байж болно. Дараагийн бүдүүвч зурганд үзүүлсний дагуу доод талын зуйван дүрсэн дээр зүүнээс баруун тийшээ харсан сум зур. Суралцагчдын хариултыг сумны дагуу бич.)

Хэрэв бид сайн мэдээний зарчим болон ёслолуудад дуулгавартай байвал Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглийг даван туулж чадна гэдгийг гэрчилж, суралцагчдын хариултуудыг дүгнэн ярилц. Бид баптисмын гэрээ хийж мөн үүнийгээ сахин, нүглүүдээ наманчилбал нигүүлсэнгүйгээр өршөөгддөг гэдгийг тайлбарла. Үүнээс гадна Ариун Сүнсний бэлгээр дамжуулан бид мөнх амьдралд хөтлөх зам дээр өдөр бүр тусламж хүлээн авч чадна.

  • Та нарыг сайн мэдээний дагуу амьдрахад Бурхан Ариун Сүнсээр хэрхэн тусалж байсан бэ?

Бид мөнх амьдралыг хүлээн авахын тулд нүглээс гадна даван туулах ёстой хоёр дахь саад байдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдаас энэ саадыг олж тогтоож чадах эсэхийг асуу.

Суралцагчдыг хариулсны дараа Бие махбодын үхэл гэдэг үгийг бүдүүвч зурган дээр Нүгэл гэдэг үгийн дэргэд бич. Биднийг нас барахад сүнс болон бие махбодод маань юу тохиолддогийг тайлбарлахад нэг суралцагчийг урь. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 93:33–34-ийг мөн өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 130:22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, дараах асуултын хариултыг олж мэдэхийг хүс.

  • Сүнс ба бие махбод үүрд салах нь Бурхантай адил болоход хэрхэн саад болох вэ? (Суралцагчид дараах сургаалыг тодорхойлох ёстой. Бид яс, махан бие махбодгүйгээр Тэнгэрлэг Эцэгтэй адил болж чадахгүй.)

Ангийнханд Мариа болон амилсан Есүс Христ хэмээх зургийг үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 59; мөн LDS.org-ийг үзнэ үү) мөн энэ зурган дээр ямар үйл явдал болж байгааг тайлбарлахыг нэг суралцагчаас хүс. Дараа нь нэг суралцагчийг Алма 11:42–44-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, бидэнд бие махбодын үхэл хэмээх саадыг даван гарахад туслахын тулд Есүс Христ юу хийснийг олж тогтоохыг хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр биднийг бие махбодын үхлийг даван туулахад туслахын тулд Есүс Христ юу хийсэн бэ? Суралцагчдад дараах сургаалыг тодорхойлоход нь тусал. Есүс Христийн амилалтын ачаар бүх хүн төрөлхтөн амилж мөн үүрд мөнх амьдрах болно.)

Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:14–17-г ээлжлэн чанга уншихад урь.

  • “Алдар суут амилуулалтын найдвар” нь танд болон таны гэр бүлд хэрхэн баяр баясгалан авчирч болох вэ?

Үхэшгүй байдал бол бүх хүний хүлээн авах бэлэг гэдгийг суралцагчдад сануул. Харин мөнх амьдрал бол Их Эзэний сайн мэдээний хуулиуд болон ёслолуудад дуулгавартай байдаг хүмүүст зориулсан Түүний бэлэг юм. Мариа ба амилсан Есүс Христ гэдэг зургийг самбар дээрх нөгөө зургуудын хажууд байрлуул. Гурван зургийн дээд талд Есүс Христийн Цагаатгал гэж бич.

Дээд талын зуйван дүрсний дээр Өөр нэг тойрог зурж, үүнийгээ Мөнх амьдрал гэж нэрлэ. Бүдүүвч зургийн доод талд байгаа сумны төгсгөлөөс хэвтээ сумыг Мөнх амьдрал гэсэн үг рүү чиглүүлж зур.

Зураг
авралын төлөвлөгөөний сүүлийн бүдүүвч зураг

Бидний аз жаргалын төлөө Тэнгэрлэг Эцэгийн бүтээсэн төлөвлөгөөний талаар мэдсэн зүйлээ хураангуйлан хэлэхийг суралцагчдаас хүс. Гэр бүлийн гишүүндээ эсвэл найздаа аз жаргалын төлөвлөгөөг заах боломжийг эрж хайхад тэднийг урь.

Хичээлийн төгсгөлд Сургаал ба Гэрээг судалснаар аз жаргалын төлөвлөгөөтэй холбоотой илүү олон үнэнийг олж мэднэ гэдгийг суралцагчдад тайлбарла. Энэ хичээлээр зөвхөн тоймыг танилцууллаа. Энэ хичээл дээр ангийнхны ярилцсан үнэний талаарх гэрчлэлээ хуваалц.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Цагаатгал авралын төлөвлөгөөний төвд байдаг

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Есүс Христийн цагаатгагч золиослол нь ‘бүтээлтийн эхлэл ба үүрд мөнхийн төгсгөлгүй цаг хугацааны хооронд болсон хамгийн гайхамшигт үйл явдал юм.’ [Брүс Р.Макконки, The Promised Messiah: The First Coming of Christ (1981), 218.] …

Есүс Христийн Цагаатгал болох тэрхүү золиослол нь авралын төлөвлөгөөний гол цөм нь билээ” хэмээн гэрчилсэн (“Золиослол,” Ensign, 2012 оны 5-р сар, 19 эсвэл Лиахона, 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19).

Мөнх бус байдлын талаарх хичээлүүд

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин мөнх бус байдал дахь саад бэрхшээл биднийг сайжруулна хэмээн заасан.

Зураг
Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Санаагаар унаж, шаналан зовж, уй гашууд автсан үеийг сэтгэлийн хатаар даван туулахыг бид амьдрал болоод туршлагаасаа сурч чадна. Зарим үед сэтгэлийн хатаар даван туулахад хэцүү байдаг эдгээр зүйл нь чухамдаа бидний ойлголтыг өргөжүүлэн тэлж, зан чанарыг төлөвшүүлэн, бусад хүмүүст хандах бидний өрөвч зөөлөн сэтгэлийг нэмэгдүүлдэг юм” (“Юу ч тохиолдсон талархалтай бай,” Ensign, 2008 оны 11-р сар, 27 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 32–33).

Мөнх бус байдлын зорилгуудын нэг нь баяр баясгаланг амсах явдал хэмээн Мормоны Ном заадаг. “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:25).

Тэнгэрлэг Эцэг биднийг буцаж ирэхийг хүлээдэг

Өөрийн хүүхэд нэг бүрийг Өөрийнх нь оршихуйд эргэн ирээсэй хэмээн хүсдэг Бурханы хүслийн тухай ерөнхийлөгч Томас С.Монсон:

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Бид нарны алдрыг эрэлхийлдэг. Энэ нь бидний очихыг хүсдэг Бурханы оршихуйд байдаг. Энэ нь бидний хүсдэг мөнхийн гэр бүл юм. Эдгээр адислалыг авахын төлөө амьдралынхаа туршид хичээж, эрэлхийлж, наманчилж мөн эцэст нь амжилтад хүрсэн байх ёстой. …

Тэнгэрлэг Эцэг маань Өөрийнх нь зарлигуудыг сахидаг хүмүүст баясдаг. Тэр мөн төөрсөн хүүхэд, хойрго өсвөр үеийнхэн, сайн мэдээний зарчмуудаас холдсон залуус, хариуцлагагүй эцэг эхчүүдэд санаа зовдог. Аврагч тэдэнд болон бүх хүнд хайраар: ‘Эргэж ир. Бос. Дотогшоо орцгоо. Гэртээ морил. Надад ир’ хэмээн хэлдэг.

… Түүний онцгой гэрчийн хувьд, би Тэр амьд бөгөөд биднийг сүрлэг хүчтэйгээр буцаж ирэхийг хүлээж байгаа гэдгийг гэрчилж байна” гэж гэрчилсэн юм (“Амьдралын уралдаан,” Ensign, 2012 оны 2-р сар, 93 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 2012 оны 5-р сар, 100).

“Тэнгэрлэг Эцэгийн биднийг ямар болоосой гэж хүсдэгийн адил хүмүүс бол”

Ахлагч Даллин Х.Өүкс:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Эцсийн шүүлт бол бидний хийсэн сайн ба муу үйлсийг дэнслэн, үнэлэлт дүгнэлт өгөх төдий зүйл биш. Энэ бол бидний үйл хэрэг, бодол санаа—бид ямар хүмүүс болсны эцсийн үр дүн юм. Хэний ч тухайд зүгээр л урсгалаараа явах нь хангалттай биш юм. Сайн мэдээний зарлиг, ёслол, гэрээнүүд нь тэнгэр дэх хадгаламжинд хураагдаж байдаг зүйлсийн жагсаалт биш. Есүс Христийн сайн мэдээ бол хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хүсэн хүлээдэг хүмүүс болохыг бидэнд харуулдаг төлөвлөгөө билээ” (“The Challenge to Become,” Ensign, 2000 оны 11-р сар, 32).

Үхэшгүй байдал ба мөнх амьдрал хоёрын хоорондын ялгаа нь юу вэ?

Ахлагч Жозеф Б.Вөртлин:

Зураг
Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Мөнх амьдрал бол [үхэшгүй байдлаас] бүхэлдээ өөр зүйл юм. Үхэшгүй байдал бол тоон үзүүлэлт. Мөнх амьдрал бол чанарын үзүүлэлт. …

Мөнх амьдрал бол оршихуйн хамгийн дээд хэлбэр юм. Бурханы сүнсэн хүүхдүүдийн хувьд та бид бол энэ үнэлж баршгүй баялгийг өвлөгчид, алдар суут ирээдүйг болон ач ивээлийг хүлээн авагчид билээ.

Хэрэв үхэшгүй байдал нь Бурханы ажил юм бол мөнх амьдрал нь Бурханы алдар суу мөн” гэж заажээ (“What Is the Difference between Immortality and Eternal Life?” New Era, 2006 оны 11-р сар, 8).