Семинар
89-р хичээл: Сургаал ба Гэрээ 85–86


89-р хичээл

Сургаал ба Гэрээ 85–86

Оршил

1832 оны арван нэгдүгээр сарын сүүлээр зарим гэгээнтэн Сион руу нүүсэн ч Их Эзэний зарлигласны дагуу өмч хөрөнгөө өргөөгүй байна. Тэд өмч хөрөнгөө өргөөгүй учраас, Сүмд тогтсон журмын дагуу өвөө хүлээн аваагүй. Бошиглогч Иосеф Смит 1832 оны 11-р сарын 27-нд Виллям В.Фелпст бичсэн сүнслэг өдөөлт бүхий захидалдаа энэ асуудлын талаар хөндсөн. Энэ захидлын нэг хэсэг нь Сургаал ба Гэрээ 85-д цэдэглэгдсэн. Хожим нь 1832 оны 12-р сарын 6-нд, Библийн сүнслэгээр өдөөгдсөн залруулга дээр ажиллаж байхдаа Иосеф Смит Сургаал ба Гэрээ 86-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан. Энэ илчлэлт нь улаан буудай хийгээд зэрлэг өвснүүдийн талаарх сургаалт зүйрлэл мөн эцсийн өдөр зөв шударга хүмүүсийг цуглуулахад Их Эзэнд туслах санваарын үүргийн талаар нэмэлт тайлбарыг өгдөг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 85

Их Эзэний бичиг хэргийн ажилтан Бурханы хүмүүсийн цэдгийг хадгалах ёстой

Суралцагчдыг спортын багийн эхний тоглогчийн эрхээр шагнуулсан гэж төсөөлөн бодохыг урь. (Та тухайн соёлд давамгайлдаг спортын багийг эсвэл тэр спортыг тоглодог алдартай багийг нэрлэж болно.) Энэ багт хэдэн өдөр тоглосны дараа тэд багийн нэг тоглогч нь амиа боддог, зарим гишүүн нь байр байрандаа зохих ёсоор тоглодоггүй, бусад нь дасгалжуулагчаа ойшоодоггүй гэдгийг ажигладаг.

  • Энэ баг хожиход яагаад хэцүү байж болох вэ? Энэ багийг илүү сайн тоглодог болоход юуг өөрчлөх хэрэгтэй вэ?

Миссурид ирсэн гэгээнтнүүдийн тоо нэмэгдэх тусам үүнтэй адил нөхцөл байдал 1832 онд эхэлсэн гэдгийг тайлбарла. Их Эзэний хуулийн дагуу болон санваарын удирдлаган доор Сионы хот нь Миссуригийн Жаксон гүнлэгт байгуулагдах болно гэдгийг өмнөх илчлэлтүүд тогтоосон. Эдгээр хуулиар бол Сүмийн гишүүд Сүмийн удирдагчаасаа гэрчилгээ хүлээн авалгүйгээр Сион руу аялах ёсгүй байсан. Тэд ирснийхээ дараа бүх мөнгө, эд хөрөнгөө Сүмд өргөх мөн бишопоос эдлэх өвөө хүлээн авах ёстой байлаа. Үүнээс гадна тэд Бурханы бүх зарлигийг сахих ёстой байв. (С ба Г 64:34–35; 72:15–19, 24–26-г үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 85-д цэдэглэгдсэн илчлэлтийн хам сэдвийг суралцагчдад ойлгоход нь туслахын тулд Миссурид байсан гэгээнтнүүдийн олон нь Сионыг байгуулахад заасан Их Эзэний хуультай зохицож амьдарч байсан гэдгийг тайлбарла. Гэсэн хэдий ч, Сүмийн зарим гишүүн өмч хөрөнгөө өргөх Их Эзэний зарлигт дуулгаваргүй хандаж, удирдагчдаасаа гэрчилгээ авалгүйгээр Сион руу аялсан байна. Үүнээс болж тэд өвлөх өвөө хүлээж аваагүй юм.

  • Эдгээр нөхцөлд Сионы хотыг байгуулахад яагаад бэрхшээлтэй байсан байж болох вэ?

Миссури дэх эдгээр хүндрэлийн хариуд Иосеф Смит тухайн үед Индепенденст амьдарч байсан Сүмийн удирдагч Виллям В.Фелпст захидал илгээсэн (Сургаал ба Гэрээ 85-р хэсгийн удиртгалыг үзнэ үү).

Бошиглогчийн захидал нь Миссурид амьдарч байсан Их Эзэний бичиг хэргийн ажилтан Жон Витмерт заавар өгсөн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 85:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Миссури дэх Сүмийн бичиг хэргийн ажилтанд Их Эзэн юу хийхийг зааварласныг олж мэдэхийг хүс.

  • Бичиг хэргийн ажилтан юу бичихээр зааварлагдсан бэ?

Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 85:3–5-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн Сүмийн цэдэгт хэний нэрийг бичих ёсгүй хэмээн хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Аль хүмүүсийн нэрс Сүмийн цэдэгт бичигдэхгүй вэ?

Иосеф Смитийн үед цэдэг хөтлөгдөж байсан шиг өнөө үед ч гэсэн Сүмийн бүртгэлүүдийг хөтөлсөөр байгааг тайлбарла. Үүний нэг зорилго нь итгэлтэй хүмүүсийн нэрсийг болон тэдний ажил үйлсийн шастирыг хадгалах явдал юм.

  • Сүмийн итгэлтэй гишүүнээр нэрээ цэдэглүүлэхийн тулд бид зарим ямар зүйлийг хийх ёстой вэ?

Суралцагчдыг хариулсны дараа, дараах үнэнийг самбар дээр бич. Хэрэв бид Бурханы хуулиудаар амьдардаг бол бидний нэрс Сүмийн итгэлтэй гишүүд хэмээн цэдэглэгдэн бичигдэх болно. Дэлхий дээр цэдэглэгдсэн итгэлтэй хүмүүсийн үйлдэл нь тэнгэрт амьдралын ном гэдэгт бас цэдэглэгддэг гэдгийг тайлбарла (С ба Г 128:6–7-г үзнэ үү). Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 85:5, 9, 11-ийг гүйлгэн хараад, итгэлтэй хүмүүсийн талаар дэлхий дээр хадгалагддаг цэдгийг дүрслэхэд хэрэглэсэн өөр нэрсийг олж тогтооход урь. Тэднээс олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

Таны самбар дээр бичсэн үнэний чухлыг мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд тэднийг нэр төртэй үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөсөн гэж төсөөлөхөд урь. Тэд үйл ажиллагаан дээр ирсэн боловч нэрс нь уригдсан хүмүүсийн жагсаалтад байгаагүйгээс орж чадаагүй бол тэдэнд ямар сэтгэгдэл төрөхийг асуу.

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 85:9–11-ийг дотроо уншаад, Их Эзэний дурсамжийн номонд тэдний нэр байхгүй байвал тэдэнд ямар байх талаар төсөөлөхийг хүс.

  • Та гэгээнтнүүдтэй хамт нэрс нь цэдэглэгдээгүй хүмүүс “өв олох нь үгүй” гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ? (Тэд итгэлтэй хүмүүст өгөгдөх адислалуудыг хүлээн авахгүй билээ.)

  • 11-р шүлэгт цэдэглэснээр, юу Сүмийн гишүүдийг Бурханы хуулийн номоос нэрээ хасуулахад хүргэж болох вэ?

  • Сүмийн итгэлтэй гишүүнээр нэрээ цэдэглүүлэхийн чухлын талаар олж мэдсэн зүйлсээ та хэрхэн тоймлох вэ?

Тэр цэдэг нь дэлхийд болон тэнгэрт аль алинд нь хадгалагдаж байдгийг гэрчил. Бид бүгд Бурханы хуулиудаар амьдрах өөрсдийн үйлдэл болон итгэлтэй байдлаа тайлагнах ёстой болно. Суралцагчдыг Бурханы хуулиудад хандах хандлага болон дуулгавартай байдлаа тунгаан бодоход урь.

Сургаал ба Гэрээ 86

Их Эзэн улаан буудай болон зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийг тайлбарлав

Хичээл эхлэхээс өмнө нэг суралцагчийг Матай 13:24–30-ийг уншаад, ангийнхандаа улаан буудай болон зэрлэг өвсний зүйрлэлийг товчлон хэлэхэд бэлэн байхыг хүс. Дараах үгсийг самбар дээр бич. Үүнд: улаан буудай, зэрлэг өвс, талбай, үр суулгагчид, дайсан.

Сонгосон суралцагч зүйрлэлийг товчлон хэлсний дараа ангийнхнаас асуу.

  • Буудай болон зэрлэг өвс юуг бэлгэддэг вэ? (Буудайгаар зөв шударгыг бэлгэддэг бөгөөд зэрлэг өвсөөр ёс бусыг бэлгэддэг [Матай 13:38-ыг үзнэ үү].)

  • Энэ сургаалт зүйрлэл дэх хүн яагаад зэрлэг өвсний зулгаалтыг хүлээхийг хүссэн бэ?

Зураг
буудай болон зэрлэг өвс

Буудай болон зэрлэг өвсний дагалдах зургийг үзүүл эсвэл үүнийг самбар дээр зур. Зэрлэг өвс нь хортой, хогийн ургамлын нэг төрөл гэдгийг тайлбарла. Буудай болон зэрлэг өвс нь нахиалахдаа бараг л ялгагдахгүй адилхан боловч боловсорч гүйцээд ирэхээрээ ялгарч харагддаг. Хэрэв тариа хадагчид буудай болон зэрлэг өвсийг боловсрохоос нь өмнө, зэрлэг өвсийг зулгаах гэж оролдвол ихэнх буудайг бас зулгааж мэдэх байлаа.

Цөөн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 86:1–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, талбай, үр суулгагчид, дайсан зэргийн утгыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • Бэлгэдлүүдийг Их Эзэний тайлбарласанд үндэслэн, та сургаалт зүйрлэлийн утгыг хэрхэн товч дүгнэх вэ?

Энэ илчлэлтийг хүлээн авах үедээ Иосеф Смит Библийн сүнслэгээр өдөөгдсөн залруулгыг (Иосеф Смитийн орчуулга) шалган хянаж байсныг тайлбарла. Сургаал ба Гэрээ 86-д цэдэглэгдсэн илчлэлт нь Матай 13:24–30-д цэдэглэгдсэн сургаалт зүйрлэлийг дэлгэрэнгүй болгодог. Жишээ нь, Сургаал ба Гэрээ 86-аас бид сургаалт зүйрлэлийн үр суулгагчид нь Аврагчийн төлөөлөгчдийг төлөөлдөг (2-р шүлгийг үзнэ үү) мөн зэрлэг өвснүүд нь “улаан буудайг багалзуурдаж мөн сүмийг аглаг буйд уруу хөөдөг” (3-р шүлэг) болохыг олж мэддэг. Бид бас “эцсийн өдрүүдэд” улаан буудайн шинэ нахианууд “соёолж” эхлэхийг (4-р шүлэг) олж мэддэг. Зэрлэг өвснүүдийн тарилт нь Урвалтыг, шинэ улаан буудайн нахиалалт нь Сэргээлтийг төлөөлдөг.

Энэ сургаалт зүйрлэлд эзэн нь боолууддаа эхлээд зэрлэг өвснүүдийг зулгааж боож шатаагаад, дараа нь улаан буудайг цуглуулаад амбаартаа хий хэмээн хэлдэг (Матай 13:27–30-ийг үзнэ үү). Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 86:7-г дотроо уншаад, энэ илчлэлтийн цуглуулах журмыг тодруулж өгдөг ойлголтуудыг мэдэж авахад урь.

  • Бид 7-р шүлгээс цуглуулах журмын талаар юу сурч мэдсэн бэ?

  • Энэ нь эцсийн өдрүүдэд зөв шударга болон ёс бусчуудад тохиолдох зүйлсийн талаар юу заадаг вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Их Эзэн эцсийн өдрүүдийн үеэр зөв шударга хүмүүсийг цуглуулаад, дараа нь Хоёр дахь ирэлтээрээ ёс бусчуудыг устгана.)

Номлогчид: ахлагчид болон Номлогчид: эгч нар зургуудыг үзүүл (Gospel Art Book [2009 он] nos. 109, 110; мөн LDS.org-ийг үзнэ үү).

Зураг
Номлогчид: ахлагчид
Зураг
Номлогчид: эгч нар
  • Эдгээр зураг улаан буудай болон зэрлэг өвсний сургаалт зүйрлэлтэй хэрхэн холбоотой байна вэ? (Бид бусадтай сайн мэдээг хуваалцсанаар зөв шударга хүмүүсийг цуглуулахад тусалж болохыг олж харахад нь суралцагчдад тусал.)

Их Эзэний Сүмийн гишүүний хувьд олон арга замаар адислагдсанаа санах нь бусадтай эдгээр адислалаа хуваалцах бидний хүслийг нэмэгдүүлдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 86:8–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэний Сүмийн гишүүдийн хувьд бидний адислагдсан арга замуудыг олж мэдэхийг хүс.

  • 8–10-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэний Сүмийн гишүүдийн хувьд бид ямар арга замаар адислагдсан бэ?

9-р шүлэг дэх “та нар хууль ёсны өв залгамжлагчид” гэсэн хэллэгийг онцолж хэл. Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд нь Абрахамын үр удам санваарын адислалуудыг эдлэх бөгөөд тэд энэ адислалуудаа бусадтай хуваалцах болно хэмээн амлаж Абрахамтай хийсэн Бурханы гэрээний нэг хэсэг гэсэн үг юм гэдгийг тайлбарла (Абрахам 2:9–11-ийг үзнэ үү).

  • Та нар санваараар дамжуулан хэрхэн адислагдаж байсан бэ?

Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 86:11-ийг чанга уншаад, бидний бусдад тусалж чадах арга замуудыг олж тогтоохыг ангийнхнаас хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс. Дараах зарчмыг самбар дээр бич. Бид санваарын адислалуудыг хүлээн авахад нь тусалснаар бусдад авралыг авчирч чадна.

Суралцагчдыг хэн нэгэнд зөв шударга үлгэр дуурайл үзүүлэх боломжтой болсон эсвэл тэд өөр хүнд санваарын адислалуудыг хүлээн авахад тусалсан туршлагаасаа хуваалцахад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 85:7–8. “Хүчтэй хийгээд хүчирхэг нэгэн” гэж хэн бэ?

Бурханы өргөөг эмх цэгцэнд барих “хүчтэй хийгээд хүчирхэг нэгэн” (С ба Г 85:7) болон “Бурханы авдрыг тогтвортой болгохоор гараа урагш сунгах тэр” (С ба Г 85:8) гэсэн эш таталтуудыг олон урвагч Сүмээс холдсоноо зөвтгөхөд хэрэглэж байсан. Урвагчид өөр өөр Сүмийн ерөнхийлөгчид нь Бурханы тааллыг алдаж, эсэргүүцэгдсэн учраас өөрсдийгөө зөв зүйлсийг тогтоохоор Бурханаар дуудагдсан “хүчтэй хийгээд хүчирхэг нэгэн” гэж үздэг. Ийм шаардлагууд нь судрын утгатай зөрчилддөг билээ. Тэргүүн Зөвлөл (Жозеф Ф.Смит, Жон Виндер, Антон Х.Ланд) 1905 онд гаргасан албан ёсны мэдэгдэлдээ Сургаал ба Гэрээ 85:7–8-д цэдэглэгдсэн энэ илчлэлтийг урагш авчрах болгосон нөхцөл байдлыг болон дараах хоёр хэллэг хамаатай хүмүүсийн талаар авч хэлэлцсэн.

“Эхлээд энэхүү захидлын [Виллям В.Фелпст бичсэн бошиглогчийн захидал] агуулга нь, хожим тодорхой хэсэг нь илчлэлт хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн энэ мэдэгдлийг Миссури дэх Сүмийн ажил хэрэг, энэ газар нутагт болох гэгээнтнүүдийн цугларалт, өргөлийн хуулиар өмч хөрөнгө эзэмших болон даамал байх зэрэгтэй холбоотой бөгөөд юуны өмнө бишопын захирамж эсвэл баримтаар өмч хөрөнгөө хүлээн авч чадаагүй хүмүүсийн асуудалд бошиглогч хэрхэн хандсан бэ гэдгийг авч үзэх ёстой. …

“Бишоп Партриж нь хамгийн зохистой, Бурханы хайрладаг, бошиглогчийн “сүсэг бишрэлийн нэг загвар” гэж тодорхойлсон мөн ‘Их Эзэний агуу эрсийн нэг’ байсан бөгөөд тэрээр эхэндээ зарим үед бошиглогчийн эсрэг босож, Сүмийн үйл хэргийн түүний удирдах ажлыг залруулж засахыг эрэлхийлж байсан. Өөрөөр хэлбэл тэр “авдрыг тогтвортой болгохоор гараа урагш сунгажээ.’ …

Сион болох Миссуригийн Жаксон гүнлэгт ах нарын дунд эсэргүүцэл, хардалт сэрдэлт, бардамнал, итгэлгүй байдал, зүрх сэтгэлийн хатуурсан байдал ноёлж байсан үе буюу бишоп Партриж бүхий л үйл хэрэгт нь оролцож байсан үед Виллям В.Фелптс бичсэн захидлаас авсан илчлэлтийн тэр үгс 1832 оны 11-р сарын 27-нд бичжээ. ‘Бурханаас дуудагдаж мөн томилогдсон хүн’ болох ’гэгээнтнүүдэд өөрсдийнх нь өмч хөрөнгийг хуваах’ Эдвард Партриж тэр үедээ хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандан, ’авдрыг тогтвортой болгохоор гараа урагш сунган’ эмх замбараагүй байсан ба улмаар Бурханы шүүлт тулгарч буйг түүнд сэрэмжлүүлсэн бөгөөд өөр ‘хүчтэй бөгөөд хүчирхэг’ нэгнийг Бурхан түүний оронд томилно гэсэн байжээ. Үүнийг түүний дээр өгөгдсөн дээд албан тушаалын сүнс мөн хүчтэй нэгэн байх, ‘Бурханы өргөөг эмц цэгцэд барихын, … гэгээнтнүүдийн өвийг хэсэгчлэн байгуулахын’ тулд өгөгдөх хүч чадалтай нэгэн, өөрөөр хэлбэл, бишоп Эдвард Партрижид хий хэмээн томилсон боловч чадаагүй ажлыг хийх түүний оронд бишопын үүргийг авах Бурханаас дуудагдсан нэгэн гэж дэвшүүлжээ. …

… Хийсэн наманчлал, гаргасан золиослол, туулсан зовлон шаналлынхаа хэрээр бишоп Эдвард Партриж ‘аянгын хурц цахилтаар арчигдан унах мод лугаа адил үхлийн дайралтаар унах’ түүний эсрэг заналхийлж байсан шүүлтийн хөнгөрүүлэлтийг хүлээн авчээ. Иймээс ‘Бурханы өргөөг эмц цэгцэд барих, гэгээнтнүүдийн өвийг хэсэгчлэн байгуулах хүчтэй бөгөөд хүчирхэг нэгэн‘ буюу түүний байр суурийг авах хэн нэгнийг илгээх явдлыг үеэ өнгөрөөсөн мөн бошиглол бүхий тохиолдол хаагдсан гэж үзсэн байж болох юм” (Нэгтгэсэн Жэймс Р.Кларк, Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6-р боть [1965–1975], 4:112, 113, 115, 117; мөн Сургаал ба Гэрээ Суралцагчийн гарын авлага, 2-р хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 186–187-г үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 85:8. “Бурханы авдрыг тогтвортой болгох” гэж юу гэсэн үг вэ?

“Бурханы авдрыг тогтвортой болгох” гэдэг хэллэг нь эртний Израилд хаан Давидын хаанчлалын үеэр болсон явдлыг хэлж байгаа юм. Филистчүүд тулалдааны үеэр гэрээний авдрыг олзолж авсан ч тэд хавдар өвчинд цохигдсон тул энийг буцааж явуулсан (1 Самуел 4–6). Давид болон хүмүүс сүүлд нь авдрыг Узза, Ахио хоёроор хөтлүүлсэн үхэр тэргээр Иерусалимд авчирсан. ‘Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь Бурханы авдрыг унагаах шахсан тул Узза түүн уруу хүрч, бариад авав. Эзэний уур хилэн Уззагийн эсрэг шатаж, Бурхан хүндэтгэлгүй байдлаас нь болж түүнийг тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв’ (2 Самуел 6:6–7; шүлэг Авдар нь Бурханы оршихуй, Түүний алдар суу болон сүр жавхлангийн бэлгэ тэмдэг байсан. Анх Израилд өгөгдөхдөө авдрыг ариун сүм дэх ариунаас ариун газарт байрлуулаад тахилч хүртэл түүнд хүрч болдоггүй байв. Христийн хэв шинж бүхий зөвхөн дээд санваартан хувийн цэвэршилт болон нүглүүдийнхээ гэмийн наманчлалын нарийн зан үйл хийж дууссаныхаа дараа л үүнд хүрч болдог байжээ. …

Хэдийгээр Узза сайн санаатай байсан ч, тэрээр зөвхөн хатуу чанга дэглэмтэй ханддаг зүйлд хайнга хандсан билээ. Тэрээр Бурханы хүчинд огт итгэдэггүй байжээ. Тэрээр авдрыг унах аюулд байна гэж бодоод энэ нь бүхий л хүч чадалт Бурханы биет бэлгэ тэмдэг байсан гэдгийг мартсан байв. Бид өөрсдийн хүчин чармайлтаар Бурхан болон Түүний хаант улсыг аварна гэж үзэж болохгүй.

Уззагийн хийсэн гэм нь тэр сайн санаатайгаар авдрыг тэрэгнээс өнхөрч унахаас хамгаалсан хэдий ч, сүсэг бишрэлгүйгээр авдарт хүрсэн гэдэгт оршино. Тэнгэрлэг алдар суугийн хаан ширээ болон үл үзэгдэх Их Эзэний оршихуйн үзэгдэх амлалт болох авдарт хүрэх нь ариун Бурханы сүр жавхланг зөрчсөн хэрэг юм. Узза нь тийм учраас сайныг санах, хүний сэтгэлээр ярьдаг, ариусгаагүй ухаан бодолтой ч тэднийг аюулд орлоо гэдэг ойлголт төрөнгүүт аврах гэсэн найдлагатайгаар Бурханы хаант улсын ажил хэрэгт хөндлөнгөөс оролцдог бүх хүмүүсийн төрөлд багтана” (O. V. Gerlach).’ (Кэйл ба Дэлиш, Commentary, bk. 2: Joshua, Judges, Ruth, 1 and 2 Samuel, ‘Second Book of Samuel,’ p. 333.)” (Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 188).

Их Эзэн энэ явдлыг орчин үеийн илчлэлтэд Бурханаас дуудагдаж мөн томилогдсон бидний санваарын удирдагчид эсвэл бусад хүнд (“авдрыг тогтвортой болгох”) заавар өгөх үүрэг хариуцлагыг өөрсөд дээрээ хүлээх ёсгүй гэдэг зарчмыг заахаар хэрэглэсэн (С ба Г 85:8-ыг үзнэ үү). Гэсэн ч авдрыг ганхахаас айж, тогтвортой болгох гэж боддог хүмүүс байдаг. Сүмийн зарим гишүүн асуудлуудыг хараад, удирдагчид болон бусад хүний эдгээр асуудалд анхаарлаа хандуулах арга замд бухимдаж болно. Тэдэнд үүнийг хийх эрх мэдэл байхгүй хэдий ч, тэд тойрог эсвэл бүр Сүмийн хүрээнд залруулах хэрэгтэй гэж үзэж болно. Гэсэн хэдий ч, хамгийн шилдэг санаа нь Их Эзэний Сүмд ингэж хөндлөнгөөс саад болохыг зөвтгөхгүй юм.

Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй заахдаа:

Зураг
Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй

“Бид өөрсдийн хүрээнээс гарч, ахын хүчин чармайлтуудыг эрх мэдэлгүйгээр удирдах гэж оролдох нь бидэнд бага зэрэг аюултай. Та авдрыг тогтвортой болгохоор гараа сунгасан Уззагийн түүхийг санаж байгаа биз дээ. [Шастирын дээд 13:7–10-ыг үзнэ үү.] Түүний үхрийг бүдрэхэд гэрээний бэлгэ тэмдгийг тогтвортой байлгахаар гараа сунган түших нь зөвтгөх үйлдэл мэт санагдсан байж болно. Өнөөдөр бид түүний шийтгэлийг дэндүү ноцтой гэж боддог. Энэ тийм байлаа ч энэ явдал амьдралын хичээл болдог. Бүгдээрээ эргэн тойрноо харж, авдрыг тогтвортой болгохоор эрх мэдэлгүйгээр оролдох хүмүүс хэр хурдан сүнслэг байдлын хувьд үхэхийг харцгаая. Тэдний зүрх сэтгэл нь бухимдаж, оюун ухаан нь гажиж, дүгнэх сэтгэлгээ нь буруудаж, сүнс нь гутардаг. Энэ нь үүрэг хариуцлагаа үл ойшоож, бусдын алдааг хайж хамаг цагаа үрдэг, өрөвдмөөр хүмүүсийн нөхцөл байдал юм” гэж заасан (Conference Report, 1936 оны 4-р сар, 60-д).