Семинар
112-р хичээл: Сургаал ба Гэрээ 107:21–38


112-р хичээл

Сургаал ба Гэрээ 107:21–38

Оршил

1835 оны 4-р сард дөнгөж томилогдоод байсан Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд Огайогийн Көртландад, чуулгаараа анхны номлолдоо гарахаар бэлтгэж байв. Явахын өмнө тэд бошиглогч Иосеф Смитээс салан явах замын туршид тэдэнд туслах илчлэлтийг эрэлхийлэхийг хүссэн юм (111-р хичээлийн оршил хэсгийг үз). Түүний хүлээн авсан илчлэлт Сургаал ба Гэрээ 107-д цэдэглэгджээ. Энэ нь уг хэсгийг ярилцах гурван хичээлийн хоёр дахь хичээл юм. Уг илчлэлтийн энэ хэсэгт Сүмийн тэргүүлэх чуулгууд болох Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Далын үүрэг хариуцлагуудыг заасан байдаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 107:21–26

Их Эзэн Сүмийн тэргүүлэх чуулгуудын үүрэг хариуцлага болон эрх мэдлийн талаар тоймлов

Хичээл эхлэхээс өмнө дараах үгсийг самбар дээр бич. дэмжих ба батлах. Хичээл эхлэхэд суралцагчдаас хэн нэгнийг дэмжиж эсвэл баталж байсан үеийнхээ тухай бодохыг хүс. Дараа нь суралцагчдыг дэргэдэх хүндээ энэ туршлагаа ярихыг урь.

  • Таныг хэн нэгэн дэмжиж эсвэл баталж байсныг мэдсэнээр ямар өөрчлөлтийг оруулсан бэ?

Дэмжих гэдэг үгийг самбар дээр бичиж, хэн нэгнийг дэмжих гэдэг нь уг хүнийг дэмжих, батлах гэсэн үг болохыг тайлбарла.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 107:21–22-ыг чимээгүй уншиж, Их Эзэн Сүмийн гишүүдэд хэнийг дэмжих хэрэгтэй хэмээн хэлснийг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн бидэнд хэнийг дэмжих хэрэгтэй хэмээн хэлсэн бэ? (Та суралцагчдыг хариулах хооронд самбар дээр Тэргүүн Зөвлөл гэсэн гарчгийг бич.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 107:8–9-ийг чимээгүйхэн давтахад урь. Тэднийг эдгээр шүлгийг уншихын өмнө, 9-р шүлэгт “Мелкизедекийн дэг жаягийн дагуу Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөл” гэж бичсэн нь Тэргүүн Зөвлөлийг хэлж байгаа болохыг тайлбарла. Энэ шүлгүүд Тэргүүн Зөвлөлийн талаар юу зааж байгааг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

  • Энэ шүлгүүд Тэргүүн Зөвлөлийн талаар юу зааж байна вэ? (Гарчгийн доор дараах үнэнийг бич. Тэргүүн Зөвлөл Сүмийн бүх албан тушаалуудыг тэргүүлэх үүрэг хариуцлага, эрх мэдэлтэй байдаг.)

  • 22-р шүлэгт өгүүлснээр, Тэргүүн Зөвлөлийг бид хэрхэн дэмждэг вэ? (Суралцагчдын хариулт дараах үнэнийг гаргах хэрэгтэй. Тэргүүн Зөвлөл Сүмийн итгэл, үнэмшил, залбирлуудаар дэмжигддэг. Та суралцагчдад энэ зарчмыг зааж буй 22-р шүлэг дээрх үг өгүүлбэрийг тэмдэглэхийг санал болгож болно.)

  • Яагаад бид Тэргүүн Зөвлөлийг дэмжих хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах өгүүлбэрийг уншихад урь. Сүмийн удирдагчдаа дэмжиж, батлахын тулд биднийг юу хийх хэрэгтэй гэж хэлснийг олж сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Дуудагдсан тэр хүмүүсийг дэмжин батлах нь …, бидний хувьд, Их Эзэний үйлчлэгчдийг даган Түүний зарлигуудыг сахих амлалтыг авч, өөрсдийн амьдралын талаар бодож үзэн, шаардлагатай бол наманчлах ёстой гэсэн үг юм. …

… Бурханы хаант улсад бидэнд үйлчилдэг тэр хүмүүсийг бид итгэлээрээ дэмжин баталж, тэдний төлөө залбирах нь үнэхээр ухаалаг зүйл юм. Миний хувьд, дуудагдсан хүмүүсийг дэмжин баталдаг Сүмийн гишүүдийнхээ итгэлийн хүчийг мэдэрч байдаг. … Би тэднийг танихгүй ч, зөвхөн санваарын түлхүүрүүдээр дамжуулан үйлчлэхээр дуудагдсаны минь хувьд намайг мэдэх болсон тэр хүмүүсийн итгэл, залбирлын хүчирхэг арга замуудыг мэдэрсэн билээ” (“The True and Living Church,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 21).

  • Сүмийн удирдагчдаа дэмжихийн тулд биднийг юу хийх хэрэгтэй гэж ерөнхийлөгч Айринг хэлсэн бэ?

  • Бид хувьчлан танихгүй Тэргүүн Зөвлөл зэрэг Сүмийн удирдагчдаа хэрхэн дэмжиж болох вэ?

Тэргүүн Зөвлөл болон бусад Сүмийн удирдагчдыг дэмжихийн тулд тэднийг одоо юу хийж байгаа талаар бодож үзэхийг суралцагчдаас хүс. Сүмийн удирдагчдаа илүү сайн дэмжихийн тулд ирээдүйд юу хийх талаарх тодорхой зорилгоо дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэлдээ бичихэд тэднийг урь.

Самбар дээр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга гэсэн гарчиг бич. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 107:23-ыг чимээгүй уншаад Арван хоёр төлөөлөгчийн үүрэг хариуцлагын талаар Их Эзэн юу хэлснийг олж мэдэхэд урь.

  • 23-р шүлэгт өгүүлснээр Арван хоёр төлөөлөгч юу хийхээр дуудагддаг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах сургаалыг “Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга” гарчгийн доор бич. Төлөөлөгчид нь бүх дэлхий дээрх Есүс Христийн нэрийн онцгой гэрчүүд юм. Та энэ сургаалыг судар дээрээ тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно.)

  • Төлөөлөгчид нь бүх дэлхийн хувьд Есүс Христийн нэрийн онцгой гэрчүүд гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Библийн толь бичигт Төлөөлөгч гэдэг үг, албан тушаалыг юу гэж хэлснийг уншихыг суралцагчдаас хүс. Суралцагчдаас сурч мэдсэн зүйлийнхээ тухай хуваалцахыг урь.

Сүмийн ерөнхийлөгч бол дэлхий дээрх хамгийн ахмад төлөөлөгч бөгөөд Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд бас төлөөлөгчид болохыг тайлбарла. Тэгэхээр Тэргүүн Зөвлөлийн гишүүд мөн Есүс Христийн нэрийн тусгай гэрчүүд болно. Суралцагчдыг төлөөлөгчдийн гэрч эсвэл гэрчлэлүүдийг унших юм уу сонсох үедээ ямар мэдрэмжтэй байдаг талаараа бодоход урь. Цөөн хэдэн суралцагчийг бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

Сургаал ба Гэрээ 107:24-ийг чимээгүй уншихад суралцагчдыг урьж, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын хүч, эрх мэдлийн талаар Их Эзэн юу хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 24-р шүлгээс бид Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын хүч, эрх мэдлийн талаар юу мэдэж авдаг вэ? (Чуулга нь Тэргүүн Зөвлөлтэй тэнцүү эрх мэдэл, хүчийг эзэмшдэг. Та энэ мэдээллийг самбар дээр “Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга” гарчгийн доор бичиж болно.)

Эрэгтэй хүмүүс төлөөлөгчөөр томилогдоход Сүмийн ерөнхийлөгчтэй адил санваарын түлхүүрүүд тэдэнд өгөгддөг болохыг тайлбарла. Гэсэн ч Сүмийн ерөнхийлөгч бол Мелкизедек санваарын дээр тэргүүлэх дээд пристийн хувьд, энэ дэлхий дээр санваарын бүх түлхүүрийг хэрэглэх эрх мэдэл бүхий цорын ганц хүн юм. Бусад төлөөлөгч эдгээр санваарын түлхүүрийг Сүмийн ерөнхийлөгч эрх мэдэл олгосны дагуу хэрэглэдэг. Сүмийн ерөнхийлөгч нас барах үед Тэргүүн Зөвлөл буух ба Тэргүүн Зөвлөлтэй тэнцүү эрх мэдэл, хүч бүхий Арван хоёрын Чуулга Сүмийг тэргүүлдэг. Арван хоёрын чуулгын ерөнхийлөгчийн хувьд амьд сэрүүн буй ахмад төлөөлөгчид санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл олгогддог.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 107:25-ыг чимээгүй уншин, энэ илчлэлтэд дурдагдсан санваарын өөр нэгэн чуулга болон гишүүдийнх нь үүрэг хариуцлагын тухай олж мэдэхэд урь.

  • Их Эзэний энэ илчлэлтэд дурдсан гурав дахь чуулган юу вэ? (Суралцагчдыг хариулахад, самбар дээр Дал гэсэн гарчгийг бич.

  • Далын үүргүүд юу вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээр “Дал” гэдэг гарчгийн доор дараах үнэнийг бич. Дал нь бүх дэлхий дээр сайн мэдээг тунхаглахаар мөн Есүс Христийн тусгай гэрчүүд байхаар дуудагдсан юм.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 107:26-г чимээгүй уншиж, Далын эрх мэдлийн талаар Их Эзэн юу хэлснийг олж мэдэхэд урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлийнхээ тухай хуваалцахад урь.

Суралцагчид Далын эрх мэдлийн талаар Их Эзэн юу гэж хэлснийг ойлгоход нь туслахын тулд, нэг суралцагчаар дараах мэдэгдлийг уншуул.

“Есүс Христ Өөрийн Сүмд хамаатай Санваарын бүх түлхүүрийг эзэмшдэг. Тэрээр Өөрийн төлөөлөгч бүрд дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаарах бүх түлхүүрийг олгодог. Ахмад амьд төлөөлөгч, Сүмийн ерөнхийлөгч бүх санваарын түлхүүрийг ашиглах эрхтэй дэлхий дээрх цорын ганц хүн юм. …

Далууд томилолтоор эсвэл Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас эрх мэдэл олгосноор ажил хэргийг явуулдаг. … Далын ерөнхийлөгчийн зөвлөлийг адисалж, Далын чуулгуудыг тэргүүлэх түлхүүрүүдийг олгодог” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 2.1.1).

Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, Далын гишүүдийн хэлсэн үгийг уншиж эсвэл сонсоход тохиолдсон туршлагаасаа хуваалцахад цөөн суралцагчийг урь. Хэрэв суралцагчдаас хэн нэгэн нь энэ ах нартай уулзаж байсан бол тэр тухайгаа хуваалцахад урь.

Сургаал ба Гэрээ 107:27–32

Сүмийн тэргүүлэх чуулгууд хэрхэн шийдвэр гаргах талаар Аврагч тайлбарлав

Бүлгээрээ энгийн нэг шийдвэр гаргахыг хүсэж байгаагаа та суралцагчдад хэл (жишээлбэл, дараагийн хичээл дээр ямар дуулал дуулахыг тэд сонгож болох юм). Өөрсдийн санаануудыг ярилцан хамтдаа шийдвэрт хүрэхэд нь тэднийг урамшуул. Суралцагчдыг шийдвэрт хүрсний дараа дараах асуултуудыг тавь.

  • Бүлэг хүмүүс ер нь хэрхэн шийдвэр гаргадаг вэ?

  • Эдгээр арга барилууд Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, Дал хэрхэн шийдвэр гаргадагтай хэрхэн харьцуулагдана гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Тэднийг хамтдаа Сургаал ба Гэрээ 107:27–32-ыг уншиж, Сүмийн тэргүүлэх чуулгууд хэрхэн шийдвэр гаргадаг талаар Их Эзэн юу заасныг олж мэдэхэд урь. Суралцагчдад эдгээр шүлгийг судлах хангалттай хугацаа өгсний дараа дараах асуултуудыг ярилц.

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр, тэргүүлэх чуулгууд хэрхэн шийдвэр гаргадаг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та тэдгээрийн хариултыг дүгнэн дараах зарчмыг самбар дээр бич. Сүмийн тэргүүлэх чуулгууд шийдвэрээ эв нэгдэл, зөв шударга байдалд гаргадаг.)

  • Ах нарын нэгдсэн шийдвэрт хүрэхэд нь чухал хэрэгтэй ямар чанаруудыг 30-р шүлэгт дурдсан байна вэ?

  • 31-р шүлэгт хэлснээр Сүмийн тэргүүлэх чуулгын хувьд шийдвэр гаргахдаа энэ чанаруудыг хэрэглэх юм бол Их Эзэн тэдэнд юу амласан бэ?

  • Их Эзэн Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, Далыг Өөрийн мэдлэгээр адислахыг амладаг гэдгийг мэдэх нь энэ удирдагчдыг итгэл, найдвар, залбиралтайгаар дэмжихэд та нарт хэрхэн тусалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 107:33–38

Их Эзэн Сүмийн тэргүүлэх чуулгад нэмэлт удирдамж өгөв

Суралцагч бүрд дараах шүлгээс нэгийг даалгаж өг. Сургаал ба Гэрээ 107:33, 34 эсвэл 35. Суралцагчдаас өөрсдийн шүлгүүдийг судлан, Арван хоёр төлөөлөгч юм уу Далын тухай үнэнүүдийг олж мэдэхэд урь. Хангалттай цаг өгсний дараа хэдэн суралцагчаас самбарын өмнө гараад олж мэдсэн үнэнүүдээ “Дал” гэсэн гарчгийн доор бичихийг хүс.

Суралцагчдын илэрхийлж болох үнэнүүд дараах үнэнийг багтааж болно. Арван хоёр Төлөөлөгч нь Сүмийг өсгөж хөгжүүлэхдээ Тэргүүн Зөвлөлийн удирдлагаар мөн Их Эзэний нэрээр үйлддэг. Дал нь Арван хоёрын удирдлагаар мөн Их Эзэний нэрээр үйлддэг. Арван хоёр төлөөлөгч Есүс Христийн сайн мэдээг тунхаглах түлхүүрүүдийг эзэмшдэг.

Түүний Сүмийг удирдахаар Их Эзэнээр дуудагдсан тэр хүмүүсийн ариун үүргийн тухай өөрийнхөө гэрчлэлийг хуваалцан хичээлийг төгсгөнө үү. Тэдний сүнслэг удирдамжийг анхааран сонссоноор тэднийг дэмжин батлахад суралцагчдыг урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 107:21–24. Христийн нэрийн тусгай гэрчүүд

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Христийн нэрийн тусгай гэрчүүд байх гэдэг нь юу гэсэн үг болохыг ийн тайлбарласан.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Энэ үеийн төлөөлөгчийн үүрэг эртнийхтэй адил юм (Үйлс 1:22; 4:33-ыг үзнэ үү). Бидний үүрэг бол бүх дэлхийгээр явж, ‘Есүс Христийг болон Түүний цовдлолтыг тунхаглах юм’ (Марк 16:15; 1 Коринт 2:2-ыг үзнэ үү). Төлөөлөгч бол номлогч, мөн Христийн нэрийн тусгай гэрч билээ. ‘Христийн нэр’ гэдэг нь Аврагчийн номлол, үхэл болон амилалтыг---Түүний эрх мэдэл, сургаал мөн Бурханы Хүүгийн хувьд бидний Гэтэлгэгч ба бидний Аврагч байхаар сонгогдсон Түүний ер бусын чадваруудыг бүхэлд нь төлөөлдөг. Христийн нэрийн тусгай гэрчүүдийн хувьд, бид Есүс Христийн амилалт, сайн мэдээ, хэмжээлшгүй мөнхийн Цагаатгал нь үнэн бодит, тэнгэрлэг болохыг гэрчилдэг” хэмээжээ (“Special Witnesses of the Name of Christ,” The Religious Educator: Perspectives on the Restored Gospel, 12-р боть, д. 2 [2011], 1).

Сургаал ба Гэрээ 107:27–30. Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын шийдвэрүүд

Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын шийдвэрүүдийн талаар ерөнхийлөгч Гордон Б.Хинкли заахдаа:

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Тэргүүн Зөвлөл ба Арван хоёрын нягт нямбай тунгаан бодсоноос, оролцож буй бүхний дунд бүрэн санаа нийлээгүй бол ямар ч шийдвэр гардаггүй. Асуудлуудыг ярилцахад олон янзын үзэл бодол гарч ирж болно. Энэ нь ийм ч байх ёстой. Энэ эрчүүд өөр өөр гарал, нөхцөл байдлаас ирсэн шүү дээ. Тэд өөрийн гэсэн бодолтой хүмүүс. Гэвч эцсийн шийдвэрт хүрэхийн өмнө оюун санаа, дуу хоолойгоор санал нэгддэг.

Хэрвээ Их Эзэний илчлэгдсэн үгийг дагасан бол энэ нь ийм байх ёстой юм. Тэр илчлэлтээс би дахин эш татъя.

‘Эдгээр чуулгуудын, эсвээс тэдгээрийн аль нэгнийх нь шийдвэрүүд бүхий л зөв шударга ёсонд, цэвэр ариун байдалд, мөн дөлгөөн сэтгэлд, номхон дөлгөөн хийгээд тэвчээрт, мөн итгэлд, мөн ариун журам, мөн мэдлэг, тэсвэр, хянуур байдал, бурханлаг чанар, ах дүүсэг ёсны нинжин сэтгэл хийгээд энэрэлд гаргагдах ёстой;

Амлалтын учир, хэрэв эдгээр зүйлүүд тэдгээрт элбэг дэлбэг байх аваас тэд Их Эзэний тухай мэдлэгт үр жимсгүй байх нь үгүй байх болно’ (С ба Г 107:30–31).

Би өөрийн хувийн гэрчлэлийг нэмэн хэлэхэд Арван хоёрын зөвлөлийн гишүүнээр үйлчилсэн 20 жилийн турш мөн Тэргүүн Зөвлөлд үйлчилсэн 13 жилийн хугацаанд энэ үйл явцын журмыг дагалгүйгээр ямар ч том шийдвэрийг гаргаж байгаагүй. Эдгээр нягт нямбай хэлэлцүүлэг дээр өөр өөр санал гарч байхыг би харж байсан. Яг ийм үед хүмүүс өөрсдийн бодол санааг ярьж, шүүн тунгааж, гаргасан санаагаа ялган салгаснаар дүгнэлтэд хүрч ирдэг. Гэвч манай ах нарын дунд ноцтой санал зөрөлдөөн, хувийн үзэн ядалт гарахыг би хэзээ ч олж харж байгаагүй. Харин ч би үнэхээр гайхалтай онцгой зүйлийг мэдэж авсан буюу Ариун Сүнсний нөлөөллөөр удирдуулан нэгдэж, зөрүүтэй үзэл, бодол маань илчлэлтийн хүчээр бүрэн дүүрэн тохиролцоонд хүрч, нэгдэн нийлдгийг мэдэж авсан юм. Ингэж л гүйцэтгэгддэг. Тийнхүү илчлэлтийн сүнс Их Эзэний ажлыг төлөөлөн удирдаж, дахин дахин тунхаглан харуулдаг болохыг би гэрчилж байна” гэжээ (“God Is at the Helm,” Ensign, 1994 оны 5-р сар, 54, 59).

Сургаал ба Гэрээ 107:35. Арван хоёр төлөөлөгчийн түлхүүрүүд

Зураг
Бошиглогч Иосеф Смит

Бошиглогч Иосеф Смит арван хоёр төлөөлөгч нь “гэгээнтнүүдийн Сүмийн дээр тэргүүлдэг. … Тэд тэнгэрийн хаант улсын хаалгыг бүх үндэстэнд нээх, сайн мэдээг бүтээл бүрд тунхаглах уг тохинууллын түлхүүрүүдийг эзэмшдэг. Энэ бол тэдний төлөөлөгчийн хүч, эрх мэдэл юм Энэ бол тэдний төлөөлөгчийн хүч, эрх мэдэл болон ариун журам юм” хэмээн заажээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 141).