Семинар
9-р хичээл: Иосеф Смит—Түүх 1:27–54; Сургаал ба Гэрээ 2


9-р хичээл

Иосеф Смит—Түүх 1:27–54; Сургаал ба Гэрээ 2

Оршил

Залуу Иосеф Смит үзэгдэл үзсэн гэдгээ үргэлжлүүлэн баталсаар байсан ба үүнийхээ төлөө хавчигдсаар байсан юм. Тэрээр энэ хугацаанд, “удаа дараа олон мунхаг алдаа гарган, залуу насны сул тал … илрэн гарч” ирэхийг харсан юм (Иосеф Смит—Түүх 1:28). Тэр 17 настай байхдаа нэг орой өршөөл хүсэж мөн Бурханы өмнө хэрхэн зогсож байгаагаа мэдэхийн тулд залбирчээ. Моронай гэдэг нэртэй тэнгэр элч үзэгдэж мөн алтан ялтсууд дээр бичигдсэн эртний цэдгийг орчуулах Иосефт зориулсан хийх нэгэн ажил Бурханд бий хэмээн тунхаглажээ. Моронай сайн мэдээний Сэргээлтэд Иосефын гүйцэтгэх үүргийг тайлбарлаж байхдаа Елиаг эргэн ирэх талаар Малахигийн бошиглол гэх мэт Библийн хэд хэдэн бошиглолыг эш татсан байна. Маргааш нь Иосеф Смит алтан ялтсууд булаастай байгаа хэмээн Моронайн хэлсэн толгод руу явжээ. Тэр тэнд Моронайгаас дахин удирдамж хүлээн авсан байна.

Заах зөвлөмж

Иосеф Смит—Түүх 1:27–29

Иосеф Смит өршөөл хүсч залбирав

Суралцагчдыг Иосеф Смитийн залуу байх үеийн жишээнээс сурсан зүйлийнхээ талаар бодоход урь. Та цөөн хэдэн суралцагчаас эдгээр шүлгээс олж мэдсэн, өөрсдөд нь нөлөөлсөн зарчмыг хуваалцахыг хүсэж болно. Дараа нь нэг суралцагчаас Иосеф Смит—Түүх 1:27–29-ийг чанга уншихыг хүс. Түүнийг уншихаас өмнө эдгээр шүлэг дээр дүрслэгдсэн үйл явдлууд нь Иосефыг 14–17 настай байхад тохиолдсон гэдгийг онцлон хэл. Суралцагчдыг эдгээр шүлгийг өөрсөдтэйгөө адилтгаж, Иосеф Смитийнхтэй төстэй туршлагуудаа олж тогтооход урь.

  • Иосеф Смитийн өсвөр насанд тохиолдсон ямар туршлагууд та нарт тохиолдож байсан бэ? (Хэт хувийн чанартай туршлагыг хуваалцах шаардлагагүй гэдгийг суралцагчдад сануул.)

  • Иосеф Смит—Түүх 1:28-ын төгсгөлд цэдэглэгдсэнээр, Иосеф Смит өөрийнхөө татагдан орсон уруу таталт болон алдаануудынхаа талаар юу гэж хэлсэн бэ? (Тэр ямар нэг хор хөнөөлтэй нүглүүдийг үйлдээгүй боловч түүнд заримдаа Бурханаас дуудагдсан хүний хийх ёстой зүйлсийг хийхгүй байгаа юм шиг санагддаг байв.)

  • Иосеф Смит нүглүүдийнхээ төлөө гэмшиж, юу хийсэн бэ? (Тэр өршөөл хүсэж мөн Бурханы өмнө хэрхэн зогсож байгаагаа мэдэхийн тулд залбирсан.)

  • Иосеф Смитийн туршлагаас бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ?

Суралцагчдыг бодлоо хэлэх үед тэдэнд дараах үнэнүүдийг олж тогтооход тусал.

Бид нүглүүдээ ухаарч мөн тэдний төлөө харуусах үедээ Тэнгэрлэг Эцэгээс өршөөл хүсэн залбирч болно.

Бид Бурханы өмнө хэрхэн зогсож байгаагаа мэдэхийн тулд залбирч болно.

  • Бурханы өмнө хэрхэн зогсож байгаагаа мэдэх нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Та Бурханы өмнө хэрхэн зогсож байгаагаа мэдэх гэдэг нь бид Бурханы таалалд нийцэж байгаа эсэхийг мэдэх гэсэн утгатайг тайлбарлаж болно.)

  • Бурханы өмнө хэрхэн зогсож байгаагаа мэдэх нь бидэнд яагаад чухал вэ?

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах үгийг уншихад урь. Ахлагч Андэрсэны өгсөн зөвлөгөө нь бидэнд Бурханы өмнө хэрхэн зогсож байгаагаа хэрхэн мэдэж болохыг ойлгоход тусалж чадна гэдгийг тайлбарла.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Аав аа, Та надаар юу хийлгэхийг хүсэхсэн бол?” хэмээн [бид] Их Эзэнээс даруухнаар гуйхад бидэнд хариу ирэх болно. Бид хэрэгтэй байгаа өөрчлөлтөө мэдэрдэг. Их Эзэн бидний зүрх сэтгэл, оюун ухаанд хандан ярьдаг билээ” (“Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 11-р сар, 41).

Суралцагчдын ярилцсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалц. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, нүглүүдээ чин сэтгэлээсээ наманчилбал Тэнгэрлэг Эцэг биднийг өршөөхийг хүсдэг гэдгийг суралцагчдад батлан хэл.

Иосеф Смит—Түүх 1:30–35

Тэнгэр элч Моронай Иосеф Смитэд үзэгдэв

Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:30-ийг дотроо уншаад, Иосеф Смит өршөөл хүсэн залбирах үед юу тохиолдсоныг олж мэдэхэд урь. Тэднээс юу сурч мэдсэнээ хуваалцахыг хүс. Моронай Иосеф Смитийн өрөөнд үзэгдсэн нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 91; мөн LDS.org-ийг үзнэ үү).

Зураг
Моронай Иосеф Смитийн өрөөнд үзэгдсэн нь

Нэг суралцагчаас Иосеф Смит—Түүх 1:32–33-ыг чанга уншихыг хүсч, мөн ангийнхныг Моронайн Иосеф Смитэд хэлсэн анхны захиасыг олж мэдэхэд урь.

  • Моронай Иосеф Смитийн ирээдүйн талаар юу гэж хэлсэн бэ? (Иосефт зориулсан хийх нэгэн ажил Бурханд байсан гэсэн санааг суралцагчид гаргаж ирэх ёстой.)

  • Моронай Иосеф Смитийн нэр “бүх үндэстнүүдийн дунд сайнаар бас муугаар дурсагдах болно” хэмээн хэлсэн. Та нар үүний жишээг хэзээ харж байсан бэ?

Нэг суралцагчаас Иосеф Смит—Түүх 1:34–35-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг Моронай Иосефын хийх ажлын талаар юу заасныг олж тогтооход урь.

  • Номыг хэрхэн орчуулдаг байсан бэ? (Бурханы бэлтгэсэн Урим ба Туммим гэдэг нэртэй тусгай чулууг ашиглан.)

Дараагийн хичээлүүд дээр суралцагчид Мормоны Номыг орчуулж мөн хэвлэхийн тулд хийсэн Иосеф Смитийн гаргасан хүч чармайлтуудын талаар суралцах болно гэдгийг тайлбарла.

Иосеф Смит—Түүх 1:36-49; Сургаал ба Гэрээ 2

Моронай Иосеф Смитэд заавар өгөв

Моронай сайн мэдээний Сэргээлтэд Иосеф Смитийн гүйцэтгэх үүргийг тайлбарлахын тулд Библээс бошиглолуудыг эш татсан гэдгийг тайлбарлаж Иосеф Смит—Түүх 1:36–42-ыг дүгнэн ярилц. (Та суралцагчдад эдгээр шүлэгт дурдагдсан судрын хэсгүүдийг тэмдэглэхийг санал болгож болно. Жишээ нь, 40-р шүлэг дээр суралцагчид “Исаиагийн арван нэгдүгээр бүлэг” гэж бичиж болно.)

Иосеф Смит—Түүх 1:38–39 дээр эш татагдсан бошиглолуудын үгс нь түүнчлэн Сургаал ба Гэрээ 2-т гардаг гэдгийг хэл. Энэ нь энэ эрин үед өгөгдсөн хамгийн анхны илчлэлтүүдийн нэг бөгөөд Иосеф Смитийг 17 настай байхад өгөгдсөн юм.

Та мөн энэ бошиглол нь маш чухал бөгөөд Хуучин Гэрээ (Maлахи 4:5–6-г үзнэ үү), Шинэ Гэрээ (Лук 1:17-г үзнэ үү) болон Мормоны Номд (3 Нифай 25:5–6-г үзнэ үү) гардаг гэдгийг дурдаж болно.

Хичээл эхлэхээс өмнө дараах хүснэгтийг олон хувь болгон бэлтгэ. Үүнийг гурван тусдаа тараах материал болгон хайчил. Ангийн гишүүдийг гурван бүлэгт хуваарилж, бүлэг бүрд тараах материалуудыг нэг нэгээр нь өг. Бүлэг бүрээс оногдсон шүлэг болон үүнийг дагалдах тайлбарыг судлахыг хүс. Дараа нь бүлэг бүрээс оногдсон шүлгийнхээ захиасыг өөрсдийн үгээр дүгнэн хэлж мөн тараах материал дээр нь байгаа асуултад хариулахыг хүс.

1-р бүлэг

Сургаал ба Гэрээ 2:1—Елиа гэж хэн бэ? Елиаг санваарын ямар хүчийг сэргээнэ гэж Моронай хэлсэн бэ?

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Елиа Бурханаас асар их хүчийг авсан агуу бошиглогч байсан. Тэрбээр Бурханы Өөрийн хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу хүчийг атгадаг байсан төдийгүй дэлхий дээр холбох хүч мөн тэнгэрт холбох лацдан холбох хүчийг атгаж байсан юм” (Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, “Hearts Bound Together,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 78).

2-р бүлэг

Сургаал ба Гэрээ 2:2—энэ шүлэгт дурдагдсан эцгүүд болон хүүхдүүд нь хэн бэ?

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Мөн тэрээр эцгүүдэд нь хийгдсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно” хэмээх бошиглолд буй “эцгүүд” гэдэг үг нь “Амлалт өгөгдсөн байсан Абрахам, Исаак мөн Иаков”-ыг төлөөлж байгаа юм. Амлалтууд нь юу вэ? Тэдгээр нь гэр бүлийн нэгж үүрд мөнхөд үргэлжлэх амлалтууд юм” (Ахлагч Брүс Р.Макконки, Millennial Messiah [1982], 267).

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно” хэмээх бошиглолд буй “эцгүүд” гэдэг үг нь “сайн мэдээг хүлээн авах боломжгүй байсаар нас барсан ч боломж нь тэдэнд өгөгдөх цаг ирэхэд амлалтаа хүлээн авах бидний өвөг дээдэс юм. Хүүхдүүд нь удмынхаа мэдээллийг бэлтгэж мөн ариун сүмд тэдний өмнөөс ёслолуудыг үйлдэж буй одоо амьдарч байгаа хүмүүс юм” (Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит, Doctrines of Salvation, эмхэтгэсэн Брүс Р.Макконки, 3-р боть [1954–1956], 2:127).

3-р бүлэг

Сургаал ба Гэрээ 2:3—Хэрэв лацдан холбох хүч сэргээгдэхгүй бол дэлхий яагаад бүрмөсөн устгагдах вэ?

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Дэлхий яагаад устгагдах вэ? Учир нь хэрэв эцгүүд болон хүүхдүүдийг холбосон холбоос байхгүй, нас барагсдын төлөө ажил хийгдээгүй бол бид аврагдаж чадахгүй бөгөөд Бурханы ажил бүхлээрээ бүтэлгүйтэж мөн устгагдах болно” (Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит, Doctrines of Salvation, эмхэтгэсэн Брүс Р.Макконки, 3-р боть [1954–1956], 2:122).

Бүлгүүдэд бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа тэднийг дүгнэлт болон хариултуудаа ангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагчдын хариултууд дараах үнэнүүдийг агуулах ёстой.

Сургаал ба Гэрээ 2:1Бурхан Есүс Христийн Хоёр дахь ирэлтээс өмнө лацдан холбох хүчийг сэргээхээр Елиаг илгээх болно.

Сургаал ба Гэрээ 2:2Бидний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэж болох ба бид ариун сүмд тэдний өмнөөс ёслолуудыг гүйцэтгэж чадна.

Сургаал ба Гэрээ 2:3Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх хүч байхгүй бол Есүс Христийн Хоёр дахь ирэлтээр дэлхий устгагдах болно.

Хэрэв та ариун сүмд лацдан холбогдсон бол гэр бүлийнхээ зургийг үзүүл. Хэрэв та лацдан холбогдож амжаагүй байгаа бол лацдан холбогдохыг тэсэн ядан хүлээж байгаа гэдгээ хэл. Суралцагчид Сургаал ба Гэрээ 110-ыг судлах үедээ Елиа лацдан холбох хүчийг бошиглогч Иосеф Смитэд өгч байгаа талаар суралцах болно гэдгийг товч тайлбарла.

Моронай Елиагийн эргэн ирэх талаарх бошиглолыг эш татсаны дараа Сэргээлтийн талаарх бусад бошиглолыг эш татсан гэдгийг тайлбарлаж, суралцагчдын анхаарлыг Иосеф Смит—Түүх рүү хандуул. Тэр дараа нь алтан ялтсуудын тухай нэмэлт удирдамж өгөөд явсан юм (Иосеф Смит—Түүх 1:42–43-ыг үзнэ үү). Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:44–45-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Моронайг явсны дараа тохиолдсон үйл явдлыг олж тогтоохыг хүс. Суралцагчдыг Моронайг тэр шөнө эргэн ирж мөн нэгэн адил захиасыг давтан хэлсэн гэдгийг ойлгосны дараа тэднийг Иосеф Смит—Түүх 1:46–49-ийг гүйлгэн уншаад, Моронай энэ захиасыг Иосеф Смитэд хэдэн удаа хэлснийг олж мэдэхэд урь.

  • Моронай захиасыг Иосеф Смитэд хэдэн удаа хэлсэн бэ? (Дөрвөн удаа.)

  • Судрууд, Сүмийн хичээлүүд болон ерөнхий чуулган дээр үргэлж давтагддаг ямар ямар захиас байдаг вэ?

  • Их Эзэн ба Түүний үйлчлэгчид захиасуудаа давтан хэлэх үед бидэнд ямар байдлаар ашиг тусаа өгдөг вэ?

Суралцагчдыг өөрсдөө судраас судлах үедээ давтагдсан сургаалуудыг олж мэдэн, тэдгээр сургаалын ач холбогдлыг бодож үзэхэд тэднийг урамшуулан дэмж.

Иосеф Смит—Түүх 1:50–54

Иосеф толгод руу очиж цэдгийг, Урим ба Туммим мөн цээжний хуягийг авав

Иосеф Моронайн зааврыг дагаж мөн өмнөх шөнө нь түүнд тохиолдсон зүйлийг аавдаа хэлсэн гэдгийг тайлбарлан Иосеф Смит—Түүх 1:50–51-ийг дүгнэн ярилц. Аав нь түүнд итгэсэн бөгөөд Моронайн хэлсэн зүйлийг хийхийг түүнд зөвлөжээ. Тиймээс Иосеф алтан ялтсууд булаастай байсан толгод руу очсон байна. Ангийнхнаас гурван суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:52–54-ийг ээлжлэн чанга уншихад урь. Суралцагчид эдгээр шүлэгт дүрслэгдсэн үйл явдлуудыг ойлгож байгаа эсэхийг бататгахын тулд нэг суралцагчаас болсон явдлыг өөрийнхөө үгээр тайлбарлахыг хүс. Суралцагчдад дараагийн хичээл дээр Иосеф ялтаснуудыг авсны дараа болсон үйл явдлуудыг ярилцах болно гэдгийг мэдэгд.

Та энэ хичээл дээр ярилцсан үнэнүүдийг гэрчилж мөн суралцагчдыг эдгээр үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх талаар хүлээн авсан сүнслэг өдөөлтийнхээ дагуу үйлдэхэд урьж, хичээлээ дуусгаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иосеф Смит—Түүх 1:33. “Миний нэр … бүх хүмүүсийн дунд сайнаар болон муугаар дурсагдах болно”

Далын ахлагч Жон Х.Гробэрг Иосеф Смит—Түүх 1:33 дахь Моронайн бошиглол биелэгдэхийг харсан тухай туршлагаа ярьсан юм. Номхон далайн арал дээр номлогчоор үйлчилж байхдаа ахлагч Гробэрг Тафахи гэдэг 18 айлтай, тог болон усгүй алслагдсан арал дээр айлчлан очжээ. Тэр ийнхүү бичсэн байна.

Зураг
Ахлагч Жон Х.Гробэрг

“Сүүлийн гэр бүлтэй уулзаж байхад, ‘Иосеф Смитийн нэр дэлхий даяар сайнаар болон муугаар дурсагдах болно гэсэн бошиглолыг туршаад үз’ гэсэн хачин бодол надад төрсөн юм. Надад яагаад ийм бодол төрснийг би мэдэхгүй.”

Тэр энэ гэр бүлийнхнээс Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн талаар сонсож байсан эсэхийг нь асуужээ. Тэд “Тэр чинь хэн юм бэ?” мөн “Нэгдсэн Улс хаана байдаг вэ?” гэж асуужээ. Ахлагч Гробэрг цааш нь ингэж хэлжээ.

“Би үүнийг хаана байдгийг тайлбарлахыг оролдсон боловч тэд ойлгосонгүй. Тэд үүнийг том арал гэж ойлгосон байв. Би тэдэнд энэ маш том, олон мянган бээрийн зайд байдаг ба дээр нь сая сая хүн амьдардаг арал гэж хариулсан юм. Тэнд байдаг олон хүн урьд өмнө нь далай үзээгүй ба олон хүн нэг нэгнээ таньдаггүй гэж би тэдэнд хэлсэн. Тэд үүнийг төсөөлж чадахгүй байв.”

Тэр дараа нь тэднээс Орос болон Францын удирдагчдын талаар асуусан боловч тэд түүний асуултад хариулж чадаагүй.

Тэр, “Дараа нь би спортын тамирчид, кино одод, алдартай бизнес эрхэлдэг хүмүүс, их хямрал, Солонгосын дайн болон өөр зүйлүүдийн талаар асуув.

“Арал дээр хоёр өөр сүм байсан ч тэнд Сүмийн гишүүн байгаагүй юм. Би гүнзгий амьсгаа аваад, ‘Та нар Иосеф Смитийн талаар сонсож байсан уу?’ гэж асуув.

“Тэдний нүүр тэр дороо хувирсан юм. Хүн бүр над руу харсан бөгөөд аав нь, ‘Бидэнд тэр хуурамч бошиглогчийн талаар яриад хэрэггүй! Манай гэрт л биш шүү! Бид түүний талаар бүх зүйлийг мэднэ. Манай номлогч бидэнд хэлсэн!’ гэж хэлсэн юм. Би сонсож байгаа зүйлдээ итгэж чадахгүй байлаа. Иосефын нэр бүх үндэстнүүдийн дунд сайнаар болон муугаар дурсагдах болно гэсэн судар миний оюунд орж ирсэн’ гэж хэлжээ (ИС—Т 1:33). Миний хувьд энэ нь бошиглолын шууд биелэлт байсан юм.

Тафахи гэдэг орчин үеийн соёл иргэншлээс хол энэ жижиг арлаас илүү алслагдсан газар бараг л байхгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Тэндхийн хүмүүс улс төр, эдийн засгийн өнөөгийн агуу удирдагчдыг огт мэдэхгүй мөртлөө Иосеф Смит гэдэг нэрийг мэдэж байсан юм. Тэд энэ нэрийг муу талаар нь мэдэж байсан. Дараагийн хэдэн өдөр нь би Иосеф Смитийн номлолын талаар илүү ихийг тайлбарласан бөгөөд биднийг явахаас өмнө тэдний зарим нь түүний нэрийг сайнаар мэддэг болсон” (In the Eye of the Storm [1993], 104–106).