Семинар
146-р хичээл: Ерөнхийлөгчийн зөвлөлийн залгамж халаа


146-р хичээл

Ерөнхийлөгчийн зөвлөлийн залгамж халаа

Оршил

1844 оны 6-р сарын 27-нд бошиглогч Иосеф Смит болон түүний ах Хайрумын амь насыг бүрэлгэсний дараа зарим хүн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг хэн удирдах талаар эргэлзэж байлаа. Гэхдээ бошиглогч амь үрэгдэхээсээ өмнө Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад санваарын бүхий л түлхүүр болон хүчийг хүртээн, удирдлагын энэхүү шилжилтэд бэлтгэчихсэн байв. Тухайн үедээ Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч байсан Бригам Янгийг 1844 оны 8-р сарын 8-нд гэгээнтнүүдэд хандан үг хэлэхэд Сүмийн олон гишүүн түүнийг Сүмийг удирдахаар Бурханаар дуудагдаж мөн бэлтгэгдсэн гэсэн сүнслэг гэрчийг хүлээн авчээ.

Заах зөвлөмж

Иосеф болон Хайрум Смитийн амь насыг бүрэлгэсний дараа цөөн хүн Сүмийг удирдах эрхийг шаардав

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич.

Сүмийн одоогийн ерөнхийлөгч нас барахад дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ? Тэр хэрхэн сонгогдох вэ?

Сүмийн ерөнхийлөгч Сүмийг тэргүүлэхэд шаардагдах санваарын эрх мэдлийг хэрхэн хүлээн авдаг вэ?

Суралцагчдыг самбар дээрх асуултад хэрхэн хариулахаа бодоход урь. Тэднийг бошиглогч Иосеф Смит, түүний ах Хайрум нарын үхлийн дараа тохиосон Сүмийн удирдлагын өөрчлөлтийн тухай сурч байхдаа эдгээр асуултын хариултуудыг сонсоход урамшуул.

Иосеф болон Хайрум Смитийн амь насыг бүрэлгэсний дараа гэгээнтнүүд гүн эмгэнэлд автсан гэдгийг тайлбарла. Зарим нь хэн Сүмийг удирдах талаар эргэлзэж байлаа. Зарим нь Сүмийн ерөнхийлөгчийн үгүйд удирдлагын эрх мэдэл нь эрхийн дагуу Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга дээр байгаа гэж ойлгож байв. Хэдий тийм ч, цөөн тооны хүмүүс ямар ч үндэслэлгүйгээр Сүмийг удирдах эрхийг шаардаж байжээ. Тэдний дунд Сидней Ригдон, Жеймс Странг хоёр байв.

Нэг суралцагчийг дараах гурван догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхныг олон жил Сүмд нэр хүнд бүхий удирдагч байсан Сидней Ригдон яагаад өөрийгөө Сүмийг удирдах ёстой гэж бодсоныг сонсохыг хүс.

“1844 оны наймдугаар сарын 3-нд Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Сидней Ригдон Пеннсильванийн Питтсбургээс [Наувуд] ирэв. Энэ цагаас нэг жилийн өмнө тэрээр бошиглогч Иосеф Смитийн зөвлөгөөнөөс зөрж эхлэн, улмаар Сүмээс хөндийрсөн байв. Тэрээр Наувуд Арван хоёрын гурван гишүүнтэй уулзахаас татгалзаж, оронд нь Ням гаргийн мөргөлийн үйлчлэлдээ ирсэн байсан олон тооны гэгээнтнүүдэд хандан ярьсан байв” (Our Heritage: A Brief History of The Church of Jesus Christ of Latter-day Saints [1996], 66).

Сидней Ригдон 8-р сарын 6-ны мягмар гарагт Сүмийн гишүүд Сүмийн асран хамгаалагчийг сонгох онцгой хуралдаан зарлуулжээ. Энэ хуралдаан нь Сидней Ригдон Арван хоёрын бүх төлөөлөгч Нэгдсэн Улсын зүүн хэсэгт хийж буй номлолоосоо эргэн ирэхээс өмнө Сүмийн гишүүдээр өөрийгөө Сүмд асран хамгаалагч байхаар батлуулах гэсэн оролдлого шиг харагдаж байв. Сүмийн зарим удирдагчид Ригдон ах “гэгээнтнүүдийн нөхцөл байдлыг ашиглахыг” (History of the Church, 7:225) санаархаж байгаа мэт сэтгэгдэл төржээ. Аз болоход, ахлагч Виллярд Ричардс болон ахлагч Парлей П.Пратт нарын хүчин чармайлтын ачаар уг хурал хойшлогдон, төлөөлөгчдийн ихэнхийг Наувуд ирсэн байх үеэр буюу 1844 оны 8-р сарын 8-ны пүрэв гарагт болохоор өөрчлөгдсөн байв.

Сидней Ригдон урьд нь Иосеф Смитийн төлөөлөн яригч байхаар дуудагдаж мөн томилогдсон байсан учир (C ба Г 100:9-ийг үзнэ үү), “сүм зохих ёсоор удирдагдаж байгаа эсэхийг харж хандах үүрэг” нь түүний үүрэг хариуцлага гэж мэдэгджээ (History of the Church, 7:229). Тэр түүнчлэн өөрийгөө “хүмүүсийн хамгаалагч” байх ёстой бөгөөд энэ үүрэг хариуцлагыг биелүүлэхдээ Бурханы түүнд тушаасныг хийж байна гэж мэдүүлжээ (History of the Church, 7:230-ийг үзнэ үү).

  • Хэрэв та нар энэ үед Наувуд байсан бол Сидней Ригдоны шаардлагын талаар юу гэж бодох байсан бэ? Та нарт Ригдон ахын талаар ямар санаа зовоосон асуудал байж болох вэ?

Нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас Жеймс Странг яагаад өөрийгөө Сүмийг удирдах ёстой гэж хэлснийг сонсохыг хүс.

1844 оны 2-р сард баптисм хүртсэн Жеймс Странг мөн оны хавар Висконсин дахь гэгээнтнүүдийн хувьд боломжтой байршлыг хайж байв. Аллагын дараа, Жеймс Странг өөрийгөө Иосеф Смитээс түүнийг Иосефын залгамжлагч байхаар томилж байгааг илэрхийлсэн захиаг хүлээн авсан гэж зүтгэжээ. Жеймс Странг ахын Сүмийн гишүүдэд үзүүлсэн захидал Иосеф Смитийн гарын үсэгтэй юм шиг харагдаж байв. Жеймс Странг өөрийгөө дараагийн бошиглогч гэж мэдэгдэж, 1844 оны 8-р сарын 5-нд Мичиганд болсон Сүмийн чуулган дээр албан тушаалаа зарласан байна.

  • Хэрэв та нар Мичиган дахь гэгээнтнүүдтэй хамт байсан бол Жеймс Странгийн шаардлагад итгэхүйц юуг олж болно гэж бодож байна вэ? Та нарт эдгээр шаардлагын талаар ямар эргэлзээ төрж болох вэ?

Нэг суралцагчийг дараах таван догол мөрийг чанга уншихад урь. Ангийг Бригам Янг Наувуд байсан Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг оролцуулан бусад санваарын удирдагчид хэн Сүмийг удирдах ёстой талаар юу гэж хэлснийг сонсохыг хүс.

Ахлагч Жон Тейлор, Виллярд Ричардс, Парлей П.Пратт нар Сидней Ригдоныг ирэхэд аль хэдийн Наувуд байжээ. Бригам Янг болон үлдсэн төлөөлөгчдийн ихэнх нь 1844 оны 8-р сарын 6-ны үдэш Наувуд эргэн ирцгээсэн байна. Дараагийн өдөр нь буюу 8-р сарын 7-нд төлөөлөгчид Жон Тейлорын гэрт зөвлөлдөхөөр цуглав. Тэр өдрийн үдээс хойш арван хоёр төлөөлөгчид, дээд зөвлөл болон дээд пристүүд хамтдаа уулзалджээ. Бригам Янг Сидней Ригдоноос гэгээнтнүүдэд захиасаа хүргэхийг хүссэн байна. Сидней Ригдон үзэгдэл үзсэн хийгээд бас өөр хэн ч Сүмийн ерөнхийлөгч болж Иосеф Смитийг залгамжилж чадахгүй гэж зоригтой тунхагласан байна. Тэр тэгээд өөрийгөө хүмүүсийн хамгаалагчаар томилохыг санал болгосон.

Сидней Ригдоныг үгээ хэлж дууссаны дараа Бригам Янг ийн хэлжээ.

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг

“Надад хэн Сүмийг удирдах нь хамаагүй ч, … үүний талаар Бурхан юу гэж хэлэх нь миний мэдэхийг хүсэж байгаа цорын ганц зүйл юм. Энэ асуудлаар Бурханы оюун билгийг хүлээн авах түлхүүрүүд хийгээд арга замууд надад өгөгдсөн.

Иосеф алагдахаасаа өмнө өөрийнхөө атгаж байсан төлөөлөгчдөд хамааралтай бүх түлхүүр болон хүчнүүдийг бидний толгой дээр [Арван хоёрын чуулгыг хэлж байгаа] гар тавин хүртээсэн.

Иосеф ‘Би суурийг нь тавьсан ба та нар түүн дээр барих ёстой, учир нь хаант улс та нарын мөрөн дээр ирлээ’ хэмээн Арван хоёрт хэчнээн олон удаа хэлсэн бол” (History of the Church, 7:230-д).

  • Санваарын түлхүүрүүдийн тухай Бригам Янгийн гэрчлэл яагаад чухал байсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээр дараах үнэнийг бич. Төлөөлөгчид Сүмийг удирдахад шаардлагатай санваарын бүх түлхүүрийг атгадаг.)

Төлөөлөгчийг томилохдоо түүнд дэлхий дээрх санваарын бүхий л шаардлагатай түлхүүрийг өгдөг хэдий ч эдгээр түлхүүрийг ашиглах эрх мэдэл зөвхөн ахлах төлөөлөгч болох Сүмийн ерөнхийлөгчид бий(C ба Г 112:30–32-ыг үзнэ үү).

Бошиглогч Иосеф Смитийн алагдахаасаа найман жил гаруйн өмнө буюу 1836 оны 1-р сард Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад өгсөн дараах зааварчилгааг чанга унш.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Арван хоёр нь Тэргүүн Зөвлөлөөс гадна өөр хэнд ч харьяалагдахгүй … ‘бөгөөд би байхгүй бол Арван хоёрын дээр ч Тэргүүн Зөвлөл байхгүй’ (History of the Church, 2:374-т).

  • Энэ мэдэгдэл дээр үндэслээд Сүмийн ерөнхийлөгчийг нас барахад Тэргүүн Зөвлөлд юу тохиолдох вэ? Сүмийг хэн удирдах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээр дараах сургаалыг бич. Сүмийн ерөнхийлөгчийг нас барахад Тэргүүн Зөвлөл тарж, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга тэргүүлэх чуулга болдог.)

Сүмийн ерөнхийлөгчийг нас барахад Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүний хувьд чуулга дахь ахлалынхаа эрэмбээр суудлыг дахин эзэлдэг гэдгийг тайлбарла. Чуулга анх 1835 онд байгуулагдахдаа ахлалын эрэмбээ насаар нь шийддэг байжээ. Одоо бол ахлалын эрх нь тухайн хүнийг Арван хоёрын Чуулгын гишүүн болсон өдрөөр тодорхойлогддог.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 124:127–128-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Иосеф Смитийг алагдах үед Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч болон ахлах төлөөлөгч хэн байсныг олж мэдэхийг хүс. Тэднээс сурч мэдсэнээ хуваалцахыг хүс.

  • Сурсан зүйл дээрээ тулгуурлан та нар яагаад бошиглогч Иосеф Смитийн дараа Бригам Янгийг дагахад бэлэн байна гэж бодож байна вэ?

Доогуур нь зурсан хэсгийг нэмснээр самбар дээрх сургаалыг гүйцээ. Сүмийн ерөнхийлөгч нас барахад Тэргүүн Зөвлөл тарж, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга ахлах төлөөлөгчийн удирдлаган доор тэргүүлэх чуулга болдог.

Олон гэгээнтэн Бригам Янгийг Сүмийг удирдах ёстой гэсэн гэрчлэлийг хүлээн авав

1844 оны 8-р сарын 8-нд өглөөний 10:00 цагт Науву дахь гэгээнтнүүд Сидней Ригдонг Сүмд хамгаалагч нь байх шаардлагаа мэдэгдэхийг сонсохоор цугласан гэдгийг тайлбарла. Салхи индэр өөд салхилж байсан учраас Сидней Ригдон хүмүүст дуу хоолойгоо сонсгож болохын тулд цугласан олны ард талын битүү тэргэнд байрлалаа эзэлжээ. Цугласан олон Сидней Ригдоныг номлоход түүнийг харахын тулд эргэн харцгаав. Тэрээр цугласан мянга мянган гэгээнтэнд өөрийгөө яагаад Сүмийн хамгаалагч байх ёстой гэж үзэж байгааг тайлбарлан, цаг гучин минутын турш ярьсан байна. Хэд хэдэн хүн түүний хэлсэн үгийг сүнсээр өдөөгдөөгүй гэж дүрслэв.

Ерөнхийлөгч Бригам Янг болон Сүмийн бусад удирдагч ирээд, Сидней Ригдоны ярьж байсан байрлалын эсрэг талд индэр дээр очиж суужээ. Энэ үед салхи намжчихаад байв. Сидней Ригдоныг ярьж дууссаны дараа, ерөнхийлөгч Бригам Янг ярьжээ. Сонсогчид Бригам Янгийн ярихыг сонсохоор түүн рүү эргэн, бүхээгт тэргэнд сууж байсан Сидней Ригдон руу нуруугаа харуулцгаав. (Жеорж К.Каннон, “Discourse,” Deseret News, 1883 оны 2-р сарын 21, 67-г үзнэ үү.) Бригам Янг товчхон яриад, шинэ удирдагч томилохоосоо илүүтэйгээр бошиглогчийн араас гашуудахаар Наувуд эргэж ирснээ илүүд үзэх болно гэжээ. Тэрээр Сүмийн удирдагчид болон гишүүдийн цугларалт тэр өдрийнхөө үдээс хойш 2 цагт болно гэдгийг зарлав. Сүмийн хэд хэдэн гишүүн сүүлд нь Бригам Янгийг ярьж байхад түүний дуу хоолой бошиглогч Иосеф Смитийнхтэй адилхан болж өөрчлөгдөхийг сонссон гэжээ. Энэ гайхамшигт үйл явдал олон гэгээнтэнд Их Эзэн Сүмийг Бригам Янгаар удирдуулахыг хүсэж байгааг мэдэхэд туслав.

Нэг суралцагчийг олон гэгээнтний юу харж мөн сонссоны жишээ болох дараах жишээнүүдийг чанга уншихад урь.

Зураг
Бэнжамин Ф.Жонсон

Бэнжамин Ф.Жонсон “Түүнийг [Бригам Янг] ярьж эхэлмэгц би өөрийн эрхгүй босож ирсэн, учир нь энэ аль ч талаараа Иосефын дуу хоолой мөн түүний хандлага, хувцаслалт мөн гадаад байдал нь биечлэн үзүүлбэл яг л Иосеф өөрөө байгаа юм шиг байв; тэгээд би хормын дотор Иосефын сүнс мөн залгамжлал түүн дээр байсан гэж мэдсэн” хэмээн эргэн дурсжээ (My Life’s Review, 104, Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэлд эш татагдсанаар [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 291).

Виллям С.Стэйнэс Бригам Янгийг “бошиглогч Иосефын дуу хоолойтой адил дуу хоолойгоор ярьсныг” дүрслэн хэлжээ. “Би түүнийг л байна гэж бодсон, үүнийг сонсож байсан олон мянган хүн бас тэгж бодсон байлаа” (History of the Church, 7:236).

Зураг
Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

Вилфорд Вүдрафф “Хэрэв би түүнийг өөрийн нүдээр хараагүй байсан бол энэ нь Иосеф Смит биш байсан гэдгийг надад итгүүлж чадах хэн ч байхгүй байх байсан ба энэ хоёр хүнийг таньдаг хүн бүр үүнийг гэрчилж чадах байсан” хэмээн бичжээ (History of the Church, 7:236).

Тэр өдрийн 2:00 цагт болсон цуглааны үеэр Бригам Янг болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бусад гишүүн ярьсан гэдгийг тайлбарла. Тэр үдээс хойш бусад олон нь Бригам Янгийг ярьж байхдаа яг Иосеф Смит шиг харагдаж мөн сонсогдож байсан тухай хэлжээ. Тухайн үед 17 настай байсан Жорж К.Каннон “Энэ бол Иосефын өөрийнх нь дуу хоолой байлаа. … Хүмүүсийн нүдэнд Иосеф тэдний өмнө зогсож байгаа мэт санагдаж байв” хэмээн дурсжээ (History of the Church, 7:236; мөн Эдвард Виллям Туллиж, Life of Brigham Young [1877], 115-т). Энэ гайхамшгаас гадна олон гэгээнтэн түүнчлэн Бригам Янг болон Арван хоёрын Чуулга Сүмийг удирдахаар Бурханаар дуудагдсан гэдгийг гэрчлэх Ариун Сүнсийг мэдэрчээ. Энэ цуглааны төгсгөлд Науву дахь гэгээнтнүүд Сүмийг удирдуулахаар Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгыг, тэргүүнд нь Бригам Янгийг сонгох саналаа өгөв. Хэдий тийм ч, Сүмийн бүх гишүүн төлөөлөгчдийг дагахаар сонгоогүй юм. Зарим хүн оронд нь өөрсдийн сүмүүдийг байгуулсан Сидней Ригдон, Жеймс Странг зэрэг хувь хүмүүсийг дагахаар сонгосон.

  • Их Эзэн гэгээнтнүүдийг Сүмээ хэнээр удирдуулахаар томилсноо мэдэхээр хэрхэн адисалсан бэ?

  • Өнөөдрийн Сүмийн удирдагчид Бурханаас дуудагдсан гэдгийг бид хэрхэн мэдэх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах зарчмыг самбар дээр бич. Бид Ариун Сүнсээр дамжуулан Сүмийг удирдаж буй хүмүүс Бурханаар дуудагдсан гэдгийг мэдэж болно.)

  • Яагаад манай Сүмийн удирдагчид Бурханаар дуудагддаг гэсэн гэрчлэлийг хүлээн авах нь чухал гэж та бодож байна вэ?

  • Та нар Сүмийн удирдагчид Бурханаар дуудагддаг гэсэн гэрчийг хэзээ хүлээн авч байсан бэ? Энэ гэрчийг хүлээн авахын тулд та нар юу хийсэн бэ?

Иосеф Смитийг амиа алдахад ахлах төлөөлөгч (Бригам Янг) санваарын бүх түлхүүрийг тэр даруй ашиглах боломжтой байсан гэдгийг тайлбарла. Тэрээр шинэ Тэргүүн Зөвлөлийг хэзээ зохион байгуулах талаар илэрхийлэлт хүлээн авах эрхтэй байв. Аллага болсноос хоёр жил гаруйн дараа 1847 онд Бригам Янг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн хувьд Сүмийг удирдахын оронд Тэргүүн Зөвлөлийг дахин зохион байгуулах сүнслэг удирдамж хүлээн авсан байна.

Одоогийн Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын зургийг үзүүл. Суралцагчдад сурсан зүйлээ нэгтгэн дүгнэх боломжийг өгөхийн тулд тэднээс Сүмийн ерөнхийлөгчийг нас барахад Тэргүүн Зөвлөл хийгээд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад юу тохиолддог талаар тайлбарлахыг хүс. Тэднээс мөн хэрэв Сүмийн одоогийн ерөнхийлөгч өнөөдөр насан өөд болбол хэн Сүмийн ерөнхийлөгч юм уу ахлах төлөөлөгч болохыг олж тогтоохыг хүс.

Та энэ хичээлийг Иосеф Смитийн Бригам Янг болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдэд хүртээсэнтэй адил санваарын түлхүүр ба хүчийг Сүмийн одоогийн ерөнхийлөгч, Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд мөн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд ч бас атгаж байгааг гэрчилснээр дуусгаж болно. Та түүнчлэн Сүмийн удирдагчид Бурханаар дуудагддаг гэсэн гэрчлэлтэй хэрхэн болсон тухайгаа хуваалцаж болно. Суралцагчдыг өнөөдрийн ярилцсан үнэнүүдийн талаарх гэрчлэлээ хүлээн авч мөн хөгжүүлэхийн төлөө залбиралтайгаар эрэлхийлэхэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иосеф Смитийг алагдсаны дараах ерөнхийлөгчийн зөвлөлийн залгамж халааны цаг тооллын хүснэгт

Огноо

1844 оны 6-р сарын 27

Иосеф болон Хайрум Смит нарын амийг бүрэлгэсэн.

1844 оны 6-р сарын 29

Иосеф болон Хайрум Смит нарын цогцсыг олон нийтэд үзүүлсэн.

1844 оны 6-р сарын 27–7-р сарын 7

Наувуд төлөөлөгчдөөс зөвхөн Виллярд Ричардс болон шархадсан Жон Тейлор нар байсан.

1844 оны 7-р сарын 8

Парлей П.Пратт Наувуд эргэн ирж, Виллярд Ричардс болон Жон Тейлор нарт Сүмд дэг журам сахиулахад туслав.

1844 оны 8-р сарын 3

Сидней Ригдон Пеннсильванийн Питтсбургээс Наувуд ирсэн.

1844 оны 8-р сарын 4

Сидней Ригдон өөрийгөө Сүмийн дэг журам сахиулагч болох ёстой гэдгээ мөн өөрийнхөө томилгоог зөвшөөрүүлэхээр 8-р сарын 6-нд дуудлагынхаа онцгой хурлыг хийхийг хүсэж байгаагаа хэсэг гэгээнтэнд хэлсэн. Уг цуглаан 8-р сарын 8-ны пүрэв гарагт хуралдав.

1844 оны 8-р сарын 6

Бригам Янг зэрэг үлдсэн ихэнх төлөөлөгч номлолоосоо Науву руу буцаж ирэв.

1844 оны 8-р сарын 7

Өглөө нь төлөөлөгчид шархадсан Жон Тейлорын гэрт цуглан уулзалдав.

Үдээс хойш хуралдсан төлөөлөгчид, дээд зөвлөл болон дээд пристийн цуглаан дээр Сидней Ригдон өөрийгөө Сүмийн журам сахиулагч болох ёстой хэмээн үзэж байгаагаа дахин илэрхийлсэн байна. Бригам Янг бүхий л түлхүүрийг атгаж байсан бөгөөд аливаад Их Эзэний хүслээр ажиллахыг хүсэж байгаагаа мэдэгдсэн байна.

1844 оны 8-р сарын 8

Өглөөний 10 цагийн хуралдаан дээр, Сидней Ригдон цугласан мянга мянган гэгээнтэнд яагаад тэр Сүмийн журам сахиулагч болох ёстой байгаагаа тайлбарлан цаг хагасын турш ярив. Бригам Янг бас гэгээнтнүүдэд хандан ярьж, үдээс хойш 2 цагт гэгээнтнүүдийг дахин хуралд ирэхийг уриалав. Энэ хоёр хурлын үеэр олон гэгээнтэн Бригам Янгийг хэсэг хугацаанд бошиглогч Иосеф Смиттэй адилхан байгаагаар харж бас сонссон байна.

Өдрийн 2 цагийн хурал дээр, гэгээнтнүүд Бригам Янг болон Арван хоёр төлөөлөгчийг Сүмийн удирдагчдаар дэмжин батлав. Сүмийн олон гишүүн бошиглогч Иосеф Смитийн залгамжлал түр хугацаагаар Иосеф Смит шиг харагдаж мөн сонсогдсон Бригам Янг дээр буусныг гэрчлэв.

Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийн залгамж халаа нь Их Эзэнээр зохион байгуулагдсан

Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийн залгамж халаа нь Их Эзэнээр зохион байгуулагдсан. Сүм хэзээ ч сүнсээр өдөөгдсөн удирдлагагүй байгаагүй бөгөөд Сүмийн дараагийн ерөнхийлөгч хэн болох тал дээр таамаглах, санал зөрөлдөх шаардлага байхгүй.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Бурхан бүх зүйлийг эхлэлээс нь төгсгөл хүртэл мэддэг бөгөөд хэн ч тохиолдлоор Есүс Христийн Сүмийн ерөнхийлөгч болж, эсвэл азаар тэндээ үлдэж эсвэл санаандгүй байдлаар гэртээ дуудагдахгүй” гэж заасан (“Jesus Christ—Gifts and Expectations,” New Era, 1975 оны 5-р сар, 16–17).

Иосеф Смит Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын дээр хаант улсын түлхүүрүүдийг хүртээсэн

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байсан Вилфорд Вүдрафф Иосеф Смитийг алагдахаас өмнө 1844 оны 3-р сард юу тохиолдсоныг тэмдэглэжээ.

Зураг
Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

“Тэр өрөөнд гурван цаг гаруй зогсож, бидэнд сүүлийн үгээ хэлсэн. Өрөө галаар дүүрсэн мэт байлаа. Түүний нүүр хув мэт цэвэр мөн түүний үгс цахилгаан мэт хурц байв. Тэд бидний тэргүүний зулайгаас аваад хөлийн ул хүртэл биеийн бүхий л хэсгээр дотогш нэвтрэн орж байлаа. Тэр хэлэхдээ, ‘Ах нар минь, Бүхнийг Чадагч Их Эзэн цаг хугацааны бүрэн байдлын сүүлийн эрин үед мөн Бурханы хаант улсыг барихад хамааралтай бүх санваар, бүхий л түлхүүр, бүх хүч, бүх зарчмыг толгой дээр минь лацадсан юм. Би та нарын толгой дээр эдгээр бүх зарчим, санваар, төлөөлөгч, Бурханы хаант улсын түлхүүрүүдийг лацдаж байна. Одоо та нар мөрөө цэхлээд энэ хаант улсыг авч яв, үгүй бол та нар хараагдах болно’ гэжээ (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], xxxii).