Семинар
108-р хичээл: Сургаал ба Гэрээ 103


108-р хичээл

Сургаал ба Гэрээ 103

Оршил

1834 оны 2-р сарын 24-нд Көртландын дээд зөвлөлийн цуглаан дээр Парлей П.Пратт, Лайман Вайт хоёр Миссуригийн гэгээнтнүүдэд хэрхэн түр хугацааны тусламж үзүүлэх хийгээд Жаксон гүнлэг дэх тэдний эдлэн газрыг эргүүлэн олж авах талаар удирдамж эрэлхийлжээ. Яг энэ өдөр, Иосеф Смит Сургаал ба Гэрээ 103-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан ба үүнд Их Эзэн Сионы нутаг гэтэлгэгдэх болно гэсэн амлалтыг өгсөн байна. Их Эзэн, Миссури дэх гэгээнтнүүдэд туслахын тулд нөөц эд зүйл болон хүн хүч цуглуулахыг Сүмийн удирдагчдад зааварчлав. Энэ бүлэг нь Сионы хуаран нэрээр олонд танил болсон билээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 103:1–20

Сион гэтэлгэгдэх болно хэмээн Их Эзэн амлав

Хичээлээ дараах асуултаар эхэл.

  • Одоо энэ үед зөв шударга хүмүүст ямар дайсан байдаг вэ?

Их Эзэний дайснууд хэрхэн тэдний сүнслэг өсөлтөд саад учруулахыг эрэлхийлдэг талаар бодож үзэхийг суралцагчдаас хүс.

  • Их Эзэний дайснууд Их Эзэний зарим хүний сүнслэг өсөлтөд яагаад саад учруулж чаддаг гэж та нар боддог вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 103-аас өнөөдрийн хичээл ба хэлэлцүүлгийг эхлэхдээ, тийм дайснуудыг ялан давж гарахад нь тэдэнд туслах зарчмуудыг олж мэдэхэд урамшуул.

Сургаал ба Гэрээ 103-р хэсгийн оршлыг чангаар уншихад нэг суралцагчийг урь. Ангийнхнаас дагуулан харж, Парлей Пратт, Лайман Вайт хоёр яагаад Миссуригээс Огайогийн Көртланд руу ирснийг олж мэдэхийг хүс.

  • Пратт ах, Вайт ах хоёр яагаад Көртланд руу ирсэн бэ?

Сургаал ба Гэрээ 103-т цэдэглэгдсэн уг илчлэлтийг Иосеф Смит эдгээр хоёр удирдагчтай болон мөн Көртландын дээд зөвлөлтэй уулзсан яг тэр өдрөө хүлээн авсан болохыг тайлбарла.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 103:1-4-ийг чанга уншихад урь. Их Эзэн Миссуригийн гэгээнтнүүдийг хавчихыг дайснууддаа зөвшөөрсөн хоёр шалтгаан юу болохыг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

  • 3–4-р шүлэгт өгүүлснээр, Их Эзэний Миссуригийн гэгээнтнүүдийг хавчихыг дайснууддаа зөвшөөрсөн хоёр шалтгаан юу байсан бэ? (Дарангуйлагчдад зөвшөөрсөн нэг дэх шалтгаан нь “тэд алдсуудынхаа хэмжээг дүүргэж болохын тулд, тэдний аяга дүүрсэн байхын тулд”--өөрөөр хэлбэл, Түүний шүүлт ёс бусчууд дээр зөвтгөгдөхийн тулд юм. Өөр нэг шалтгаан нь дуулгаваргүй гэгээнтнүүдийг зэмлэх явдал байсан юм.)

  •  4-р шүлэгт өгүүлснээр, гэгээнтнүүд яагаад зэмлэгдэх хэрэгтэй байсан бэ? “Тэд нийтээрээ анхаараагүй” гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Тэд Их Эзэнд бүрэн дуулгавартай байгаагүй.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 103:5–7-г чанга уншихад урь. Түүний дайснуудыг дийлэхийн тулд гэгээнтнүүд юу хийх ёстой хэмээн Их Эзэн заасан тухай олж мэдэхийг ангийнхнаас хүс. (Та дийлэх гэдэг нь өрсөлдөгчөөсөө илүү хүчтэй байх, ялах гэсэн үг болохыг тайлбарлаж болох юм.)

  • Хэрэв гэгээнтнүүд Их Эзэний зөвлөгөөг дагасан бол “яг [энэ] цагаас” эхлэн тэд ямар адислалыг авах байсан бэ? (Эд “яг [энэ] цагаас” эхлэн Их Эзэний дайснуудыг дийлэх байсан.)

  • Бид хэрхэн дэлхийн нөлөөллийг ялан давж чадах талаар эдгээр шүлэг юу зааж байна вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах зарчмыг илэрхийлэх хэрэгтэй. Бид Их Эзэний зөвлөгөөг дагаж эхлэх үедээ, дэлхийг ялан дийлэх хүчийг хүлээн авч эхлэх болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 103:8–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, хэрэв бид Түүний үгсийг дагахгүй байх сонголт хийвэл юу тохиох болно гэж Их Эзэн сэрэмжлүүлснийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэний бүх үгийг дуулгавартай дагахгүй байх сонголт нь ямар үр дүнтэй вэ? (Суралцагчид дараахыг оролцуулан, янз бүрийн зарчмыг санал болгож болно. Хэрэв бид Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхгүй бол дэлхий биднийг ялан дийлэх болно. Хэрэв бид Их Эзэний үг бүрийг дагахгүй бол, бид бусдад гэрэл байх чадвараа алддаг.)

  • Их Эзэнд дуулгаваргүй, эсвэл зөвхөн хагас дутуу дуулгавартай байдаг хүн яагаад Их Эзэний дайснуудыг ялан дийлж чадахгүй байх гэж та нар бодож байна вэ?

  • Их Эзэний үгийг дуулгавартай дагахын төлөө чармайн хичээснээр Их Эзэний дайсныг хэрхэн ялж дийлэх ямар жишээнүүд байдаг вэ? (Дуулгавартай байдлаар дамжуулан Их Эзэнээс хүчийг олж донтолтыг даван туулсан, эсвэл дэлхийн амьдралын хэв маягаар амьдарч байснаа сайн мэдээгээр амьдрах болсон хүмүүсийн жишээг оруулж болно.)

Бид Их Эзэний бүх үгэнд төгс дуулгавартай байж чадахгүй ч гэсэн, хэрэв бүх чадлаараа Түүнд дуулгавартай байхыг хичээн, чадаагүй үедээ чин сэтгэлээсээ наманчлах юм бол, Өөрийн дайснуудыг ялан дийлэхэд Их Эзэн бидэнд туслах болно.

Суралцагчдыг “яг энэ цагаас” эхлэн Их Эзэний зөвлөгөөг илүү сайн сонсон, дагаж эхэлж болох нэг зарчмын тухай хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэлдээ бичихэд урь.

Сургаал ба Гэрээ 103:11–20-ийг дүгнэхдээ эдгээр бэрх зовлон шаналлын дараа Их Эзэн Өөрийн хүчээр Сионыг гэтэлгэх болно хэмээн гэгээнтнүүдэд амласныг тайлбарла. Гэсэн ч, хэрвээ гэгээнтнүүд өөрсдийн өвийг бохирдуулах юм бол, эдгээр нь тэднээс авагдах болно.

Сургаал ба Гэрээ 103:21–40

Сионы газар хэрхэн гэтэлгэгдэхийг Их Эзэн илчлэв

Хичээлийн өмнө САЙН ДУРЫН АЖИЛТАН ХЭРЭГТЭЙ! гэсэн бичигтэй зар бэлд. Үүнийг суралцагчдад харагдахаар газар байрлуулна уу. Үүнээс гадна дараах зарлалыг цаасан дээр бичиж бэлтгэ.

Сайн дурын ажилтан хэрэгтэй! Хэрцгий танхайрагчид, Миссуригийн Жаксон гүнлэгийн бүлэг гэгээнтнийг газар нутгаас нь хүчээр хөөн гаргасан байна. Уг гэгээнтнүүдийг хамгаалан тусламж хүргэх, Сион дахь газар нутгаа эргүүлэн авахад нь туслах ажилд нэгдэцгээ. 1834 оны 5-р сарын 1-нд Огайогийн Көртландаас хөдөлнө.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 103:21–23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэн Сионы нутгийг гэтэлгэхийн тулд Сүмийн удирдагчдыг юу хийхэд удирдсаныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

Нэг суралцагчийг САЙН ДУРЫН АЖИЛТАН ХЭРЭГТЭЙ! гэсэн тэмдгийн дэргэд зогсохыг хүс. Хичээлийн өмнө бэлдсэн зарлалаа уг суралцагчид өгч, чанга уншихыг хүс. Дараа нь ангийнханд дараах асуултуудыг тавь.

  • Та нар өөрсдийгөө Жаксон гүнлэг рүү гэгээнтнүүдэд туслахаар явахыг хүсэх байсан гэж бодож байна уу? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?

Миссури рүү явахдаа Иосеф Смитээр удирдуулсан бүлэг эрчүүд, Сионы хуаран нэрээр алдаршсан болохыг тайлбарла. (Хуаран гэдэг нь арми гэдэгтэй адил үг болохыг та тайлбарлаж болох юм [Ноа Вэбстэр, An American Dictionary of the English Language, анхны хэвлэлийн факс (1828; repr., 1967), “Camp”]-ийг үзнэ үү.) Сионы Хуарангийн гишүүд хоёр үндсэн зорилготой байв. Нэгдүгээрт, тэд Миссуригийн гэгээнтнүүдэд хэрэгтэй халамжийн эд зүйлс хүргэж өгөх, гэр орондоо буцаж очиход нь туслах мөн нэмж газар худалдаж авахад нь туслах ёстой байв. Хоёрдугаарт, Миссури мужийн захирагч Даниел Данклины зөвшөөрлөөр, мужийн цагдаагийн хамгаалалтан доор гэгээнтнүүдийг Жаксон гүнлэг рүү буцаан авчирсны дараа Сионы хуарангийн гишүүд тэнд энх амгалан, дэг журмыг хадгалахад туслахаар үлдэх зорилготой байсан.

  • Хэрэв та тэр үед Сүмийн гишүүн байсан бол, Сионы хуаранд сайн дураар элсэх талаар ямар бодол, зовнилтой байх байсан бол?

Сургаал ба Гэрээ 103:20-ийг чимээгүй уншихыг суралцагчдаас хүс.

  • Энэ шүлэгт буй амлалт сайн дурын гишүүнээр явах шийдвэрт чинь хэрхэн нөлөөлөх байсан бэ?

Сионы хуаранд нэгдсэнээр гэр бүл, ажил төрлийн хариуцлагаа орхин 900 миль (1,450 километр) орчим хатуу ширүүн газраар дайсны аюултай бүсээр аялан явах хэрэгтэй байсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 103:27–28-ыг чанга уншихад урь. Сионы хуаранд нэгдэх тэр хүмүүст Их Эзэн юу гэж хэлснийг олж мэдэхээр дагаж уншихыг ангийнхнаас хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • “Миний төлөө амиа зориулах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

  • Энэ шүлгүүдийн дагуу, Их Эзэний төлөө амиа зориулахад бэлэн нэгнийг Их Эзэн юу гэж дууддаг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээр Есүс Христийн шавь нар Түүний төлөө өөрсдийн амийг өгөхөд бэлэн байдаг гэж бич.)

Сионы хуарангийн гэгээнтнүүдийн хувьд тэд амь насаа алдах магадлал бодит зүйл байсан болохыг онцлон хэл. Бидэнд иймэрхүү аюул тулгарахгүй ч гэсэн, энэ үнэн одоо ч бидний амьдралд хамаатай хэвээр юм. Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлсэн дараах үгсийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас Их Эзэний төлөө бид амиа зориулж болох нэг арга замын талаар сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Бидний олонхын хувьд … Сүмийн төлөө үхэх шаардлага гарахгүй ч, үүний төлөө амьдрах нь шаардагддаг. Олон хүний хувьд Христэд итгэгчийн амьдралаар өдөр бүр амьдрах нь амь насаа алдахаас ч хэцүү байж болох юм” (“Discipleship,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 22).

  • Их Эзэний төлөө амьдрах нь Түүний төлөө үхэхээс илүү хэцүү байж болно гэж та нар яагаад бодож байна вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 103:30–34-ийг чимээгүй уншиж, Их Эзэн Сионы хуаранд хэчнээн сайн дурын хүмүүсийг явуулахыг хүсэж байсныг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн хэчнээн сайн дурын гишүүдийг хүсэж байсан бэ? (500.) Их Эзэний хүссэн доод хязгаар хэд байсан бэ? (100.)

Сүмийн удирдагчид Миссуригийн гэгээнтнүүдийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байсан дээд зөвлөлийн цуглааны төгсгөлд, Иосеф Смит Сион руу явж үүний гэтэлгэлд туслах болно хэмээн хэлсэн юм. Тэнд байсан 30–40 орчим хүн сайн дураар оролцохоор санал өгсөн. Дараа нь Их Эзэн 8 хүнийг Сүмийн цуглаануудаар явж, Сионы хуаранд сайн дураар явах хүмүүсийг элсүүлэхээр мөн Миссури дэх гэгээнтнүүдэд эд зүйлс болон мөнгөний нэмэр хандив цуглуулахаар томилжээ (С ба Г 103:37–40-ийг үзнэ үү). Сионы хуаранд эмэгтэйчүүд, хүүхэд оролцсон 200 орчим хүн явсан юм.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 103:35–36-г чанга уншихад урь. Сионыг гэтэлгэх хичээл зүтгэл нь амжилттай болохын тулд гэгээнтнүүд юу хийх хэрэгтэй байсныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Энэ шүлгүүдэд буй Их Эзэний амлалт дээр үндэслэн, хэрхэн бид бүх ялалт, алдар сууг олж авч болох тухай ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Бидний хичээл зүтгэл, итгэлтэй байдал мөн итгэлийн залбирлуудаар дамжин бүх ялалт хийгээд алдар суу бидэнд тохиохоор ирдэг.)

Их Эзэний үг бүрийг бид хичээл зүтгэл, итгэл, дуулгавартайгаар дагаснаар Их Эзэний дайснуудын дээр ялалт байгуулж чадах болохыг гэрчил. Суралцагчдыг дэвтэр юм уу судрын тэмдэглэл дээрээ бичсэн зүйлээ “яг энэ цагаас” эхлэн хэрэгжүүлэхэд урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 103. Миссурийн захирагч Даниел Данклин

1833-1834 онд Миссури дэх гэгээнтнүүд, мормончуудын эсрэг дайсагналыг туулж байх үед Сүмийн удирдагчид Миссуригийн захирагч Даниел Данклин болон мужийн ба улсын засгийн газрын удирдагчдаас удаа дараалан тусламж хүссээр байсан юм. Гэгээнтнүүдийн шаргуу гуйлтын хариуд захирагч Данклин багахан хэмжээний тусламж санал болгов. 1833 оны 10-р сард тэр Жаксон гүнлэгийн шүүхээр дамжуулан буруугүй гэдгээ тогтоолгон, хамгаалалт эрэлхийлэхийг Сүмийн удирдагчдад зөвлөжээ. Хэрэв энэ оролдлого үр дүнд хүрэхгүй бол хууль сахиулах өөр аргыг хэрэглэхийг тэр амласан юм. Гэсэн ч, Жаксон гүнлэгийн шүүхийн хэд хэдэн ажилтан мормончуудыг хүчээр хөөн гаргахыг хүсэгчдийн дотор байсан учраас захирагч Данклины зөвлөгөө үр дүнгүй, ашиггүй болох нь батлагджээ. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 134–135-ыг үзнэ үү.)

1833 оны намрын сүүлчээр гэгээнтнүүдийг Жаксон гүнлэгээс хүчээр хөөн гаргасан байна. Тэдний ихэнх нь зэргэлдээх Клей гүнлэгт түр зуурын оромж олсон бол үлдсэн хүмүүс нь мөн ойр орчмын гүнлэгүүдэд орогнох газар олжээ. Ирэх хавар нь Сионы хуаранг үүсгэн байгуулж Миссури рүү аялах үед, Сүмийн удирдагчид гэгээнтнүүдийг Жаксон гүнлэгт амар амгалан амьдрах, гэр орон эдлэн газраа эргүүлэн олж авахад нь туслан дэмжих баталгаа олгохыг захирагч Данклинаас үргэлжлүүлэн гуйсаар байсан юм. Захирагч гэгээнтнүүдэд зүй бусаар хандсаныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхэд хуулийн асуудлыг шийдэж байх хооронд мормончуудыг хамгаалж, газар нутгийг нь буцаан авахад мужийн зэвсэгт хүчийг илгээх хэрэгтэй гэдгийг ойлгож байв. (Church History in the Fulness of Times, 135–137, 146-г үзнэ үү.)

Гэтэл 1834 оны 6-р сард захирагч Данклин байр сууриа өөрчилсөн байв. Тэрээр цэрэг цагдааг хөдөлгөх нь дайн эхлүүлж магад гэж үзэх болсон байв. Дэмжлэг үзүүлэхийн оронд тэрээр гэгээнтнүүдэд цус урсгахаас зайлсхийхийн тулд өөрсдийн эрхийг үл харгалзан, газраа худалдан, өөр газар олж амьдрахыг зөвлөсөн байна. Тэрээр мөн тэдэнд шүүхэд дахин давж заалдахыг зөвлөжээ. Эдгээр санал нь Сүмийн удирдагчдын хувьд хүлээн зөвшөөрөмгүй байсан бөгөөд гэгээнтнүүдийг гэр оронд нь амгалан тайвнаар буцаж очихыг зөвшөөрөх байх гэсэн найдлага нь тасарсан юм. (Church History in the Fulness of Times, 146–147-г үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 103:1, 13. Сионы гэтэлгэл

Ерөнхийдөө, Сионы гэтэлгэл нь газраа буцааж эзэмшсэнээр олж авах асуудал биш байсан юм. Сион гэдэг бол газарзүйн бодит байршлаас гадна тодорхой хэв маягийн хүмүүсээс бүрдсэн нийгмийн аль аль нь юм. Сионы газар нутгийг буцааж аван мөн Сион хот баригдахын өмнө Их Эзэний хүмүүс цэвэршин ариуссан байх ёстой.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон:

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Сион бол оршин суудаг иргэдийн зан чанар, харьцаа хандлага, итгэл бишрэлийн улмаас л Сион байдаг. ‘Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа, мөн зөв шударга ёсонд оршин сууж байлаа; мөн тэдний дунд ядуус байсангүй’ (Мосе 7:18) гэснийг санагтун. Хэрэв бид гэр орон, салбар, тойрог, гадаснууддаа Сионыг байгуулж чадвал эдгээр жишгийг ханган биелүүлэх ёстой. Нэгдүгээрт: Бид нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаантай болж нэгдэх, хоёрдугаарт: хувь хүмүүсийн хувьд, хамт олноороо ч ариун хүмүүс болох, гуравдугаарт: өөрсдийнхөө дундах ядуу зүдүү байдлыг үгүй болгохуйц тийм үр дүнтэйгээр гачигдалтай хүмүүсийг анхаарч халамжлах нь зайлшгүй чухал болно. Эдгээр зүйлүүд бий болсон үед Сион аяндаа хүрээд ирэх юм шигээр бид хүлээж болохгүй” хэмээн тайлбарлажээ (“Come to Zion,” Ensign, 2008 оны 11-р сар, 38 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46).

Сургаал ба Гэрээ 103:15–18. “Сионы гэтэлгэл хүчээр ирэх ёстой нь шаардлагатай бөлгөө”

Сионы хуарангийн зорилго нь Жаксон гүнлэг дэх гэгээнтнүүдийн эзэмшил газрыг цэргийн хүчээр буцаан олж авах явдал байгаагүй ч, хуарангийн зарим гишүүн ингэх нь зөв гэдэгт итгэж байсан. Амь насанд нь заналхийлэх юм бол тэдгээр эр тулалдахад бэлэн байсан, гэвч Сионыг гэтэлгэхдээ Их Эзэн хүний хүч дээр тулгуурлах шаардлагагүй юм.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Сионыг гэтэлгэх хүчний тухай:

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Сионы гэтэлгэл хүчээр ирэх ёстой нь шаардлагатай бөлгөө. Гэвч энэ нь цус урсгасан, зэвсэг хэрэглэсэн хүч биш, Их Эзэний хүчээр гэтэлгэл ирнэ” хэмээн бичсэн юм. (Church History and Modern Revelation [1953], 1:484).

Гэгээнтнүүд “хүчээр, мөн сунгасан гараар боолчлолоос удирдан гаргагдах” болно хэмээн хэлэхдээ Их Эзэн Сионыг гэтэлгэх Өөрийн хүчний үүрэг зорилгыг дурджээ (C ба Г 103:17). “Сунгасан гар” гэдэг нь Бурхан Өөрийн хүмүүсийн төлөө хүчээ ашиглана гэсэн бэлгэдлийн нэр (Өөрийн мутрыг гэсэн бэлгэдэлтэй) болно. Гэгээнтнүүд зөвхөн Бурханы хүчээр дамжуулан Сионыг гэтэлгэхэд ялалт байгуулах болно, мөн тэд энэхүү хүчийг Түүний үг бүрийг дуулгавартай дагаснаар олж авах болно.

Сургаал ба Гэрээ 103:27. “Миний төлөө амиа зориулдаг хэн ч гэсэн үүнийгээ дахин олж авах болно”

Далын ахлагч Франклин Д.Ричардс бид Аврагчийн төлөө амиа зориулах юм бол юу тохиолдох тухай тайлбарлахдаа:

Зураг
Ахлагч Франклин Д.Ричардс

“Золиослолын мөнхийн хуулиудыг дуулгавартай дагаснаар ирэх олон агуу адислал урьдчилан амлагдсан байдаг нь тодорхой болсон.

Аврагч ‘Хүмүүн миний төлөө амиа зориулахаас бүү айг; учир нь миний төлөө амиа зориулдаг хэн ч гэсэн үүнийгээ дахин олж авах болно’ хэмээн хэлжээ. (C ба Г 103:27.)

Тиймээс хэн нэгэн эрхэм дээд золиослол гарган амиа зориулсан бол тэр хүн амьдралаа дахин олж авах болно, ‘бүр мөнх амьдралыг буюу’ хэмээжээ (C ба Г 98:13.)” (Conference Report, 1967 оны 10-р сар, 75-д).