Семинар
Гэрээр судлах хичээл: Сионы төв газар; Сургаал ба Гэрээ 57–59 (13-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сионы төв газар; Сургаал ба Гэрээ 57–59 (13-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын “Сионы төв газар” болон Сургаал ба Гэрээ 57–59-ийг (13-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сионы төв газар)

Суралцагчид энэ хичээлээр Сионы талаарх тойм ойлголтыг хүлээн авсан. Тэд Сион нь нэгэн газар болон хотыг мөн зүрх сэтгэлдээ цэвэр ариун бүлэг хүмүүсийг төлөөлж байгаа гэдгийг олж мэдсэн. Суралцагчид Сион хотын байрлалын талаар мөн Сион нь зөв шударгын зарчмууд дээр баригдах ёстойг мэдэж авсан. Суралцагчид бас Миссуригийн Жаксон гүнлэгт Сионыг зохион байгуулахаар хичээж байхдаа гэгээнтнүүдийн үзэж туулсан зовлон бэрхшээлүүдийн талаар судалсан.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 57)

Суралцагчид энэ хичээлийн нэг хэсгээр Сион хот нь Миссуригийн Жаксон гүнлэгийн Индепенденст байрлах болно гэдгийг мөн тэнд ариун сүм баригдах болно гэдгийг мэдэж авсан. Их Эзэн Сионыг үүсгэн байгуулахад туслахаар дуудагдсан хүмүүсээ заавраар хангасан. Суралцагчид эдгээр хүний талаар мэдэж авч байхдаа Их Эзэн биднийг дуудах үед бид Түүний хаант улсыг байгуулахад туслахын тулд өөрсдийн хүч чадлаа дайчлах ёстой гэдгийг мэдэж авсан.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 58)

Суралцагчид Сионыг барьж байгуулж байхдаа асар их үүрэг даалгавруудтай учирч байсан ахлагчдад өгсөн Их Эзэний зөвлөгөөг судалж байхдаа дараах зарчмуудыг олж мэдсэн: Хэрэв бид Их Эзэний зарлигуудыг дагавал адислагдах болно, хэрэв бид зовлон зүдгүүртээ итгэлтэй хэвээр үлдвэл бидний мөнхийн шагнал илүү агуу байх болно, хэрэв бид зөв шударга зүйлсийг улируулан авчрах зүйлсийг хийхэд сонгох эрхээ ашиглах юм бол шагналыг хүртэх болно. Суралцагчид бас хэрэв бид нүглүүдээ наманчилбал Их Эзэн биднийг уучилж мөн бидний нүглүүдийг цаашид санахгүй хэмээх Их Эзэний амлалтыг тунгаан бодсон.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 59)

Суралцагчид Их Эзэний Миссури рүү аялсан гэгээнтнүүдэд өгсөн заавруудыг судалснаар бид Бурханаа бүх зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах ёстой бөгөөд хэрэв бид Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь хадгалбал энэ нь бидэнд уруу таталтыг эсэргүүцэж мөн нүглийг даван туулахад туслах болно гэдгийг мэдэж авсан. Бид Бурханд талархал илэрхийлэхгүй, зарлигуудыг нь дагахгүй байгаа үедээ Түүнийг гомдоодог гэдгийг тэд мэдэж авсан.) Суралцагчид бас Их Эзэний зарлигуудыг сахиснаар хүлээн авч чадах адислалуудыг олж тогтоосон.

Оршил

Энэ хичээл нь наманчлалын зарчмуудыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслах болно. Суралцагчид эдгээр зарчмыг суралцаж байхдаа наманчлахын тулд юу хийх ёстойгоо бас өршөөлийн талаарх Их Эзэний амлалт нь тэдний амьдралыг хэрхэн адисалж чадах талаар тунгаан бодож чадна. Энэ материалын зарим хэсэг нь өдөр тутмын хичээлүүдэд зориулагдсан ч энэ хичээл нь наманчлалын зарчмууд болон тэдгээрийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг илүү сайн ойлгоход суралцагчдад туслах боломжийг танд олгох болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 58:34–43

Их Эзэн Сионы талаар зааврууд өгч, наманчлалын зарчмуудыг заав

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич. Наманчлах гэдэг нь юу гэсэн үг вэ? Би бүрэн наманчилсан эсэхээ хэрхэн мэдэж авч чадах вэ? Хичээлийн эхэнд энэ асуултад хэрхэн хариулах байсныг суралцагчдаас асуу.

Дараах нэрсийг самбар дээр бич. Мартин Харрис, Виллям В.Фелпс, ба Зиба Петерсон.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:38–41, 60-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, эдгээр эрэгтэйг Сионыг байгуулахаар бэлтгэх үед Их Эзэний өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг дараах асуултуудад хариулах хооронд та тэдний хариултыг самбар дээр тохирох нэрийн доор бичиж болно.

  • Их Эзэн Мартин Харрисыг ямар нүгэлд буруутай хэмээн хэлсэн бэ? Их Эзэн Түүнд юу хий гэж хэлсэн бэ?

  • Их Эзэн Виллям В.Фелпсийг ямар нүгэлд буруутай хэмээн хэлсэн бэ? Их Эзэн Түүнд юу хий гэж хэлсэн бэ? (Та “давамгайлахыг эрэлхийлдэг” [41-р шүлэг] гэсэн хэллэг нь хамгийн сайнаараа хичээх эсвэл сайжрахыг хичээх гэсэн утгатай биш гэдгийг тайлбарлаж болно. Харин энэ хэллэг нь бусдаас илүү сайн эсвэл чухал харагдах гэсэн зөв шударга бус, бардам хүслийг хэлж байгаа юм.)

  • Зиба Петерсон нүглүүдээ яах бодолтой байсан бэ?

Эдгээр эрэгтэйн нүгэл Сионыг байгуулахад туслахад нь тэдэнд саад болж байсан гэдгийг онцлон хэл.

  • Бидний нүгэл ямар байдлаар Их Эзэнд үйлчлэхэд бидэнд саад болдог вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:42-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн наманчлалын талаар юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэгт цэдэглэснээр, хэрэв бид наманчилбал Их Эзэн юу хийнэ хэмээн амласан бэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв бид нүглээ наманчилбал Их Эзэн биднийг уучилж мөн бидний нүглийг цаашид санахгүй. Энэ зарчмыг самбар дээр бич. Та суралцагчдад 42-р шүлэг дээрх энэ зарчмыг зааж буй үгсийг тэмдэглэхийг зөвлөж болно.

  • Энэ амлалт нь бидний нүглийн алинд нь хамааралтай вэ? (Бүгдэд нь.)

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Самбар дээр бичсэн зарчмыг заах үг, хэллэгүүдийг олж сонсохыг суралцагчдаас хүс.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Бидний хийсэн буруу зүйл юу болохоос, бидний үйлдэл хэн нэгнийг хэр зэрэг их гомдоосноос үл хамааран, бүх буруу зүйл алга болно. Миний хувьд бүх судар дахь хамгийн гайхамшигтай үгс бол, ‘Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг цаашид санах нь үгүй’ хэмээн сударт өгүүлсэн Их Эзэний үгс билээ. [С ба Г 58:42.]

[Энэ бол] Есүс Христийн сайн мэдээ болон Цагаатгалын зорилго юм” (“Цагаатгал,” Ensign, 2012 оны 11-р сар, 77 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92).

  • Бүх нүглээсээ уучлагдаж чадна гэсэн мэдлэг нь таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Зарим хүн нүглээ санаж байгаа нь бүрэн наманчлаагүйг илтгэдэг гэж буруу боддог гэдгийг тайлбарла. Тэдний гэм нүглийн дурсамж нь урьдын алдаагаа давтахгүй байхад тэдэнд тусалж чадна гэдгийг тэдэнд баталж хэл.

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн хэлсэн дараах үгийг уншихад урь. Наманчлалаар дамжин ирж болох ухамсрын амар амгалангийн талаар түүний заасан зүйлсийг олж сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Ерөнхийлөгч Харолд Б.Лий

“Та хэн ч байсан мөн хаана ч байсан гэсэн нүглээсээ уучлагдахын тулд чадах бүхнээ хийж, өөрчлөгдөн мөн төлөөсөө төлсөн бол, хэрэв энэ нь таны Сүмийн байр сууринд нөлөөлж мөн та зохих эрх мэдэлтэнтэй уулзсанаар Их Эзэн таныг хүлээн зөвшөөрсөн эсэх баттай хариултыг та авах болно. Та зүрх сэтгэлийнхээ гүнээс эрэлхийлбэл Их Эзэн таны наманчлалыг хүлээн авсан гэдэг шинж тэмдгийн амар амгалан мэдрэмжийг мэдрэх болно (Stand Ye in Holy Places [1974], 185).

Самбар дээр бичсэн амлалт нь нөхцөлтэй гэдгийг онцол. Бид нүглээ бүрэн наманчлахын тулд чадах бүхнээ хийсэн үед л Их Эзэний өршөөлийг хүлээн авч чадна.

Нэг суралцагчийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрх дараах зөвлөгөөг чанга уншихад урь. Ангийнхнаас наманчлах нь юу гэсэн утгатай талаар түүний заасан зүйлийг олж сонсохыг хүс.

“Наманчлал гэдэг нь буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөхөөс илүү утга учиртай юм. Энэ нь оюун ухаан, зүрх сэтгэлийн өөрчлөлт юм. Нүглийг орхиж, уучлалын төлөө Бурхан руу эргэх нь наманчлал юм. Наманчлал нь Бурханыг хайрлах хайр, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах чин сэтгэлийн хүслээр өдөөгддөг” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 28).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:43-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бидний нүглээ бүрэн наманчлахын тулд хийх ёстой хоёр зүйлийг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэгт цэдэглэснээр, бүрэн наманчлахын тулд бидний хийх ёстой хоёр зүйл юу вэ? (Дараах зарчмыг самбар дээр бич. Наманчлахын тулд бид нүглээ хүлээж мөн орхих ёстой.

  • Энэ сургаал нь “Би бүрэн наманчилсан эсэхээ хэрхэн мэдэх вэ?” гэсэн асуултад хариулахад хэрхэн туслах вэ? (Нүглээ хүлээж мөн орхих нь бүрэн наманчлалын амин чухал хэсэг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)

  • Нүглээ хүлээх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Суралцагчдад нүглээ хүлээх гэдгийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Нүглээ улайж, орхих нь хүчирхэг ойлголт. Энэ нь зүгээр л ‘Би хүлээн зөвшөөрч байна, намайг уучлаарай’ гэж хэлэхээс илүү гүн утга учиртай юм. Нүглээ хүлээх нь Бурханд болон бусдын өмнө үйлдсэн хэргээ сэтгэлийн гүнээс, заримдаа бүр шаналан байж хүлээх явдал юм” (“Наманчлалын бурханлаг бэлэг,” Ensign, 2011 оны 11-р сар, 40 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47).

  • Нүглээ хүлээх нь нүглээ орхиж, уучлалын төлөө Бурхан руу эргэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Энэ ярилцлагын нэг хэсэг болгон суралцагчид ямар нүглийг хүлээх ёстойг мөн хэнд хүлээх ёстой талаар бодож байж болно. Бид Тэнгэрлэг Эцэгтээ бүх нүглээ хүлээх хэрэгтэй гэдгийг тайлбарла. Бэлгийн харилцааны гэм нүгэл (порнографийг оролцуулна) ноцтой нүглийг бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчдөө хүлээх хэрэгтэй.

Суралцагчдын анхаарлыг самбар дээр сүүлд бичсэн зарчимд хандуул.

  • Нүглүүдээ орхих гэдэг нь юу гэсэн үг вэ? (Нүглээсээ бүрмөсөн эргэж, тэдгээрийг хийхээ болих.)

Аврагчийн Цагаатгал болон сая ярилцсан наманчлал болон уучлалын зарчмуудыг гэрчил. Суралцагчдыг наманчлах хэрэгтэй нүгэл байгаа эсэхийг бодож үзэхэд урьж мөн өнөөдөр сурсан үнэнүүдийнхээ дагуу үйлдэж наманчлахад нь урамшуулан дэмж.

(Сургаал ба Гэрээ 58:42–43 нь төгс эзэмших судрын хэсэг гэдгийг суралцагчдад сануул. Үүнийг чээжлэхийн тулд хэрхэн ажиллаж байгаагаа тайлагнахад тэднийг урь.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 60–64)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 60–64-ийг судлахад нь бэлтгэхийн тулд та тэднийг дараах зүйлийг тунгаан бодоход урьж болно: Хэрэв хэн нэгэн буруу зүйл хийсэн өөр нэг хүнийг уучлахгүй байвал хэн нь илүү их нүгэлтэй үлдэх вэ? Суралцагчдыг хэн нэгэн хүний үйлдэл эсвэл үгсэд гомдсон үедээ хэрхэн хариу үйлдэл үзүүлдгээ тунгаан бодоход урь. Хамгийн хүнд нөхцөл байдалд хүртэл биднээс хэнийг уучлахыг шаарддаг вэ? Суралцагчид дараагийн хэсгээр Их Эзэн энэ асуудлын талаар юу гэж заасныг болон бусдад гомдсон бол хэрхэн хариулах талаар мэдэж авах болно.