Семинар
158-р хичээл: Авралын ажлыг яаравчлуулах нь


158-р хичээл

Авралын ажлыг яаравчлуулах нь

Оршил

Сэргээлтийн эхэн үеэс эхлээд Их Эзэний ажил дэлхий даяар өргөжин тэлсэн. Бид Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж буй үед амьдарч байна. Сүмийн өсвөр үеийнхэнд Их Эзэний ажлыг яаравчлуулахад хувь нэмрээ оруулах олон эх сурвалж болон боломжууд бий.

Заах зөвлөмж

Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна

Нэг суралцагчийг ангийн нэг талаас нөгөө тал руу ердийн хурдаар алхахад урь. Тэгээд уг суралцагчаас өрөөг дахин хөндлөн гарахдаа хурдан юм уу хурдаа нэмэхийг хүс. Суралцагчийг өрөөг хоёр дахиа хөндлөн гарч байхад ангийнханд дараах асуултыг тавь.

  • Ямар нэгэн зүйлийг яаравчлуулна гэдэг нь юу гэсэн үг вэ? (Үүнийг хурдасгах.) Хэн нэг нь даалгавраа яаравчлуулах юм уу хурдасгах ямар шалтгаанууд байж болох вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:73-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн юуг яаравчлуулна гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Их Эзэний хувьд ажлаа яаравчлуулна гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 88:73-ын талаар хэлэхдээ ахлагч Рассэлл М.Нэлсон “тэр яаравчлуулах цаг нь одоо юм“ гэжээ (“Thus Shall My Church Be Called,” Ensign, 1990 оны 5-р сар, 17). Дараах сургаалыг самбар дээр бич. Бид Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж буй үед амьдарч байна.

  • Их Эзэн ажлаа яаравчлуулж байгаа ямар арга замуудын заримыг та нар харсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 133:10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, эдгээр шүлэг Их Эзэн яагаад ажлаа яаравчлуулах болсон тухай юу санал болгож байгааг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэг Их Эзэн яагаад ажлаа яаравчлуулах болсон тухай юуг санал болгож байна вэ? (Хүмүүсийг Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслах.)

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 133; түүнчлэн LDS.org-оос үзнэ үү). Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллыг Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилж байхад Их Эзэн ажлаа яаравчлуулсан гэдгийг тайлбарла. Жишээ нь, номлолын ажил өргөжиж мөн Сүм судруудыг шинээр хэвлэн гаргасан. Ерөнхийлөгч Кимбалл Сүмийн гишүүдийг урагшлахыг урамшуулан дэмжих үедээ Сүм “урт хугацаанд зарим газраа түр зогссон” байсан хэмээн хэлжээ (“Let Us Move Forward and Upward,” Ensign, 1979 оны 5-р сар, 82). Тэрээр мөн “бид алхаагаа уртасгах хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг одоо хийх ёстой“ гэж заажээ (“Always a Convert Church: Some Lessons to Learn and Apply This Year,” Ensign, 1975 оны 9-р сар, 3).

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл
  • Ерөнхийлөгч Кимбалл “алхаагаа уртасгах” гэж хэлэхдээ юу хэлэхийг хүссэн гэж та нар бодож байна?

Суралцагчдыг Их Эзэн өнөөдөр ажлаа яаравчлуулж байгаа зарим арга замыг мөн Түүний ажилд оролцож болох арга замуудыг ойлгоход нь туслахын тулд дараах үйл ажиллагааг хий.

Ангийнхныг гурван бүлэгт хуваарилж, бүлэг бүр дэх суралцагчдад дараах заах даалгавруудын нэгийн хуулбарыг өг. Суралцагчдад судлах болон ангийнхандаа даалгавраа заахад бэлтгэх цөөн минут өг. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдыг анхны бүлэг бүрээс нэг суралцагч байхаар гурван хүнтэй бүлгүүдэд зохион байгуул. Суралцагчдыг ээлж ээлжээрээ Их Эзэн ажлаа хэрхэн яаравчлуулж байгаа болон тэд энэ ажилд хэрхэн оролцож болохыг бүлэгтээ заахад урь.

1-р заах даалгавар: Номлогчийн ажлыг яаравчлуулах нь

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл гэгээнтнүүдэд Их Эзэн тэдэнд номлогчийн ажлыг зөвшөөрдөггүй улс үндэстнүүдэд хүртэл сайн мэдээг хуваалцах хаалгыг нээж өгсөн гэдгийг хэлжээ. Гэсэн ч тэрээр бас гэгээнтнүүдэд тэдгээр боломжийг ашиглахын тулд өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй гэж хэлсэн байна. Ерөнхийлөгч Кимбалл мөн хэрэв залуу эрэгтэйчүүд бүрэн цагийн номлолд үйлчлэхэд бэлдвэл Их Эзэн хаалгануудыг нээж, номлогчийн ажил бүхэл дэлхийд урагшлах арга замаар хангахыг гэрчилжээ. Тэрээр:

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Би тэднийг төмөр хөшиг болон хулсан хөшиг шиг хөшигнүүдтэй гэдгийг мэднэ. Бид зарим нэг хичээл зүтгэлийг гаргасан учраас би энэ нь ямар их хэцүү гэдгийг мэднэ. … Гэвч би Их Эзэн яагаад бидний орохыг бэлдээгүй хаалгануудыг онгойлгох ёстой ямар ч сайн шалтгаан олж харахгүй байна. Хэрвээ бид орохоор бэлтгээгүй байгаагүй хэвээр бол төмөр хөшиг юм уу хулсан хөшиг эсвэл өөр ямар нэгэн хөшгийг тэр яагаад эвдэх ёстой билээ?” гэж тунхаглажээ” (“When the World Will Be Converted,” Ensign, 1974 оны 10-р сар, 5, 7).

Сүмийн гишүүд ерөнхийлөгч Кимбаллын зөвлөгөөг дагаж сайн мэдээг хуваалцахад бэлтгэсэн билээ. Сүмийг ерөнхийлөгч Кимбалл удирдаж байх үед бүрэн цагийн номлогчдын тоо 50-иас дээш хувиар өсчээ. 1980-аад оны сүүлээр болон 1990-ээд оны эхээр Зүүн Германы засгийн газрууд, урьдын Зөвлөлт Холбоот Улс дахь үндэстнүүд болон өмнө нь номлолын ажил хийх нь хязгаарлагдаж байсан бусад үндэстэн, улсууд номлогчдыг эдгээр улсад сайн мэдээг хуваалцахыг зөвшөөрч эхэлсэн. Ерөнхийлөгч Кимбаллын бошиглол биелсэн.

2008 оны 10-р сард ерөнхийлөгч Томас С.Монсон ерөнхийлөгч Кимбаллын өгсөн зөвлөгөөг давтжээ.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Хэдий тийм ч бид сайн мэдээг чөлөөтэй хуваалцаж болохгүй, бидний үзүүлэх нөлөө хязгаарлагдмал улс орнууд байсаар байна. 32 жилийн өмнө ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэнчлэн, сайн мэдээний баяр баяслыг эдгээр хүнтэй хуваалцаж болохын тулд хаалттай улс орнууд бидэнд нээгдэхийн төлөө залбирахыг би та бүхэнд уриалж байна. Ерөнхийлөгч Кимбаллын гуйлтын дагуу залбирснаар гайхамшиг тохиож тухайн үедээ Сүмд хаалттай байсан улс орнууд олноор нээгдсэн билээ. Итгэлтэйгээр залбирах аваас ийм зүйл бидэнд ч бас тохиох болно” (“Чуулганд тавтай морилно уу,” Ensign, 2008 оны 11-р сар, 6 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6).

Ерөнхийлөгч Кимбалл Сүмийн гишүүдийг алхаагаа уртасга гэж урамшуулснаар Сүм дэх залуу эрэгтэй бүрийн үүргийг тодорхойлсон гэдгийг онцолж хэл. Бүлгийнхээ нэг гишүүнийг дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Залуу эрэгтэй бүр номлолд үйлчлэх хэрэгтэй юү гэсэн асуултыг байнга тавьдаг. Хариулт нь Их Эзэнээр өгөгдсөн. Энэ бол ‘тийм’ гэсэн хариулт юм. Залуу эрэгтэй бүр номлолд үйлчлэх хэрэгтэй” (“When the World Will Be Converted,” 8).

Бүлгийнхээ гишүүдэд, бошиглогчид зохистой мөн чадвартай залуу эрэгтэй бүрийг бүрэн цагийн номлолд үйлчлэхийг үргэлжлүүлэн урамшуулсаар байгаа гэдгийг сануул. Бошиглогчид залуу эмэгтэйчүүдийг бүрэн цагийн номлолд үйлчлэх хүсэлтэй байвал бүрэн цагийн номлолд үйлчлэхийг нь халуун дотно хүлээн авдаг. 2012 оны 10-р сард ерөнхийлөгч Томас С.Монсон номлогчийн насны шаардлагад өөрчлөлт оруулж залуу эрэгтэйчүүдийг 18 настайдаа мөн залуу эмэгтэйчүүдийг 19 настайдаа үйлчлэлээ эхлэхийг зөвшөөрсөн.

Бүлгээрээ дараах асуултуудыг ярилц.

  • Хожмын үеийн бошиглогчдын хэлснээр Их Эзэн залуу эрэгтэйчүүдээс бүрэн цагийн номлогчийн ажилтай холбоотойгоор юуг хүлээдэг вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч тэдний хариулт дараах зарчмыг тусгах ёстой. Залуу эрэгтэй бүр бүрэн цагийн номлолд үйлчлэхэд бэлтгэж мөн өөрсдийгөө үйлчлэхэд зохистой байлгах ёстой.)

  • Залуу эрэгтэй бүр яагаад бүрэн цагийн номлолд үйлчлэхэд бэлтгэх ёстой вэ?

  • Номлолд одоо бэлтгэх нь та нарыг Их Эзэний ажилд хувь нэмрээ оруулахад хэрхэн туслах вэ?

  • Бүрэн цагийн номлолын насны шаардлагад гаргасан сүнслэгээр өдөөгдсөн өөрчлөлт нь Их Эзэний ажлыг яаравчлуулахад хэрхэн хувь нэмрээ оруулна гэж та нар бодож байна вэ?

2-р заах даалгавар: Судруудын шинэ хэвлэлт

Бүлгийнхээ гишүүдээс хэрэв дотнын найз нь тэднээс дараахтай адил зүйл асуувал юу хийхээ бодохыг хүс. Би Бурхантай илүү ойртохыг хүсэж байна. Би юу хийх ёстой вэ?” Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Та нар найздаа юу гэж хэлэх вэ?

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах мэдэгдлийг унш:

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Би Бурхантай харилцах харилцаандаа хайнга байсан үедээ сонсох тэнгэрлэг чихгүй, ярих бурханлаг дуу хоолойгүй болж, хамаагүй хол байгаа юм шиг санагддаг байлаа. Хэрэв би судруудыг шимтэн судлах юм бол холын зай ойртож, сүнслэг байдал эргэж ирдэг” (The Teachings of Spencer W. Kimball, хянан тохиолдуулсан Эдвард Л.Кимбалл [1982], 135).

Бүлгийнхээ гишүүдэд ерөнхийлөгч Кимбаллын мэдэгдэл бидэнд судруудаа хэрэглэж байхын агуу хэрэгцээг тайлбарладгийг мэдээл. Бүлгийнхээ нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 104:58–59-ийг чанга уншихад урь. Бүлгийнхнээс суралцагчтай хамт уншаад, Их Эзэн Сүмийн удирдагчдыг илчлэлтүүдээ хэвлэн гаргахыг яагаад хүссэнийг олж тогтоохыг хүс.

  • Судруудаас суралцах нь биднийг алхаагаа уртасгаж мөн Их Эзэний ажлыг яаравчлуулахад хувь нэмрээ оруулахад хэрхэн дэмжих вэ?

1970-аад оны эхээр Сүмийн удирдагчид Сүмийн гишүүдийг судруудтай илүү танил болж, сурч мөн заахдаа зориулан Библийн жишиг хэвлэлттэй болох хэрэгцээг олж мэдсэн байна. 1979 онд олон жилийн сүнслэгээр өдөөгдсөн хичээнгүй оролдлогын эцэст Сүм Хаан Жеймсийн Библийн ХҮГ-ийн албан ёсны хэвлэлтийг англи хэл дээр хэвлэн гаргажээ. Энэ Библид өмнө нь боломжгүй байсан харьцуулах заалт болон бусад тусламжаар дэлгэрүүлсэн зүүвэр тайлбар, сайжруулсан хэсгийн оршил, Иосеф Смитийн орчуулгаас авсан эшлэлүүд, сэдэвчилсэн удирдамж болон Библийн толь бичиг зэрэг сурах өргөн их тусламж агуулагддаг. 1981 онд Сүм гурвалсан судрын англи хэл дээрх шинэ хэвлэлтийг сайжруулсан зүүвэр тайлбар, хэсгийн оршил, газрын зураг болон индекстэйгээр хэвлэн гаргасан. 2009 онд Сүм түүнчлэн испани хэл дээрх Рэйна-Валерагийн Библийн ХҮГ-ийн хэвлэлийг гаргасан билээ.

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын 1981 оны гурвалсан судрын англи хэл дээрх хэвлэл гарснаас нэг жилийн дараа хийсэн дараах мэдэгдлийг уншихад урь. Суралцагчдаас тэр судруудын эдгээр шинэ хэвлэлт нь хүмүүсийг адисалж мөн Бурханы ажил урагшлахыг хэрхэн төсөөлөн харсныг олж сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Олон жил улиран одох тусам эдгээр судар нь Их Эзэн Есүс Христийг мэддэг бөгөөд Түүний хүслийг дуулгавартай дагахаар тараагдсан итгэлтэй Христийн шашинтнуудын залгамж үеийнхнийг төрүүлэх болно.

… Тэд өөрсдийнх нь өвөг дээдсийн хүрч чадаагүй тийм сайн мэдээний эрдэм мэдлэгийг бий болгоно. Тэд Есүс бол Христ гэдэг гэрчлэлтэй болж, Түүнийг тунхаглаж мөн Түүнийг хамгаалах чадвартай болох болно” (“Scriptures,” Ensign, 1982 оны 11-р сар, 53).

Судрууд Есүс бол Христ гэдгийг гэрчилдэг гэсэн гэрчлэлээ хуваалц. Судруудыг судлах нь биднийг Есүс Христийн тухай гэрчлэлийг хүлээн авч, амьдралаа Ариун Сүнсээр дүүргэхэд тусалдаг.

Сүмийн гишүүдийг өөрсдийн хэл дээр судруудаар, ашигтай сурах тусламжуудаар хангахын тулд асар их хичээл зүтгэл гаргасан мөн гаргасаар байгаа гэдгийг тайлбарла.

Бүлгээрээ дараах асуултуудыг ярилц.

  • Өдөр бүр судраас судлах нь яагаад чухал вэ?

  • Та нарын судраас хувиараа судлах нь Их Эзэний ажилд туслахад тань хэрхэн тусалж байгаа вэ?

3-р заах даалгавар: Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлыг яаравчлуулах нь

Бүлгийнхнийгээ 1830 онд Сүм байгуулагдсанаас 1973 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллыг дуудагдах хүртэлх 143 жилийн турш хэдэн ариун сүм баригдсаныг таахыг хүс (17 ариун сүм). Тэгээд бүлгийнхнийг 1973 оноос 2013 он хүртэлх 40 жилийн хооронд хэдэн ариун сүм зарлагдаж, баригдсаныг таахыг хүс (153 ариун сүм).

Ариун сүмийн барилгын ажил ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн удирдлагаар хамгийн их хэмжээгээр нэмэгдсэн гэдгийг тайлбарла. Бүлгийнхээ нэг суралцагчийг ерөнхийлөгч Хинклигийн хийсэн дараах мэдэгдлийг уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Би ХҮГ хүлээн авахуйц газар нутгуудад дэлхий даяар ариун сүмийг барих маш их хүсэлтэй байна. … Энэ ажил бидний явж чадахын хэрээр урагшилж байна. Манай хүмүүс Их Эзэний ариун өргөөнд илүү амар орж болохын тулд энэ нь ямар нэг байдлаар хурдсаасай гэж би тогтмол залбирдаг” (“Of Missions, Temples, and Stewardship,” Ensign, 1995 оны 11-р сар, 52, 53).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 128:15, 17-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бидний өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн үүргийг олж мэдэхийг хүс. Дараа нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хийсэн дараах сургаалын мэдэгдлийг чанга унш. “… Сүмийн гишүүд бид өвөг дээдсээ хайж, тэдний сайн мэдээний авралын ёслолуудыг хийх үүрэг хариуцлагатай билээ” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,”Ensign, 2011 оны 11-р сар, 25 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28).

Ариун сүмийн барилга байгууламж, гэр бүлийн түүхийн ажил дахь ололт амжилт нь Бурхан ажлаа хөшигний нөгөө талд ч яаравчлуулж байгаагийн баталгаа гэдгийг онцол. Ахлагч Бэднарын дараах мэдэгдлийг уншихыг нэг суралцагчаас хүс. Бүлгийнхнээс тэд Их Эзэний ажилд хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Залуучууд мэдээлэл харилцааны технологитой ийм их ойр болсон өнөө үед FamilySearch болон бусад хэрэгсэл гарч ирсэн нь тохиолдлын хэрэг бишээ. Зөвхөн найз нөхөдтэйгөө харилцахын тулд биш харин Их Эзэний ажлыг урагшлуулахын тулд та нар гар утас болон компьютер дээрээ мессеж маш хурдан бичиж сурсан. Өнөөгийн залуучуудын авьяас болон ур чадварыг авралын ажилд хувь нэмрээ оруулахад ашиглаж болно” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,” Ensign, 2011 оны 11-р сар, 26 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 30).

Бүлгээрээ дараах асуултуудыг ярилц.

  • Гэр бүлийн түүхийн ажлыг хийсэн эсвэл ариун сүм рүү явж нас барагсдын төлөөх ёслолуудад оролцсон ямар эерэг туршлагууд танд байдаг вэ?

Ажлыг урагшлуулахад бидний хүлээх үүрэг хариуцлага

Суралцагчдыг жижиг бүлгүүддээ зааж дуусгасны дараа, цөөн хэдэн суралцагчийг Их Эзэний ажлыг яаравчлуулах талаар бодол хийгээд сэтгэгдлээ хуваалцахад урь.

Нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид Б.Хэйтийн хэлсэн дараах мэдэгдлийг уншиж өгөхийг хүс. Ангийнхнаас бид Их Эзэний ажилд оролцсоноор юу тохиолдож болохыг сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Дэвид Б.Хэйт

“Ах эгч нар аа, Их Эзэн арга замуудыг нээж, дэлхий даяар Түүний ажлыг өргөжин тэлэхийг боломжтой болгож байгаа бөгөөд бид бүгдэд өөрсдийн арга замаар өөрсдийн хийх хэсгийг гүйцэлдүүлэх нь ямар гайхамшигтай адислал гээч. …

Бурханы бошиглогчдоос гадна хэн Их Эзэний ажлын хурдан өргөжин тэлэхийн гайхамшгийг урьдчилан харж чадах байсан билээ? Үнэхээр, Их Эзэн Сургаал ба Гэрээний 88-р хэсэгт урьдчилан хэлснээр, Тэр Өөрийн ажлыг яаравчлуулах цаг нь болжээ (C ба Г 88:73-ыг үзнэ үү)” (“Missionary Work—Our Responsibility,” Ensign, 1993 оны 11-р сар, 61, 62).

  • Ахлагч Хэйтийн хэлснээр, Их Эзэний ажилд бид оролцвол юу тохиолдох вэ? (Суралцагчдыг хариулж байхад дараах үнэнийг самбар дээр бич. Бид Их Эзэний ажлыг яаравчлуулахад оролцсоноор адислагдах болно.)

  • Та нар Их Эзэний ажлыг яаравчлуулахад оролцсоноор ямар адислалуудыг хүртсэн бэ?

Суралцагчдыг Их Эзэний ажлыг яаравчлуулахад хувь нэмрээ оруулж чадах боломжуудыг бодоход урь. Тэднийг дараах асуултад хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулахыг хүс.

  • Та нарsy Их Эзэний ажлыг яаравчлуулахад хувь нэмрээ оруулж чадах зарим арга зам юу вэ?

Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдыг бичсэн зүйлээ эргэн харж, зорилт тавихад урь. Их Эзэний ажлыг яаравчлуулах болон Түүний ажилд оролцох үүрэг хариуцлага, боломжуудын тухай гэрчилснээр хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

“Бид алхаагаа уртасгах ёстой”

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл:

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Бидэнд ч бас хуваалцах хэрэгтэй ямар нэгэн зүйл бий юу? Бий! Бидэнд Есүс Христийн сайн мэдээ, амар амгалангийн сайн мэдээ мөн баяр баяслын сайн мэдээ бий. Бидэнд аливаа хүнийг ч илүү сайн мөн илүү дүүрэн болгох, аливаа гэрлэлтийг аз жаргалтай мөн хайраар дүүрэн, гэр орныг илүү тэнгэрлэг болгох үнэнүүд бий. Бидэнд гэр орноо, өөрсдийн болон бусдын амьдралыг адислах Бурханы санваарын хүч бий. Тийм ээ, бид хүлээж авсан зүйлээ өөрсдөдөө болон гэр орон, чуулга, ангидаа мөн Сүмийн даалгавруудад илүү эрчтэйгээр хүргэх ёстой юм. Түүнчлэн гишүүн бус хөршүүд ба хамтран ажиллагсдадаа ‘өөрсдөдөө байгаа түүнийг өгөх нь’ биднээс шаардагдаж байгаа юм. Их Эзэн бидэнд ийн хийхийг тушаасан. Бид алхаагаа уртасгаж мөн үүнийг одоо хийх ёстой” (“Always a Convert Church: Some Lessons to Learn and Apply This Year,” Ensign, 1975 оны 9-р сар, 3).

Далын чуулгууд

Далын чуулга өргөжин тэлж байгаа нь Их Эзэн ажлаа яаравчлуулж байгаагийн баталгаа юм.

1976 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл Далын анхны чуулгыг зохион байгуулсан бөгөөд Далын нэмэлт чуулгууд Сүм өсөж дэвжихийн хэрээр нэмэгдсэн. Хэрэгцээтэй байхын хэрээр чуулгын тоог үргэлжлүүлэн нэмж болно.

“Далын найман чуулга … [2014 онд] байсан. Чуулга бүр 70 хүртэл гишүүнтэй байж болно. Далын чуулгын гишүүдийг энгийнээр ‘Далууд’ гэж олонтоо дууддаг. Далууд сайн мэдээг тунхаглаж, Сүмийг байгуулахаар дуудагдсан. Тэд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор ажилладаг. …

… Далын нэгдүгээр болон хоёрдугаар чуулгын гишүүдийг ерөнхий эрх мэдэлтнүүд гэдэг бөгөөд энэ нь тэд дэлхийн хаана ч үйлчлэх эрх мэдэлтэй гэсэн үг юм. Үлдсэн чуулгын гишүүдийг Бүсийн далууд гэдэг бөгөөд тэд аль бүсэд үйлчлэхээр дуудагдсан тэндээ л эрх мэдэлтэй байна (“Quorums of the Seventy,” LDS.org).