Семинар
53-р хичээл: Сургаал ба Гэрээ 45:60–75


53-р хичээл

Сургаал ба Гэрээ 45:60–75

Оршил

Гэгээнтнүүдийг Көртландад цугларах үед сонины олон худал нийтлэл болон цуурхал Сүмийг буруутган, гүжирдэж байв. Сургаал ба Гэрээ 45-д цэдэглэгдсэн илчлэлтэндээ Их Эзэн, Мормоны Номонд амлагдаж мөн 1830 оны илчлэлтэд анх дурдагдсан хожмын өдрүүдэд зориулагдсан амар амгалан болон аюулгүй байдлын цугларах газрын талаар тодорхой илчилж эхлэв (С ба Г 28-ыг үзнэ үү). Их Эзэн, Шинэ Иерусалим буюу Сион хэмээх энэ цугларах газрын талаар тодорхой дүрслэн хэлэв. Их Эзэн гэгээнтнүүдийг ирэх зүйлүүдэд бэлтгэхийн тулд Шинэ Гэрээн дээрх Библийн орчуулга дээрээ анхаарч эхлэх удирдамжийг Иосеф Смитэд түүнчлэн өгөв.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 45:60–61

Их Эзэн Иосеф Смитэд Шинэ Гэрээний орчуулгаа эхлэх удирдамж өгөв

Суралцагчдаас хэн нэгэн Итгэлийн тунхгийн 8-ыг чээжээр хэлж чадах эсэхийг асуу. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол нэг суралцагчийг Итгэлийн тунхгийг гаргаж, наймдугаар хэсгийг чанга уншихыг хүс.

  • “Зөв орчуулагдсан байхын хэрээр” гэдэг үгс Библийн талаар юуг хэлж байна вэ?

Суралцагчдад Иосеф Библийг судлах дуртай байсан бөгөөд үүн дээрх үгсээс агуу их тайвшрал олдог байсныг сануул. Гэхдээ тэр үүнийг судалж байхдаа алдаанууд олж хардаг байсан ба зарим мэдээлэл алдагдсан эсвэл бүрэн бус болохыг мэдэрдэг байв. Нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Иосефын анзаарсан асуудлуудын шалтгаан нь юу байсныг олж сонсохыг хүс.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Хүмүүний авралтай холбоотой олон чухал асуудал Библийг эмхэтгэхээс өмнө авагдсан буюу алга болсон нь тодорхой байлаа” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 245).

Зураг
Бошиглогч Иосеф Смит

Мөн тэрээр: “Анхны зохиогчдын гараас ирсэн үед Библийг хүмүүс хэрхэн ойлгож уншдаг байсныг би төсөөлж байна. Мэдлэггүй орчуулагчид, хайнга бичээчид, эсвээс зальтай, завхарсан санваартнууд олон алдаа гаргажээ” гэж өгүүлсэн (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 233).

  • Иосеф Смитийн хэлснээр, Библи дээр алдаанууд байдаг гэсэн наад захын гурван шалтгаан юу вэ?

Суралцагчдад тэд Сургаал ба Гэрээ 45:16–59-ийн хичээл дээр Есүс Христ Өөрийн Хоёр дахь ирэлтийн талаар шавь нартаа хэлсэн зүйлсийг суралцсан гэдгийг сануул. Энэ илчлэлт нь Матай 24-т цэдэглэгдсэн зүйлсээс ихийг өгүүлдэг. Энэ илчлэлт 1831 онд бичигдэх үед Иосеф Смит Хуучин Гэрээний сүнсээр удирдуулсан засварууд дээр ажиллаж байв. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:60–61-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэн бошиглогчийг юунд анхаарлаа хандуулахыг хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн, Шинэ Гэрээний орчуулга нь гэгээнтнүүдийг хэрхэн адислах болно хэмээн хэлсэн бэ? (Энэ нь гэгээнтнүүдийг бэлтгэхийн тулд Бурханы хүслийг илүү ихээр илчлэх болно.)

Нэг суралцагчийг дараах мэдээллийг ангийнхандаа дүгнэн ярихыг хүс. (Суралцагчид бэлтгэх цаг өгөхийн тулд түүнд хичээл эхлэхээс өмнө энэ мэдээллийг өгөөрэй.) Та суралцагчийн илэрхийлээгүй нарийн зүйлсийг гүйцээн хэлж болно.

1830 оны намар Их Эзэн Иосеф Смитэд Библийг орчуулахыг зарлиглав. Тэр Библийг нэг хэлнээс нөгөө хэл рүү орчуулаагүй бөгөөд түүнд орчуулж болох библийн эх цэдэг нь ч байгаагүй юм. Харин Иосеф Библийн Хаан Жеймсийн хувилбарыг уншиж судлан, дараа нь Ариун Сүнсний удирдамжаар засвар болон нэмэлтүүдийг оруулж байв. Ингэж энэхүү орчуулга нь уламжлалт орчуулга гэхээсээ илүүтэй сүнсээр удирдуулсан засвар болсон юм.

Иосеф Смитийн орчуулга нь Библийн Хаан Жеймсийн хувилбарын дор хаяж 3400 шүлэгт нөлөөлсөн гэж үздэг. Эдгээр өөрчлөлтөд нэмэлтүүд (утга эсвэл агуулгыг нь тодруулахын тулд), устгалууд, засвар хийгдсэн шүлгүүд болон тодорхой бүлгүүдийн бүтцийн бүрэн өөрчлөлтүүд ордог. Иосеф Смитийн орчуулга нь сургаалын агуулгыг, ялангуяа Есүс Христийн зорилго, Бурханы болон хүний мөн чанар, Абрахамын гэрээ, санваар болон сайн мэдээний сэргээлтийг тодотгож өгдөг.

Библийн Хаан Жеймсийн хувилбар бүхий, 1979 оноос хойш хэвлэгдсэн Хожмын үеийн гэгээнтнүүдийн хэвлэл нь Иосеф Смитийн орчуулгаас 600 гаруй өөрчлөлтийг агуулдаг. Богино өөрчлөлтүүд нь зүүлт тайлбар дээр тэмдэглэгдсэн байдаг бөгөөд арай том хэсгүүд нь Библийн хавсралт дээр байдаг.

Суралцагчдыг Агуу Үнэт Сувд дахь Иосеф Смит—Матай-г гаргахыг хүс. Иосеф Смитийн орчуулгын энэ хэсэг нь Их Эзэний Хоёр дахь ирэлтийн талаар Матай 24-өөс илүү их мэдээлэл багтаадаг бөгөөд Сургаал ба Гэрээ 45:60–61-ийн биелэлт гэдгийг тайлбарла.

Та нэг суралцагчаас Иосеф Смитийн орчуулгыг юу гэж ойлгосноо чанга тайлбарлан хэлж болно. Хэрэв танай суралцагчдад Библийн Хаан Жеймсийн хувилбартай Хожмын үеийн гэгээнтний хэвлэл байгаа бол та тэдэнд Шинэ Гэрээн дээрх Иосеф Смитийн орчуулгын зүүлт тайлбарын жишээнүүдийг эсвэл Библийн хавсралт хэсэг дээрх илүү том хэсгүүдийг үзүүлж болно. Жишээ нь, Матай 4:1, зүүлт тайлбарын б нь Есүс “диаволд соригдохоор” биш харин “Бурхантай байхаар” явсан гэсэн утгыг илэрхийлдэг. Суралцагчдад хэдэн жишээ үзүүлсний дараа Иосеф Смитийн орчуулга, Библийг судалж ойлгоход нь тэдэнд хэрхэн тусалж болохыг асуу.

Сургаал ба Гэрээ 45:62–65

Гэгээнтнүүд өрнөд нутгуудад цугларах ёстой хэмээн урьдаас сануулагдав

Их Эзэн эртний гэгээнтнүүдэд “дорнын нутгуудаас” өрнөд нутгууд руу явах (С ба Г 45:64) удирдамж өгснийг тайлбарла. Энэ илчлэлт өгөгдсөн үед Сүмийн гишүүдийн хийх байсан өрнөд рүү нүүх нүүдлийг (Нью-Йоркоос Огайо руу) төсөөлөн бодоход нь суралцагчдад туслахын тулд та тэднийг Судрууд дээрх Сүмийн түүхийн газрын зураг хэсэгт байгаа Газрын зураг 3 (АНУ-ын Нью-Йорк, Пеннсильвани, Огайо бүс)-ыг гаргаж болно. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:62–64-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэн гэгээнтнүүдийг яагаад “өрнөд нутагт” (С ба Г 45:64) цугларахыг зарлигласныг олж тогтоохыг хүс.

  • Их Эзэний “бүр та нарын хаалган дээр” байна хэмээн хэлсэн нь юу байсан бэ? Энэ төсөөлөл нь юу гэсэн утгатай үг та нар бодож байна вэ?

1861 онд, Иосеф Смитийг нас барснаас бараг 17 жилийн дараа Нэгдсэн Улсад Иргэний дайн эхэлсэн гэдгийг тайлбарла. Энэ дайн нь улс орон даяар гэр бүлүүд болон нийгэмд хүндрэл учруулж, түүнчлэн ихээхэн эд хөрөнгийг сүйтгэж, мөн сая гаруй хүн амиа алдсан гэсэн тооцоо бий. Дорнодоос цугларах Их Эзэний зөвлөгөөг үргэлжлүүлэн дагасан гэгээнтнүүд Ютад харьцангуй амар тайван болон аюулгүй байдлаар адислагдсан юм.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:65-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэн гэгээнтнүүдийг өрнөд нутгуудад хамтдаа цугларах үедээ юу хийгээсэй хэмээн хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Тэд яагаад баялгуудаа нэгтгэх ёстой байсан бэ? (Гэгээнтнүүд эв нэгдэлтэй, амар амгалан болон аюулгүй амьдарч чадах газар нутаг худалдан авахын тулд юм. Өв гэдэг нь гэгээнтнүүдийн оршин амьдарч болох мөн Их Эзэнийг шүтэн биширч чадах газар нутгийг хэлж байгаа гэдгийг тайлбарла.)

Сургаал ба Гэрээ 45:66-75

Их Эзэн Шинэ Иерусалим буюу Сионыг дүрслэн хэлэв

Суралцагчдаас дараах асуултын талаар эргэцүүлэн бодохыг хүс.

  • Хэрэв та нарт дэлхий дээр хаана амьдрахаа сонгох боломж байсан бол та нар хаана амьдрах байсан бэ? Та нар яагаад тэнд амьдрахыг хүсэж байна вэ?

Цөөхөн суралцагчаас хариулахыг хүс. Тэднийг хариулж байх үед хоёр багана үүсгэн самбарын голд дээрээс доош шугам тат. Нэг баганын дээд талд суралцагчдын нэрлэх цөөн хэдэн газрын нэрийг бич. Тэр багананд нэрүүдийн доор тэдний эдгээр газар амьдрахыг хүсэж байгаа шалтгаануудыг жагсааж бич.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 45:66–67-г дотроо уншиж, гэгээнтнүүдийн өвлөх нутгийн нэр болон энэ нь тэдний хувьд яагаад амьдрахыг хүсүүштэй газар болж байгаа шалтгааныг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно.

  • Гэгээнтнүүдийн өвийн нутаг юу гэж нэрлэгдэх вэ? (Шинэ Иерусалим буюу Сион. Үүнийг самбар дээрх хоёр дахь баганын дээд талд бич.)

Судрууд дээр Сион гэдэг үгийг заримдаа өөр өөр утга илэрхийлэхэд ашигладаг болохыг тайлбарла. Заримдаа энэ үг нь Сионы хүмүүс гэдэг утгыг илэрхийлдэг бөгөөд тэднийг “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” (С ба Г 97:21) байгаагаар дүрсэлдэг. Бусад газар Сион гэдэг үг нь Сүмийг бүхэлд нь бас дэлхий даяарх Сүмийн гадаснуудыг илэрхийлдэг (С ба Г 82:14). Сион гэдэг үг нь бас тодорхой газар зүйн байрлалыг хэлж болно. Энэ илчлэлтэд Сион гэдэг үг нь гэгээнтнүүдийн байгуулах бас цугларах бодит хотыг илэрхийлсэн байна.

  • Их Эзэн Шинэ Иерусалим буюу Сионыг хэрхэн дүрсэлсэн бэ? (Самбар дээрх хоёр дахь багананд суралцагчдын хариултуудыг жагсаан бич. Тэд өөр өөр үг ашиглаж болох ч дараах сургаалыг тодорхойлж хэлэх хэрэгтэй. Шинэ Иерусалим нь амар амгалан болон аюулгүй байдлын газар байх бөгөөд Их Эзэний алдар суу тэнд байх болно.)

Суралцагчдыг Сионы тодорхойлолтыг өөрсдийнхөө амьдрахаар сонгосон газруудтай харьцуулахад урь.

  • Их Эзэн Сионы талаар тодорхойлж хэлсэн дээр үндэслэн, та нар яагаад энэ хотын нэг хэсэг байхыг хүсэж болох вэ?

  • Та нар амар амгалан болон аюулгүй байдлыг хаана мэдэрч байсан бэ? Аюулгүй, амар амгалан байж чадах газруудтай байх нь яагаад чухал вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 45:68–71-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Шинэ Иерусалимд амьдрахыг хүсэж болох өөр шалтгаануудыг олж мэдэхийг хүс. Та тэдэнд олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно. Тэднийг олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг хүсч мөн тэдний хариултыг самбар дээрх хоёрдугаар багананд нэмж бич.

  • Ёсон бусчууд Сионы талаар ямар бодолтой байх вэ?

  • 71-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Сионы зөв шударга хүмүүс хаанаас ирэх вэ? (Хэрэв үүнийг өмнө нь тодорхойлж хэлээгүй бол дараах сургаалыг хоёр дахь багананд бич. Бүх үндэстний зөв шударга хүмүүс Сионд цугларах болно. Энэ нь уг илчлэлтэд дурдагдсан Сионы хувьд үнэн байсан бөгөөд өнөөдөр дэлхий даяар байгуулагдсан Сионы гадаснуудын хувьд үнэн гэдгийг та тайлбарлаж болно.)

Сионы зорилгын талаар бошиглогч Иосеф Смитийн дараах хэлсэн үгийг унш.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Сион … бол зөв шударгын газар бөгөөд үүн дээр барих бүгд нь үнэн хийгээд амьд Бурханыг шүтэн бишрэх мөн бүгд нэг сургаалд, бүр бидний Их Эзэн болон Аврагч Есүс Христийн сургаалд итгэдэг байх ёстой” (History of the Church, 2:254).

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 45:72–73-ыг дотроо уншаад, Их Эзэн Наувуд байгаа гэгээнтнүүдэд юу хийхийг зарлигласныг олж мэдэхэд урь. Дараа нь Их Эзэн, Түүний Хоёр дахь ирэлт тэдний дайснуудын хувьд аймшигтай байх болно гэдгийг гэгээнтнүүдэд сануулсныг тайлбарласнаар энэ илчлэлтийн сүүлийн хоёр шүлгийг дүгнэн ярьж өг.

Та суралцагчдад, Их Эзэн эртний гэгээнтнүүддээ болон бидэнд хандан энэ илчлэлтэд өгөгдсөн Түүний дуу хоолойг “сонсохыг” анхааруулсан гэдгийг сануулж болох юм. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 45-ыг эргэн харж, Их Эзэн Өөрийнхөө Хоёр дахь ирэлт болон Шинэ Иерусалимын талаар гэгээнтнүүдэд юу илчилснийг давтан харахад урь. Та тэднийг дараах өгүүлбэрийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ гүйцээж бичихэд урамшуулан дэмжиж болох юм. “Сургаал ба Гэрээ 45 дахь зүйлсийг сурснаар би … -аар/ээр ирэх зүйлүүдэд бэлтгэх болно.” Суралцагчдыг өнөөдөр сурсан зүйлсээ гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад урамшуулан дэмжсэнээр хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 45:60–61. Иосеф Смитийн орчуулга

Иосеф Смитийн орчуулга нь “бошиглогч Иосеф Смитийн 1830 онд эхэлсэн Библийн Хаан Жеймсийн хувилбарын орчуулга буюу засвар юм. Тэрээр Бурханаас энэхүү орчуулгыг хийх зарлигийг хүлээн авсан бөгөөд үүнийг бошиглогчийн дуудлагынх нь нэг хэсэг гэж үзсэн байдаг.” Хэдийгээр энэ ажил нь 1833 оны 7-р сар гэхэд үндсэндээ дууссан хэдий ч, бошиглогч 1844 онд нас барах хүртлээ жижиг өөрчлөлтүүдийг хийсээр байсан юм. “Энэ орчуулгын зарим хэсэг нь л түүнийг амьд байхад хэвлэгдсэн.” (Библийн толь бичиг, “Иосеф Смитийн орчуулга”-ыг үзнэ үү.)

Гэсэн хэдий ч, мөрдлөг хавчлагын улмаас, санхүүгийн эх үүсвэр дутмаг байснаас, Сүмийн удирдах үүрэг хариуцлагууд их байсан учир Иосеф Смит нас барахынхаа өмнө Библийн бүх засвараа нийтлүүлэх боломжгүй байв. Үүнээс гадна Сүмд эх бичвэр байгаагүй юм. Энэ нь Иосефын үхлийн дараа, түүний бэлэвсэн эхнэр Эмма Смитийн мэдэлд үлджээ. 1866 онд Эмма энэ бичвэрийг Дахин Байгуулагдсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд (ДБХҮГ) буюу одоогийн Христийн Нийгэмлэг гэж нэрлэгдэх сүмд өгсөн ба уг сүм нь зохиогчийн эрхийг авч мөн уг орчуулгыг 1867 онд хэвлүүлжээ. (Робэрт Ж.Маттьюс, “Q and A,” New Era, 1977 оны 4-р сар, 46–47-г үзнэ үү.)

Эцэст нь Мосегийн Ном болон Иосеф Смит—Матай хэсэг нь Иосеф Смитийн орчуулгын нэг хэсэг болон хэвлэгдсэн. Гэсэн хэдий ч, бидний судрууд дээр ашигладаг тэр хэсгүүд нь Иосеф Смитийн Библийн орчуулгын ердөө нэг хэсэг нь байдаг. “Иосеф Смитийн орчуулгын бүхэл хэсэг нь 1979 оны ХҮГ Библийн хэвлэлтэд ороогүй хэд хэдэн шалтгаан байсан ч ИСО-ын бичвэрийн найдваргүй байдал нь тэр шалтгаануудын нэг байгаагүй юм. Сургаалын ач холбогдол бүхий хэсгүүд нь илүү чухал байсан бөгөөд бүх зүйлийг багтаах нь биш харин цаг хугацаа гол хүчин зүйл болж байв” (Робэрт Ж.Маттьюс “I Have a Question,” Ensign, 1992 оны 6-р сар, 29).