Семинар
149-р хичээл: Сургаал ба Гэрээ 136:19–42


149-р хичээл

Сургаал ба Гэрээ 136:19–42

Оршил

1847 оны 1-р сард Бригам Янг Небраскагийн Винтер Квортерст байхдаа Сургаал ба Гэрээ 136-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ хичээл дээр Сургаал ба Гэрээ 136:19–42 дахь Их Эзэний хэрхэн хамтдаа ажиллах мөн өрнө зүгт аялахдаа хэрхэн Түүний хамгаалалтыг хүлээн авах тухай гэгээнтнүүдэд өгсөн удирдамжийг ярилцах болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 136:19–29

Их Эзэн гэгээнтнүүдэд аялалдаа хэрхэн үйлдэхийг зааварлав

Энэ хичээлийг дараах асуултуудаар эхлүүл.

  • Та нарт бүлэг хүнтэй харьцах ямар боломжууд байна вэ? (Хариултад гэр бүл, санваарын чуулгууд болон Залуу эмэгтэйчүүдийн анги, спортын багууд мөн хамт ажиллагсад зэрэг багтаж болно.)

  • Бусадтай бүлэг болон ажиллахын зарим эерэг тал юу вэ?

1846 оны эхээр Наувугаас хүчээр гаргагдан, өрнөд зүг рүү аялж эхэлсэн гэгээнтнүүдийн олонх нь аялалд бэлэн биш байсныг тайлбарла. Гэгээнтнүүд эхлээд олон бээрийн зайтай цувран аялсан нь тэдний бие биедээ туслах боломжийг багасгасан байна. Бригам Янг Винтер Квортерст байхдаа, ойролцоогоор нэг жилийн дараа Их Эзэн гэгээнтнүүдэд аяллаа үргэлжлүүлэхдээ бие биедээ тусалж чадахын тулд өөрсдийгөө зохион байгуулахыг зааварласан илчлэлтийг хүлээн авчээ.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 136:2, 8–10-ыг дотроо чимээгүй давтаад, Их Эзэн гэгээнтнүүдэд бие биедээ хэрхэн туслахыг зааварласныг тайлагнахад урь.

Хэдийгээр бүлгээр ажиллах нь бидэнд бие биедээ туслах боломжийг олгодог ч энэ нь бас сорилтуудыг бий болгож болно гэдгийг онцол.

  • Таны туршлагаас харахад, бүлгээр ажиллахын зарим сорилт юу вэ?

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Хос бүрийг Сургаал ба Гэрээ 136:19–27-г хамтдаа уншихад урь. Тэднийг Их Эзэний гэгээнтнүүдийг аялж мөн хамтдаа ажиллахад нь зориулж өгсөн зааврыг олж мэдэхийг хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, ангийнханд дараах асуултуудыг тавь.

  • Гэгээнтнүүдийг аялж мөн хамтдаа ажиллахад нь туслах ямар удирдамжийг та нар олж харж байна вэ? Та нарын бодлоор энэ удирдамж яагаад тустай байх вэ?

  • Та нар бусад хүмүүстэй харьцаж мөн хамтран ажиллахдаа энэ удирдамжийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

  • Хүмүүс энэ зөвлөгөөг дагахгүй байх нь ямар үр дагавруудтай байж болох вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 136:23–24-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншихыг хүс. Мэргэн ухааны үг өгөгдсөний дараа ч Их Эзэн яагаад гэгээнтнүүдийг “архидан согтуурахаа эцэслэ” гэж зөвлөснийг та тайлбарлах хэрэгтэй байж болно. Тэдэнд гэгээнтнүүд Мэргэн ухааны үгийг бага багаар сахиж эхэлж байсан гэдгийг сануул. Сургаал ба Гэрээ 136-д цэдэглэгдсэн илчлэлт өгөгдөхөд хожмын үеийн гэгээнтнүүдэд өнөөгийнхтэй адил бүх төрлийн согтууруулах ундааг хэрэглэхийг хориглоогүй байв.

  • 24-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бидний үгс бидний эргэн тойронд буй хүмүүст хэрхэн нөлөөлөх ёстой вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тодорхойлох ёстой. Бидний үгс бусдыг сэнхрүүлэх ёстой. Та сэнхрүүлэх гэдэг үг нь хэн нэгнийг сүнслэгээр юм уу сэтгэл санаагаар өргөх гэсэн утгатайг тайлбарлах хэрэгтэй байж болно.)

  • Яагаад гэгээнтнүүдэд хамтдаа аялахдаа сэнхрүүлэх үгсийг хэрэглэж байх нь чухал байсан гэж та нар бодож байна вэ?

  • Та нар хэн нэгэн өөр хүнийг сэнхрүүлэх үгсийг ашиглахыг хэзээ харсан бэ?

Суралцагчдыг өөрсдийн эргэн тойрны хүмүүсийг сэнхрүүлэх юуг хэлж болохыг бодож үзэхэд урь.

Хоёр суралцагчийн нэг бүрийг гэгээнтнүүдийн аялалдаа туулсан дараах туршлагуудаас нэгийг уншихад урь. Ангийнхнаас эдгээр итгэлтэй гэгээнтнүүдийн зан чанарын тухай бодохыг хүс.

Мэри Энн Вестон Мауган бичихдээ:

“Бид өглөө холер өвчнөөс болж нас барсан, бидэнтэй хамт явсан Браун гэдэг хүнийг нэг хүүхдийн хамт оршуулахаар дуудагдсан юм. Хуаранд илүү олон өвчтэй хүн байгаа. Платте мөрний эргээр өдөржингөө явав. 15 бээр аялсныхаа дараа Солт Крийкэд түр буудаллаа. Удалгүй бүлгийн нөхөд маань өөр нэг хүүхдийн цогцсыг барьсаар ирлээ. Тэд цогцсыг бүрэнхийд горхины эрэгт оршуулав. Өвчтэй хүмүүс дэндүү олон байлаа. Замдаа нөхдөө оршуулаад явах нь биднийг гуньж харамсахад хүргэж байв. Цаг агаар хэтэрхий халуун байлаа” (Mary Ann Weston Maughan journal, 3-р боть, 1850 оны 6-р сарын 21, 2:1, Гэр бүлийн түүхийн номын сан, Солт Лэйк хот; цэг тэмдэг, том үсгээр бичих дүрмийг шинэчилсэн).

Кларисса Янг Спэнсэр (Бригам Янгийн охин) бичихдээ:

“Удирдагчийн хувьд эцгийн маань хамгийн гайхалтай зан чанаруудын нэг бол тэрээр хүмүүсээ сүнслэг хэрэгцээнд нь удирдахын зэрэгцээ тэдний материаллаг болон нийгмийн халамжид ч анхаарал тавьдаг чанар байв. Тал дундуурх агуу аялалд хамгийн сул доройгоос бусад бүх хүн ихэнх замаа алхаж туулсны дараа, хэрэв цаг агаар таатай байвал оройдоо түүдэг галын дэргэд цуглаад хөгжилддөг байлаа. Тэнд дуу дуулж, хийл хөгжим тоглож мөн эрэгтэй, эмэгтэйчүүд кадриль бүжиг хийн, арван таван бээр замгүй цөлөөр алхсан ядаргаагаа тайлан мартдаг байсан. Энэ нь ‘өөдрөг уур амьсгал’ гэдэг үг гарч ирэхээс өмнө үүнийг хадгалах түүний арга зам байжээ (Мабэл Хармэр One Who Was Valiant [1940], 162).

  • Та нар энэ түүхүүд дээр үндэслэн эдгээр итгэлтэй анхдагчийг хэрхэн дүрслэх вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 136:28–29-ийг чанга уншихад урь.

Суралцагчдаас эдгээр шүлэгт ямар зөвлөгөө агуулагдаж байгааг асуу. Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцсаны дараа, дараах үнэнүүдийг самбар дээр бич. Хэрэв бид аз жаргалтай байвал Тэнгэрлэг Эцэгээ магтаж, түүнд талархах ёстой. Хэрэв бид уй гашуутай байх аваас сүнс маань баяр хөөртэй байж болохын төлөө залбирах ёстой.

  • Эдгээр зарчим гэгээнтнүүдийг аялж байхад хэрхэн тусалсан гэж та нар бодож байна вэ?

  • Эдгээр зарчим өнөөдөр бидэнд хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг залбиралд нь аз жаргалтай байхаар хариулсан үеийнхээ тухай бодохыг хүс. Цөөн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь.

Аз жаргалтай байхдаа Их Эзэнийг магтаж мөн түүнд талархаж, гашуудсан үедээ тусламж хүсэн залбирахад суралцагчдыг урамшуул.

Сургаал ба Гэрээ 136:30–42

Их Эзэн гэгээнтнүүдэд баталгаа өгч мөн Түүний бүх зарлигийг дагахдаа тууштай байхыг тэдэнд ятгав

Гэгээнтнүүд асар их зовлон зүдгүүр туулсан төдийгүй тэдний үргэлжилсээр байсан аялал агуу сорилт байсан гэдгийг бас мэдэж байсныг суралцагчдад сануул.

  • Ийм хүнд хэцүү нөхцөлд ч гэгээнтнүүдийг итгэлтэй хэвээр үлдэхэд юу тусалсан гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг хоёр бүлэгт хуваа. Эхний бүлгийг Сургаал ба Гэрээ 136:30–33-ыг уншихад урь. Хоёр дахь бүлгийг Сургаал ба Гэрээ 136:34–40-ийг уншихад урь. Хоёр бүлгээс хоёулангаас нь гэгээнтнүүдийг зоригжуулж байсан байж болох зарчмыг олж мэдэхийг хүс.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, бүлэг бүрээс суралцагчдыг тайлагнахыг хүс. Тэдний хариултыг самбар дээр бич. Тэдний хариулт дараах зарчмууд болон сургаалыг багтааж болно.

Бидний дайснууд Их Эзэний гарт байдаг тул бид тэднээс айх ёсгүй.

Зовлон зүдгүүрүүд маань бидэнд зориулагдсан Бурханы алдар сууг хүлээн авахад биднийг бэлтгэж чадна.

Хэрэв бид өөрсдийгөө даруусгаж мөн Бурханыг дуудах аваас Сүнс биднийг гэгээрүүлэх болно.

Хэрэв бид Их Эзэний бидэнд өгсөн бүх үгийг итгэлтэйгээр сахивал хэзээ нэгэн өдөр Түүний алдар сууг өвлөн авах болно.

Их Эзэн Өөрийн үгийг бошиглогчдоороо дамжуулан бидэнд өгдөг.

Их Эзэн биднийг дайснуудаас маань чөлөөлж чадна.

  • Эдгээр зарчим гэгээнтнүүдийн итгэлтэй хэвээр үлдэхэд хэрхэн тусалсан гэж та нар бодож байна вэ?

  • Эдгээр зарчим бидэнд хүнд хэцүү туршлагын маань үед итгэлтэй хэвээр үлдэхэд хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдыг самбар дээрх зарчмуудыг хурдан гүйлгэн харахад урь. Тэднээс гэгээнтнүүдийн сурсан гэж бодож байгаа захиасыг ерөнхийд нь бодож үзэхийг хүс. Суралцагчдаас хариултуудаа хуваалцахыг хүс. Суралцагчид төрөл бүрийн захиас олж тогтоож болох ч тэдэнд Их Эзэн гэгээнтнүүдэд бүх зүйл бүтэх болно гэсэн баталгааг өгч байсныг ойлгоход тусал.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 136:41–42-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэнээс ирэх өөр баталгаа болон зөвлөгөөнүүдийг олж мэдэхийг хүс.

  • 41-р шүлэг дээрх Их Эзэний захиас гэгээнтнүүдэд баталгааг хэрхэн өгч байна вэ?

  • 42-р шүлэгт цэдэглэгдсэнээр Их Эзэний зарлигуудаас бид юу сурч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах зарчмыг самбар дээр бич. Хэрэв бид Их Эзэний зарлигуудыг сахихдаа тууштай байвал бидний дээр Их Эзэний шүүлт ирэхгүй байх болно мөн бидний итгэл хүчтэй байж, дайсан маань биднийг ялахгүй.)

  • Энэ зарчим гэгээнтнүүдийн аялалд хэрхэн тусалсан байж болох вэ? Энэ нь бидэнд хэрхэн тусалж болох вэ?

Гэгээнтнүүд Их Эзэний тушаалуудад дуулгавартай байсныг тайлбарла. Анхдагчдын эхний бүлэг 1847 оны 4-р сарын 5-нд Винтер Квортерсыг орхин явсан. Тэд 1000 гаруй бээр аялаад, 1847 оны 7-р сарын сүүлээр Солт Лэйкийн хөндийд иржээ. Ерөнхийлөгч Бригам Янг 1847 оны 7-р сарын 24-нд хөндийд ирсэн бөгөөд гэгээнтнүүд шинэ гэрээ олсны баталгааг хүлээн авсан. Тэр үед тэрээр халуурч, өвдсөн байсан учир Вилфорд Вүдраффын битүү тэргэн дээр сууж явжээ.

Нэг суралцагчийг Бригам Янг Солт Лэйкийн хөндийг харсан талаарх ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын бичсэнийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

“Биднийг … хөндийг илүү сайн харж болохуйц газар ирээд, би битүү тэргээ бүтэн эргүүлээд өрнө зүгт харахаар болгоход ерөнхийлөгч Янг орноосоо өндийгөөд эргэн тойрноо шинжин харсан. Бидний өмнө орчин тойрноо харж байгаа мэт байвч тэр хэдэн минутын турш үзэгдэл үзсэн байжээ. Тэрээр өмнө нь үзэгдлээр энэ хөндийг харсан байсан бөгөөд энэ удаад Сионы болон Израилын ирээдүйн алдар сууг харжээ. … Үзэгдэл харж дуусаад тэрээр, ‘Энэ хангалттай. Зөв газар маань энэ байна! Цааш явцгаая’” гэж хэлсэн (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 146)

  • Солт Лэйкийн хөндийд суурьшихад зөв газар гэсэн баталгааг хүлээн авах нь Бригам Янг болон гэгээнтнүүдэд яагаад чухал байсан бэ?

Суралцагчдыг бүх зарлигийг сахихыг мөн өөрсдийнх нь амьдрал дахь Их Эзэний баталгааг сонсохыг хичээхэд урьснаар хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 136:24. “Архидан согтуурахаа эцэслэ”

Анхдагч гэгээнтнүүдийн зарим нь архи, тамхи зэрэг Мэргэн ухааны үгээр хориглогдсон бодисуудыг хэрэглэдэг байжээ. Их Эзэн анх Мэргэн ухааны үгийг гэгээнтнүүдэд зарлиг болгож өгөөгүй (С ба Г 89:2-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит ийн тайлбарлажээ.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

“Хэрэв [Мэргэн ухааны үг] зарлиг болон өгөгдсөн бол, энэ нь эдгээр хор хөнөөлтэй зүйлд донтсон бүх хүнийг буруушаалт доор авчрах байсан; тиймээс Их Эзэн энэрэнгүй байж, үүнийг хуулийн доор авчрахаасаа өмнө тэдэнд даван туулах боломжийг өгсөн (Conference Report, 1913 оны 10-р сар, 14-т).

Үүнийг бодолцоод бид Мэргэн ухааны үгээр хориглогдсон зүйлсийг хэрэглэдэг байсан Сүмийн эртний зарим удирдагч болон гишүүдийг шүүмжлэхгүй байхад анхаарах ёстой. Сүмийн түүхийн эхэн үед удирдагчид гэгээнтнүүдийг Мэргэн ухааны үгийг илүү бүрэн дүүрэн дагаж амьдрахад урьж байсан. 1851 оны 9-р сард болсон ерөнхий чуулганаар Бригам Янг гишүүдийг цай, кофе, тамхи, виски зэрэг “Мэргэн ухааны үгэнд дурдсан бүх зүйлээс” татгалзах албан ёсны гэрээ байгуулахад дуудсан (“Minutes of the General Conference,” Millennial Star, Feb. 1, 1852, 35-ыг үзнэ үү). 1919 онд ерөнхийлөгч Хибэр Ж.Грантын удирдлагаар Тэргүүн Зөвлөл Мэргэн ухааны үгийг сахин мөрдөхийг ариун сүмийн эрхийн бичиг хүлээн авах нэг шаардлага болгожээ (нэгтгэсэн Жэймс Р.Кларк, Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6-р боть [1965–1975], 5:163-ыг үзнэ үү). Мэргэн ухааны үгийг сахих нь өнөөдөр чухал зарлиг хэвээрээ байгаа бөгөөд үүнийг дуулгавартай сахих нь баптисм хүртэх, ариун сүмд орох, номлолын үйлчлэл болон Сүмийн бусад зохистой үйлчлэлийн урьдчилан шаардагдах нөхцөл болдог.

Сургаал ба Гэрээ 136:33. “Миний Сүнс даруу төлөв хийгээд гэмшдэг тэднийг гэгээрүүлэхийн тулд … илгээгдсэн бөлгөө”

Ерөнхийлөгч Бригам Янгийг Винтер Квортерст байхад Иосеф Смит зүүдэнд нь үзэгдэн ийн хэлжээ.

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг

“Даруу төлөв мөн итгэлтэй байж, Их Эзэний сүнсийг өөрсдөдөө байлгахыг чухалчил, тэгвэл энэ нь тэднийг зөвөөр удирдах болно гэдгийг хүмүүст хэл. Анхааралтай соргог байж, намуухан зөөлхөн дуу хоолойноос бүү эргэ; энэ нь танд юу хийхийг; хаашаа явахыг зааж, хаант улсын үр жимсийг өгөх болно. Зүрх сэтгэлээ итгэл үнэмшилдээ нээлттэй байлга, тэгвэл Ариун Сүнс тэдэнд ирж, зүрх сэтгэл нь үүнийг хүлээн авахад бэлэн байх болно гэдгийг ах нарт хэл. Тэд бусад бүх сүнснээс Их Эзэний Сүнсийг ялган таньж чадна. Их Эзэний Сүнс тэдний бодгальд амар амгалан, баяр баяслыг шивнэж, өшөө хорсол, атаа жөтөө, зөрчил сөргөлдөөн, аливаа муу бүхнийг зүрх сэтгэлээс нь хөөн зайлуулна; мөн тэдний чинхүү хүсэл нь гагцхүү сайныг үйлдэн, зөв шударга байдлыг бий болгож, Бурханы хаант улсыг байгуулах явдал байх болно. Хэрэв тэд Их Эзэний Сүнсийг дагах аваас зөв замаар замнах болно гэж ах нарт хэл. Хүмүүст Их Эзэний Сүнсийг хадгал гэж хэлэхээ бүү мартаарай; хэрэв тэд тэгэх аваас биднийг дэлхийд ирэхээс өмнө Тэнгэр дэх Эцэг хэрхэн биднийг зохион байгуулсан тэр байдалд тэд байж чадна. …

Үргэлж Их Эзэний Сүнстэй хамт байж, үүнийг дагавал энэ нь тэднийг зөв зүйлийг хийхэд удирдах болно гэж хүмүүст хэл” (Manuscript History of Brigham Young, 1846–1847, comp. Elden J. Watson [1971], 529–530).

Өөр нэг тохиолдолд гэгээнтнүүдийг Наувуг орхихоос өмнө бошиглогч Иосеф Смит ерөнхийлөгч Янгад үзэгдлээр үзэгдэн, Солт Лэйкийн хөндийн хаана нь суурин барихыг харуулжээ. Арван хоёрын чуулгын ерөнхийлөгч Жорж А.Смит эргэн дурсахдаа:

Зураг
Ерөнхийлөгч Жорж Алберт Смит

“Одоогийн бидний Энсайн Пийк хэмээн нэрлэдэг, Солт Лэйк хотын чанх ард байдаг уулыг түүнд харуулсан Иосеф Смитийн тухай үзэгдлийг [тэр харсан] бөгөөд уг оргил дээр туг унаж, Иосеф ‘Тугны өнгөтэй хэсэг унасан газрын дор барь, тэгвэл та нар хөгжин дэвжиж мөн амар амгалан байна’ гэж хэлжээ” (“Historical Discourse,” Deseret News, 1869 оны 6-р сарын 30, 248).