Семинар
38-р хичээл: Сургаал ба Гэрээ 31–32


38-р хичээл

Сургаал ба Гэрээ 31–32

Оршил

1830 оны 9-р сард Их Эзэн Томас Б.Маршийг сайн мэдээг тунхаглуулж, Сүмийг зохион байгуулахад туслуулахаар дууджээ. Мөн Сургаал ба Гэрээ 31 дэх энэхүү дуудлага нь Томасыг хувийн амьдралд нь болон номлогчийн хувьд удирдах амлалт болон зөвлөгөөг багтаасан байдаг. 1830 оны 10-р сард Иосеф Смит Сургаал ба Гэрээ 32-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан ба уг илчлэлтэд Их Эзэн Парлей П.Пратт, Зиба Петерсон хоёрыг өрнөд Миссури дэх леменчүүдэд хийх номлолд Оливер Каудери, Петр Витмер хоёртой нэгдэхэд дууджээ. Их Эзэн энэ эрчүүдтэй номлолын ажилд нь хамт байхаа амлав.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 31:1–8

Их Эзэн Томас Б.Маршийг сайн мэдээг тунхаглаж, Сүмийг зохион байгуулахад туслуулахаар дуудав

Суралцагчдыг гэр бүлийнхээ гишүүдийн талаар болон тэдний талаарх мэдрэмжээ бодоход урь. Та гэр бүлийнхээ зургийг үзүүлж, тэднийг хайрлах хайраа товч хэлж болно. Суралцагчдаас тэдний гэр бүлд Сүмийн гишүүн биш эсвэл Их Эзэнтэй хийсэн гэрээнийхээ дагуу амьдардаггүй хэн нэгэн байгаа эсэхийг бодож үзэхийг хүс. Та мөн суралцагчдыг тэдгээр гэр бүлийнхээ гишүүдийн төлөө ямар найдвар тээдэг талаар тунгаан бодоход урьж болно.

Сургаал ба Гэрээ 31-д Их Эзэн дөнгөж хөрвөгдөөд байсан Томас Б.Маршт хандаж, гэр бүлийнх нь талаар хэлсэн гэдгийг тайлбарла.

Суралцагчдад уг хэсгийн нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Томас Б.Марш хэрхэн Сүмийн гишүүн болсон тухай дараах тодорхойлолтыг уншихад урь.

Томас Б.Марш Массачусеттсийн Бостонд амьдарч байхдаа 1829 онд түүний мэддэг бүх сүм Библийн сургаалтай нийцэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэрээр “Бурханы Сүнс өрнөд рүү аялахыг надад зарлигласан гэдэгт би итгэсэн” гэж бичжээ. Тэрээр эхнэр Элизабэт болон шинэхэн гэр бүлээ орхиод, үнэний эрэлд гарчээ. Томас гурван сар аялсныхаа дараа гэр рүүгээ буцаж явахдаа “Иосеф Смит нэртэй залуугийн олсон Алтан Номын талаар сонсчээ.” Тэрээр Нью-Йоркийн Палмира руу аялж, тэнд Мартин Харристай уулзсан байна. Хэвлэгч хяналтанд оруулахад бэлэн болсон Мормоны Номын эхний арван зургаан хуудсыг Томаст өгчээ. Хожим нь Томас “Гэртээ ирснийхээ дараа … би эхнэртээ Мормоны Номын арван зургаан хуудсыг үзүүлсэн … тэр маш их баярлаж, үүнийг Бурханы ажил гэдэгт итгэсэн” гэж бичсэн байдаг. Сүм байгуулагдсан талаар олж мэдсэнээс хойш бараг жилийн дараа Томас гэр бүлийн хамт Палмира руу нүүжээ. Тэнд амьдарч байхдаа Фейеттегийн ойролцоо баптисм хүртэж 1830 оны 9-р сард Оливер Каудеригаар ахлагчаар томилогджээ (Томас Б.Марш, “History of Thomas Baldwin Marsh,” Millennial Star, 1864 оны 6-р сарын 11, 375-ыг үзнэ үү).

  • Томас Б.Маршийн үнэний төлөөх эрлийн юу нь танд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 31:1–2-ыг чангаар уншихыг хүсэн, баптисмынх нь дараа Томасыг урамшуулсан Их Эзэний үгсийг олж мэдэхэд ангийнхныг урь.

  • Их Эзэн эдгээр шүлэгт ямар урам дэмийг Томаст өгсөн бэ?

  • Их Эзэн гэр бүлийнх нь талаар Томаст ямар амлалтыг өгсөн бэ?

  • Хэрэв бидэнд Сүмийн гишүүн биш эсвэл гэрээнүүддээ итгэлтэй амьдардаггүй гэр бүлийн гишүүн байвал бидэнд тусалж болох ямар зарчмыг бид Сургаал ба Гэрээ 31:1–2-оос сурч болох вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч тэд дараах зарчмыг олж тогтоох хэрэгтэй. Бидний итгэлтэй байдлаар дамжуулан гэр бүлийн гишүүд маань үнэнд итгэж, үнэнийг мэдэхээр адислагдах болно. Зарчмыг самбар дээр бич.)

  • Хувь хүмүүс гэр бүлийнхээ гишүүдийн итгэлээр дамжуулан адислагдаж болох ямар арга замууд байдаг вэ? Та энэ талаар ямар жишээнүүдийг харсан бэ?

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 31:3–4-ийг гүйлгэн харж, Их Эзэн Томас Б.Маршаар юу хийлгэхээр дуудсаныг олж тогтоохыг хүс. Тэднийг олж тогтоосноо тайлагнахад урь. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Номлогчийн хувьд итгэлтэй үйлчилдэг хүмүүст ирдэг адислалуудын талаарх ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгсийг уншихыг нэг суралцагчаас хүс. (Та суралцагчдад судартаа хадгалж болох энэ хэлсэн үгийн хуулбарыг өгч болно.) Ангийнхныг номлолын үйлчлэлээр дамжуулан хэн адислагддаг тухай сонсоход урь.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Та нар зааж байгаа хүмүүсийнхээ амьдралыг төдийгүй тэдний үр удмыг адислах болно. Та нар өөрсдийнхөө амьдралыг адислах болно. Та нарыг дэмжиж мөн та нарын төлөө залбирдаг гэр бүлийнхнийхээ амьдралыг та нар адислах болно” (“Of Missions, Temples, and Stewardship,” Ensign, 1995 оны 11-р сар, 52).

  • Хэн номлолын үйлчлэлээр дамжуулан адислагддаг вэ?

Ангийг гурван бүлэг болгон хуваа. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 31:5–8-ыг чангаар уншихад урь. Нэг дэх бүлгээс Томас Б.Маршийн заах хүмүүст ирэх адислалуудыг олж мэдэхийг хүс. Хоёр дахь бүлгээс номлолд үйлчилснээр Томаст ирэх адислалуудыг олж мэдэхийг хүс. Гурав дахь бүлгээс Томасын эзгүйд түүний гэр бүлд ирэх адислалуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг уншсаны дараа дараах асуултуудыг тавь.

  • Томасын заах хүмүүст ямар адислалууд ирэх вэ?

  • Томас номлолын үйлчлэлийнхээ төлөө хэрхэн адислагдах вэ?

  • Түүний гэр бүл хэрхэн адислагдах вэ?

  • Өөр хэн нэгний номлолын үйлчлэл таны амьдралыг эсвэл таны таньдаг хэн нэгний амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Та номлолын үйлчлэл хүмүүсийн амьдралыг хэрхэн адисалж байгааг харсан жишээнүүдийг хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 31:9–13

Есүс Христ Томас Б.Маршт хувийн зөвлөгөө өгөв

Сургаал ба Гэрээ 31:9–13 нь Их Эзэний Томас Б.Маршт хувийн амьдралд нь болон номлогчийн хувьд өгсөн зөвлөгөөг агуулдаг. Хичээл эхлэхээс өмнө дараах заавруудыг самбар дээр бич эсвэл тэдгээрийг суралцагчдад зориулан тараах материал болгон бэлтгэ.

Сургаал ба Гэрээ 31:9–12-ыг судлаад, өнөөдөр бидний хувьд дагахад чухал гэж бодож байгаа нэг зөвлөгөөг олж тогтоо. Дараах асуултуудад хариулахад бэлтгэ.

  1. Та ямар зөвлөгөөг сонгосон бэ? Энэ зөвлөгөө яагаад өнөөдөр бидэнд хэрэгтэй гэж та бодож байна вэ?

  2. Энэ зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж болох нэг арга зам нь юу вэ?

  3. Бид хэрхэн энэхүү зөвлөгөөг дагаснаар ашиг тусыг олох вэ?

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Тэднээс Сургаал ба Гэрээ 31:9–12-ыг ганцаараа судлаад, хамтрагчтайгаа хариултуудаа хуваалцахыг хүс.

Суралцагчдыг хуваалцсаны дараа тэднийг Сургаал ба Гэрээ 31:13-ыг дотроо уншаад, Их Эзэний Томас Б.Маршт итгэлтэй байвал өгөхөөр амласан адислалуудыг олж тогтооход урь. Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирэн, уг амлалтыг хэрэв мөн бол гэсэн үгсийг ашиглан зарчим болгон бичихэд урь. Бусад суралцагчдыг шаардлагатай бол уг суралцагчид туслахад урамшуулан дэмж. Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч дараах зарчим тодорхой байх ёстой. Хэрэв бид эцсээ хүртэл итгэлтэй байх юм бол Их Эзэн бидэнтэй хамт байх болно. Бид бусад нөхцөл байдалд ч гэсэн сайн мэдээг бусадтай хуваалцахыг хичээх үед уг үнэн бидэнд хамааралтай байдгийг онцолж хэл.

  • Та хэзээ Их Эзэнд итгэлтэй байхыг эрэлхийлэх үед Тэрээр тантай хамт байгааг мэдэрсэн бэ? (Суралцагчдыг хариулахаас өмнө тэдэнд тунгаан бодох цаг өг. Өөрийнхөө туршлагыг хуваалцах талаар бод.)

Сургаал ба Гэрээ 32

Их Эзэн Парлей П.Пратт, Зиба Петерсон хоёрыг леменчүүдэд хийх номлолд нэгдэхэд дуудав

Суралцагчдыг судар дээрх “Сүмийн баруун зүг рүү хийсэн аялал” (Church History Maps, газрын зураг 6) гарчигтай газрын зургийг олж харахыг хүс. Эсвэл та АНУ-ын Нью-Йорк болон Миссуригийн хоорондох газрыг харуулсан том газрын зургийг үзүүлж болно.

  • Оливер Каудери, Бага Петр Витмер хоёр хаана сайн мэдээг тунхаглахаар дуудагдсан бэ? (Хэрэв суралцагчид санахгүй байвал тэднийг Сургаал ба Гэрээ 28:8–9; 30:5-ыг эргэж харахад урь. Эдгээр номлогчид Миссуригийн өрнөд хил хязгаар дахь “леменчүүдийн дунд” номлохоор дуудагдсан. Суралцагчдад уг бүсийг газрын зураг дээрээс олоход нь тусал.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 32-ын оршлыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Оливер Каудери, Бага Петр Витмер хоёрын гүйцэтгэхээр дуудагдсан номлолын талаар Сүмийн зарим ахлагчид байсан асуултыг олж тогтоохыг хүс.

  • Сүмийн зарим ахлагчид леменчүүдийн дунд хийх номлолын талаар ямар асуулт байсан бэ? (Тэд өөр номлогчид леменчүүдэд номлохоор дуудагдах эсэхийг мэдэхийг хүсэж байлаа.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 32:1–3-ыг чангаар уншихад урь. Ангийнхныг хамт дагаж уншаад, Парлей П.Пратт, Зиба Петерсон хоёр юу хийхээр дуудагдсан мөн Их Эзэн тэдэнд юу амласныг олж мэдэхийг хүс.

  • Парлей П.Пратт, Зиба Петерсон хоёр юу хийхээр дуудагдсан бэ?

  • Их Эзэн тэдэнд юу амласан бэ?

Та Сургаал ба Гэрээ 32:3-т өгөгдсөн амлалт болон самбар дээр бичсэн Хэрэв бид эцсээ хүртэл итгэлтэй байвал Их Эзэн бидэнтэй хамт байх болно хэмээх зарчмын хоорондох адил төстэй байдлыг онцолж хэлж болно.

Та мөн 1830 оны намар болон 1830–1831 оны өвөл эдгээр номлогчийн жижигхэн бүлэг (хожим нь Огайогийн хөрвөгч Фредерик Г.Виллямс нэгдсэн) Нью-Йоркийн Фейеттегээс Миссуригийн Индепенденс рүү 2400 километр газар ихэнх үедээ явган аялсан гэдгийг тайлбарлаж болно. Эдгээр дөрвөн номлогч 1831 оны 1-р сарын дундуур Индепенденст иржээ. Тэд аялж байхдаа хахир хатуу хүйтэн, хүчтэй салхи, ядарч туйлдах зэргийг тэвчсэн ба голдуу хөлдүү эрдэнэ шишийн талх, түүхий гахайн махаар амь зууж байлаа. Зарим газар тэдний дээгүүр нь алхаж байсан цас 0.91 метр гүнзгий байсан юм. Эдгээр бэрхшээлийг үл тоон номлогчид Миссуригийн өрнөд хил хязгаарын ойролцоох индианчуудын газар нутагт амьдарч байсан Америкийн индианчуудад сайн мэдээг заажээ. Тэд мөн Ментор, Көртланд, Огайо дахь Шинэ Гэрээний Христийн шашинтны сэргээлтийг эрэлхийлж цугларсан хүмүүст сайн мэдээг тунхагласан. (Суралцагчид Сургаал ба Гэрээ 35-ыг судлахдаа уг хүмүүс болон тэдний удирдагч Сидней Ригдоны талаар илүү ихийг суралцах болно.) Их Эзэн тэдгээр номлогчтой хамт байж, юу ч тэдний эсрэг зогсохгүй гэсэн амлалтаа биелүүлжээ. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 84–85-ыг үзнэ үү.)

Та ярилцсан үнэнүүдийнхээ талаар гэрчлэлээ хуваалцаж, хичээлийг дуусгаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 31

Сургаал ба Гэрээ 31-д цэдэглэгдсэн илчлэлт нь Их Эзэн Өөрийн хүмүүсийн цугларах зарчмыг анх удаа илчилсэн (С ба Г 29:1–8-ыг үзнэ үү) мөн тэдний цугларах газрыг анх удаа тодорхойлсон (С ба Г 37-г үзнэ үү) үеийн хоорондох номлолын ажлын талаар өгсөн цөөхөн хэдэн илчлэлтийн (С ба Г 30–36-г үзнэ үү) нэг юм.

Сургаал ба Гэрээ 31:2, 5–8. Бидний итгэлтэй байдлаар дамжуулан гэр бүлийн гишүүд маань үнэнийг мэдэх боломжтой

Есүс Христийн сайн мэдээний тухай мэдсэн хувь хүн бүр үүнийг хүлээн авах эсэхээ өөрсдөө сонгох ёстой. Гэсэн хэдий ч бидний итгэлтэй байдлын үлгэр жишээ бусдад сайнаар нөлөөлж болно. Их Эзэний Сургаал ба Гэрээ 31:2, 5–8-д Томас Б.Маршт өгсөнтэй адил амлалтуудаа биелүүлэх арга зам болон цаг хугацаа нь үргэлж бидний найдсан эсвэл хүсэн хүлээсний дагуу байдаггүй. Гэсэн хэдий ч Канадад номлолын ерөнхийлөгч байхдаа олж авсан туршлагынхаа талаар Ерөнхийлөгч Томас С.Монсоны хуваалцсан дараах түүх нь Их Эзэн итгэлтэй хүмүүст өгсөн амлалтуудаа биелүүлдэг гэдгийг нотолдог.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

‘Нэгэн өдөр ажлын өрөөнд маань шинээр ирсэн номлогч сууж байлаа. Тэрээр гэрэл гэгээтэй, хүчтэй, аз жаргалтай, урам зориг, үйлчлэх хүслээр дүүрэн, номлогч болсондоо талархалтай байлаа. Би түүнтэй ярилцах үедээ түүнд ‘Ахлагчаа, танай эцэг эх номлолын дуудлагыг тань бүх зүрх сэтгэлээрээ дэмжсэн гэж бодож байна’ гэж хэлэв. Тэрээр толгойгоо бөхийлгөөд, ‘Яг ч тийм биш л дээ. Ерөнхийлөгчөө, аав маань сүмийн гишүүн биш. Тэр бидний итгэдэг зүйлүүдэд итгэдэггүй юм, тиймээс миний дуудлагад тийм ч баяртай биш байгаа’ гэв. Би эргэлзээгүйгээр, өөрийнхөө үгээр бус харин сүнсээр өдөөгдөн, түүнд ‘Ахлагчаа, хэрэв чи шударгаар Бурханд хичээнгүйлэн үйлчлэн, Түүний захиасыг тунхаглавал чиний номлол дуусахаас өмнө аав чинь сүмд нэгдэх болно’ гэж хэллээ. Тэрээр миний гарыг чанга атган, нүдэнд нь цийлэгнэсэн нулимс хацрыг нь даган урсаж ‘Аавыгаа үнэнийг хүлээж авахыг харах нь миний амьдралдаа хүлээж авах хамгийн агуу адислал байх болно’ гэв.

Энэ залуу хүү хүсэн, найдаж, юу ч хийхгүйгээр зүгээр суугаагүй юм. Харин үүний оронд тэрээр ‘бүх зүйл Бурханаас шалтгаалах мэт залбир. Дараа нь бүх зүйл чамаас шалтгаалах мэт хий’ гэж хэлсэн Абрахам Линкольны үлгэр жишээг дагасан. Энэ залуугийн номлолын үйлчлэл нь ийм л байсан юм.

Номлогчийн чуулган болгоныг эхлэхээс нь өмнө би түүнтэй уулзаж, ‘Ахлагчаа, аавын чинь өсөлт хэр байна?’ гэж асуудаг байв.

Харин тэрээр, ‘Ямар ч өсөлт алгаа, ерөнхийлөгчөө, гэхдээ Их Эзэн номлолын ерөнхийлөгч танаар дамжуулан өгсөн амлалтаа заавал биелүүлэх болно гэдгийг би мэднэ’ гэж өөрчлөгдөшгүй хариултыг л өгдөг байв. Цаг хугацаа хоног сараар өнгөрсөөр эцэст нь биднийг номлолоо дуусгахаас хоёрхон долоо хоногийн өмнө би өнөөх номлогчийн ааваас захиа хүлээж авав. Өнөөдөр би үүнийг та нартай хуваалцахыг хүсэж байна.

“Хүндэт ах Монсон,

Канадад дөнгөж номлолоо дүүргэж ирсэн хүүгийн минь төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж байсанд тань би үнэхээр их талархаж байна.

Хүү минь бидний хувьд урам зориг байсаар ирсэн.

Би хүүгээ номлолд гарахаас нь өмнө, чамайг номлолоо дуусгахаас өмнө энэ Сүмийн гишүүн болох болно хэмээн амласан юм. Би таныг сайн мэдэхгүй ч гэсэн, үүнтэй ижил амлалтыг та түүнд өгсөн гэж би бодож байна.

Түүнийг номлолоо дуусгахаас ганцхан долоо хоногийн өмнө би баптисм хүртсэн гэдгээ хэлэхдээ баяртай байна. …

… Түүний эрэгтэй дүү нь мөн саяхан баптисм хүртэж, Сүмийн гишүүнээр батлагдаад байна.

Өнгөрсөн хоёр жилийн турш хүүгийн минь номлолын талбарт ах нар нь байж, түүнд үзүүлсэн хайр болон сайхан сэтгэлд тань дахин талархаж болохсон болов уу.

Таныг үнэхээр хүндэтгэсэн,

Талархаж буй аав.’

Итгэлийн даруу залбирал дахин хариулагдсан юм” (Conference Report, 1964 оны 4-р сар, 131–132).

Сургаал ба Гэрээ 31:10. Томас Б.Марш хэрхэн “сүмд эмч” байсан бэ?

Томас Б.Марш өвс ургамлыг эмчилгээнд ашиглах талаар зарим чадварыг эзэмшсэн ба энэ мэдлэгээрээ хүмүүст туслах боломжтой байжээ. Гэсэн хэдий ч түүний агуу дуудлага нь бодгалиудыг эдгээх явдал байлаа. Сүмийн гишүүдэд асуудлуудаа шийдвэрлэхэд нь туслахад цаг заваа зориулж байсан Томас Б.Маршийн олон жишээ байдаг.

Сургаал ба Гэрээ 32. Леменчүүдэд хийсэн номлол амжилттай байсан уу?

Америкийн индианчуудад буюу леменчүүдэд хийсэн анхны номлол нь тийм ч амжилттай байгаагүй ч Сүмийн эхэн үеийн түүхэнд чухал нөлөө үзүүлсэн юм. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит:

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“2400 километрийн аялал нь ихэнхдээ зэлүүд бөглүү газраар хахир хатуу цаг агаарт хийгдсэн ба 4 сар үргэлжилсэн юм. Гэсэн хэдий ч энэ нь маш үр дүнтэй аялал болсон ба тэдний замд олон хүн сайн мэдээг хүлээн авч, олон салбар Көртланд болон бусад газарт баригдаж, олон шулуун шударга эрчүүд Сүмд нэгдсэн Энэ нь Нью-Йорк мужаас өрнө зүгт хийсэн анхны номлолын аялал байсан ба үүний үр дүн нь Сүмд тоолж баршгүй олон ашиг тусыг авчирсан юм” гэж тайлбарлажээ (Church History and Modern Revelation, 2-р боть, [1953], 1:150).

Сургаал ба Гэрээ 32:1–3. Парлей П.Пратт, Зиба Петерсон хоёр

Сургаал ба Гэрээ 32 дээрх илчлэлт нь Парлей П.Пратт, Зиба Петерсон хоёрт хандсан байдаг. Ангийнханд эдгээр хоёр эрэгтэйн талаар илүү сайн суралцахад нь туслахын тулд дараах түүхэн мэдээллийг чангаар унш.

1830 оны зун Парлей П.Пратт эхнэрийн хамт Огайогийн Амхэрстээс Нью-Йорк муж руу хамаатныдаа зочлохоор аялсан юм. Ариун Сүнс Парлейд Палмирагийн ойролцоо Нью-Йоркийн Ньюварк тосгонд түр буудаллах өдөөлтийг өгсөн ба тэрээр тэндээ Мормоны Номын талаар суралцжээ. Тэрээр хожим нь хэрхэн уг номыг хүлээж авсан талаараа бичжээ.

Зураг
Парлей П.Пратт

“Би бүхэл өдөржингөө уншсан. Хоол идэх хүсэлгүй байсан учраас идэх нь хэрэггүй мэт санагдаж байлаа. Шөнө болоход унтах хүсэл ч байхгүй байлаа, учир нь би уншихыг унтахаас илүүд тавьсан.

Намайг унших үед Их Эзэний сүнс над дээр ирж, би уг ном үнэн гэдгийг мэдэж, ойлгосон юм” (Autobiography of Parley P. Pratt, хянасан Парлей Парлей П. Пратт [1938], 20).

Парлей Палмира руу аялсан ба тэндээ Хайрум Смиттэй уулзаж, заалгасан байна. Удалгүй Хайрум, Парлей хоёр Сүмийн өсч буй салбарын гишүүдтэй уулзахаар Нью-Йоркийн Фейетте рүү аялжээ. Парлей П.Пратт 1830 оны 9-р сард Оливер Каудеригаар баптисм хүртэж, ахлагчаар томилогджээ.

Зиба Петерсоны хөрвөлтийн тухай мэдээлэл бага байдаг. Тэрээр 1830 оны 4-р сард Оливер Каудеригаар баптисм хүртэж, тэр жилийнхээ 6-р сард ахлагчаар томилогдсон гэдгийг бид мэддэг.

Сургаал ба Гэрээ 32:3. “Тэднийг дийлэх юу ч үгүй байх болно.“

Дараах түүх нь Их Эзэн Парлей П.Праттыг номлолоо хийж байхад нь хэрхэн адисалсан тухай жишээ юм.

Көртландаас өрнө зүгт 80 километрийн зайд Парлей “үндэслэлгүй хэргээр” баривчлагдаж, шалгагдан, “шоронд орох” эсвэл торгууль төлөх захирамжийг хүлээн авчээ (Autobiography of Parley P. Pratt, хянасан Парлей П.Пратт [1938 он], 36). Тэр торгууль төлж чадаагүй учраас нийтийн дэн буудалд цоожтой өрөөнд хоногложээ. Дараагийн өдөр нь түүн дээр хамтрагчид нь ирсэн ба тэрээр тэднийг аяллаа үргэлжлүүлэхэд яаравчлуулж, удалгүй тэдний араас очих болно гэж амлажээ. Парлей: “Би офицерийн хяналтан дор галын дэргэд хэсэг сууснаа гадагш гарах зөвшөөрөл өгөхийг хүссэн юм. Би түүнтэй хамт олон нийтийн талбай руу гарсан ба ‘Ноён Пийбоди, та сайн уралддаг уу?’ гэж асуусан юм. Тэр ‘Үгүй. Харин манай том булдог нохой маань сайн уралддаг. Энэ хэдэн жилийн турш тэр надад туслахаар сургагдсан юм. Тэр ямар ч хүнийг миний тушаалаар барьж чадна’ гэж хэлсэн. ‘Ноён Пийбоди, Та намайг нэг бээр явахыг хүчиллээ. Харин би тантай хоёр бээр хамт явлаа. Та надад номлох, дуулах боломжийг мөн хоноглох газар, өглөөний хоол өглөө. Би одоо өөрийнхөө аялалд явах ёстой; Хэрэв та уралдахдаа сайн бол надтай хамт явж болно. Би таны өгөөмөр сэтгэлд талархаж байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, ноёнтон.’

Би тийн аяллаа үргэлжлүүлсэн ба тэрээр алхаж ч чадахгүй, гайхширан хоцорсон юм. … Намайг 200-аад метр явсны дараа л тэр сэхээ орж, миний араас мөрдөж эхэлсэн юм. … Тэр миний араас чанга хашгирч, нохойдоо намайг барихыг тушааж байлаа. Уурлаж догширсон, урьд өмнө харж байгаагүй тийм том нохой миний араас ойртон ирсэн ба офицер алгаа ташин ‘туу, туу—түүнийг барь—хараач—бариад ав—доош нь дар’ хэмээн миний гүйж байсан зүг рүү хуруугаараа заан чичилж байлаа. Хурдан нохой намайг барьж, унагахаар үсрэхийн даваан дээр надад нохойг өөрөөсөө түрүүлүүлж, ой руу давхиулахад нь офицерт туслах санаа цахилгаан цахих мэт орж ирэв. Би хуруугаараа тэр зүг рүү зааж, алгаа ташин, офицерийг дуурайж хашгирсан юм. Офицер бид хоёрын үгэнд орсон нохой миний хажуугаар өнгөрч, ой руу хоёр дахин хурдан гүйж орсон ба бид хоёр хоёулаа нэг зүгт гүйж байлаа.”

Ахлагч Пратт нохой, офицер хоёроос зугтаж, өөр замаар хамтрагчидтайгаа нэгдэж чаджээ. Парлей хожим нь Мормоны Номыг үлдээсэн Симеон Картэр тухайн бүс дэх жаран хүний хамт Сүмд нэгдсэн тухай сонсжээ (Autobiography of Parley P. Pratt, 38–39-ийг үзнэ үү).