Семинар
47-р хичээл: Сургаал ба Гэрээ 42:1–29


47-р хичээл

Сургаал ба Гэрээ 42:1–29

Оршил

1830 оны 12-р сард Их Эзэн гэгээнтнүүдийг Огайод цугларахыг зарлиглав (С ба Г 37:3). 1831 оны 1-р сард, тэд Түүний хуулийг хүлээн авах болно хэмээн Тэр амласан (С ба Г 38:32-ыг үзнэ үү). 1831 оны 2-р сарын 9-нд Көртландад ирээд удаагүй байхдаа Сүмийн 12 ахлагч Их Эзэний тэдэнд зарлигласнаар хамтдаа цуглан, залбиралд нэгдэв (С ба Г 41:2–3-ыг үзнэ үү). Энэ үйл явдлаар Иосеф Смит одоо Сургаал ба Гэрээ 42:1–73-т цэдэглэгдсэн нэгэн илчлэлтийг хүлээн авав. Тэр 2-р сарын 23-нд цаашдын зааврыг хүлээн авав (С ба Г 42:74–93-ыг үзнэ үү). Эдгээр илчлэлт хамтдаа “Сүмийн хууль” (С ба Г 42 хэсгийн гарчиг) хэмээн нэрлэгддэг. Сургаал ба Гэрээ 42 нь гурван хичээлд хуваагдана. Энэ хичээл нь 1–29-р шүлгүүдийг хамрах бөгөөд үүнд сайн мэдээг заах заавар өгч мөн Сүмийн гишүүдийн биеэ авч явах ерөнхий хуулиудыг тогтоосон.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 42:1–10

Их Эзэн сайн мэдээг зааж мөн Түүний Сүмийг байгуулахад ахлагчдыг дуудав

Самбарын дээд хэсэгт Хуулиуд ба зарлигууд гэж бич.

Доод талд нь дараах үгсийг бичнэ үү.

Хориг Адислал Ачаа дарамт Уур хилэн Бэлэг Хязгаар Шагнал

Тэд хууль болон зарлигуудыг дүрслэн хэлэхийн тулд самбар дээр байгаа үгсийн алийг нь сонгож болохыг суралцагчдаас асууснаар хичээлээ эхэл. Цөөн суралцагчаас сонгосон үг эсвэл үгсээ хуваалцаж мөн яагаад гэдгээ тайлбарлахыг хүс. Суралцагчид бодлоо хуваалцсаны дараа дараах асуултуудыг тавь.

  • Зарлигуудыг дагах нь яагаад заримдаа хэцүү байдаг вэ?

  • Зарим хүн яагаад хууль болон зарлигуудыг бэлэг эсвэл адислал гэж үзэж болох вэ?

Суралцагчдад, Их Эзэн Нью-Йорк дахь гэгээнтнүүдэд Огайо руу явахыг зарлигласны дараа, Тэрээр тэдэнд Өөрийн хуулийг тэнд очсоных нь дараа өгнө хэмээн амласныг сануул (С ба Г 38:32-ыг үзнэ үү). Нью-Йорк дахь ихэнх гэгээнтнүүд Огайод цугларах зарлигийг дуулгавартай дагав. Тэдний зарим нь Көртландад ирсний дараа, 12 ахлагч бошиглогч Иосеф Смиттэй уулзаж, Их Эзэнийг дуудав. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:1-3-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, ахлагчдын цугларсан шалтгааныг олж мэдэхэд урамшуулан дэмж.

  • Ахлагчид яагаад энэ цаг үед цугларсан бэ? (Их Эзэн Өөрийнх нь хуулийг хүлээн авахын тулд хамтдаа цугларахыг тэдэнд тушаасан.)

Их Эзэн бүх хүн нэгдэн цугларахаар дуудагдах хүртэл, дуудагдах бүс газар бүрдээ сайн мэдээг түгээн, Сүмийг өсгөн бэхжүүлэхээр номлогч болж, хоёр хоёроороо урагш одохыг ахлагчдад зааварласныг тайлбарлаж Сургаал ба Гэрээ 42:4–10-ыг дүгнэн ярьж өг.

Сургаал ба Гэрээ 42:11–17

Их Эзэн сайн мэдээг заах зарчмуудыг танилцуулав

Суралцагчдаас ариун ёслол эхлэхийг хүлээн ариун ёслолын танхимд сууж байна гэж төсөөлөн бодохыг хүс. Бишопын эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдийн ирэх цаг нь хойшлогдсон бөгөөд тэд хараахан ирээгүй байна. Цугларсан хүмүүсээс хэн нэг нь босож, тэр цөөн хэдэн дуудлагыг хүмүүст өгч бас өөрт нь илчлэгдсэн зарим шинэ сургаалыг заахыг хүсэж байгаагаа тайлбарлав.

  • Ийм үед та нар ямар хариу үйлдэл хийх вэ? Яагаад?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:11-ийг чанга уншихад урьж, ангийнхныг Их Эзэн хэнийг сайн мэдээг заах мөн сүмийг өсгөн бэхжүүлэх эрх мэдэлтэй хэмээн хэлснийг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн хэнийг сайн мэдээг заах, Түүний сүмийг өсгөн бэхжүүлэх эрх мэдэлтэй хэмээн хэлсэн бэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тодорхойлох хэрэгтэй. Сүмд зааж, Сүмийг өсгөн хөгжүүлж байгаа тэдгээр нь Бурханаар дуудагдаж, Сүмийн эрх мэдэлтэй удирдагчдаар томилогдох ёстой.)

  • 11-р шүлэгт цэдэглэгдсэнээр, сайн мэдээг заахаар дуудагдах тэдгээр нь дуудлагаа Сүмийнхэнд мэдэгдэх ёстой. Өнөө үед Сүмийн гишүүд, хүмүүс гадас эсвэл тойргийн дуудлагыг хүлээн авч, Сүмийн удирдагчдаар онцгойлон адислагдаж эсвэл томилогдсоныг хэрхэн мэдэж авдаг вэ? (Дуудагдаж буй хүмүүсийн нэрсийг Сүмийн гишүүдэд дэмжүүлэн батлуулахаар танилцуулдаг. Үүнийг нийтийн дэмжлэгийн зарчим гэж нэрлэдэг. С ба Г 26:2-ыг үзнэ үү.)

  • Сүмийн удирдагчид болон багш нарыг дэмжүүлэн батлах үйл явц Сүм болон гишүүдийг хэрхэн хамгаалж чадах вэ? (Сүмийн удирдагчдыг дэмжүүлэн батлах нь хэн Сүмийг удирдаж мөн багшлахаар дуудагдсаныг мэдэхэд бидэнд тусалдаг. Энэ нь бас хувь хүмүүст өөрсдөд нь оногдоогүй болон хийх эрх мэдэл хүлээн аваагүй үүрэг хариуцлагуудыг өөртөө хүлээхгүй байхад тусалж чадна.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:12–13-ыг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг гүйлгэн харж, бүрэн цагийн номлогчид болон Сүмд зааж, удирддаг хүмүүст өгөгдсөн үүрэг хариуцлагуудыг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлгийн дагуу Их Эзэн Сүмд зааж эсвэл удирдахаар дууддаг хүмүүстээ ямар үүрэг хариуцлагуудыг өгдөг вэ?

  • Багш нар болон удирдагчдын хувьд сайн мэдээний зарчмуудыг судруудын дагуу заах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Танай багш нар эсвэл удирдагчид заасан сургаал болон зарчмуудынхаа дагуу амьдрах үед та нар хэрхэн адислагдаж байсан бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 42:13-ыг дотроо давтаж, бид сайн мэдээг бусдад заах үед биднийг юу удирдах хэрэгтэйг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:14-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, сайн мэдээг заадаг хүмүүс Сүнсний нөлөөг олж авахын тулд юу хийх хэрэгтэйг олж мэдэхийг тэднээс хүс.

  • Сайн мэдээг бусдад заахад маань бидэнд туслах Сүнсний нөлөөг бид хэрхэн олж авч чадах вэ? (Хэрэв бид итгэлтэйгээр залбирвал бусдад заахад маань бидэнд туслах Сүнсийг хүлээн авч чадна. Та суралцагчдад энэ зарчмыг зааж буй 14-р шүлгийг тэмдэглэхийг санал болгож болно. Итгэлтэйгээр залбирахаас гадна бид Сүнсийг хүлээн авахуйц зохистой байх хэрэгтэй гэдгийг онцлон хэл.)

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Судрууд ‘Сүнс итгэлийн залбирлаар та нарт өгөгдөх болно; мөн хэрэв та нар Сүнсийг эс хүлээн авбаас та нар заах нь үгүй’ (C ба Г 42:14) хэмээн хэлдэг. Энэ нь зөвхөн та заахгүй эсвэл та зааж чадахгүй эсвэл энэ нь маш ядмагхан хичээл байх болно гэдгийг заадаггүй. Үгүй ээ, энэ нь үүнээс ч илүү хүчтэй юм. Энэ нь үйл үгийн захирах хэлбэр юм. ‘Та нар заах нь үгүй.’ Тэнд та (ye) гэдэг үгийн оронд та (thou) гэдэг үгийг орлуулбал Синай уулын хэллэгийг харах болно. Энэ бол зарлиг” (“Teaching, Preaching, Healing,” Ensign, 2003 оны 1-р сар, 41).

  • Сургаал ба Гэрээ 42:14 болон ахлагч Холландын хэлснээр Сүмийн аль ч ангид жинхэнэ багш нь хэн байдаг вэ? (Сүнс.)

  • Суралцагчид нь Сүнсээр заахад ямар арга замуудаар тусалж чадах вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:16–17-г чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Ариун Сүнсний үүргийг олж мэдэхийг хүс. Суралцагчийг уншихаас өмнө эдгээр шүлэгт хэрэглэгдсэн Тайтгаруулагч гэдэг нэр нь Ариун Сүнсний өөр нэг нэр болохыг суралцагчдад сануулах нь тустай байж болох юм.

  • 17-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Ариун Сүнс юу мэддэг бас юу хийдэг вэ? (Та суралцагчдадаа судрууд дээрээ дараах сургаалыг тэмдэглэхийг санал болгож болно. Ариун Сүнс бүх зүйлийг мэддэг бөгөөд Эцэгийн тухай мөн Хүүгийн тухай гэрчилдэг.)

  • Энэ сургаалын дагуу, сайн мэдээг заахдаа Ариун Сүнстэй хамт байх нь бидний хувьд яагаад чухал байдаг вэ?

  • Ариун Сүнстэй хамт байх нь зааж буй хүмүүст тань хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдыг дараах асуултуудын талаар тунгаан бодоход урь (та эдгээр асуултыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичиж эсвэл тараах материал болгон бэлтгэж болно).

Та сайн мэдээг зааж (хуваалцаж, тайлбарлаж эсвэл гэрчилж) байхдаа хэзээ Ариун Сүнсний хүч болон нөлөөг мэдэрч байсан бэ?

Ариун Сүнс танд Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар гэрчлэхийг та хэзээ мэдэрсэн бэ?

Хангалттай цаг өгсний дараа цөөн хэдэн суралцагчийг эдгээр асуултаас нэгийг сонгон, ангийнхантайгаа туршлагуудаа хуваалцахад урь. Та бас сайн мэдээг заах болон суралцахад Сүнсний гүйцэтгэдэг чухал үүргийн талаар гэрчлэлээ нэмж хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 42:18–29

Их Эзэн Сүмийн гишүүдэд зориулан хууль болон зарлигуудыг илчлэв

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич (хаалтанд байгаа үгсийг бичихгүй).

С ба Г 42:18–19 (алах); С ба Г 42:20 (хулгайлах); С ба Г 42:21 (худал хэлэх); С ба Г 42:22–23 (бусдыг тачаангуйгаар харах); С ба Г 42:24–26 (садар самууныг үйлдэх); С ба Г 42:27 (бусдын талаар хорон мууг ярих)

Энэ илчлэлтээрээ Их Эзэн Сүмийн бүх гишүүнд хамаатай хууль болон зарлигуудыг илчилсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг гурав эсвэл зургаан хүнтэй бүлгүүдэд хуваа. Суралцагч бүрд самбар дээр бичсэн судрын эшлэлүүдээс нэг юм уу хоёрыг оноон өгч, хэсэг бүр тодорхой зарлигийн талаарх Их Эзэний заавруудыг агуулж байгааг тайлбарла. Суралцагчдыг оногдсон хэсгүүдээ судалж, олж мэдсэн зүйлүүдээ өөрсдийн бүлэгт заахад бэлтгэхийн тулд доорх тоймыг ашиглахыг хүс. (Та энэ тоймыг самбар дээр бичиж эсвэл тараах материал болгон бэлтгэж болно. Суралцагчдыг нэмэлт тусламж авах бол Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг эсвэл Судруудын удирдамжийг ашиглахад урамшуулан дэмжиж болно. Хэрэв танай анги жижигхэн бол өөрсдийн бүлэгт биш харин ангийнхандаа бүгдэд нь заахыг санал болгож болно.)

  1. Бүлгийнхээ нэг гишүүнийг оногдсон судрын хэсгээ чанга уншихад урь. Та бүлгийн гишүүддээ уг хэсэг дээрх зарлиг эсвэл хуулийг тэмдэглэхийг санал болгож болно.

  2. Эдгээр шүлгээс сурч болох сургаал эсвэл зарчмыг олж тодорхойл.

  3. Та энэ зарлигийг яагаад чухал гэж бодож байгаагаа бас энэ хуульд хэр дуулгавартай байгаа маань бидний сүнслэг сайн сайханд хэрхэн нөлөөлж болохыг тайлбарла.

  4. Энэ зарлигийг илүү бүрэн дүүрэн сахихын тулд (эсвэл үүнийг зөрчихөөс хамгаалахын тулд) бид бүгдийн хийж чадах ямар нэгэн санааг хуваалц. Та бас бүлгийнхээ бусад суралцагчийг санаануудаа хуваалцахад урьж болно.

Суралцагчдад бэлтгэх хангалттай цаг өгсний дараа тэднээр бүлгүүдэд нь заалга. Суралцагчдыг бие биедээ заах үед ангийн дундуур явж, шаардлагатай бол тусламж болон урам өг.

Суралцагчдыг өөрсдийн бүлгүүдэд зааж дууссаны дараа дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич. Бурханд үйлчилснээр мөн Түүний зарлигуудыг дагаснаар бид … харуулдаг.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:29-ийг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг гүйлгэн уншиж, энэ зарчмыг гүйцээх үгсийг олж мэдэхийг хүс. Нэг суралцагчаас энэ өгүүлбэрийг дараах зарчимтай адилхан болгохын тулд самбар дээрх хоосон зайг бөглөхийг хүс. Бурханд үйлчилснээр мөн Түүний зарлигуудыг дагаснаар бид Бурханыг хайрлах хайраа харуулдаг. (Та энэ зарчмыг судар дээрээ тэмдэглэхийг суралцагчдад зөвлөж болно.)

  • Бурханы хуулиуд болон зарлигуудыг дагах нь Түүнийг хайрлах бидний хайрыг хэрхэн харуулдаг вэ?

  • Зарлигуудыг дагах нь хэрхэн та нарыг Их Эзэнд илүү ойр болгосон бэ?

Суралцагчдыг Их Эзэний хууль, зарлигуудад хэрхэн ханддаг талаараа тунгаан бодоход урь. Тэднийг Тэнгэрлэг Эцэг болон Аврагчид хайраа харуулах арга зам болгож, өөрсдийнхөө илүү сайн дагахаар хичээх нэг зарлигийг сонгоход урь. Зарлигуудыг дагах нь Их Эзэнтэй харилцах таны харилцааг хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар хуваалцан хичээлээ төгсгө.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 42:4–7. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн номлолд үйлчлэх боломжууд

Ерөнхийлөгч Томас С.Монсон сайн мэдээг тунхагла хэмээн ахлагчдад Их Эзэний өгсөн зарлигийг онцлон тэмдэглэв. Тэрээр бас номлолын ажил дахь эгч нарын үүргийг тайлбарлав.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Эхлээд Аароны санваартай болон ахлагч болж байгаа залуу эрэгтэйчүүдэд хандъя. Бошиглогчдын үеийн үед заасаар ирсэн зүйлийг давтан хэлэхэд зохистой мөн чадвартай залуу хөвгүүн бүр номлолд үйлчлэхээр бэлтгэх ёстой. Номлолын үйлчлэл нь бидэнд үй олон адислалыг үргэлж өгч байдаг Их Эзэн биднийг биелүүлээсэй гэж хүсэн хүлээдэг санваарын үүрэг, хариуцлага юм. Залуу эрэгтэйчүүд минь, би та нарыг номлолд үйлчлэхээр бэлтгэхэд уриалж байна. Их Эзэнийг төлөөлөхүйцээр өөрсдийгөө цэвэр ариун, зохистой байлга. Эрүүл мэнд болон бат бөх байдлаа сахь. Судраас судал. Семинар, институтийн анги байдаг бол түүнд хамрагд. Миний сайн мэдээг номло номлогчийн гарын авлагаас суралцаж, мэдлэг ол.

Залуу эгч нарт хандан хэлэхэд, залуу эрэгтэйчүүдийн адил бүрэн цагийн номлолд үйлчлэх санваарын үүрэг хариуцлага та нарт байхгүй ч, та нар бүрэн цагийн номлолд үйлчлэн агуу хувь нэмэр оруулдаг бөгөөд та нарын үйлчлэлийг дуртай хүлээн авна” (“Биднийг дахин уулзтал,” Ensign, 2010 оны 11-р сар, 5–6 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3–4).

Сургаал ба Гэрээ 42:11. “Тэрээр эрх мэдэлтэй нь сүмд мэдэгддэг”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр Сүмийн албан тушаалуудад дуудагддаг тэдгээрийг дэмжин батлах нэг чухал шалтгааныг тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Удирдагчид эсвэл багш нар дуудагдаж, эсвэл албанаасаа чөлөөлөгдөх бүрд эсвэл гадас, тойрог, чуулга, эсвэл туслах бүлгүүдэд дахин зохион байгуулалт болох бүрд энэ нийтлэг үйл явц тохиодог (С ба Г 124:123, 144; мөн С ба Г 20:65–67; 26:2-ыг үзнэ үү). Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн онцгой зүйл юм.

Бид хэн удирдахаар эсвэл заахаар дуудагдаж байгааг үргэлж мэддэг бөгөөд бидэнд энэ үйл явдлыг дэмжин батлах эсвэл эсэргүүцэх боломж байдаг. Энэ нь хэн нэгэн хүний санаачлагаар бий болоогүй бөгөөд харин илчлэлтээр тогтоогдсон юм … (С ба Г 42:11-ийг үзнэ үү). Ийм арга замаар Сүм чуулга, тойрог, гадас эсвэл манай Сүмийг эрх мэдэлдээ авах гэсэн ямар ч хүнээс хамгаалагддаг юм (“Сүмийн сул дорой, энгийн хүмүүс” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 6).

Сургаал ба Гэрээ 42:22. “Өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэн нийл”

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон заахдаа:

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“‘Чи эхнэрээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэн нийлэх ёстой’ (С ба Г 42:22). Миний мэдэхээр бүх судар дээр бидний бүх зүрх сэтгэлээрээ хайрлахаар зарлиг болгосон өөр нэг л зүйл байдаг бөгөөд энэ нь Бурханыг Өөрийг нь хайрлах юм. Энэ нь юу гэсэн утгатай үг болохыг бодож үз!

Ийм хайрыг та нар эхнэрүүддээ маш олон арга замаар үзүүлж чадна. Эхлээд юуны өмнө, таны амьдралд Бурханаас өөр юу ч—ажил, амралт, хоббинууд ч эхнэрээс тань илүү байр суурь эзэлдэггүй. Таны эхнэр бол үнэ цэнтэй, мөнхийн туслагч—таны хань юм.

Бүх зүрх сэтгэлээрээ хэн нэгнийг хайрлана гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь бүхий л сэтгэлийн хөдөлгөөн болон бүхнээ зориулан хайрлана гэсэн үг юм. Мэдээж та эхнэрээ бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлаж байгаа үедээ та түүнийг дорд үзэж, шүүмжилж, өө сэв хайж, үг хэл, гонсгор байдал эсвэл үйлдлүүдээрээ түүнийг доромжилж чадахгүй.

‘Түүнтэй нэгдэн нийл’ гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь эхнэртэйгээ ойр байж, түүнд үнэнч, итгэлтэй байж, түүнтэй харилцан ярилцаж, түүнд хайраа илэрхийлнэ гэсэн үг юм” гэж заажээ (“To the Fathers in Israel,” Ensign, 1987 оны 11-р сар, 50).

Сургаал ба Гэрээ 42:22-24. “Эмэгтэй хүнийг тачаангуйгаар хардаг тэрээр”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд хайр болон шунал тачаалын талаар:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Шунал тачаал яагаад аюултай байдаг вэ? Энэ нь Ариун Сүнсийг биднээс холдуулснаар оюун санааг маань мөхөөхийн хамт, мөнх бус энэ амьдралд Бурханаас бидэнд өгсөн хамгийн эрхэм, ариун нандин харилцааг бузарладаг нүгэл юм гэж би боддог. Энэ харилцаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биеэ хайрлах хайр, мөнхийн байж болох гэр бүлдээ үр хүүхэдтэй байх хүсэл юм. Жинхэнэ хайр нь хэзээ ч өөрчлөгдөж хувирдаггүй үзэл санааг өөртөө агуулсан байх ёстой гэж хэн нэг нь нэгэнтээ хэлсэн байдаг. Жинхэнэ хайр үүрд үргэлжилнэ. Харин порнографтай сэтгүүлийн хуудсыг эргүүлэхтэй адил, аль эсвэл ямар нэг өөр зүйл, эрэгтэй, эмэгтэй хүн хажуугаар өнгөрөхийг хальт харахтай адил шунал тачаал нь асар хурдан өөрчлөгддөг. Жинхэнэ хайр үнэхээр сэтгэл догдлом зүйл бөгөөд би Холланд эгчийн талаар яг ийм бодолтой байдаг. Бид хайр сэтгэлийнхээ тухай тэнгэрт тултал магтан дуулах дуртай. Харин шунал тачаал байгаа цагт ичгүүр, нууцгай байдалд ордог болохоор цаг орой болж, харанхуй болох тусмаа сайн бөгөөд хаалгаа давхар түгжин дотроо бүгдэг. Хайр нь биднийг өөрийн эрхгүй Бурхан болон бусад хүмүүст хандахад хүргэдэг. Шунал тачаал бурханлаг байдлаас бүр ч хол, өөрийгөө өөгшүүлэн дэвэргэж, аминч үзлийг хөөргөдөг юм. Хайр нь сунгасан гар, нээлттэй зүрх сэтгэлээр ирдэг бол шунал тачаал зөвхөн сувдаг шунахай сэдэлтээр ирдэг.

Эдгээр нь бодол төсөөлөлдөө эсвэл бодит хүн дээр хайрын үнэн утга учрыг бохир заваан болгох нь ямар аюултайг харуулсан олон шалтгааны зөвхөн ганц хоёрхон нь юм. Энэ нь бараг Бурханд итгэх итгэл лүгээ адил амин чухал хайртай хүмүүстээ итгэх итгэлийг маань мөхөөн сүйрүүлдэг юм. Энэ нь бидний одоогийн болон ирээдүйн хайрын суурь болох итгэлийн баганыг ганхуулдаг. Энэхүү итгэл нэгэнт алдарвал дахин бий болгоход маш их цаг хугацаа шаарддаг. Бидний гэр бүлийн гишүүн эсвэл олон нийтийн сонгогдсон албан тушаалтан, бизнесийн удирдагч, алдар нэр нь цуурайтсан од, алдартай тамирчид эсвэл хэний ч хувьд энэ асуудал хурцдахад удалгүй ёс суртахууны үүрэг хариуцлагатай нийгмийг цогцлуулахаар барих байшин дээр ‘Энэ байшин хоосон’ гэсэн тэмдэг хадахад хүргэх болно” гэж илэрхийлжээ (“Бодгальд минь дайсанд өгөх зай үгүй,” Ensign, 2010 оны 5-р сар, 44–45 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 2010 оны 4-р сар, 51–54).

Мөн Mormon Messages видео бичлэг “Алхаагаа ажигла”-ыг үзнэ үү (LDS.org).