Семинар
25-р хичээл: Сургаал ба Гэрээ 19:23–41


25-р хичээл

Сургаал ба Гэрээ 19:23–41

Оршил

Э.Б.Грандинд Мормоны Номын хэвлэлтийн мөнгөний баталгаа болгон Мартин Харрис 1829 оны 8-р сард өөрийн фермийг барьцаалах гэрээнд гарын үсэг зуржээ. Сургаал ба Гэрээ 19-т агуулагдсан илчлэлтэд Их Эзэн Мартиныг Мормоны Номын хэвлэлтийн төлөө өмч хөрөнгөө хуваалцахыг хүссэн (С ба Г 19:26-г үзнэ үү). Мартин эцэст нь хэвлэлийн зардалд зориулж өөрийнхөө фермийн 151 акр газрыг заржээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 19:23–24

Эцэгийн тааллыг гүйцэлдүүлдэг гэдгээ Аврагч гэрчлэв

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич. Та хэзээ зөв гэдгийг нь мэдэж байгаа боловч ямар үр дүн ирэхийг нь мэдэхгүй байгаа зүйлийг хийх шаардлагатай болсон бэ?

Уг асуултад хариулахад суралцагчдыг урьснаар хичээлийг эхлүүл. (Хэтэрхий ариун буюу хувийн шинжтэй зүйлээ хуваалцах хэрэггүйг тэдэнд сануул.)

Суралцагчдад хариулах хугацаа өгсний дараа дараах асуултуудыг тавь.

  • Та нар зөв боловч ямар үр дүн ирэхийг нь мэдэхгүй байгаа зүйлтэй тулгарах үед энэ нь хэцүү байсан ч хийх итгэлтэй байхад юу та нарт тусалж болох вэ?

  • Энэ хэцүү зүйлийг хэн хийхийг хүссэнээс шалтгаалан та нарын хандлага өөрчлөгдөх үү? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?

Сургаал ба Гэрээ 19-ийн түүхэн нөхцөл байдлын тухай суралцагчдад сануулахын тулд хичээлийн оршлыг чангаар унш. Дараа нь суралцагчдыг Сургаал ба Гэрээ 19-ийн хэсгийн оршил болон Сургаал ба Гэрээ 19:26-г дотроо уншаад, хэн фермээ барьцаанд тавихыг Мартин Харрист зарлигласныг олж мэдэхэд урь.

  • Хэрэв та нар Мартины оронд байсан бол энэ зарлиг нь Бурханаас ирсэн гэдгийг мэдэх нь та нарт хэрхэн туслах вэ?

Мормоны Номыг хэвлэхэд зориулж өмч хөрөнгөө зарах шийдвэр нь Мартин Харрисын хувьд хэцүү шийдвэр байсан гэдгийг тайлбарла (Documents, Volume 1: 1828 оны 7-р сар–1831 оны 6-р сар, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013 он], 86, 88-ыг үзнэ үү). Их Эзэн Мартины хийх ёстой мөн мэдэх ёстой зарим зүйлийг илчилснээр түүний сэтгэлийн зовнилд тусалсан юм. Самбар дээр хоёр багана зураад, тэдгээрийг Хийх мөн Мэдэх гэж гарчигла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 19:23–24-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад Их Эзэн Мартинаас юу хийж мөн мэдэхийг хүссэнийг олж мэдэхийг хүс. Өөрсдийн олж мэдсэн зүйлийг ярилцах үеэр нь тэдний хариултыг самбар дээр зохих багананд бич. Жагсаалт дараахтай төстэй харагдах ёстой.

Хийх

Мэдэх

Есүс Христийн талаар суралцах

Есүс Христийн үгсийг сонсох

Сүнсний даруу байдалд алхах

Энэ илчлэлт Есүс Христээс ирсэн

Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн таалалд дуулгавартай байсан

“Хийх” багана дахь суралц, сонс, алх гэдэг үгсийг онцол.

  • Бид Христийн талаар суралцаж, Түүний үгсийг сонсож, Түүний Сүнсний даруу байдалд алхахын тулд юу хийж болох вэ? (Даруу байдал гэдэг нь дуулгавартай байдлыг хэлж байгааг тайлбарлаж болно.)

  • Эдгээр зүйлийг хийх нь хэрхэн Мартинд Мормоны Номын хэвлэлтэд зориулж өмч хөрөнгөө зарах хэцүү шийдвэрийг гаргахад нь тусалсан гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 19:23-ыг дотроо дахин уншиж, Мартин Харрист өгсөн Их Эзэний амлалтыг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн бидний амьдралдаа хэрэгжүүлж болох ямар үнэнийг Мартин Харрист заасан бэ? (Суралцагчдыг дараах зарчмыг олж тогтоох үед үүнийг самбар дээр бич. Хэрэв бид Христийн талаар суралцаж, Түүний үгсийг сонсож, Түүний Сүнсний даруу байдалд алхах юм бол бид амар амгалан байх болно.)

Суралцагчид эсвэл тэдний мэддэг хэн нэгэн Сүнс амар амгалангийн мэдрэмжийг өгсөн учраас хэцүү шийдвэр гаргах хүч чадлыг олж авч байсан эсэхийг тунгаан бодоход урь. Өөрсдийн туршлагаас ангитайгаа хуваалцахад цөөн хэдэн суралцагчийг урь.

  • Амар амгаланг мэдрэх нь танд үр дүнгийнх нь талаар санаа зовж, айж байсан ч гэсэн зөв сонголтуудыг хийхэд хэрхэн туслах вэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулахаас өмнө “судруудад амар амгалан гэдэг нь нэг бол зөрчилдөөн болон үймээн самуунаас чөлөөтэй байх, эсвээс итгэлтэй гэгээнтнүүдэд Бурханы өгдөг Сүнснээс үүдэлтэй дотоод амар тайван байдал болон ая тух гэсэн утгатай байдаг” гэдгийг тайлбарлаж болно (Судруудын удирдамж, “Амар амгалан,” scriptures.lds.org).)

Сургаал ба Гэрээ 19:25–35

Их Эзэн Мормоны Номын хэвлэлтэд зориулж өмч хөрөнгөө зарахыг Мартин Харрист зарлиглав

Их Эзэн Мартин Харрист нэмэлт зарлигууд болон зөвлөгөөнүүдийг өгсөн гэдгийг суралцагчдад хэл. Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Хос болгоноос Сургаал ба Гэрээ 19:25–35-ыг нээж гаргаад, Мартинд өгөгдсөн зарлигууд болон зөвлөгөөнүүдийг олж мэдэхийг хүс. (Та мөн суралцагчдад “Би … зарлиглаж байна” мөн “та … ёстой” гэдэг хэллэгүүдийг олж мэдэн, тэмдэглэхийг зөвлөж болно.)

  • Их Эзэн Мартин Харрист ямар зарлигууд болон зөвлөгөөнүүдийг өгсөн бэ?

Их Эзэн Мартин Харрист санаа тавьж байсан бөгөөд түүний хувийн нөхцөл байдалд тохирсон тодорхой зарлигуудыг өгч байсан гэдгийг онцол. Их Эзэн яагаад Мартин Харрист тодорхой зарлигуудыг өгснийг ойлгох хангалттай мэдээлэл бидэнд байдаггүй. Гэсэн хэдий ч Их Эзэн хэрэв Мартин Харрис тэдгээр зарлигийг үл хүндэтгэвэл юу тохиолдох талаар тодорхой хэлсэн байдаг.

  • Сургаал ба Гэрээ 19:33-т цэдэглэснээр Их Эзэн хэрэв Мартин Бурханы зарлигуудыг “үл тоомсорлох” юм бол юу тохиолдоно гэж хэлсэн бэ? (Энэ түүхэн нөхцөл байдалд үл тоомсорлох гэдэг үг нь ямар нэгэн зүйлийг чухал биш эсвэл багахан үнэ цэнтэй гэж бодож байгаа учраас үл хүндэтгэх гэсэн утгатай үг гэдгийг тайлбарла.)

Суралцагчдыг Их Эзэнээс хүлээн авсан зарим зарлигийнхаа талаар тунгаан бодоход урь. Тэднийг санваарын адислалууд болон санваарын удирдагчдаар дамжуулан хувьдаа хүлээн авсан зарлиг болон зөвлөгөөг оролцуулж хэлэхэд урь.

  • Бидний хүлээн авдаг зарлиг мөн зөвлөгөөнүүд нь Их Эзэн биднийг мэддэг бөгөөд хайрладаг гэдгийг хэрхэн нотолдог вэ?

Суралцагчдыг өөрсдөө болон тэдний мэддэг хэн нэгэн Бурханы зарлигуудыг үл хүндэтгэсэн учраас зовлон зүдүүрийг амсаж байсан цаг үеийн тухай тунгаан бодоход урь.

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны өгсөн дараах зөвлөгөөг чангаар уншихад урь.

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

“[Та нар] зөвхөн сонгосон зарлигуудаа л дуулгавартай дагаж, бусад зарлигийг үл тоомсорлохыг сонгодог хүмүүстэй тааралдах болно. Би үүнийг зоогийн газарт хоол сонгохтой адилаар дуулгавартай байдалд хандаж байгаа хэрэг гэж боддог. Зарлигуудыг сонгон сахих нь явуургүй бөгөөд зөвхөн зовлон руу хөтөлнө. Хүн Бурхантай уулзахаар бэлтгэхдээ Түүний бүх зарлигийг дагах ёстой” (“Ирээдүйг итгэлээр угт,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 34).

  • Ахлагч Нэлсоны тодорхойлсон “зоогийн газарт хоол сонгохтой адилаар дуулгавартай байдалд хандах нь” хэрхэн хүн Их Эзэний зарлигуудыг үл тоомсорлож байгааг нотолж байна вэ?

Их Эзэн Мартин Харрисыг мэдэж байсантай адил бидний хүн нэг бүрийг мэддэг гэдгийг суралцагчдад баталж хэл. Мөн Тэрээр Мартинд туслахын тулд зарлигууд болон зөвлөгөөнүүдийг өгч байсан шиг бидэнд туслахын тулд зарлиг болон зөвлөгөөнүүдийг өгдөг юм. Суралцагчдаас Их Эзэний өгсөн зарлигуудын аль нэгийг үл тоомсорлох, үл хүндэтгэх хандлага тэдэнд байдаг эсэхийг мөн илүү агуу хичээл зүтгэл гарган дагадаг тодорхой зарлиг байгаа эсэхийг асуу.

Сургаал ба Гэрээ 19:36–41

Их Эзэн Мартин Харрист номлолынх нь талаар зөвлөгөө өгөв

Мартин Харрисын адил бид Эцэгийн биднээс хүссэн зүйл хэцүү байсан ч Түүний таалалд өөрсдийн тааллыг нийцүүлэх эсэхээ шийдэх ёстой гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хуваалцсан түүхийн эхний хэсгийг уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Ядуу тарчиг гэр бүлд төрсөн ч итгэлд өсөж торнисон Хосэ [Гарсиа] номлолын дуудлагад бэлтгэж байжээ. Түүний номлолын өргөдөл ирэх өдөр би тэнд байсан юм. Тэр өргөдөлд: ‘Гарсиа ах гэр бүлдээ хамгийн гол түшиг тулгуур нь учир тэр гэр бүлийнхээ агуу золиослолоор номлолд үйлчлэх болно. Түүний ганц эд хөрөнгө нь—нандигнан хадгалдаг маркны цуглуулга бөгөөд хэрэв шаардлагатай бол номлолоо санхүүжүүлэхийн тулд үүнийгээ зарахад ч тэр бэлэн байгаа’ гэсэн байв.

Ерөнхийлөгч [Спэнсэр В.] Кимбалл өөрт нь уншиж өгсөн уг мэдэгдлийг анхааралтай сонсоод: ‘Түүгээр маркны цуглуулгыг нь заруул. Иймэрхүү золиослол түүнд адислал болох болно’ гэж хэлжээ” (“Profiles of Faith,” Ensign, 1978 оны 11-р сар, 56).

  • Хэрэв бид Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагаснаар ирдэг амар амгаланг мэдэрсэн бол хэрхэн Хосэгийнхтай адил хэцүү шийдвэрүүдийг гаргахад амархан байх вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 19:36–41-ийг дотроо уншаад, Мартин Харрист Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхад тусалсан байж болох зарчмуудыг олж мэдэхэд урь. Тэднээс олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Суралцагчдад Сургаал ба Гэрээ 19:38 дахь дараах зарчмыг олж тогтооход тусал. Хэрэв бид Их Эзэний тааллыг гүйцэлдүүлбэл Тэрээр дэлхийн баялгаас илүү агуу адислалуудыг бидэнд өгөх болно. Та энэ үнэнийг Сургаал ба Гэрээ 19:38-ын хажуу талд бичихийг суралцагчдад зөвлөж болно.

  • Энэ зарчим нь хэрхэн энэ хичээлээр таны сурсан бусад үнэнтэй холбогдох вэ?

Ерөнхийлөгч Монсоны түүхийг дуустал нь уншаад, суралцагчдаас Хосэ маркны цуглуулгаа зарснаараа хэрхэн адислагдсаныг олж сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Нүдэндээ цогтой, нүүрэндээ инээмсэглэлтэй тэрхүү хайраар дүүрэн бошиглогч ‘Сар бүр бид Сүмийн удирдах газарт дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган захидал хүлээн авдаг. Бид эдгээр маркийг хадгалаад, Хосэг номлолоо дуусгасны дараа өгч болно. Тэр ямар ч зардалгүйгээр Мексик дэх хамгийн гайхамшигтай маркны цуглуулгатай залуу байх болно’ гэж хэлжээ” (“Profiles of Faith,”56).

Мартин Харрис фермийнхээ 151 акр газрыг зарснаараа Мормоны Номын хэвлэлтийг санхүүжүүлэхэд зориулж газраа зарах зарлигийг дуулгавартай дагажээ. Мартины сонголтын ачаар сая сая хүний амьдрал адислагдсан ба адислагдсаар байх болно.

Суралцагчдыг Эцэгийн таалалд илүү сайн дуулгавартай байхын тулд юу хийж чадахаа тунгаан бодоход урьснаар хичээлийг дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 19. Мартин Харрис Мормоны Номын эхний хэвлэлтүүдийг санхүүжүүлжээ.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс сайн мэдээний Сэргээлтэд оруулсан Мартин Харрисын чухал хувь нэмрийг:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Мартин Харрисын тухай онцгойлон судалдаг хүний хувьд ихэнх Сүмийн гишүүд түүнийг хэрхэн дурсан санадагт би их харамсдаг. Тэрээр Мормоны Номын гар бичмэл хуудаснуудыг шударга бусаар эзэмшиж, алдсан гэдгээс илүү сайнаар дурсагдах ёстой.

Мартин Харрисын Сүмд оруулсан агуу хувь нэмрүүдийн нэг нь Мормоны Номын хэвлэлтийг санхүүжүүлсэн явдал бөгөөд үүгээр нь түүнийг үеийн үед хүндэтгэх ёстой. 1829 оны 8-р сард тэрээр хэвлэлийн гэрээн дэх төлбөрийг баталгаажуулахын тулд өөрийн гэр болон фермийг Эгбэрт Б.Грандинд барьцаалсан юм. Долоон сарын дараа Мормоны Номын эхний 5000 хувь хэвлэгдэж дууссан. Хожим нь барьцааны хугацаа дуусах үед түүний байшин мөн фермийн хэсэг газар 3000 доллараар зарагдсан юм. Мартин Харрис ийм арга замаар Их Эзэний илчлэлтэд дуулгавартай байсан билээ.

“‘Чи өөрийнхөө өмч хөрөнгөнд харамч шунаг байх ёсгүйг, харин … Мормоны Номыг хэвлэхэд үүнийг харамгүйгээр хуваалц …

Хэвлэгчтэй гэрээлсэн өрөө төл. Боолчлолоос өөрийгөө чөлөөлөгтүн’ хэмээн онцолжээ (С ба Г 19:26, 35)” (“The Witness: Martin Harris,” Ensign, 1999 оны 5-р сар, 36).

Сургаал ба Гэрээ 19. Мартин Харрис “маш өндөр үнээр” Сэргээлт дэх үүргээ гүйцэтгэсэн юм

“Смитийн гэр бүлээс бусад Палмирагийн ямар ч оршин суугч Мартинтай адил ойролцоох хөршүүдээсээ ‘тийм их эсэргүүцэлтэй тулгарч’, ‘хатуу цэвдэг үгсийг’ тэвчээгүй юм. Сэргээлт дэх эхэн үеийн итгэгч дундаас хэн ч Мормоны Номыг бидэнд ирэхэд санхүүгийн хувьд Мартинаас илүү хувь нэмэр оруулаагүй гэдгийг санацгаая. Хэрвээ тэрээр хэвлэгчийн санхүүгийн шаардлагыг хангахад бэлэн байгаагүй бол Мормоны Номын хэвлэлт тодорхойгүй хугацаанд хойшлогдох байлаа. … Мартин Харрисын санхүүгийн дэмжлэг ихэвчлэн түүхийн гүн ёроолд мартагддаг бөгөөд түүний хувийн зовлон бэрхшээл дэндүү илэрхий байсан. Мартин Сэргээлтийн анхны хэвлэлтийг батлан дааж, Бурханы бошиглогчид туслахын тулд өргөгдсөн бөгөөд энэхүү чухал үүргээ агуу үнээр гүйцэтгэсэн юм” (Susan Easton Black and Larry C. Porter, “For the Sum of Three Thousand Dollars,” Journal of Book of Mormon Studies, 14-р боть, дугаар 2 [2005 он], 11).

Сургаал ба Гэрээ 19:33. Бурханы зарлигуудыг бүү үл тоомсорло

Ерөнхийлөгч Харолд Б.Лий

Зураг
Ерөнхийлөгч Харолд Б.Лий

“Сүмийн аюулгүй байдал нь зарлигуудыг сахидаг гишүүдээс хамаардаг. … Тэд зарлигуудыг сахиснаар адислалууд ирэх болно” гэж заажээ (Стивэн В.Гибсон, “Presidency Meets the Press,” Church News, 1972 оны 7-р сарын 15, 3).

Далын ахлагч Брүс А.Карлсон ийнхүү тайлбарласан.

Зураг
Ахлагч Брүс А. Карлсон

“Бид (1) зарлигууд нь бидэнд хамаагүй гэж өөрсдийгөө ятгах үед; (2) энэ нь чухал гэдэгт итгэхгүй байгаа үедээ; эсвэл (3) дагахад хэтэрхий хэцүү гэдэгт итгэж байгаа үедээ зарлигуудыг дагахгүй байхыг сонгодог” хэмээн хэлсэн (“When the Lord Commands,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 38).

Сургаал ба Гэрээ 19:34. “Өмч хөрөнгийнхөө нэг хэсгийг зар”

Мартин Харрис Сургаал ба Гэрээ 19 дэх Их Эзэний зааварт итгэлтэй байсан ба Мормоны Номын хэвлэлтийг санхүүжүүлэхийн тулд өмч хөрөнгийнхөө нэг хэсгийг харамгүй зарсан юм. Мартин Харрис 231 акр фермийн газартай байжээ. Тэр 80 акр газрыг эхнэр Люси Харрисынхаа эрх мэдэлд шилжүүлж, 151 акр газрыг өөрийн мэдэлд үлдэв. 1829 оны 8-р сард Мартин Мормоны Номын хэвлэлтийн 3000 долларын төлбөрт 151 акр газрыг хэвлэгч Эгбэрт Б.Грандинд барьцаалжээ. Барьцааны гэрээнд гарын үсэг зурах үед Э.Б.Грандин өөрийгөө бүрэн төлбөрөө авсан гэж үзэн, хэвлэлийн ажлаа эхлүүлсэн байна.

Мартин Харрис 18 сарын барьцааны гэрээний хугацаанд ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй байсан бөгөөд фермийнхээ газар дээр байрлах боломжтой байв. Тэр мөн газраа ямар ч үед зарж, Э.Б.Грандины 3000 долларыг төлөх эрхтэй байжээ. Э.Б.Грандин барьцааны гэрээний үргэлжлэх хугацаанд газрыг зарж, хэн нэгэнд барьцаат зээлийн бичгийг шилжүүлэх эрхтэй байсан байна. 1830 оны 10-р сард Э.Б.Грандин барьцаат зээлийн бичгийг Томас Рожэрст зарж, дараа нь Томас Рожэрс газрыг Томас Лэйкид заржээ. Э.Б.Грандин барьцааг ямар ч үед зарж болох эрхтэй байсан учраас барьцаат зээлийн бичгэнд гарын үсэг зурсан цагаас эхлэн түүний хөрөнгө оруулалт аюулгүй болсон юм. Иймээс үнэндээ Мартин Харрисын барьцаа нь хэвлэх үйл явц эхлэх үеийнхээс эхлээд Мормоны Номын хэвлэлтийн төлбөрийг хүртэл төлсөн байна. (Documents, Volume 1: 1828 оны 7-р сар– 1831 оны 6-р сар, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2012 он], 86–89-ийг үзнэ үү.)