Семинар
105-р хичээл: Сургаал ба Гэрээ 101:17–42


105-р хичээл

Сургаал ба Гэрээ 101:17–42

Оршил

1833 оны 12-р сарын 16, 17-нд бошиглогч Иосеф Смит хүнд дарамт, хавчлагаас зугтан гэр орноо орхин гарсан Миссури дэх гэгээнтнүүдийн талаар нэгэн илчлэлт хүлээн авчээ. Тэднээс олон нь ихэнх эд хөрөнгөө орхин хүчээр хөөгдөн гарсан юм. Бошиглогчийн хүлээн авч, Сургаал ба Гэрээний 101-д цэдэглэсэн энэхүү илчлэлт уг гарын авлагад 3 тусгай хичээл болон орох юм. Энэ 2-р хичээлд мянган жилийн зарим нөхцөл байдлыг дүрсэлсэн Их Эзэний үгс багтдаг. Мөн үүнд гэгээнтнүүдэд зориулан өгсөн тайвшрал болон зөвлөмжийн үгс ордог.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 101:17–34

Их Эзэн мянган жилийн зарим нөхцөл байдлыг дүрслэв

Суралцагчдыг одооноос бэлтгэж байгаа, ирээдүйд болох тэр үйл явдлуудаас нэрлэхийг хүс. Тэдгээр үйл явдлыг самбар дээр бич. Тэд эдгээр үйл явдалд бэлтгэн юу хийж байгааг нь суралцагчдаас асуу.

  • Та нар бэлтгэлтэй байхын тулд яагаад хичээл зүтгэл гаргадаг вэ?

Сургаал ба Гэрээ 101-д Есүс Христийн хоёр дахь ирэлт болон Мянган жилд бэлтгэх тухай зааврууд багтдаг талаар тайлбарла. Сургаал ба Гэрээ 101:17–21 -ийг дүгнэхдээ Миссуригийн Жаксон гүнлэг дэх Сионы хотод гэгээнтнүүдийг цуглуулах Их Эзэний амлалт “агуу тэр бэлгийн төлөө, холбогдох үүрэг хариуцлагаа мэдэж, хүмүүс нь бэлтгэгдэх хүртэл хэсэг хугацаагаар хойшлуулагдсан болохыг нэгтгэн дүгнэ. Энэ хооронд зүрх сэтгэлдээ зөв шударга тэдгээр нь Хадат уулсын хөндийд болон [дэлхий даяарх гадаснууддаа] цугларцгааж байна. … Ариун сүмүүд сүндэрлэн боссоор байна. … Гэхдээ хожим нь Сион сонгомол газар байгуулагдах болно” (Жэймс Э. Tалмэйж, The Articles of Faith, 12 дахь хэвлэл [1924], 353; мөн Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001], 240).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:22–23-ыг чанга уншихад урь. Их Эзэн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхээр хий гэж гэгээнтнүүдэд хэлсэн ямар нэгэн зүйлийг олж мэдэхээр дагуулан уншихыг ангийнхнаас хүс.

  • 22 болон 23-р шүлэгт цэдэглэгдсэнээр Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд бид юу хийж болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлэх хэрэгтэй. Түүний нэрийг дуудан, сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарч, хамтдаа цугларан, ариун газруудад зогссоноор бид Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж чадна. Энэ үнэнийг самбарт бич.)

  • “Ариун газруудад зогсох” гэдэг таны хувьд юу гэсэн үг вэ? Та ариун газарт байгаа мэдрэмжийг хэзээ мэдэрч байсан бэ?

  • Бусад хожмын үеийн гэгээнтний хамт ариун газарт цугларах нь Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд тань хэрхэн туслах вэ?

Сургаал ба Гэрээ 101:24–34 дэх Их Эзэний үгсийг суралцагчдад ойлгуулахын тулд энэ шүлгүүд Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн үед ёс бусчууд устгагдах тухай болон Мянган жилийн туршид дэлхийн байдал ямархуу байх талаар заадаг болохыг тайлбарла. Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Баг бүрийг Сургаал ба Гэрээ 101:24–34-ийг судлан, Мянган жилийн туршид байх нөхцөл байдлуудыг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өгсний дараа олж мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахыг тэднээс хүс. Нэг суралцагчийг самбар дээр хариултуудыг бичихэд урь.

  • Самбар дээр бичсэн нөхцөл байдлуудын алиныг нь туулахдаа та нар баяртай байх вэ? Яагаад?

Сургаал ба Гэрээ 101:35–38

Хэрвээ Миссурийн гэгээнтнүүд итгэлээр зовлон бэрхшээлийг туулах юм бол эцэст нь Түүний алдар сууг хүлээн авна гэдгийг Их Эзэн батлав

Их Эзэн Сургаал ба Гэрээ 101-д буй энэ илчлэлтийг өгөх үед Миссури дэх гэгээнтнүүд дааж давшгүй хүнд хавчлагыг туулж байсан болохыг суралцагчдад сануул. Та мөн суралцагчдыг өмнөх хичээл дээр өөрсдийн сурч мэдсэн зарим хүндрэл бэрхшээлийг дүгнэн хэлэхэд урьж болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:35–38-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, гэгээнтнүүдийг зовлон бэрхшээлд нь тайвшруулан, хүчирхэгжүүлэхийн тулд Их Эзэний тэдэнд өгсөн зөвлөгөө болон заасан үнэнүүдийг олж мэд.

  • 35–38-р шүлэгт буй ямар үнэнүүд ба зөвлөгөө нь Миссурид зовж шаналж буй гэгээнтнүүдэд тайвшралыг авчирсан байж болох вэ? (Суралцагчдыг хариулахад, тэднээс яг ямар тодорхой үнэн эсвэл зөвлөмж гэгээнтнүүдэд тайвшрал авчрах магадлалтай болохыг асуу.)

  • Та нар 35-р шүлэг дээрх Их Эзэний амлалтыг өөрийн үгээр хэрхэн илэрхийлэх вэ? (Суралцагчид дараахтай адил зарчмыг гаргаж ирэх ёстой. Аврагчийн нэрийн төлөө зовлон шаналлыг туулдаг мөн итгэлтэйгээр тэвчдэг хүмүүс Бурханы алдар сууг хүртэх болно. Та энэ үнэнийг самбар дээр бичиж болно.)

Есүс Христийн үнэн дагалдагчид, итгэлийнхээ төлөө бүр соригдон хавчигдаж байсан ч, үргэлж Түүнийг дагадаг талаар тайлбарла. Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын хэлсэн дараах түүхийг чанга уншихыг хүс: Түүнийг уншихын өмнө энэ түүх нь 1900 оны эхээр Мексикт амьдарч байсан Рафаэл Монрой болон Висенте Моралэс гэдэг хоёр хожмын үеийн гэгээнтний тухай болохыг тайлбарла. 1915 онд тэд харгис цэргийн армид баригджээ. Суралцагчдаас Рафаэл Монрой болон Висенте Моралэс нар дарамт, хавчлагыг ямархуу итгэлтэйгээр туулж байсныг сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Рафаэл Монрой, Мексикийн Сан Маркос гэдэг жижигхэн салбарын ерөнхийлөгч, мөн Висенте Моралэс түүний нэгдүгээр зөвлөх байжээ. … Хэрэв тэднийг зэр зэвсгээ хураалгаж өөрсдийнхөө гаж буруу шашнаас татгалзах юм бол тэдний амийг хэлтрүүлнэ гэж хэлжээ. Монрой ах өөрт нь ямар ч зэвсэг байхгүй гэж өөрийг нь барьсан хүмүүст хэлээд, халааснаасаа Библи болон Мормоны Номыг гаргаж ирэв. Тэрээр ‘Ноёд оо, энэ хоёр ном бол миний авч явдаг ганцхан зэвсэг; эдгээр нь гэм буруугийн эсрэг үнэний зэвсэг’ гэж хэлжээ.

Ямар ч зэр зэвсэг олдохгүй болохоор нь, тэд ах нарыг зэр зэвсгээ хаана нуусныг нь хэлүүлэхээр улам ихээр тамлажээ. Гэхдээ ямар ч зэр зэвсэг байсангүй. Тэгэхэд тэднийг жижиг хотхоны зах руу харгалзагчаар харгалзуулан аваачиж, буудан хороох ялыг гүйцэтгэдэг бүлгийн өмнө том үйсэн модны дэргэд зогсоосон аж. Ахмад нь, тэд өөрсдийн шашныг орхиж мөн [цэргүүдтэй] нэгдэх юм бол тэдний амийг хэлтрүүлнэ гэж санал болгосон хэдий ч Монрой ах ‘Миний шашин бол амь наснаас минь илүү эрхэм чухал, иймээс би үүнийг орхиж чадахгүй’ гэж хариулжээ.

Тэгэхэд нь тэр хоёрыг буудаж алах гэж байгаагаа хэлээд, тэднээс өөр ямар нэгэн хүсэлт байна уу гэж асуусан гэдэг. Рафаэл ах буудуулахын өмнө залбирах зөвшөөрөл хүссэн байна. Тэнд, түүний амийг хороогчдын өмнө, тэрээр өвдөг сөгдөн, мөн бүгдийн сонсож чадах чанга дуугаар, өөрийнх нь хайртай хүмүүсийг адисалж, хамгаалахыг, мөн удирдагчгүй үлдэх гэж байгаа жижиг салбарыг нь халамжлахыг Бурханаас гуйн залбирчээ. Аврагч загалмай дээр цовдлогдоод байхдаа өөрийг нь цовдолсон цэргүүдийн төлөө залбиран хэлсэн үгийг давтаж хэлэн, “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” хэмээн залбирлаа дуусгажээ. [Лук 23:34.] [Лук 23:34.] Үүний дараа Монрой ах, Моралэс ах хоёрыг галт зэвсэгтэй бүлэг буудсан ажээ (“Шавь байх,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 21–22; Рэй Л.Праттын түүхээс үндэслэв, “A Latter-day Martyr,” Improvement Era, 1918 оны 6-р сар, 720–726).

  • Сургаал ба Гэрээ 101:35-д дүрсэлсэн зарчмыг Рафаэл Монрой, Висенте Моралэс хоёр хэрхэн өөрсдийн жишээгээр харуулсан бэ?

Есүс Христэд мөн Түүний сүмд итгэх итгэлийн улмаас хэрхэн хавчигдаж (шоолуулж эсвэл доромжлогдож) байсан үеийнхээ тухай бодож үзэхийг суралцагчдаас хүс. Та цөөн хэдэн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урьж болно.

  • Есүс Христ болон Түүний сүмд итгэх итгэлийнхээ төлөө хавчигдаж байхдаа та нар итгэлээр хариулахын тулд юу хийж болох вэ?

Сургаал ба Гэрээ 101:39–42

Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүсийг дэлхийн давс хэмээн тунхаглав

Сургаал ба Гэрээ 101:39–42 дэх Их Эзэний сургаалыг суралцагчдад ойлгуулахын тулд хоёр төрлийн давс буюу нэг нь цэвэр давс, нөгөө нь шороо гэх мэтийн бохир зүйлстэй холилдсон давсыг үзүүл.

Суралцагчдын анхаарлыг эхний давсанд хандуул.

  • Давсыг юу юунд хэрэглэдэг вэ? (Хариулт нь давсыг амталгаа болон хүнс хадгалах, шарх цэвэрлэх зэрэгт ашигладаг гэсэн санаанууд байж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:39-ийг чангаар уншихыг урьж, Их Эзэний давстай адилтган ярьсан тэр бүлэг хүнийг тодорхойлохыг ангийнхнаас хүс.

  • Их Эзэн хэнийг “газрын давс” гэж хэлсэн бэ?

Амт гэдэг үг нь өвөрмөц амт, чанарыг хэлж байгаа болохыг тайлбарла.

  • Хүмүүний амт байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хүмүүний амт байна гэдэг нь юу гэсэн үг болохыг илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд та нэг суралцагчийг Далын ахлагч Карлос И.Эсэйгийн хэлсэн дараах үгсийг уншихад урь.

Зураг
Ахлагч Карлос И.Эсэй

“Их Эзэн ‘хүмүүний амт’ гэж хэлэхдээ, өөрийг нь төлөөлдөг хүмүүсийн талаар ярьж байсан юм. Тэрээр наманчилсан, баптисмын усанд угаагдан цэвэршигдсэн, Өөрийнх нь нэрийг болон үйлсийг өөрсөд дээрээ авахаар гэрээлсэн хүмүүсийг хэлж байсан юм. Түүнчлэн тэрээр өөрийнх нь санваарын хүчийг гэрээгээр хуваалцах хүмүүсийг бас хэлж байв. Тэр та биднийг ярьж байсан юм” (“Salt of the Earth: Savor of Men and Saviors of Men,” Ensign, 1980 оны 5-р сар, 42).

  • “Газрын давс” ба “хүмүүний амт” гэсэн хэллэгүүд бусдын төлөөх бидний хариуцлагыг хэрхэн зааж байна вэ?

Бурханы гэрээт хүмүүсийн хувьд бид, Түүний адислалуудыг хүлээн авахад нь дэлхийн бүх хүнд туслах үүрэг хариуцлагатай гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал (Aбрахам 2:8–11-ийг үз). Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич. Бурханы адислалуудыг авахад нь дэлхийн хүмүүст туслахын тулд бид … хэрэгтэй.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:40–42-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэний сэрэмжлүүлгүүд болон амлалтуудыг олж мэдэхийг хүс.

40-р шүлэгт “хэрэв газрын тэр давс амтаа алдах юм бол” гэсэн үгс байдгийг онцлон хэл. Суралцагчдад энэ үгсийн утгыг ойлгоход нь туслахын тулд, тэдний анхаарлыг давсны хоёр дахь жишээ рүү хандуул. Давс удсанаараа амтаа алддаггүй болохыг тайлбарла. Давс амтаа өөр зүйлстэй холилдох үед мөн бохирдсоноор алддаг.

  • 41-р шүлэгт өгүүлснээр, бид ямар шалтгаанаар дэлхийн давсны адил амтаа алддаг вэ? (Гэм нүглүүд.) Гэм нүгэл нь биднийг бусдад Бурханы адислалуудыг авахад туслахад яагаад хэцүү болгодог вэ?

  • Та  42-р шүлгийг өөрийн үгээр юу гэж тайлбарлах вэ? (Хэрэв суралцагчдад энэ асуултад хариулахад тусламж хэрэгтэй бол, өөрийгөө өргөмжилдөг нэгэн бардам байдаг бол, Бурханы өмнө өөрийгөө дорд үздэг нэгэн даруу байдгийг тайлбарла.)

  • Сургаал ба Гэрээ 101:40–42-т Их Эзэний өгсөн сэрэмжлүүлэг, амлалтууд дээр үндэслэн, та нар самбар дээрх зарчмыг хэрхэн гүйцээх вэ? (Суралцагчдын хариултуудыг ашиглан, самбар дээрх зарчмыг гүйцээн бич. Суралцагчид өөр өөр үгийг ашиглаж болох ч, тэд дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Бурханы адислалуудыг авахад нь дэлхийн хүмүүст туслахын тулд бид гэм нүглээ наманчлан даруу байх хэрэгтэй.)

  • Нүгэлд бохирдохгүй байхаас зайлсхийхэд туслах юуг бид өдөр бүр хийж чадах вэ?

Нүгэл тэдний амьдралыг бохирдуулж байгаа эсэх талаар суралцагчдыг чимээгүй бодож үзэхэд урь. Тэд Их Эзэний өмнө цэвэр болж чадахын тулд мөн бусдад Түүний адислалуудыг авахад нь илүү үр дүнтэйгээр тусалж чадахын тулд нүглээ наманчлахад тэднийг урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 101:17–21. Сионы хотыг байгуулах нь

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Их Эзэн хожмын үеийн гэгээнтнүүдэд Сионы хотыг байгуулахыг зарлиглах үеийн тухай хэлэхдээ:

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Хожмын өдрүүдэд Сион буюу Шинэ Иерусалимыг барьж босгох талаар тээнэгэлзэх, санаа зовох зүйл үгүй болно. Их Эзэн нэгэн цагт бүх дэлхийгээр хуулийг тараах тэр Сионыг байгуулах боломжийг Өөрийн хүмүүст санал болгосон. Тэр хүмүүс амжилтгүй байсан юм. Яагаад? Яагаад гэвэл тэр хүмүүс бэлтгэлгүй мөн зохисгүй байсан. Одоо хаант улсын бүрэлдэхүүнд орох бид ч бас тийм байдалтай байгаа хэвээр билээ. Бид бэлтгэлтэй мөн зохистой хүмүүс болох цагт, Их Эзэн дахин бидэнд зарлиглаж мөн уг ажил хуваарийн дагуу, Хоёр дахь ирэлтийн өмнө мөн Сүмийн ерөнхийлөгчийн удирдлаган доор урагшлах болно. Тэр үеийг болтол, бидний хэн нь ч Миссурид цугларахаар хувийн алхмыг хийж эсвэл тэнд өвийн газар эзэмшихэд бэлтгэх хэрэггүй. Харин оронд нь энэ цаг үед Их Эзэний бидэнд өгөх ямар ч ажил үйлсэд өөрсдийгөө зохистой байлгаж мөн хамаарагдах агуу ойлголтуудыг сурч мэдэцгээе. Жаксон гүнлэгт барьж байгуулахаас өмнө тохиох ёстой зарим зүйлс байгаа шүү”гэжээ (A New Witness for the Articles of Faith [1985], 586).

Сургаал ба Гэрээ 101:23–25. Хоёр дахь ирэлттэй холбоотой дэлхий даяарх тэмдгүүд ба үйл явдлууд

Сургаал ба Гэрээ 101:23–25-аас бид Аврагчийн Хоёр дахь ирэлттэй холбоотой дэлхий дахины 3 том үйл явдал, тэмдгийн тухай уншдаг. Дараах нь тэдгээр тэмдэг, үйл явдлын тухай хожмын үеийн төлөөлөгчдийн хэлсэн эшлэлүүд юм. Үүнд:

1. “Бүх махан бодь [Түүнийг] хамтдаа харах болно” ( С ба Г 101:23) Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Оорсон Пратт: ”Бурханы Хүүгийн хоёр дахь ирэлт бол дэлхийн гадаргуу дээр өнөөг хүртэл тохиосон зүйлсээс огт өөр байх бөгөөд агуу хүч чадал хийгээд алдар суу дагалдах болно, дэлхийн аль нэгэн жижигхэн хэсэгт ердөө л цөөхөн хүнд үзэгдэх зүйл биш; харин энэхүү үйл явдлыг бүх хүн харах болно, бүх маханбодь Их Эзэний алдар сууг харах болно, Тэрээр хоёр дахь удаагаа өөрийгөө илчлэх үед одоо дэлхийд амьдарч буй нүд бүрд, амьд бүгдэд харагдаад зогсохгүй, нас барсан хүмүүс ч гэсэн тэр үед түүнийг харах болно” гэж хэлжээ ( Deseret News: Semi-Weekly, 1876 оны 4-р сарын 25, 1).

2. “Ялзрагч бүх зүйл … устгагдах болно” (С ба Г 101:24). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки: “Мянган жилийн эрин эхлэхийн өмнө дэлхий (Их Эзэний усан үзмийн талбай) шатаагдах болно. Ялзрагч бүх зүйл устгагдах болно (С ба Г 101:24); бүх бардамнагчид, мөн ёс бусаар үйлдэх тэд талбайд хаягдсан сүрэл лугаа адил болох болно (Maл. 4:1; С ба Г 29:9; 64:23–25; 133:63–64); хилэнцтийг шийтгэх болно (Иса. 13:9–14); мөн зөв шударгыг үйлдэгчид хийгээд ёс бусчууд бүрэн салан тусгаарлана. (С ба Г 63:54). Зөвхөн диваажингийн эсвэл террестриел орчинд амьдрах зохистой тэдгээр нь л амьд үлдэх болно” хэмээн тайлбарласан байна (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966], 494).

3. “Бүх зүйл шинэ болох болно ”(С ба Г 101:25). Энэхүү шинэ байдлын тухай Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Парлей П.Пратт: “Шинэ тэнгэр ба шинэ дэлхий нь ариун бичээчдээр амлагдсан юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн тогтолцоо амилуулалтын адилаар өөрчлөгдөн цэвэршиж, сайжирч мөн өргөмжлөгдөн, алдар сууг хүртэх ба бие махбодын бүхий л хилэнц буюу төгс бус байдал үгүй болно” хэмээн бичжээ (Key to the Science of Theology, 10 дахь хэвлэл [1965], 61).

Сургаал ба Гэрээ 101:29–31. Мянган жил дэх үхэл

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит мянган жилийн туршид “хүмүүс өндөр настай болтлоо үхэхгүй байх болно. Хүүхдүүд үхэхгүй, бүр модны насыг насална. Исаиа үүнийг 100 нас гэж хэлсэн [ Исаиа 65:20–22-ыг үзнэ үү]” гэжээ (Doctrines of Salvation, нэгтгэсэн Брүс Р.Макконки [1954–1966], 1:86–87).

Ерөнхийлөгч Смит түүнчлэн Мянган жилийн үе дэх үхэл нь санаа амар шилжилт байх юм хэмээн тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Христийг ирэх үед дэлхий дээрх гэгээнтнүүд түүнтэй уулзахаар өөрчлөгдөх болно. Энэ нь мөнх бус амьдралд тухайн үед амьдарч байгаа тэр хүмүүс өөрчлөгдөж мөн амилуулалтын явцыг туулна гэсэн үг биш, учир нь эгэл хүмүүн нь дэлхий дээр мянган жилийн төгсгөл хүртэл үлдэх ёстой. Гэхдээ дэлхий дээр үлдсэн бүх хүмүүс дээр өөрчлөлт ирэх болно; тэд өөрчлөгдөх бөгөөд өндөр настай болох хүртлээ үхлийг үзэхгүй байх болно. Хүмүүс 100 жил наслаад үхэх бөгөөд шууд мөнх байдал руу шилжих болно. Мянган жилийн үед булш хийгдэхгүй байх болно” хэмээн заасан байна (The Way to Perfection [1931], 298–299).

Сургаал ба Гэрээ 101:35–38. Христийн нэрийн төлөө хавчлага эсэргүүцлийг туулах нь

Зовлон бэрхшээл туулахдаа итгэлээ хэрэгжүүл хэмээн бошиглогч Иосеф Смит гэгээнтнүүдийг урамшуулсан.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Олонд дэлгэрээгүй энэ шашинд орж, үнэнч үлдсэнийхээ төлөө байнгын хавчлага мөрдлөгийг туулсан нэгэн бүлэг хүмүүсийг бид олон талаар нь харуулдаг. Бурханыг хайрласны төлөө, Түүний үйлсийн улмаас л энэ хүмүүс өлсгөлөн, нүцгэн хоосон байдал, аюул заналхийлэл, бараг бүх л гачаал зовлонг туулсан юм. Шашныхаа төлөө энэ хүмүүс эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхдүүдээ цагаас өмнө үхэлд алдан гашуудсан. Энэ хүмүүс боолчлолоос, хуурамч дүр эсгэхээс үхлийг илүүд үзэж, хүмүүний бодгалийг шалгах тэр цагт өөрсдийн зан чанарыг хадгалан, гуйвшгүй тууштай зогсож чадсан юм. Бурханы гэгээнтнүүд ээ, бат зогс, арай удаахан тэсвэрлэхэд л амьдралын энэ шуурга өнгөрч, Христ болон Түүний сайн мэдээний төлөө зовж зүдрэхийг чинь сайшаах тэрхүү Бурханаар үйлчлэгчид та нар шагнагдах болно. Бурханы гэгээнтнүүд, зөв зохистой хүмүүс хэмээгдэн та нарын нэрс үе удам дамжин зарлагдах болно” (History of the Church, 4:337-д).

Сургаал ба Гэрээ 101:40. “Тэд хүмүүний амт байхаар дуудагдсан”

Далын ахлагч Карлос И.Эсэй заахдаа:

Зураг
Ахлагч Карлос И.Эсэй

“Давс удсанаараа амтаа алддаггүй гэж дэлхийд нэрд гарсан нэгэн химич надад ярьж билээ. Амт нь хольц болон бохирдлоос болж алдагддаг. …

Хүний мөн чанар болон амт нь түүнийг оюун санаагаа цэвэр бус бодлуудаар бохирдуулж, үнэн бусыг ярьснаар амаа бузарлаж, ёс бус зүйл үйлдэн, хүчээ буруу ашигласнаас болж түүнээс зугтаадаг” хэмээжээ (“Salt of the Earth: Savor of Men and Saviors of Men,”Ensign, 1980 оны 5-р сар, 42).