Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 60–64 (14-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 60–64 (14-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 60–64-ийг (14-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 60–62)

Суралцагчид Миссуригээс Огайо руу аялж байсан ахлагчдад өгсөн Их Эзэний зөвлөгөөнөөс хэрэв бид гэрчлэлээ хуваалцахгүй бол гэрчлэлээ алдаж болно гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас Их Эзэн бүх хүчийг эзэмшдэг бөгөөд биднийг хадгалан хамгаалах боломжтой гэдгийг мөн бид аливаа шийдвэр гаргах үедээ өөрсдийн эргэцүүлэл болон Сүнсний удирдамжид найдах ёстой гэдгийг олж мэдсэн.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 63)

Суралцагчид Сургаал ба Гэрээ 63-ыг судалж байхдаа Их Эзэн Өөрийнх нь зарлигуудыг дагадаггүй хүмүүсийг зэмлэж мөн итгэлтэй хүмүүсийг тайтгаруулсныг мэдэж авсан. Суралцагчид итгэл нь тэмдгүүдээр ирдэггүй харин тэмдгүүд нь Бурханы хүслийн дагуу итгэлээр ирдэг гэдгийг мэдэж авсан. Мөн тэд дараах үнэнүүдийг олж тогтоосон. Хэрэв бид бусдыг тачаангуйгаар харах юм бол Сүнсийг алдаж мөн итгэлээ үгүйсгэх болно; хэрэв бид итгэлтэй байж мөн эцсээ хүртэл тэвчвэл дэлхийг ялан дийлэх болно; Есүс Христийн нэр ариун нандин бөгөөд үүнийг болгоомжтой ярих ёстой.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 64:1–19)

Суралцагчид нүгэл үйлдсэн Сүмийн гишүүдэд хандан хэлсэн Их Эзэний үгсийг судалж байхдаа Их Эзэн энэрэнгүй, өршөөнгүй, нигүүлсэнгүй гэдгийг мэдэж авсан. Тэд бас хэрэв бид бусдыг уучлахгүй бол Их Эзэний өмнө буруушаагдахаар зогсох бөгөөд Их Эзэн бидэнд бүх хүнийг уучлахыг зарлигласан гэдгийг мэдэж авсан.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 64:20–43)

Суралцагчид энэ хичээлээр гэгээнтнүүдийг Сионыг барьж эхлэхэд Их Эзэний тэднээс шаардсан золиослолуудын талаар мэдэж авсан. Энэ хичээл дараах үнэнүүдийг онцолсон. Хэрэв бид бидний төлөөх Их Эзэний хүслийг дагах юм бол өөрсдийн давж чадахаас илүүгээр уруу татагдахгүй; бид Их Эзэнийг дуулгавартай дагаж мөн Түүний биднээс хүссэн золиослолуудыг хийх юм бол адислагдах болно; хэрэв бид сайныг үйлдэхдээ шаргуу байвал агуу зүйлсийг гүйцэлдүүлж чадна; бид Их Эзэнийг өөрсдийн зүрх сэтгэл болон шаргуу зүтгэлтэйгээр дуулгавартай дагах ёстой.

Оршил

1831 оны зун бошиглогч Иосеф Смит Миссуригийн Индепенденст гэгээнтнүүдийн Сионыг барих ёстой байсан газрын онцгойлон адислах ёслолыг хариуцаж байв. Бошиглогчийг эзгүй байхад Огайо дахь Сүмийн зарим гишүүн Их Эзэнээс нүүр буруулж мөн ноцтой нүгэл үйлджээ. Энэ хичээл Иосеф Смитийг Огайод эргэн ирсний дараа Их Эзэний онцлон тодорхойлсон тачаадахаас зайлсхийх болон бусдыг уучлах гэх мэт зарлигуудын зарим дээр нь төвлөрөх болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 63:1–21

Их Эзэн гэгээнтнүүдэд ёс бус байдал болон эсэргүүцлийн үр дагавруудын талаар анхааруулав

Дараах асуултыг самбар дээр бич. Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд бид итгэдэг зүйлийнхээ дагуу амьдрах нь яагаад чухал гэж та бодож байна вэ? Суралцагчдыг ангийнхантай хариултуудаа хуваалцахад урь.

1831 оны зун Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч Миссури дэх газар ба Сион дахь ариун сүмийн талбайг онцгойлон адислахаар очоод байх үед Сүмийн зарим гишүүн нууцаар ноцтой нүгэл үйлдэж байсан гэдгийг тайлбарла. Бошиглогч Огайо руу буцаж очоод, Сургаал ба Гэрээ 63-т цэдэглэгдсэн энэ илчлэлтийг хүлээн авчээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 63:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн энэ шүлгээр Сүмийн гишүүдэд юу гэж хэлснийг олж тогтоохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • Өөрсдийгөө Их Эзэний хүмүүс гэж дуудах нь Их Эзэний хүмүүс байхаас хэрхэн өөр байдаг вэ? (Суралцагчдыг энэ асуултыг ярилцах хооронд олон гэгээнтэн өөрсдийгөө Их Эзэний хүмүүс гэж дуудуулахаас илүү их зүйлийг хийсэн гэдгийг онцлон хэлж болно. Тэд итгэлтэй хэвээр үлдсэн.)

Суралцагчдаас 1-р шүлгийг дахин уншаад, өөрсдийгөө Их Эзэний хүмүүс гэж нэрлэдэг хүмүүст Их Эзэний өгсөн зарлигийг олж мэдэхийг хүс.

  • Өөрийнх нь хүмүүсийн хувьд Их Эзэн биднийг юу хийгээсэй хэмээн хүсдэг вэ? (Дараах зарчмыг самбар дээр бичиж, суралцагчдын хариултуудыг нэгтгэн дүгнэ. Их Эзэний хүмүүсийн хувьд бид зүрх сэтгэлээ нээж, Түүний үгийг болон Түүний хүслийг сонсох ёстой.)

  • Зүрх сэтгэлээ нээх гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

  • Зүрх сэтгэлээ нээх нь Их Эзэний дуу хоолойг сонсоход биднийг хэрхэн бэлтгэдэг вэ?

  • Та нар зүрх сэтгэлээ нээхэд тань туслах юуг хийдэг вэ?

Их Эзэн үл итгэсэн, тэмдэг эрэлхийлсэн мөн садар самуун болон бусад ноцтой гэм нүгэл үйлдсэн хүмүүсийг зэмлэсэн гэдгийг тайлбарлан, Сургаал ба Гэрээ 63:2–21-ийг нэгтгэн дүгнэ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 63:16-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний өгсөн сэрэмжлүүлгийг олж мэдэхийг хүс.

  • 16-р шүлэгт Их Эзэн ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ?

  • Бусдыг тачаангуйгаар харах гэдэг нь ямар утгатай вэ? (Тачаангуй гэдэг нь ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгнийг хүчтэй хүсэх ”бие махбодын шударга бус дур тачаал” гэсэн үг [Судруудын удирдамж, ”Тачаадалт, тачаангуй” scriptures.lds.org]. Бусдыг тачаангуйгаар харах гэдэг нь бусдын биеийг зохисгүй байдлаар эсвэл дур хүсэл өдөөх маягаар харахыг хэлдэг. Үүнд порнографи үзэх ордог.)

  • 16-р шүлэг дэх Их Эзэний өгсөн сэрэмжлүүлгээс та нар ямар зарчим олсон бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох хэрэгтэй. Хэрэв бид бусдыг тачаангуйгаар харвал Сүнсийг алдаж мөн итгэлийг үгүйсгэх болно. Та суралцагчдыг энэ зарчмыг судар дээрээ тэмдэглэхэд урьж болно.)

  • Хэн нэгэн хүнийг тачаангуйгаар харах нь яагаад Сүнсийг алдахад хүргэдэг гэж та нар бодож байна вэ?

  • Бид бусдыг тачаангуй харах уруу таталтыг даван туулахын тулд юу хийж чадах вэ?

Тачаангуйгаар харахаас зайлсхийх талаарх хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон суралцагч бүрд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах зөвлөгөөний хуулбарыг тарааж өгч болно. Цөөн суралцагчийг энэ догол мөрийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг бүх догол мөрийг уншсаны дараа энэ зөвлөгөөг дагах нь тачаадах уруу таталтыг ялан дийлэхэд бидэнд хэрхэн тусалж болохыг тайлбарлахыг ангийнхнаас хүс.

Ахлагч Жэффри Р.Холланд:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Юуны түрүүнд та нарыг хорлох хүмүүс, материал болон орчноос өөрсдийгөө хол хөндий байлга.

Телевизийн нэвтрүүлэг ёс жудаггүй байх юм бол зурагтаа шууд унтрааж бай. Кино ой гутам бүдүүлэг байвал орхиод гар. Зохисгүй харилцаа үүсэж магадгүй байвал энэ харилцааг хурдхан орхи. Наанадаж л эдгээр нөлөөллийн олонх нь эхэндээ хор уршигтай биш юм шиг санагдаж болно. Гэвч бидний шийдвэрийг өөрчилж, сүнслэг байдлыг сулруулж, хор уршигтай муу зүйл рүү хөтөлж мэднэ.

Ёс жудаггүй бодол санаагаа итгэл найдварын төсөөлөл, аз жаргалтай дурсамжаар соль. Гомдоовол мөхөл сүйрэлд хүрч мэдэх, чамайг хайрладаг хүмүүсийн нүүр царайг төсөөл. … Та нарын зүрх сэтгэл дэх ямар ч бодол санаа зөвхөн урилгаар ирсэн байхыг мэд.

Ариун Сүнсийг эрэлхийлж, Их Эзэний Сүнс байдаг газарт бай. Гэр орон чинь, байдаг газар чинь ийм байх хэрэгтэй. Гэр орон, байдаг газарт чинь ямар зураг, ямар хөгжим, уран зохиол байх ёстойг сайтар бод” (“Бодгальд минь дайсанд өгөх зай үгүй,” Ensign, 2010 оны 5-р сар, 45, 46 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52–53).

Ариун явдлын хуулийн дагуу амьдрахаар хичээснээр адислагдаж байсан гэрчлэлээ хуваалцах хүсэлтэй суралцагч байгаа эсэхийг асуу.

Сургаал ба Гэрээ 64:8–19

Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд бие биеэ уучлахыг зарлиг болгосон билээ.

Төгс эзэмших судар болох Сургаал ба Гэрээ 64:9–11-ийг чээжлэхийг хичээх энэ хэсгийн 3 дахь өдрийн даалгаврын тухай суралцагчдад сануул. Ангийнхныг эдгээр шүлгийг нэгэн дуугаар чээжээр уншихад урь. (Суралцагчид тусламж авахаар судраа харж болох юм.) Эдгээр шүлгийг судраа харалгүй ангийнхандаа чээжээр чанга уншиж өгөх суралцагч байгаа эсэхийг асуу. Дараах зарлигийг самбар дээр бич. Их Эзэн бүх хүнийг уучлахыг бидэнд зарлигласан.

  • Яагаад хийсэн буруу зүйлийнхээ төлөө уучлал гуйсан эсэхээс үл хамааран бүх хүнийг уучлах чухал гэж та бодож байна вэ?

  • Энэ нь биднийг гомдоосон хүмүүсийг шүүх боломжийг Бурханд олгоход хэрхэн тусалдаг вэ?

  • Та хэн нэгнийг уучилснаар адислагдсанаа хэзээ мэдэрч байсан бэ?

Бид заримдаа бусдыг уучлахад бэлэн байдаг ч өөрсдийгөө уучлахад хэцүү байдаг гэдгийг онцол.

  • Бид яагаад өөрсдийгөө уучлах ёстой вэ?

Хичээлийн эхэнд самбар дээр бичсэн анхны зарчмыг онцол. Их Эзэний хүмүүсийн хувьд бид зүрх сэтгэлээ нээж, Түүний үгийг болон Түүний хүслийг сонсох ёстой. Суралцагчдыг өнөөдөр судраас судлахдаа зүрх сэтгэл нь өдөөлтүүд эсвэл бодлуудад нээлттэй байсан эсэхийг бодоход урь. Тэднийг Их Эзэнээс хүлээн авсан өдөөлтүүд болон бодлуудын дагуу үйлдэхэд урамшуулан дэмжиж мөн тэд үүнийг хийснээр Их Эзэний хүмүүс байх болно гэдгийг гэрчил.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 65–71)

Суралцагчдыг ирэх долоо хоногт судлахад нь бэлтгэхийн тулд та тэднийг дараах зүйлийг тунгаан бодоход урьж болно. Чулуу хэрхэн дэлхийг дүүргэх хүртлээ урагш өнхөрч чадах вэ? Их Эзэн биднийг хэрхэн нэг бүрчлэн мэддэг вэ? Эцэг эхчүүд яагаад хүүхдүүддээ сайн мэдээг заах хүчирхэг үүргийг мэдэрдэг вэ? Үүнийг хийгээгүй эцэг эхчүүдэд ямар үр дагавар тохиолдох вэ? Суралцагчид энэ долоо хоногийн турш судраас судалж байхдаа эдгээр асуултын хариултуудыг олж авах болно гэдгийг тэдэнд хэл.